Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 33
Views Yesterday : 41
Шри Чаитанья Махапрабху нь европын тооллын 1486 оны хоёрдугаар сард,  Шакабда эриний 1407 онд Пхалгуна сарын тэргэл сартай орой Бенгалийн Навадвипа нэрт газарт төрсөн билээ. Бурханы тааллаар энэ орой сар хиртэж байсан бөгөөд сарны хиртэлтийн үед энэтхэгчүүд голчлон Ганга мөрөн болон өөр бусад ариун мөрнүүдэд угаал үйлдэн, ариусахын тулд ведийн мантра тарниудаас уншдаг заншилтай. Ийм ч учраас Бурхан Шри Чаитаньяг мэндлэх үед бүх Энэтхэг даяар ариун нэр, ариун мантрын уншлага цуурайтаж байсан юм.

Дээд Эзний илэрч мэндэлсэн үе нь сарны хиртэллтэй давхацсан нь Түүний айлчлалын үүрэг зорилгын онцгойг нотлох бөгөөд Түүний айлчлалын утга зорилго нь, Кали эринд (хэрүүл тэмцлийн) Бурханы Ариун нэрийг давтан дуулахын чухлыг номлох явдал байлаа.

Түүнийг чханна-аватар буюу нууц аватар, нууцлагдмал Бурханы хувилгаан гэж нэрлэдэг. Учир нь Тэрээр Өөрийгөө ил тодоор Дээд Эзэн гэдгийг зарлаагүйн учир нь, муу зуршил, буруу явдал, хоёр нүүртний  Кали эринд Түүнийг дуурайн өөрийгөө Бурханы хувилгаан гэж өргөмжлөгчид маш ихээр гарч ирэх учраас нөгөөтэйгүүр энгийн нэгэн бишрэлтний дүрээр заларч Кали эриний  хүнд хэцүү цагт хэрхэн төгс төгөлдөрт хүрэх замыг Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэхийг хүсчээ.

Тэрээр Өөрийгөө Бурханы Дээд Бодгаль гэдгийг нуун дарахыг оролдож байсан ч тодорхой шалтгааны улмаас Тэрээр Өөрийн анхдагч  Шри Кришна дүрээ цөөн бус хүмүүст харуулсан байдаг.

gauranga

Бид энд Түүний хүүхэд ахуйдаа өрнүүлж байсан Түүнийг Дээд Бурханы хувилгаан гэдгийг батласан зарим нэг түүхүүдээс иш татан орууллаа. Иймэрхүү маш олон түүх, үйл явдлууд байдаг боловч хүүхэд ахуйн цөөн заримаас нь иш татав.

**

Тэрээр бүр хөхүүл жаахан байхдаа Түүнийг тойрон байгаа эмэгтэйчүүд ариун нэрийг давтан дуулж, алгаа ташаад эхлэмэгц тэр дороо уйлахаа больдог байжээ. Хөршүүд нь энэ  үйл явдлыг гайхан ажиглаж бас хүндэтгэн хардаг байлаа. Заримдаа хөршийн залуу бүсгүйчүүд  жаалхүү дүр бүхий Дээд Эзнийг эхлээд хэргээр уйлуулж орхичихоод дараа нь Түүнд ариун нэрийг дуулж өгч тайтгаруулан дуугүй болгож туршина. Ингэж Тэрээр бүр өлгийтэй жаахнаасаа ариун нэрийг давтан уншихын чухлыг сурган номлож эхлэсэн ажээ.

Түүнийг зургаан сартай байхад нь анна-прашана буюу хоолонд оруулах ёслол үйлдэв. Энэ ёслолын үеэр хүүхдийн өмнө мөнгө эсвэл ном тавьж ирээдүйнх нь хандлагыг ерөнхийлөн тодорхойлдог. Түүний нэг талд зооснууд нөгөө талд “Шримад-Бхагаватам” судрыг тавьжээ. Энэ үед Тэрээр шуудхан “Бхагаватамыг” сонгосон байна.

Нэг удаа тэрээр мөлхдөг байх үедээ үүд орчмоороо мөлхөөд явж байтал нь нэгэн могой гараад ирж. Дээд Эзэн ч түүнтэй тоглож гарсан байна. Гэрт байсан бүх хүмүүс айсандаа хөшчихсөн байсан бөгөөд хэсэг хугацааны дараа мөнөөхь могой яваад өгчээ. Мөн нэгэн удаа түүнийг нэг хулгайч хулгайлан авч оджээ. Түүний санаа нь  хүнгүй газарт аваачаад, үнэ цэнэтэй гоёл чимгийг хулгайлах бодолтой байж. Дээд Эзэн ч тааламжтайгаар түүний мөрөн дээр гарч суужээ. Замаасаа гарч төөрсөн хулгайч, яван явсаар эцэст нь Түүний гэрийнх нь үүдэнд эргээд ирсэн аж. Түүнийг барих нь гэж айсан хулгайч хүүг  орхиод шалавхан зугатан одсон байна.

Нэг удаа Жаганнатха Мишра (Шри Чаитаньягийн эцэг)  гэртээ мөргөлчин- бярманыг хүлээж авчээ. Тэр брахман Бурханд хоол гүнцэг бэлдээд, түүнийгээ өргөж эхлэмэгц тэдний жаалхүү түүний өмнө гарч ирээд бэлдсэн хоолноос нь амсчихаж гэнэ. Ингээд л нөгөө хоол нь Бурханд өргөхөд зохихгүй болов. Ингээд брахман дахиад л хоол бэлдэх хэрэг гарав. Гэсэн ч энэ удаад мөн л нөгөөхь жаалхүү гарч ирээд мөнөөхь үйлдэл нь давтагдав. Дахиад бэлдэв, гурав дахь удаагаа уг үйл явдал давтагдав. Эцэст нь жаалхүү ч унтахаар хэвтэв. Шөнө дундын үед гэрийн бүх хүмүүс унтсаны дараа мөнөөхь хэрэн хэсүүчлэгч брахман чимээгүйхэн босож өөрийн унтаж байсан өрөөний хаалгыг сайн гэгч нь хаагаад өөрийн бэлдсэн хоолоо Бурхандаа өргөж эхлэв. Гэтэл мөргөлчин-брахманы өмнө гэнэтхэн нөгөө жаалхүү дүрт Дээд Эзэн дахин гарч ирээд дахиад л хамаг өргөж бэлдсэн хоол гүнцгийг нь амсчихав. Ингээд  брахман цөхрөнгөө баран  уйлжээ. Бүгд бөх нойронд автсан байсан тул түүний уйлахыг хэн ч сонссонгүй. Энэ удаад жаалхүү дүрт Дээд Эзэн Өөрийгөө Дээд Эзэн Кришна болохыг харуулаад болж өнгөрсөн үйл явдлыг хэнд ч ярихгүй байхыг сануулжээ.

Бага насанд нь иймэрхүү хүний санаанд оромгүй маш олон үйл явдал тохиолддог байсан байна. Тэр сахилгагүй хүүхэд шиг кастын брахмануудаар даажигнах дуртай байж. Тэднийг Гангын усанд угаал үйлдэж байхад нь тэднээр даажин тохуу хийнэ.

Бясалгалын маш өндөр түвшинд хүрч, бүхий л бясалгагчдын дээд зорилго болсон Дээд Брахман буюу мөнхийн гэрлийг төвлөрөн бясалгаж усан дотор сууж байгаа смарта-брахманууд тийш усан доогуур сэмхэн мөлхөн очоод хөлөөс нь татан унагаж орхино. Тэд ч хүүгийн араас хөөхөд жаалхүү дүрт -Дээд Эзэн тэдэнд хандаж: “Та нар Надаас цацрах брахманы гэрлийг бясалгахын оронд Намайг бясалгасан нь дээр” гэж хэлдэг байсан аж.

Брахманууд эцэгт нь, түүний хүү сургуульд явахын оронд тэдэн рүү ус цацаж зүггүйтэж байна гэж ховлодог байв. Тэрхэн зуур Дээд Эзэн эцгийнхээ өмнө сургуулийн дүрэмт хувцастайгаа, номоо барьсан чигтээ яг л сургуулиасаа эргэн ирж байгаа юм шиг гарч ирдэг байжээ.

Мөрний гхата буюу угаал үйлддэг хэсэг дээр Тэрээр сайн, эр нөхөртэй болох гэж Шива бурханд мөргөж байгаа эмэгтэйчүүдээр байнга даажин тохуу хийнэ. Энэ заншил нь нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн дунд өргөн тархсан байлаа. Тэднийг энэ зан үйлээ үйлдэж байхад нь Тэрээр тэдний өмнө зүггүйтэн гарч ирээд: “Миний хөөрхөн эгч нараа, та нар Шива бурханд өргөж байгаа бүх зүйлээ Надад өргөсөн нь дээр. Шива бол Миний бишрэлтэн, Парвати бол Миний үйлчлэгч. Хэрэв та нар Надад мөргөх юм бол Шива болон бусад сахиулсан тэнгэрүүдийн тааллыг илүү ихээр хангах болно” гэдэг байж. Айснаасаа болж эсвэл Түүнийг хайрласнаасаа болж зарим бүсгүйчүүд Түүнд янз бүрийн зүйлийг өргөл болгож өгдөг байсан бөгөөд Дээд Эзэн ч тэднийг залуу сайхан нөхрүүдтэй болно хэмээн итгүүлэн адисладаг байв. Энэ адислал нь бүсгүйчүүдийг баярлуулдаг байсан ч тэд Түүний зүггүйтлийн талаар ээжид нь ховлодог байлаа…

 

Шри Чаитанья Махапрабху нь Кали эриний унан доройтож, аврагдах горьдлогогүй “өвчилсөн” хүмүүст зориулан Өөрийн хамгийн хүчтэй “эмээ” авч ирсэн бөгөөд энэ эмийг хэрхэн хэрэглэх  аргыг Өөрийн биеэр зааж үзүүлсэн юм.

Кали эриний алтан аватар Шри Чаитанья Махапрабхугийн яруу алдар бадартугай!

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Шиваг гуру нарын гуру гэж нэрлэдэг. Тийм ч учраас гуруд болон брахманд алдас хийсэн хүмүүс Шивад мөргөж алдас эндлээ цайруулдаг. Бярманы хараал буюу брахма-шапа нь хүний хувь тавиланд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд ийм хараалыг Бурхан Өөрөө ч хариулдаггүй гэсэн байдаг. Тэгвэл брахманы хараалыг Шивад мөргөснөөр саармагжуулах боломжтой тухай ведийн зурхайд сургадаг.

Түүнчлэн  Шивагийн өөр нэг нэр нь Бхута-натха. Энэ нь тэрээр бхута буюу ад тотгор, хий үзэгдэл, буг, сүг зэргийн эзэн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Шива нь, хэн ч анхаарч тоохоо болисон, хэн ч өөрийн албат дагалдагч болгож хүлээж авахаа больсон тэрхүү бхута нар буюу ад, тотгор, буг зэргийг ивээлдээ багтаадаг тийм өршөөнгүй ажээ.

Мөн ад тотгор, буг, чөтгөрийн хорлолоос болж өвдсөн, эрүүл мэнд, амьдрал ахуй нь асуудалтай байгаа цөөнгүй хүмүүс байдаг. Тэгвэл тэд хэрэв Шивад мөргөх аваас энэ бүх асуудал арилж үгүй болох боломжтой.

Шивагийн мөн өөр нэг нэр нь Ашу-тоша. Энэ нь түүнийг маш амархан баярлуулж, өөрийн хүссэн зүйлээ түүнээс хүлээн авах боломжтой гэсэн утгатай. Шива хүнийг ямар савтай ирээд ямар хэмжээтэйг гуйсныг харгалзалгүйгээр хүссэн зүйлийг өгдгөөрөө алдартай тийм өршөөнгүй.

shiva

Шивагийн өөр нэг нэр нь Нила-кантха. Нила гэдэг нь цэнхэр, натха гэдэг нь хоолой гэсэн утгатай үг бөгөөд энэ нь цэнхэр хоолойт гэсэн утгатай нэр юм. Эрт дээр цагт сура, асура нар буюу тэнгэрүүд болон чөтгөрүүд хорон далайг бүлүүрдэн рашаан гаргаж авсны дараа асар их хэмжэээний хор үлдсэн гэдэг. Түүнийг яах тухай ярилцаад ярилцаад, хуралдаад хуралдаад ямар ч арга олдоогүй байна. Харин Шива орчлонгийн амьд амьтдын сайн сайхны тулд тэр хорыг ууя хэмээгээд  хорыг хоолойдоо тултал ууж дуусгасан ажээ. Хор маш хүчтэй байсан тул хоолой нь цэнхэртэж харагдаж байсан гэдэг. Ийм учраас түүнийг энэ цагаас хойш Нила-кантха буюу цэнхэр хоолойт гэж нэрлэх болжээ.

Шива гэдэг нэрийг үгчилвэл тааламжтай, ач тустай гэсэн утгатай. Зөвхөн энэ нэрээс Шивагийн хэн болох нь ойлгогдоно.

Шива мөн Кришнагийн 12 аугаа бишрэлтний нэг гэж тэмдэглэсэн байдаг. Шива үргэлжид Бүхний дээдийг бясалган самадхи төлөвт оршин байдаг бөгөөд үүнээсээ болж нэг удаа өөрийн хадам эцэг Дакшаг, өвөг дээдсүүд болон сахиулсан тэнгэрүүдийн хамтарсан асар том галан тахилга дээр хүрэлцэн ирэх үед нь анзааралгүй, босч хүндэтгэл үзүүлээгүйн улмаас Дакша уурлан хилэгнэж Шиваг тэр тахилга дээрээс хөөсөн, тахилгын хувь бүү оногдож байг гэж хараасан түүх Шримад-Бхагаватам сударт байдаг.

Шивагийн өөр нэг нэр нь Рудра. Энэ нь орчлонгийн сүүлчийн өдөр болоход буюу Брахмын өдөр дуусахад Шива энэ материаллаг орчлонгоос амьд амьтас төдийлөн олноор сулран ангижраагүйг хараад уурлан хилэгнэж өөрийгөө 11 хувилан материаллаг орчлонг устгах үйл явцыг эхлэдэг гэсэн байдаг. Үүнийг Шивагийн бүжиг ч гэж нэрлэх нь бий.

Түүнчлэн Шива хүзүүгээрээ могой ороосон байдаг. Энэ нь тэрээр бүхий л төрлийн могойн овог, хилэнцэт хорхой, лус савдаг, уул усны эздийг удирдаг захирдаг гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Ведийн зурхайд хүний хувь тавиланд могойн хараал маш их хүчтэй тусдаг тухай тусгайлан авч үздэг. Жишээ нь, үр хүүхэдтэй болохгүй байх, ажил мэргэжлийн бүтэмжгүй байдал зэрэг нь могойн хараалаас үүдэлтэй байх нь элбэг. Энэ тохиолдолд Шивад мөргөх нь бүх төрлийн могойн хараалаас ангижруулах боломжтой.

Газар, ус, уул, лус савдгийн хорлолын тухай хүмүүс сайн мэднэ. Тэгвэл бүхий л төрлийн лус савдгийн хорлолыг Шивад мөргөснөөр арилгаж болохыг мөн ведийн зурхайд өгүүлсэн.

Шивагийн Маха-мритйунжаяа буюу Үхлийг ялагч Их мантра нэрт мантра буюу тарни байдаг бөгөөд энэ мантра нь үхлийг ирмэг дээр ирсэн хүнийг ч амьдруулах, үхлийн чанартай өвчнийг ч эдгээх хүч чадалтай, гариг эрхсийн хамгийн сөрөг эффектийг ч арилгах хүч чадалтай мантра болохыг бид болон манай олон үйлчлүүлэгчид ч өөрсдийн амьдрал дээр цөөнгүй удаа батласан юм.

Пурануудын маш олон түүхүүд Шива Парвати нартай холбоотой байдаг нь Шива ямар нөлөө бүхий, хүчирхэг бодгаль болохын баталгаа юм.

Шивагийн өөр нэг нэр бол Рамешвара. Үгчилвэл Рамагийн эзэн гэсэн утгатай. Бурханы Дээд Бодгаль Шри Раамачандра гэргий Ситагаа Равана мангасд алдсан тухай түүхийг мэдэх байх. Энэ явдал нь нэгэн бярманы хараалаас үүдэлтэй байсан гэдэг. Тийм ч учраас Шри Рама энэхүү хараалыг зайлуулахын тулд мөн Равана мангастай тулалдахын яг өмнө одоогийг Рамешвара нэрт газарт Шива Бурханд мөргөж байсан түүхтэй. Энэ бол Дээд Эзэн Шри Рамагийн лила буюу тоглоом наадам бөгөөд эгэл жирийн хүмүүн төрөлтөн ийм мэт байдалтай тулгарвал яах ёстойг Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлжээ

Дээд Эзэн Кришнагийн аугаа бишрэлтэн Шивагийн алдар бадартугай!

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Ариун газар

Вайшнавуудын хувьд мөргөл хийх хэд хэдэн ариун газар байдаг. Ариун гэгээн судруудад ариун газраар аялан тэнд амьдардаг гэгээнтэнгүүдийн сургааль зааврыг сонсохыг зөвлөдөг. Гэвч  одоо үед дээрх заншил бараг мартагдсан нь харамсалтай.

Гаудиа вайшнавууд Маяапур болон Вриндаваныг бүхий л ертөнц дэх хамгийн ариун газрууд гэж үздэг. (газар зүйн байрлалын хувьд Калкутта болон Дели-д ойролцоо байх)

Маяапур Бурхан Чайтаниа илэрч хүүхэд насны зугаа наадмаа өрнүүлж байсан бол Вриндаванд Кришна бурхан илэрсэн байдаг. ИСККОНы үзэсгэлэнт сайхан сүмд дээрх 2 газар байх ба өндөр түвшинд хүрсэн бишрэлтэнгүүдээс сургааль заавар хүртэн, бурханлаг мэдлэгээ өргөжүүлж болно.

Сударт заасны дагуу Вишну бурханы дүрийг залан, бишрэлтэнгүүд түүнд ямар нэгэн хувийн сэдэлгүй үйлчилж байх аваас тэр газрыг хамгийн аугаа ариун газар гэж үздэг. Иймээс бүхий л том, жижиг ямар ч хотод буй сүмд  очин бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Кришнагийн даршан (дүрийг харах), болон үйлчлэн зүтгэж болно.

(А beginner’s guide to Krishna Consciousness, Bhakti Vikasa Swami 2007 august)

 

Юу бэлдэж авч явах вэ  ?

 

Сэтгэл санаа болон бие махбодын  хувьд

1.      Кришна бук болон Бурхан Чайтаниагийн сургаалыг унших

2.      Энэтхэг явах үед эрүүл чийрэг, ямар нэгэн өвчинөө илааршуулсан  байх хэрэгтэй, шүд, ходоод  гм

3.      мөн энэтхэгт очоод уурлаж бухимдахгүй байх тал дээр одооноос бэлтгэх ( та бүхний мэдэхчлэн ариун гэгээн газар хийсэн алдас нь …. )

4.      Явахаасаа өмнө үндсэн иддэг хоолноосоо гадна  шинэ ногооны салат болон жимс сайн идэж пранагаа нөхөж эрүүл мэндээ сайжруулах

Эд зүйлс

5.      Жин багатай, хөнгөн   эд зүйлс авч явна

6.      чирдэг цүнх авч явж болох хэдий ч энэ нь ойролцоогоор 3-4 кг болно. Онгоцонд 20 кг ачаа үнэгүй авч орох боломжтой.

7.       Дхоти, курта (прабху) болон сари эсвэл гопи дресс (матажи) 1-ийг авч явахад тохиромжтой. Илүү хэрэггүй, ачааны нэмэр.Жинсэн өмд болон бусад кармын  хувцас авч явах нь  матажи нарын хувьд хориотой. Бишрэлтэнгүүд даавуун, агаар нэвтрэхүйц хувцастай явбал зохино.

8.      унтлагын хувцас, гамчха (усанд ороход хэрэглэхэд даавуу)

9.      нарны малгай болон шил (шүхэр авч явж болох ч энэ 100 хүнд  1 байдаг гэдэг нь халууныг үнэхээр тэсвэрлэддэгүй хүмүүст зориулсан.)

10. хамгийн хөнгөн нимгэн хувцас

11. гутал (хятадын үнэ багатай резинэн улавч, гэхдээ том хурууны салаанд ордоггүй, аль болох хөлд эвтэйхэн хөнгөн, хүний анхаарал татахгүй байхаар)

12. чихний резинэн бөглөө (гал тэрэг болон унтаж амрахад их чимээтэй байх учир монголд зардаг хэдий ч зарим онгоцонд өгдөг тул стуарт нараас нь асуугаад үзээрэй )

13.  иод болон жижиг хэмжээний эмийн сан(групп дундаа)

14. явахаасаа өмнө хөлөө сайн арчилах (хөл нүцгэн их алхах учраас хөл хагарах гэх мэт таагүй зүйлс тохиолдолж магад иймээс тослог ихтэй нүүр гарын тос авч явах, орой болгон хөлдөө   түрхэнэ.)

15. ариун цэврийн хэрэглэл (шүдний оо саван гм )

16. үүргэвч

17. мөнгөний уут (даавуун паск, биед эвтэйхэн цамцан дороо хийж болохуйц, гэхдээ мөнгөө тусад нь  гялгар уутанд давхар хийнэ хэрвээ байхгүй бол энэтхэгээс авч болно. )

18.  том  цоож (хаалгаа цоожлохын тулд) 3 хүн дундаа нэг ,  кодтой бол сайн

19. түлхүүр зүйхүйц хүзүүний оосор (зүгээр даавуун уяа)

20. дугуйны тросс (цүнхүүдээ холбож цоожлоход группт 1 )

21. мөн хүн бүр тусдаа 1 дугуйны тросс авна. (галт тэргэнд цүнхээ суудлаасаа бэхэлж явахын тулд)

22. 3   м диаметртэй цоож (хадгаламжийн хайрцгаа цоожилно (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе)

23. 4 мм диаметртэй цоож (цүнхээ цоожлоно онгоцны тээшинд өгөх үедээ)

24. мишок  (эрээнээс хямдхан авахыг зөвлөе )

25. малгай ороолт (нимгэн )(сонголтоор)

26. гар жинлүүр 25 кг хүртэл (группт 1)

27. жижиг гар чийдэн (халаас болон гарт багтахаар)

28. билет, виз  болон пасспортоо давхар хувилаад (canon – доод) авч явах

29. 2 ш гар утас (группт нэг)

30. хогийн уут (хүн бүр тусдаа өөрсдийн цүнх багтахаар 200 литрийн)

31. шуудай (хүн бүр тусдаа, өөрсдийн цүнх  мишок хийх)

32.  цамц (биед эвтэйхэн, өглөө оройдоо өмсөх )

33.  утас зүү (групп, цөөн хэдэн өнгийн утас)

34. СД дээр бичигч, скоч-4 ш

35. Тэмдэглэлийн дэвтэр, 2 ш бал

36. MP3 тоглуулагч

37. Шрила Прабхупада-н жижиг ном

38. жижиг шүтээн

39. тилака (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе)

40. нойтон салфетка

41. хувийн бэлтгэлийн мөнгө

42. хутга

43. камера (сонголтоор)

44. хувцас хатаах хэц

45. хувцас хатаах хавчаар

46. 2 ш лаа

47. гал (шүдэнз, гал асаагуур гм)

48. 00-н цаас

49. Буцах Монгол төгрөг

50. сэрүүлгэтэй цаг утас гм

51. шумуулны эсрэг тос (энэтхэгээс хямдхан авахыг зөвлөе)

Энэтхэгт онгоцноос буугаад хийх зүйлс

1.      Мөнгөө солиулна. Гэхдээ Punjab National Bankанд хүн бүр тусдаа

Солиулна.

2.      Хүн бүр өөрсдийн солиулсан мөнгөнийхөө квитанцийг авах

3.      1000  Рупи нь хамгийн том дэвсгэрт ба уг дэвсгэртээр солиулж болно. Гэхдээ халаасны хэдэн рупитэй байх нь дээр

4.      Очмогцоо 3 өдөр мацаг барих хэрэгтэй, харин ус хангалттай ууж болно (гэхдээ зөвхөн савлагаатай ус) мөн алганы хэмжээгээрээ хатаасан  жимс болон шарах шүүгээнд шарсан самар (фундук , алмонд гм ) идэх нь ёстой. Бидний хувьд монголоос гараад Дели хүртэл 4-5 өдөр зарцуулж, замдаа экадаши таарч мацаг барьж ирсэн тул мацаг барихад хүндрэлтэй байсан. Иймээс уг дүрмийг зөрчин Дели-н цагаан хоолны газарт хоол идсэн. Монголчууд чонын ходоодтой гэдэг нь ингэж л нэг батлагдсан юм даа. Хэрвээ таны ходоод муу бол уг дүрмийг бүү зөрчөөрэй.

 

Прасад

 

Энэтхэг оронд цагаан хоол хаа сайгүй, дийлэнх иргэд нь цагаан хоолтонууд. Мах хэрэглэдэг хүмүүс  цөөн барагтай л ил хүнс худалддаг лангуунаас харахгүй. Харин Калкутта буюу Шрила Прабхупада-н төрсөн газар, хуучны гэхдээ шаггүй том хотын хүнсний зах дээр улаан хүнс зарахыг нэгэн матажи тус хотод очихдоо харсан гэдгийг дурссан юм.

Хэдийгээр цагаан хоол элбэг боловч тэрнийг худалдан авч, идэх гэх хэрэггүй. Харин жимс ногоо нь амттай, жижигхэн час хийсэн тэрнээс хүссэнээрээ идэж болно. Бид Монголоос гарахдаа замдаа идэх 2 өдрийн хүнс авч гарсан ба эрээнд очин “Жижиг халуун тогоо ” гэх газар ямааны сүүнд өөрсдөө ногоо, дүпү гэх зэрэг материалаар прасад хийн хэрэндээ л под хийтэл хүртээд  аялалаа цааш үргэлжлүүлсэн юм.

Маяапур, Вриндаваны прасад сайхан амттай, төлбөр нь хямд хэдий ч байнга нэг төрлийн прасад идвэл хэн ч уйдах нь тодорхой билээ. Иймээс тэндэхийн Говинда*с ресторанд орж дуртай хоолоо сонгон идэхийг зөвлөж байна. (Гэхдээ аль ч хотын Говинда*с орсон дотроо бурхандаа өргөөд идээрэй. Учир нь бишрэлтэн бус хүмүүс ирж хооллодог тул прасадны үлдэгдэлийг хаяж  алдас хийхгүйн тулд өргөддөггүй гэсэн тайлбар авсан юм.)

Гадуур худалдаанд байгаа бэлэн, эсхүл бэлдэж өгөх боов, самоса зэргийг идээд хэрэггүй л болов уу. Тэд цэвэр байдал гэх зүйлийг ор тас мартсан худалдаачид байдаг.

Харин сүмд төрөл бүрийн  амттан, кекс, нарийн боов зэрэг нь амттай, үзэмжтэй, чанартай хамгийн гол нь прасадаар үйлчилдэг.

 

   Биеэ хэрхэн авч явах, болох болон болохгүй зүйлс

 

Энэтхэг орон хүн амтай ихтэй, ядуу баяны зааг илт ялгарам харагдах хэдий ч тус улсад төрсөн бодгалийг ямагт өөрөөсөө дээр үзэж, хүндэтгэн алдас хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Маяапурт Бхактивайбхава Свамигаас даршан авсан хэсэг бишрэлтэнгүүд дундаас нэгэн матажи Махаражаас  “Судар бичигт Энэтхэгт тэр тусмаа Навадвип, Врижабаси (вриндаваны оршин суугчид)-г энгийн карми нүдээр харах ёсгүй. Тэр байтугай ялаа шумуулыг хүртэл хүндэтгэн алахаас зайлсхийх хэрэгтэй гэж бичсэн байдаг ч бидний нүдэнд ард иргэдийн тарчиг байдал, хэцүү нөхцөл харагдасаар байна. Бид хэрхэн үүнийг даван туулах вэ ? ” гэж асуухад Махараж “Мэдээж нүдэнд ил харагдан, гарт баригдах зүйлийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ  бид тэднийг муугаар бодох, эвгүй харьцах зэрэг үйлдэл хийлгүй, харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт үргэлж хүндэтгэх хэрэгтэй ” гэсэн зааврыг өгсөн юм..

 

Тулас Махарани деви даси аян замын тэмдэглэлээс

 

 

Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм.

Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн  тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно.

Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана.

Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй.

Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана.

Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг.

Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү…

Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз дээ.

Доктор Патель: Та буруутгагч, та шүүгч….

Шрила Прабхупада:  Үгүй ээ би шүүгч биш. Би зөвхөн “Бхагавад-гитагийн” үгийг л давтаж байна: хэн бээр өөрийгөө Кришнад үл даатгана вэ тэр бол нарадхама(адгийн тэнэг) юм. Тайлбар нь энэ.  Хэрэв хүн өөрийгөө Кришнад даатгаагүй л бол тэр нарадхама. Ингээд гүйцээ. Тэр хүн хэн байлаа ч.

Өглөөний зугаалга. Бомбей. 1974.04.05

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Хэвлэлийн газраас илгээх үг

Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна.

Light

Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд  Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь ойлгомжтой хэрэг байв. Ийм ч учраас Шрила Прабхупада эх бүтээлээс зөвхөн нэг бүлгийг нь сонгон авч сонсогчдод танилцуулахаар шийдсэн байна.

Энэ бүлэг нь Кришнагийн мэндэлсэн Вриндаваны намрын тухай өгүүлсэн тийм бүлэг байлаа. Алс Дорнодод хүмүүс байгалийн тухай өгүүлэмжийг сонсох их дуртай хийгээд тэнд намар бол жилийн хамгийн таатай сайхан үе хэмээн тооцогддогийг Шрила Прабхупада тун ч сайн мэдэж байсан юм. Бурханлаг гүн ухааныг байгалийн үзэгдлийн жишээн дээр тулгуурлан тайлбарлавал Дорнын хүмүүст илүү ойлгомжтой болох билээ. Байгалийн үзэгдэл болгоныг өгүүлэхдээ бидэнд ийм, тийм санаа оноог ойлгоход туслах адилтгал зүйрлэлийг бий болгож болно. Жишээ нь, борооны улирлын үе дэхь намрын бүрхэг шөнө тэнгэрт нэг ч од үзэгддэггүй. Тэгвэл үүнийг материализм хийгээд бурхангүй үзэл нь шөнө яралзтал гэрэлтэх од мичид мэт Бурханы чин бишрэлтэн хийгээд ариун гэгээн судар шаструудын мэргэн цэцэн сургаал номлолоос үүсэн гарах гялбам хурц гэрлийг хэсэгхэн зуур хаан далдалсан орчин үеийн соёл иргэншилтэй зүйрлэж болно. Энэ бүлгийн дөчин найман шүлэг болгонд Шрила Прабхупада тайлбар хийжээ.

Шрила Прабхупада, хурлын зохион байгуулагчид эдгээр текст, шүлгүүдэд тохирох зураг зурчихаар дорнын авьяаслаг зураачийг олоосой хэмээн хүсч байлаа. Энэ зорилгын тулд тэрээр онцгой зааврыг өгсөн байдаг. Тэр зааврыг даган зураач нь зураг болгоноороо ноорог зураг гаргаад ирж болох аж. Тайлбар дагалдсан зураг нь хуралд оролцогчдод онцгой сэтгэгдэл төрүүлэх учиртай юм. Шрила Прабхупада түүнчлэн, шүлгийн орчуулга хийгээд зураг, тайлбар сэлтээс тогтох тусгай ном гаргахаар ч тооцоолж байжээ.

Харамсалтай нь Шрила Прабхупада хуралд оролцохоор явж чадаагүй юм. “Бхагаватын гэрэл” төсөл тодорхой биш хугацаагаар хойш тавигджээ. Шрила Прабхупада энэ ертөнцийг орхих үед ч “Бхагаватын гэрэл” ном хэвлэгдэн гараагүй л байлаа. Түүнчлэн  түүнд орох зураг нь ч бэлэн болоогүй байсан юм.

Энэхүү нухацтай төслийг амжилттай өндөрлүүлэх ажил  Шрила Прабхупадын номуудыг дэлхий даяар хэвлэн түгээдэг “Бхактиведанта Бук Траст” хэвлэлийн газрын үүрэг болон үлдэв. Ингээд энэ номыг хэвлэх үүрэг Би-Би-Тигийн Гонконгийн салбарт ноогджээ. Учир нь Шрила Прабхупада энэ номоо юуны түрүүнд Алс Дорнодын суугчдад зориулсан байснаас тэр л дээ. Урт удаан хугацааны эрэл хайгуулын дараа бидэнд нэр алдартай уран зураач, хатагтай Ли Юань-шений тусламжийг авах аз тохиосон юм. Түүний боловсорч гүйцсэн авьяас, бичлэгийн нарийн ур дүй Прабхупадын бий болгосон намрын дүрслэлд гайхалтай нэмэлт өгүүлэмж болох боломжийг олгосон билээ. Эргэлзээгүйгээр эдгээр зургууд нь орчин үеийн Хятадын нэр алдартай уран зураач эмэгтэйчүүдийн нэгнийх нь бүтээлийн оргил болсон нь дамжиггүй. Гунби хэлбэрээр зурсан түүний зургууд болон  намрын тухай яруу тунгалаг өгүүлэмжүүд ба Шрила Прабхупадын тайлбар зэрэг нь дэлхийн эртний хоёр иргэншил болох энэтхэг, хятадын соёлын гайхамшигтай хослолыг бүрдүүлсэн билээ. Ингээд одоо бхагаватын хурц тунгалаг, амь өгөх гэрэл туяа бүхий л дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлэх болно.

 

1р шүлэг

Аянгын догшин нүргээн, цахилгааны хурцхан гялбаан дагуулсан хар үүлс нь тэнгэрт яг л  амь өгөх итгэл найдварын бэлэгдэл мэт үүсэн бий болдог. Бараан хөх өнгийн үүлсэд хучигдсан тэнгэр нь өөрт таараагүй хувцсыг өмссөн нэгэн мэт санагдмуй. Харин аянга хийгээд цахилгаан нь шинэ амьдралд хүрэх итгэл найдварын туяа мэт буюу.

 

 

Төгсгөлгүй уудам цэлмэг тэнгэрийг Туйлын Үнэнтэй зүйрлэдэг. Амьд бодгаль болгон материаллаг гурван гунатай харгалзсан нэгэн үнэн юм. Бараан хөх үүл хил хязгааргүй тэнгэрийн өчүүхэн хэсгийг хучихад үүнийг мунхгийн харанхуй нь амьд бодгалийн санаа бодлыг бүрхэн харанхуйлаад тэрээр өөрийн жинхэнэ мөн чанараа мартсан байгаатай зүйрлэж болох юм. Амьд бодгаль нь жинхэнэдээ яг л үүлгүй цэлмэг тэнгэр мэт билээ. Гэвч тэрээр энэ материаллаг ертөнцөд цэнгэн жаргахаар тэмүүлж байдаг. Тиймээс ч түүнийг мунхгийн харанхуйн хар үүл бүрхэн хучдаг. Тамас гэж нэрлэгдэх харанхуй мунхгийн нөлөөгөөр амьд бодгаль нь өөрийгөө Дээд Бүрэн Бүтнээс ялгаатай мэтээр төсөөлж, өөрөө цэв цэлмэг тэнгэр мэт цэвэр тунгалаг гэдгээ таг мартана. Энэхүү марталтаас түүний бодгаль мөн чанарынх нь хөрс суурь болсон хуурмаг би гэгч зүйл үүсэн бий болдог. Тэгээд л мунхгаар хучигдсан амьд бодгаль нь хамтдаа эсвэл ганцаараа яг л аянгын нүргээ шигээр: “Би бол ийм”, “Би бол тийм”, “Энэ бол манайх”, “Энэ бол минийх” хэмээх үгүүдийг урсгаж эхлэдэг. Иймэрхүү эгоизмыг ражас гэж нэрлэх агаад энэ нь мунхгийн гунаг ноёлоход шаардагдах бүтээлч хүчний эхлэлийг өгнө. Цахилгаан цахих нь зурсхийн сэтгэл дотор төрөх итгэл найдварын оч мэт юм. Энэ нь сүнсийг мэдлэг ухааны зам мөр дээр гаргаж ирэх чадалтай агаад иймээс ч цахилгааныг энд саттва-гуна буюу буяны гунатай зүйрлэсэн байна.

Хаа сайгүй орших Туйлын Үнэнтэй (Брахман) зүйрлэдэг төгсгөлгүй уудам тэнгэр нь үүлээр хучигдсан тэр хэсгээсээ ялгарах зүйлгүй. Гэвч энэхэн үес тэнгэр бүхэлдээ хийгээд түүний тэрхэн хэсэг хоёр нь нэг адил биш. Аянга, цахилгаан дагалдах үүлс нь хязгааргүй уудам тэнгэрийг бүрэн хучин бүрхэж чадахгүй. Үүн шиг Туйлын Үнэн нь нэгэн цаг мөчид амьд бодгалийн илрэлтэй нэгдмэл адил ба мөн ялгаатай. Амьд бодгаль нь Туйлын Үнэний ердөө өчүүхэн жаахан хэсэг нь бөгөөд ийм ч учраас тодорхой нөхцөл байдал дунд тэрээр мунхгийн харанхуйн бүрхүүлд хучигдаж болдог.

Гүн ухаантнуудын хоёр анги байдаг: монист ба дуалист гэсэн. Монистуудын үзлээр бол Туйлын Үнэн ба амьд бодгаль хоёр нь нэгдмэл, харин дуалистуудын үзлээр бол сүнс хийгээд Туйлын Үнэн хоёр нь нэг нэгнээсээ ялгаатай. Үнэнийг харах энэхүү хоёр үзэл бодлоос гадна ачинтья-бхедабхеда-таттва буюу нэгэн цаг мөчид нэгдмэл ба ялгаатайн сургаал нэртэй гүн ухааны үзэл номлол байдаг. Энэ номлол сургаалыг Бурхан Шри Чаитанья Махапрабху “Веданта-сутрыг” тайлбарлаж байх үедээ нээн хүртээсэн билээ. “Веданта” нь өөрөө зөвхөн гүн ухааны үзэл санааг илэрхийлэх хэрэгсэл байсан. Ийм ч учраас тэр өөрөө дангаараа ямар нэг гүн ухаантнуудын ангид хамаарч чаддаггүй. Туйлын Үнэнийг үнэхээр танин ойлгохыг хүсч байгаа хэнийг ч гэсэн ведантист гэж нэрлэнэ. Мэдлэгийн ямар ч салбар ведийн эрдэм ухааны аль нэг хэсэг нь байх агаад веданта нь бүхий л мэдлэг дээр тулгуурласан эцсийн дүгнэлт юм. Гүн ухааныг бүхий л эрдэм ухааны эрдэм ухаан гэж үздэг ба харин “Веданта” нь бүхий л гүн ухааны ноён оргил юм.

Орчуулсан:  Балабхадра дас

 

Scroll to Top