Би та бүхэнд богино боловч нэн чухал түүхийг ярьж өгөхийг хүсч байна. Энэ үйл явдал ойролцоогоор 30 орчим жилийн өмнө болсон хэрэг л дээ. Энэхүү үйл явдал нь миний бурханлаг өсөлт хөгжил болон миний бурханлаг мэдлэг, бурханлаг номуудаа түгээх үйл хэрэгт нэн ихээр тус болсон юм.
Ерээд оны дунд үе байлаа. Би сургалт семинар зохион байгуулж, бурханлаг ном сэтгүүлүүд түгээж, нэгэн шинжлэх ухааны судалгааны институтэд ажиллан туршлага хуримтлуулж байсан үе.
Намайг “Газпром” хий дамжуулах хоолойн станц дээр урьсан юм. Тэрхүү станц нь Москвагаас ойролцоогоор 500 км орчим зайтай оршдог. Тэнд ажиллаж байсан хүмүүс нь мөхөж буй зэргэлдээ тосгоныхноос тогтвортой, өндөр цалин хангамжтай гэдгээрээ ялгарч байсан юм. Тэндэхийн ажилчид мөнгө цалин сайн авдаг байсан. Бүгд л өөр өөрсдийн ажилдаа амь тавицгааж, лекцэнд ирээрэй хэмээн урихад бүгд л лекцэнд маань ирсэн юм.
Удирдах албан тушаалтнуудтай нь уулзах үед хамгийн анх танилцсан хүн маань тэндэхийн ерөнхий нягтлан бодогч нь байлаа. Гадна байдлаасаа тэрээр огтхон ч бурханлаг биш хүн мэт харагдаж байсан билээ. Түүний бүх зүйл нь алтан байсан юм. Алтан бөгжнүүд, маш үнэтэй хувцас гээд л. Тэр хүн надад хоёрдмол сэтгэгдэл төрүүлж байлаа.
Нэг талаас миний ярьж байгаа энгийн биш үнэнүүд түүнд нэг л харь хол мэт байгаа нь илт байлаа. Нөгөө талаас тэр яагаад ч юм надад туслаж бас надаас номууд худалдаж авсан юм.
Тэнд би сүнс шилжин төрдөг тухай лекц уншсан бөгөөд өнөө цагт үүнийг батлах олон баталгаа байдаг болсон тухай, мөн далдыг харах арга зүй, регресс буюу урьд амьдрал руу аялуулах арга зүй ч байдаг тухай ярилаа. Жишээ нь Ян Стивенсон энэ тал дээр чамгүй амжилт гаргасан тухай ч дурдав. Түүнчлэн хүмүүс бурханлаг амьдралын тухай санаж байх нь нэн чухал байдаг хэмээн ярив.
Сонсогчид нэг л эргэлзэнгүй шинжтэй байгаа нь илт байлаа. Гэвч лекцийн төгсгөлд мөнөөхь ерөнхий нягтлан бодогч босч ирээд өөрийн түүхийг ярьж өгсөн юм.
Тэр эмэгтэй сүнс шилжин төрдөг тухай хэзээ ч итгэдэггүй байсан бөгөөд коммунист орчинд өсөж бойжсон нэгэн байжээ. Өөрчлөлт шинэчлэлт эхлэх үед тэрээр хойд Казахстанаас Орост нүүж ирсэн аж. Орос руу нүүж ирэхийнх нь өмнөхөн түүний төрсөн эгч нь таалал төгссөн байна. Тэр эгч нь өөрийн гэсэн үр хүүхэдгүй нэгэн байж. Тэрээр өөрийн хотдоо нэгэн томоохон дэлгүүр ажиллуулдаг байсан аж. Тэр он жилүүдэд тэдний дэлгүүрт олон янзын ховор чамин бараа бүтээгдэхүүнүүд ирдэг байсан ба тэр түүнийг нь цааш нь чамгүй үнээр зарж арилждаг байжээ.
Түүнийг нас нөгчихөд түүнд их хэмжээний мөнгө хөрөнгө үнэт эдлэл байх ёстой гэдгийг хүн бүгд л мэдэж байв. Харин түүнийг нь хэн ч олсонгүй. Тэд гэр орныг нь ёстой л орвонгоор нь эргүүлж эрж хайсан ч ямар ч үнэ цэнэтэй зүйл олоогүй байна. Тэд түүнийг зээл аваад эргүүлэн төлсөн гэдгийг мэдэж байсны зэрэгцээ төдий олон жилийн хугацаанд тийм үйлээс ямаршуу мөнгө хуримтлуулсан бэ гэдэгт нь ч итгэлтэй байлаа.
Ерээд оны эхэн үе. Нэг удаа тэдний хотод далдыг хардаг нэгэн хүн ирсэн байна. Тэрээр өөрийгөө нас нөгчигсөдтэй ярьж чаддаг хэмээн батлаж байж. Манай нөгөө эмэгтэй (нягтлан бодогч) түүгээр дамжуулан таалал төгссөн эгчтэйгээ ярихаар шийджээ.
Түүний амнаас хамгийн эхлээд өөрийн эрхгүй гарсан асуултуудын нэг нь, “Та ямаршуу байна даа? Мөнгө чинь хаана байгаа вэ?” хэмээх асуулт байв.
Гэтэл мөнөөхь далдыг харагч нас нөгчсөн эгчийнх нь дуу хоолойгоор ийн хашгирсан байна: “Чи юу бодоод яваад байгаа юм? Бурханлаг амьдралаар хичээллээч. Библи унш, Ариун Ном судар унш. Бурханд мөргөж залбир. Би ёстой нэг дүүрсэн тэнэг байсан байналээ! ХЭРВЭЭ БИ АМЬДРАЛ ТИЙМ БОГИНОХОН ГЭДГИЙГ, ДАРАА НЬ ТӨДИЙ УДААН ЗОВОХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАНСАН БОЛ БИ ХЭЗЭЭ Ч ТЭГЖ АМЬДРАХГҮЙ БАЙХ БАЙСАН. Яагаад гэвэл бид мөнгө хөрөнгөө өөртөө аваад явдаггүй. Амьдрал маш богинохон шүү гэдгийг сайн сана. Ариун Ном судар унш, залбир. Бурхантай харьцах харьцаагаа хөгжүүл”.
Мөнөөхь эмэгтэй зүгээр л ангайж хоцорсон гэдэг. Учир нь гэвэл тэр тийм үг сонсоно чинээ ёстой санаагүй байсан хэрэг л дээ. Эгч нь жинхэнэдээ бурхангүй үзэлт нэгэн байжээ. Дээрээс нь нилээд түрэмгий мөн чанартай, ёс суртахууны шинж чанар гэхээр юм түүнд бараг огт байгаагүй байсан аж. Эцэст нь тэрээр мөнгө болон үнэт эдлэлээ хаана нууж булснаа хэлж өгсөн бөгөөд дараахан нь тэд түүнийг үнэхээр л тэр газраас нь олсон байна.
Энэ үйл явдал манай эмэгтэйд асар их сэтгэгдэл төрүүлсөн бөгөд тэр үеэс эхлээд бурханлагаар өсч хөгжих гэж хичээдэг болжээ. Намайг түүнтэй уулзах үед тэрээр аль хэдийнээ хүүхдийн Библи болон өөр бусад бурханлаг хөгжлийн номууд уншиж эхлээд байсан юм. Би түүнд Бхагавад гита болон өөр бусад дорно дахины Ариун ном судруудыг өгсөн юм. Тэр ч үүнд маш ихээр баярлаж, заавал уншина хэмээн амласан билээ.
Энэ түүх надад ч мөн маш их урам зоригийг бэлэглэсэн юм. Мөн та бүхэн ч бас урам зориг ухаарал авна гэж найдаж байна. Тэгээд энэ Дэлхий дээрхи бидний амьдрал туйлын богино шүү гэдгийг санаарай. Үүнийг ведүүдэд өгүүлэхдээ, амьдрал маш богино, гэвч энэ нь бидний хойч ирээдүйн олон төрлүүдийн хөгжлийн чигийг тодорхойлдог хэмээсэн.
Өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бясалгах, залбирах үйлээр хичээллэхийг та бүхэнд санал болгох байна. Мөн энэхүү орчин үеийн догшин шуурга шиг гадна ертөнцийн үйл хэрэгт хэт ихээр бүү автаарай.
Рами Блект,
2023-11-09
Канад.
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас