Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 4 9 6
Users Today : 1
Users Yesterday : 32
Total Users : 11496
Views Today : 1
Views Yesterday : 44

Та хэдэн мянган бээрийн цаанаас дамжуулах телевизийн дүрсийг үзэж  байдаг шиг хэрвээ та шаардлагатай бэлтгэлийг хангаж чадах аваас өөрийн зүрхэндээ Говиндаг цаг ямагт харж чадна.

Энэ тухай “Брахма-самхита” (5.38) сударт, преманжана-ччхурита-бхакти-вилочанена сантах садаива хридайешу вилокайанти хэмээн батлан өгүүлсэн. Таны зүрхэнд аль хэдийнээ “телевизор” оршин буй. Тийм болохоор та түүнийг худалдан авах ч шаардлага байхгүй. Дээд Эзэн аль хэдийнээ тэнд оршин буй. Хэрэв та тэрхүү төхөөрөмжөө буюу телевизороо эвдрэлийг нь засах аваас та Түүнийг харж чадна, Та Түүнийг сонсож чадна, Та түүнтэй ярьж чадна. Харин засах арга нь Кришна ухамсрын арга юм. Телевизорыг засахын тулд танд туршлагатай мэргэжилтэн хэрэгтэй. Кришна ухамсрын шинжлэх ухааны тухайд танд мөн л мэдлэг туршлагатай хүний тусламж хэрэгтэй. Тэгсэн цагт таны зүрхэн дахь төхөөрөмж ажиллаж эхлэх ба та Кришнаг харж чадна. Йогийн төгс төгөлдөр үүнд оршино.  Ариун судар номуудаас бид, энэхүү төгс төгөлдөрт хэрхэн хүрэх тухай олж мэдэж болно: садху-шастра-гуру-вакйа, читтете карийа аикйа. Сүнслэг танин ойлгохуйн төгс төгөлдөрт хүрэхэд дээрхи гурван эх үүсвэрийн зааврыг даган мөрдөх хэрэгтэй: садху буюу ариун гэгээн, өөрийгөө танин ухамсарласан хүмүүсийн үгийг, шастра буюу ведийн бат ноттой судар бичээсүүдийн зааврыг, гуру буюу номын багшийн зааврыг. Төмөр замын рельсүүд нь нэг нэгэнтэй зэрэгцэн оршдог. Хэрэв тэдгээр нь хэвийн байх аваас вагонууд түүн дээгүүр зорьсон зорилго өөдөө саадгүй давхин оддог. Кришна ухамсрын хувьд гурван паралель рельс оршин буй: садху буюу ариун гэгээн хүмүүстэй харьцах, шастра буюу ариун судар бичээсүүдэд итгэх, гуру буюу жинхэнэ номын багштай болох. Хэрэв та өөрийн давхин явах хэрэгслээ эдгээр “рельсүүд” дээр байрлуулах аваас тэрхүү унаа тань ямар ч саадгүйгээр шуудхан Кришна тийш зорин довтолгох болно.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос-20

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бурханлаг өндөр түвшинд буюу буяны(цэвэр ариуны) түвшинд оршигч хүмүүн нь үнэнийг таатай, эелдэг үгээр хэлдэг. Хэл яриандаа бусдыг үл гомдоох олон тооны хошигнолыг ашиглах ба ихэвчлэн өөртэйгөө холбоотой хошигнолыг ашигладаг. Тийм хүмүүс нь бараг л үргэлж эрүүл, аз жаргалтай байдаг.

Шуналын төлөвт орших хүмүүс нь өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлд маш мэдрэг байх агаад мөнгө ба эр, эмийн харьцаа, эдийн засгийн хөгжил, улс төр, худалдан авалт гэх мэт сэдвээр хэдэн цаг ч хамаагүй маш тааламжтайгаар ярьж чаддаг. Тэд өөрсдийнхөө тухай ихэвчлэн сайныг ярих ба бусад зарим нэгний талаар өөлж шүүмжилсэн зүйлийг ярьдаг. Тэд ихэвчлэн маш хурдан ярих бөгөөд тэдний хошигнолын ихэнхи нь эр, эмийн харьцаатай холбоотой байдаг.
Мунхгийн төлөвт орших хүмүүсийн яриа доромжлол, дөвийлгөлт, буруушаалт, айлган сүрдүүлэлт, ёс зүйгүй үгүүдээр дүүрэн байдгаараа бусдаас ялгардаг. Тэдний бүх үг нь уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тийм хүн ам ангайх аваас өрөө тэр аяараа таагүй үнэрээр дүүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.
Тийм хүмүүс, өөрсдөө санаатай эсвэл санамсаргүй байдлаар бусдыг өдөөн хатгаж, тэднийг уурлуулах, цухалдуулах, гомдоох, атаархлыг нь төрүүлэх үйлийг хийж байдаг нь ердийн үзэгдэл. Тэд ийм долгионыг л үүсгэх хандлагатай байдаг ба эдгээр доод төрлийн устган сүйтгэх мөн чанар бүхий эмоциудаар тэжээгдэн хооллож байдаг. Тэдний хошигнол нь ихэвчлэн “хар” ба бусдын гунигт баярласан, бусдыг дээрэлхэлсэн хандлагаар дүүрэн.

Ерөнхийдөө хүмүүс зөвхөн нэг түвшин дээрээ байнга байгаад байх нь ховор. Ихэвчлэн холимог хэлбэрээр орших ба эсвэл тухайн хүний төлөв байдал маш хурдан өөрчлөгдөж байдаг. Энэ нь дараахь зүйлсээс хамааралтай:

Бидний сонгосон хүрээллээс. Жишээ нь, шунал ихтэй хүнтэй харьцаж эхлэснээр бид хэдхэн минутын дараа л гэхэд улс төр ярих үйл хэрэгт маш идэвхитэйгээр татагдан орсон байхыгаа ажиглаж болно. Ердөө 10 минутын өмнө бидэнд тухайн үйл хэрэг ямар ч хамаагүй байсан байх жишээтэй.

Орчин ба газар орон. Жишээ нь, казинод, шөнийн клубуудад шар айрагны лангууны ойролцоо мансууруулах бодис хэрэглэгчдийн цуглардаг газар бурханлаг зүйлсийн талаар ярилцаж байна гэдгийг төсөөлөхөд бэрх. Хэрэв тухайн газар шунал ба мунхгаар тэжээгдсэн байх аваас тэнд сонсогдох яриа хөөрөө тэдгээртэй харгалзсан л байх болно.

Цаг хугацаа. Жишээ нь, шөнийн 22:00оос 02:00 эсвэл 03:00 цагийн хоорондох цаг бол мунхаг харанхуйн цаг юм. (цагийн интервал нь гэхдээ улирал болон газарзүйн байршлаас ихээхэн хамааралтай). Чухамхүү энэ цаг мөчид хүмүүс мунхаг харанхуйн мөн чанар бүхий газарт очихыг хүсэх, мунхаг харанхуйн мөн чанар бүхий кино үзэх, мунхаг харанхуйн мөн чанар бүхий зүйлсийг ярих, сайндаа л шуналын сэдэвтэй зүйлсийг ярих хандлагатай байдаг.
Өглөө оройноос сэргэлэн хэмээх ардын мэргэн үг байдаг даа. Орой хэлсэн үгэндээ өглөө нь та харамсдаг болохыг аль эртнээс л ажиглаж мэдсэн байж. Ялангуяа хэрэв та ямар нэг шийдвэрийг гаргасан бол түүнийгээ арай өөр өнцгөөс харах болно. Ийм учраас хамгийн энгийн дүрэм гэвэл, оройд хэзээ ч бүү шийдвэр гаргаж бай. Энэ үед аль болох бага ярьж байх нь бидний амьдралыг мэдэгдэхүйц аз жаргалтай болгох ба олон олон таагүй зүйлс, проблем, зовлонт байдлаас ангижруулах болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бид Кришна ухамсрын гүн ухааныг номлодог ч ихэнхи хүмүүст энэ нь сонирхолтой бус. Харин хэрэв би ямар нэг шинэ технологи юм уу эсвэл электроникийн салбарын мэргэжилтэн байсан бол намайг сонсох гэж мянга мянган хүн ирэх байсан. Хэрэв би гадаад эрчмийн бүрдлүүдийн тухай ярьсан аваас хүмүүс, “Техникийн мэдлэг л надад аз жаргал авч ирнэ” хэмээн бодох байсан. Гэвч энэ бол дурашайа буюу хуурмаг найдлага юм. “Бхагаватам”-д өгүүлэхдээ, тийм мэт материаллаг ололт амжилтууд нь ямар ч ашиггүй хэмээн мэдэгдсэн. Тэдгээр нь танд аз жаргалыг өгөхгүй ч хүмүүс мунхгийн улмаас үүнд найдахаа үргэлжлүүлсээр байдаг. Цааш нь “Бхагаватам”д өгүүлэхдээ, андха йатхандхаир упанййаманах хэмээсэн. Энэ нь материаллаг хөгжил дэвшлээр аз жаргалыг олох гэж найдан буй хүмүүс нь бурханлаг байдлын хувьд сохор гэсэн утгатай. Амьдралын зорилго чухамхүү юу болохыг тэд үл мэдэх ба удирдагч нар нь ч мөн түүний талаар юу ч үл мэдмүй. Дараагийн нэгэн улс төрч гарч ирэх нь тэдэнд ямар нэг шинэлэг зүйлийг авч ирж, тэд эцэстээ аз жаргалтай болчихно хэмээн найдан бодож байдаг. Өнөөдөр та бүхэн, “Америк оронд Никсон л хэрэгтэй” хэмээх зар сурталчилгааг харж болно. “Жонсоны оронд манай улсын ерөнхийлөгч нь Никсон болох аваас бид жаргалтай болчихно” гэж хүмүүс бодож байдаг. (Инээв). Гэвч энэхүү Никсон болон Жонсон нар нь хаанаас бий болсон билээ? Тэдний үүсэн гарсан эх үүсвэр нэг. Хэрэв эх үүсвэр нь нэг юм бол Жонсоныг Никсоноор эсвэл Никсоныг Жонсоноор солих нь утга байна уу? Төр засгийн удирдлагууд нь сохор ба тэд амьдралын дээд зорилгын талаар юу ч үл мэдмүй. Сохор удирдагч нар нь сохор хүмүүсийг дагуулан хөтлөх аваас үр дүн нь юу байх вэ? Хэрэв хэн нэг сохор гудамжаар зуу зуун сохруудыг дагуулж явах аваас осол гэмтэл учрах нь гарцаагүй. Харин тэднийг хараатай хүн дагуулж явах аваас тэрээр зуу зуун, мянга мянган хүмүүсийг итгэл төгс хөтлөн дагуулах болно. Тиймээс ч “Бхагаватам”, те ‘пйша-тантрйам урудамни баддхах буюу “Сохор удирдагч нар ба тэдний сохор дагалдагч нар нь гар ба хөлөөрөө материаллаг байгалийн уяа хүлэгнүүдэд бат бөх хүлэгдсэн байдаг” хэмээн тайлбарлажээ.

Удирдагч нар нь, “Хүндэт иргэдээ, хүндэт нутаг нэгтнүүдээ, өнөө цагт манай улс оронд чухамхүү миний бие нэн хэрэгтэй байгаа билээ. Миний төлөө саналаа өгөөрэй. Би та бүгдийн бүх асуудал проблемуудыг шийдвэрлэх болно. Та бүгдийн амьдрал тэгснээр аз жаргалтай болно” хэмээн амлацгаадаг. Гэвч тэдгээр бүх удирдагч нар нь Бурханы хуулиудад буюу байгалийн хуулиудад бат бөх хүлэгдсэн байдаг. Ойлгож байна уу? Хэрэв та гар хөлөөрөө бат бөх хүлэгдсэн аваас та ямар нэг зүйлийг хийж чадна гэж үү? Удирдагч нар нь, тэд байгалийн чанга хатуу хуулиудын хяналтад оршдог гэдгээ мэддэггүй… Амьдралын дээд зорилго бол Кришна буюу Бурхан. Гэвч эдгээр удирдагч нар нь материаллаг байгалийн гэрэл гялбаанд урхилагдан татагдсан. Тэд таныг Кришна тийш хөтлөн дагуулж чадахгүй… Хэрэв хувийн эргэцүүлэл, элдэв янзын цугларалт ассамблей, тэр ч байтугай бат ноттой эх үүсвэрээс авсан мэдлэг ч танд туслаж чадахгүй бол хэрхэн яаж Кришна ухамсартай болох вэ? Мэдлэгийн зорилгод хэрхэн хүрэх вэ? Энэ асуултын хариулт нь, “Шримад-Бхагаватамын” (7.5.32) дараахь шүлгэнд өгөгдсөн, наишам матис тавад урукрамангхрим спршати анартхапагамо йад-артхах махийасам пада-ражо-‘бхишекам нишкинчананам на врнйата йават буюу хүнд, бүхий л материаллаг хүслээсээ ангижирч, өөрийн бүх амьдралаа Кришнад зориулсан хүмүүний бадамлянхуан өлмийн тоосонд хүрэлцэх боломж үл тохиох аваас тэрээр Кришнагийн бадамлянхуан өлмийд төвлөрч үл чадмуй хэмээсэн. Зөвхөн тийм бодгальтай учирч, түүний адис нигүүлслийг хүртсэнээр л Кришна ухамсрыг олох боломжтой ба өөр арга зам үгүй болой. Жинхэнэ номын багшид хандаж, түүний өршөөлөөр Кришна ухамсрыг олж авах хэрэгтэй ажгуу.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос-14 орчуулсан: Балабхадра дас

 

 

Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө зөрчилдөж эхлэх буюу бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх эсвэл хамгийн муухан нь, гэрийн эзэн нь хэн болохыг батлах гэж оролдож эхлэх аваас тэрээр өөрийн тэрхүү зан байдлаараа нөхрийнхөө хуурамч би буюу араатан авирыг сэрээж орхидог. Эр нөхөр энэ тохиолдолд хичнээн хүслээ ч өөрийгөө ухаалгаар авч явж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд эрчүүдийн тийм зан байдал бүрэн дүүрэн зөв юм. Яагаад гэвэл гэр бүлдээ ноёлох байр сууриа хадгалах нь түүний үүрэг учраас.

Хэрэв эр хүн гэр бүл дотроо ноёлох байр суурь бүхийгээр өөрийгөө авч явахыг хүсэхгүй байх аваас өөр дээрээ хариуцлагыг үүрэхийг үл хүсэх аваас түүнийг хэн ч хэзээ ч үл хүндлэнэ. Тэр ч байтугай тэрээр маш сайн хүн, маш ухаантай хүн, маш санаа тавимтгай нэгэн байлаа ч. Ийм учраас ямар нэг зүйлийг шийдэхийг оролдохоосоо өмнө тэр эрэгтэй бүгд түүнийг сонсох тэр байр сууринд хүрэх ёстой. Харин ямар аргаар, энэ нь ямархуу харагдаж байгаа гэдэг нь чухал биш. Эс тэгвэл түүний хийх бүх зүйлийг хэн ч нухацтайгаар авч үзэхгүй. Хэрэв эрэгтэй хүнийг гэр бүл дотор нь хэн ч үл сонсох аваас тэрхүү гэр бүлийн өмнөөс хариуцлага үүрнэ гэдэг нь түүний хувьд маш хүнд хэцүү байх болно. Тэрээр өөрийгөө илэрхийлэх чадамжгүйгээ мэдрэх бөгөөд гэр бүлийнхээ гишүүдэд санаа тавих сонирхлоо бүрэн алддаг.

Ийм учраас эмэгтэйчүүдийн тэргүүн зэргийн үүрэг болвоос бүхий л зүйл дээр нөхрийгөө сонсдог байх ямар ч тохиолдолд түүнтэй санал нэгддэг байх явдал юм. Тэр үед л ээжийн зан байдлын нөлөөллийн ачаар үр хүүхдүүд нь эцгийнхээ үгийг дуулгавартай сонсох ба тийн өөрийн ноёлох байр суурийн ачаар тэрээр эхнэртээ үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд нь тусладаг. Тийм ухаалаг хамтын ажиллагааны үр дүнд эр нөхөр төдийгүй гэр бүлийн бүх гишүүд их аз жаргалыг мэдрэх болно.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын  “Эрчүүд, эмэгтэйчүүдийн тухай Ведүүд” номоос орчуулсан: Балабхадра дас 

Та, гэр бүл дотроо, ажил дээрээ, найз нөхөдтэйгээ аятайхан харилцаа тогтоочихоогүй атлаа аз жаргалтай, амжилттай яваа хүнийг төсөөлж чадах уу? Үгүй, энэ нь боломжгүй.

Танд аварга том орчин үеийн гоёмсог гэр орон, таван ширхэг машин, хамгийн шилдэг хувцас эдлэл, диваажинд байгаа мэт хоол унд байлаа гэе. Гэхдээ та хүн амьтангүй эзгүй арал дээр ганцаараа хаягдана. Үүнийг та хүлээн зөвшөөрч чадах уу?

Яах л бол доо…

Олон хүмүүс бусадтай харьцаж чаддагүйнхээ улмаас, бусадтай харьцах харьцааг номер нэг гэж тооцдоггүйн улмаас, олон хүн бужигнасан хотод амьдардаг, олон олон тооны нийгмийн хүрээлэл харилцаатай ч үүний зэрэгцээ өөрийгөө бүрэн ганцаардмал мэтээр мэдэрдэг…

Түүнээс гадна, бидний хүлээн авах эсвэл бусдад учруулах хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг бол харилцаанаас ирэх өвдөлт юм. Ялангуяа ойр дотны хүмүүсийн зүгээс. Хүнийг үгээр алж болно гэж Будда дэмий ч нэг хэлээгүй. Ойр дотны хүний хэлсэн гомдоох үг шиг шархлуулдаг зүйл үгүй. Заримдаа зүгээр л нэг харц эсвэл хоолойны өнгө л айхтар ихээр шархлуулдаг.

Томоор авч үзвэл хүний бусдад хандах хандлага, ялангуяа ойр дотныхондоо, дотоод түвшиндээ бол өөрөө өөртөө хандах хандлага.

Олон хүмүүс харьцаа чухал гэдгийг мэддэг ч үүнийг хэрхэн зүй зохистой зөвөөр авч явахыг мэддэг хүн цөөн! Юуны өмнө харилцаа бол нэн эмзэг, үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгох нь чухал. Харилцаанд өчүүхэн жижиг зүйл гэж байдаггүй! Анхаарамжгүй байдал, гомдоох үг, хоёр минутын уур хилэн гэх мэт нь арван жилийн нөхөрлөл, урт удаан хугацааны, аз жаргалтай гэр бүлийг нураан сүйдлэж болзошгүй.

Гэр бүл, гэрлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгдөг Британийн алдарт сэтгэл зүйч, борлуулалтаараа тэргүүлэгч номын зохиогч Эндрю Маршал, чухамхүү тэр өчүүхэн зүйл нь ихэнхи гэр бүлийг нураан сүйтгэдэг хэмээн батласан байдаг: “Хайрын гурвалжин үүсэх эсвэл сэтгэлийн хямрал гэх мэт нь айх болгоомжлох зүйл огт биш харин өчүүхэн жаахан уур хилэнгийн оч, өчүүхээн зүйлээс болж санал зөрөлдөх, нууцлаг урам хугарал нь аажмаар хөрөх хөндийрөх мэдрэмжийг өдөөн хөгжүүлдэг хэмээн би үздэг. Эдгээр нь гэр бүлийн харилцааг хөнөөдөг жинхэнэ алуурчид юм” хэмээн тэр хэлжээ.

Нэгэн цагт олон хүмүүс Дейл Карнегийн бүтээлүүдэд сэтгэл татагддаг байсан. Түүний номуудын ачаар олон сая хүмүүс харилцаагаа сайжруулж байсан нь үнэн. Мэдээж хэрэг амьдралын чанараа. Гэвч түүний сэтгэл зүйн тэр ухаан нь хоёр нүүр гаргах, хиймэл, өнгөн харилцааны хөгжлийг олон талаараа өөгшүүлж байсан юм: жишээ нь, инээмсэглэ, сонсож байгаа мэт дүр үзүүл, нөгөө хүнийхээ сонсохыг хүссэн зүйлийг нь л ярь, бүү марга гэх мэт.

Хэрэв та энэ бүхнийг сэтгэлээсээ биш харин нөгөө хүнээ ашигч зорилгын төлөө залуурдахын тулд хийж буй бол өнгөн дээрээ та ялж болох ч цаад мөн чанарынхаа хувьд та бүрэн дүүрэн ялагдаж байгаа хэрэг юм.

Үг, гадаад зан байдал бол харилцааны 10аас 15 хувиас ихгүй зүйл. Хүмүүний бусад хүлээн авалтууд нь дотоод түвшинд явагддаг. Заримдаа их сайхнаар инээмсэглээд, эедэг найрсгаар ярьдаг соёлтой хүнтэй харьцсаны дараа танд ямар нэг хүйтэн мэдрэмж эсвэл түүнтэй дахиж харьцмааргүй мэт мэдрэмж төрдгийг та бүхэн анзаардаг байх гэж бодож байна. Мөн эсрэгээрээ.

Хэргийн учир гэвэл гол харилцаа далд ухамсарт явагддагт оршино. Тэнд бид нэг нэгнийхээ тухай бүгдийг мэдэж байдаг. Хэрэв хүмүүний дотоодод харанхуй, аминч үзэл, шунаг сувдаг сэтгэл, атаач хандлага оршин буй аваас тэрээр гаднаа өөрийгөө ямраар авч явлаа ч түүнтэй урт удаан аз жаргалтай харьцааг тогтоож чаддаггүй. Сайндаа л түр зуурхан татагдаад өнгөрөх жишээтэй.

Жинхэнэ харьцаа сэтгэлийн түвшинд л эхлэдэг.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулсан: Балабхадра дас 

 

Scroll to Top