Та хэдэн мянган бээрийн цаанаас дамжуулах телевизийн дүрсийг үзэж байдаг шиг хэрвээ та шаардлагатай бэлтгэлийг хангаж чадах аваас өөрийн зүрхэндээ Говиндаг цаг ямагт харж чадна.
Энэ тухай “Брахма-самхита” (5.38) сударт, преманжана-ччхурита-бхакти-вилочанена сантах садаива хридайешу вилокайанти хэмээн батлан өгүүлсэн. Таны зүрхэнд аль хэдийнээ “телевизор” оршин буй. Тийм болохоор та түүнийг худалдан авах ч шаардлага байхгүй. Дээд Эзэн аль хэдийнээ тэнд оршин буй. Хэрэв та тэрхүү төхөөрөмжөө буюу телевизороо эвдрэлийг нь засах аваас та Түүнийг харж чадна, Та Түүнийг сонсож чадна, Та түүнтэй ярьж чадна. Харин засах арга нь Кришна ухамсрын арга юм. Телевизорыг засахын тулд танд туршлагатай мэргэжилтэн хэрэгтэй. Кришна ухамсрын шинжлэх ухааны тухайд танд мөн л мэдлэг туршлагатай хүний тусламж хэрэгтэй. Тэгсэн цагт таны зүрхэн дахь төхөөрөмж ажиллаж эхлэх ба та Кришнаг харж чадна. Йогийн төгс төгөлдөр үүнд оршино. Ариун судар номуудаас бид, энэхүү төгс төгөлдөрт хэрхэн хүрэх тухай олж мэдэж болно: садху-шастра-гуру-вакйа, читтете карийа аикйа. Сүнслэг танин ойлгохуйн төгс төгөлдөрт хүрэхэд дээрхи гурван эх үүсвэрийн зааврыг даган мөрдөх хэрэгтэй: садху буюу ариун гэгээн, өөрийгөө танин ухамсарласан хүмүүсийн үгийг, шастра буюу ведийн бат ноттой судар бичээсүүдийн зааврыг, гуру буюу номын багшийн зааврыг. Төмөр замын рельсүүд нь нэг нэгэнтэй зэрэгцэн оршдог. Хэрэв тэдгээр нь хэвийн байх аваас вагонууд түүн дээгүүр зорьсон зорилго өөдөө саадгүй давхин оддог. Кришна ухамсрын хувьд гурван паралель рельс оршин буй: садху буюу ариун гэгээн хүмүүстэй харьцах, шастра буюу ариун судар бичээсүүдэд итгэх, гуру буюу жинхэнэ номын багштай болох. Хэрэв та өөрийн давхин явах хэрэгслээ эдгээр “рельсүүд” дээр байрлуулах аваас тэрхүү унаа тань ямар ч саадгүйгээр шуудхан Кришна тийш зорин довтолгох болно.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос-20
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас