Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 38
Views Yesterday : 41

Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан

Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн

Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон

Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа

Од өгүүлрүүн:

Наран ганжиртай ариун сүмийн дотор

Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч

Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага

Найман дацанд хурж байсан нь саяхаан

Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн

Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч

Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун

Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ?

Он оны тортог тоосонд дарагдаж

Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ?

Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч

Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү?

Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй

Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж

Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн

Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү?

Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг

Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм

Нурман дундаа заларсан их бурхдын дүр

Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна

Ариун тансаг цаглашгүй бурханы номыг

Алгаан сайтар хамтатган цээжиндээ тунгаа!

Бууршгүй үнэн гэдэг он жилийг гэтэлгэгч

Бурханаас бүгдэд заяасан бугд ч хэрэгтэй эрдэнэ юм шүү.

2012-11-12 Улиастай хот

Боржигон овогт Хашийн Амарбаян

Тойруу замаар олон хоног

Туйлж явна уу өөрөө мэд

Уулын жимээр цөөхөн хоног

Уйлж давна уу өөрөө мэд

 Харанхуй ойгоор олон хоног

Галгиулж явна уу өөрөө мэд

Хадтай уулаар цөөхөн хоног

Халгаж туулна уу өөрөө мэд

Хөлгүй далайгаар олон хоног

Хөвж явна уу өөрөө мэд

Хөлөг онгоцоор цөөхөн хоног

Сэлж гарна уу өөрөө мэд

Цэцэгт талаар олон хоног

Цэнгэж явна уу өөрөө мэд

Бэрх жимээр цөөхөн хоног

Бэргэж явна уу өөрөө мэд

Тайгын нуруугаар олон хоног

Тааваараа явна уу өөрөө мэд

Шивээ жимээр цөөхөн хоног

Ширвээтэж туулна уу өөрөө мэд

Тойруу хол зам чинь

Тоймгүй зугаа олонтой

Хавханд хөлөө гишгэвэл

Гарах арга муутай

Урт холын зам чинь

Ужиг цэнгэл олонтой

Урхинд хөлөө гишгэвэл

Мултрах арга муутай

Уулын өндөр жим чинь

Уршигт зовлон олонтой ч

Зорьсон бүхнээ бодохоор

Зогсох газар багатай

Хадтай өндөр жим чинь

Харшлах зовлон олонтой ч

Өмнөх зорилгоо бодохоор

Үдлэх газар багатай

2013-01-13

Балабхадра дас

Хүслийн зоргоор мунхарч явбал

Хүмүүн заяа балрах болно

Шуналын эрхээр шуударч явбал

Шулмын үүд нээгдэх болно.

Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй

Нүдэн балай зүтгэн явж,

Элэг доогоос ч эрээлэх нь үгүй

Элий балай донслон явж,

Амь биеэ золиод ч хамаагүй

Амраг түүнээ тэврэе хэмээн,

Алт мөнгөө шавхаад ч хамаагүй

Амтат  жаргалыг эдэлье хэмээн

Араг яс тэвэрсэн төдийгөө

Амьд явсны гавьяа гэх үү?

Өөрт хамаагүй бусдын биеийг

Өмчилж сууснаа олз гэх үү?

Гивлүүр хөшгийг нь ярах төдийд

Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад

Хаалт бүгдий нь тайчих хүсэлд

Хамаг бие чинь шатдаг хирнээ,

Хэзээ нэгтээ хүүрийн газар

Хянгар хошуут тасын өмнө

Өвч бие нь ярагдахын цагт

Өлөн нүд чинь далдирах бус уу.

Өрөөл бусдын харцнаас хүртэл

Өрсөж харамлаж явсан түүгээр чинь

Өдийн хойно шувуу хооллоход

Өмчирхөж харамлах сэтгэл чинь хаачаав.

Мах, цусан тулам болохоороо л

Махчин амьтны хоол биз ээ,

Цэцгэн эрхи, зандан сүрчгээр

Чимэн хөөрцөглөх хэрэг юун.

Хөшиж хэвтэх хүүрийг хараад

Хүйдэс айдас болдог хирнээ

Хөдлөөд босоод яваа биеэс

Ороолон дайтай айхгүй нь юу вэ?

Үүлгүй нарын гэрлээр нээгдсэн

Үзэсгэлэнт лянхуад дурлахгүй хирнээ

Өмхий самхайн үүр уурхайд

Баасны батгана шиг шимтэх хөөрхий

Биеэ хөнөөх илд мэсийг

Билүүдэж суухын үлгэр адил

Бие цогцост шунахын солиорлоор

Энэ ертөнц хямарч байна.

Хэрзгэр яс  тарж бутарсан

Хээрийн үхээрт гансардаг мөртлөө

Хэлхээ яс хөдлөн үймцэх

Балгадын оршуулгаас юунд уйдахгүй вэ?

Хүсэл тачаалаа тайлах гэж

Хүмүүн төрөлтөн наждаа эдэлдэг.

Бохир буртгаа эдлэх төлөөсөнд

Богинохон заяа нь харваж оддог.

Жаал багад мөнгөгүйн гачлан,

Залуу идэрт завгүйн гачлан,

Өтөл буурайд тамиргүйн гачлан,

Үргэлжилж явсаар насыг бардаг.

Үүр цүүрээс үдэш болтол

Өеөдөж унатлаа ажил хийж,

Үхдэл мэт шөнийг элээнэ.

Өдөр бүрийн тийнхүү нөгчөөнө.

Олз баялаг эрсэн зарим нь

Орон гэрээ орхин одож,

Хүлээхийн зовлонг бусдад эдлүүлж,

Хүчирдэхүйн лайг өөртөө үүрнэ.

Халуун элгэнээ тэжээнэ гэсээр

Хар элэгтнийг тэтгэх нь бий

Өвөр дотроо хураана гэсээр

Үйлийн шуурганд тарамдуулах ч бий.

Хурааж цуглуулахын нэг зовлон

Хумиж хамгаалахын нөгөө зовлон

Алдаж харуусахын адаг зовлон

Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон.

Эд мөнгөнд шунан тачаагсад

Энэлэн зовлонгоос хэлтрэх чөлөөгүй.

Эрх баялагт шүтэн бишрэгчид

Энэ хорвоогоос гэтлэх замгүй.

Хажуу гуунаас өвс зулгаах гээд

Халил газарт халтиран хийсэх

Тэрэгний үхэр шиг тэдний амьдрал

Олзоор хомс, ослоор дүүрэн.

Адгуус малаас ялгарах юмгүй

Аахар шаахарт амиа тавьж,

Ахиад олдохгүй заяа золоо

Алгасангуй үйлэнд үрээд дууснам.

..Хүй орчлонгийн зовлон нажид,

Хүйдэс айдас юу бүхэн

Би-г баримтлах сэтгэлээс үүдэлтэй

Биегүй энэ чөтгөрөөс даруй салууштай.

Би гэгчээс салаагүй цагт

Бишид зовлонгоос салах цаггүй

Түймрийн гал унтраагүй цагт

Түлэх аюул нь арилах замгүй.

Өгөөмөр жаргалыг амталья гэвэл,

Өр төлөөсөөс ангижирья гэвэл

Өөрийнхөө оронд бусдыг залж

Бусдын оронд өөрийгөө тавьсу.

“Бодичарьяавтара” буюу “Гэгээрлийн зам” номоос

Төвд хэлнээс орчуулсан: П.Бадрал

Хэсэгчлэн авч сийрүүлсэн: Балабхадра дас

Олзны үндэс нь буян ном

Олхио атаархал түүний дайсан

Олзны үндсийг орхиж огоорсон

Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна

Буруу гажуу урьдын үйлээ

Гэмшиж залруулж явахын оронд

Буяны үрээ эдлэгч нэгэнд

Тэнсэж атаархах даанч зохисгүй

Тэнд хүн зовлоо гэхэд

Энд чиний жаргал нэмэгдэх үү

Атаархсан зоргоор чи баяжиж

Хараалгасан зоргоор тэр ядуурах уу?

Хүний жаргалаар зовлон хийж

Хүний зовлонгоор жаргал хийвэл

Хүй орчлонд түүнээс илүү

Түй гутамшиг хаанаас байх вэ?

Алдар нэр, аядуу магтаалаар

Алд бие тэнхээжих нь үгүй

Амьдрах нас уртсах нь үгүй

Алсын буян ч арвижих нь үгүй

Амин хувьд ч шимгүй түүнийг

Амиа алдтал юунд хөөцөлдөнө.

Аярах сэтгэлийн жаргал гэвээс

Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун.

Хайран амьдралаа дэнчин тавьж

Хаан алдрыг оллоо ч гэсэн

Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу,

Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу?

Элсээр барьсан тоглоомон гэрээ

Эвдрэх цагт нялхас айдаг

Эгшиг магтаал замхрах цагт

Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй.

Найраг үгс амьгүй тул

Намайг магтах сэтгэл үгүй.

Надад хүмүүс баясна уу гэсэн

Найдвар л түүнийг амилуулж бодуулдаг

Надаас болж хүмүүс баяслаа ч

Тэдний баясал тэндээ л байна

Нааш нь түүнийг татаж авах

Нарийн арга хаа ч үгүй.

Бусдын баяслаас авдаг бол

Бурхдын жаргалаас ч авч болох сон

Тийм бол юундаа би

Тэвдэж зүдэрч явах билээ дээ.

Намайг хүн магтлаа гэж

Бусдын үгэнд хөөрч баясах нь

Найдах сэтгэлийн эрхэнд орсон

Нялхсын явдлаас зайлахгүй аж.

Магтаал сайшаалд мансуурч гэмээ нь

Сэхээ сэрэмжээ алдах болно

Сагаж оргилоод мэргэдийг ч басамжилна.

Садарч асгараад буяныг ч баллана.

Ийм аюулаас намайг холдуулж

Ирээдүйн зовлонгоос сэргийлэх гэсэндээ

Сайшаахын оронд муушаан хэлэгч нар

Сахиус болон дэргэд минь шадарлаюу. ..

Хүртэхүйн таашаалд хөлчин мансуурч

Хүдэх нойронд шунан тачааж,

Орчлонгийн зовлонд үл уйсахуйяа

Олиггүй залхуурал үргэлж төрнө.

Зальт нисванисын загасчны шидсэн

Залхаг төрлийн торонд ороод

Заналт эрлэгийн ам руу зүглэдэг

Заяа тавилангаа хэзээ сэнхрэх вэ.

Ижил нөхөд чинь үрэгдсээр буйг

Эргэн тойрноо харахгүй байна уу.

Илбийн нойрондоо мансуурч суугаа чинь

Бойны газар зүүрмэглэх үхэр шиг.

Өмнөх замыг чинь хааж зогсоод

Өлөн эрлэг амаа тамшаалахуй

Өдрийн хоолонд юундаа баясч,

Шөнийн нойронд юундаа шүлэнгэтнэ.

Даруй амиа алдах болуужин

Хэзээд буянаа хичээж үйлд.

Хожидсон хойно сэхээ оровч

Хормын зуурхан чөлөө олдохгүй.

Хийж эхлээгүйгээ эхлэе гэтэл

Хийж дуусгаагүйгээ дуусгая гэтэл

Хилэнт эрлэг шүүрэн одвоос

Хий хоосон гаслахаас цаашгүй

Нүд нь улайж, нулимс цувраад

Нүүр нь үрчийж, амьсгал тасалдахуй

Нөмөрлөх садан ч хол хоцроод

Нүцгэн ганцаар эрлэгт учирна.

Насад үйлдсэн нүгэл нь сүүдэрлээд

Гэмшин харуусахын гасланг яанам.

Нажид тамын дуун сонсогдоод

Аюун цочихын бэрхийг яанам.

Эрэгт хаягдсан загас адил

Энэхэн зуурын зовлонд бачуурагч нар

Эгнэгт үйлдсэн хилэнцийн үрээ

Эдлэх цагт тэсэх болов уу.

Халуун ус хүрсэн төдийд

Халцгай болдог нялзрай амьтан

Халуун тамын үйл үйлдчихээд

Санаа амар юундаа сууна вэ.

Үргэлж хичээлгүй үрийг горилоочид

Өчүүхэн зовлонд гаслан шогшроочид

Үхэх цагтаа амармагийн тэнгэр шиг

Үйлээ дуудан бархирах бизээ.

Хүмүүн заяаны хөлөгт дулдуйдан

Хөнөөлт зовлонгийн далайг гатлагтун.

Энэ хөлөг эргэж олдохгүй шүү

Эндүү нойронд сатаарах хэрэггүй ээ. ..

Ороо бусгаа сэтгэлийн хөлд

Олдошгүй хүмүүн заяа үрэгдэнэ.

Урваа шарваа амрагийн тоглоомд

Урвалтгүй үнэний ухаарал гээгдэнэ.

Мулгуу хүмүүстэй явдал нэгдвээс

Мунхралын балчигт улам живнэ.

Билгүүн хутгаас алсрахын учир

Бэртэгчний сүргээс хол бай.

Нэгэн агшинд амраг боловч

Нөгөө агшинд дайсан болдог

Бахдам сайхныг ч гутаан доромжилж

Балай мууг даган баясацгаадаг.

Үнэнийг хэлвээс өш зангидах

Өөрт эргээд гай удах

Үг авахгүй зөрүүд нялхсын

Үйл лайг зузаалаад яах вэ.

Хэзээд тэдэнтэй нөхөрлөх цагт

Хэрэггүй дэмий хов жив,

Өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг гутаасан

Өөдгүй үгсээс илүүг сонсохгүй.

Гэгээн сайхны мөрийг баллаж,

Гэм нүглийн уурхайг нээснээр

Бэртэгч нөхөд намайг хорлоно,

Би ч тэдэнд дараас болно.

Учир тиймээс нялхаст шүтэлгүй

Ужид самуунаас хол явалтай.

Учрах зууртаа ижилсэж дасалгүй

Уужуу тайвнаар хүлцэн өнгөөрөөлтэй.

Өнгө мөнгөнд шүтэж амьдрах

Өргөмж алдарт шүлэнгэтэж явах

Энэ насны шуналын гал

Эцэс хойтын тамын гал

 

Үргэлжлэл бий…

 

“Бодичарьяавтара” буюу “Гэгээрлийн зам” номоос

Төвд хэлнээс орчуулсан: П.Бадрал

Хэсэгчлэн авч сийрүүлсэн: Балабхадра дас

 

Аливаа үйлдэл хийхийн өмнө

Амнаас үг унагахын өмнө

Анх түрүүнд сэтгэлээ шинжээд

Ая зохистойгоор үйлдэж бай

Агсран догшрох, алмайран сэвэх

Ааглуу зан, дээрэлхүү аяс

Атаархан хорсч, ховлон гутаах

Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл

Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах

Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх

Өөдгүй санаа төрсөн даруйд

Өчиггүй мод мэт орштугай

Ашиг, алдарт шунан хорхойсох,

Албат, нөхрийг эрэн үгүйлэх,

Асрамж хайр өөртөө хүсэхүл

Ажиггүй мод мэт орштугай

Бусдын тусыг хөсөр орхиж

Өөрийн тусыг өндөрт өргөж

Буруу зөвгүй чалчих аваас

Бушуу мод мэт орштугай

Нэг нь  уурлаж, нөгөө нь дурлах

Нялхсын авирт ундууцах хэрэггүй

Нисванисын эрхээр тийн аягласныг

Нинжин сэтгэлдээ уучлан болгоо

Өөрт болон бусдад тустай

Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ

Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг

Би-үгүй сэтгэлийг барьж бай.

Удтал хүлээсэн зол завшаан

Одоо л бүрдсэн хэмээн санаж

Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй

Сүмбэр уул шиг бат оршигтун.

Тас шувуу хэзээ нэгтээ

Тасчиж ирээд идэхийн цагт

Харамлаж хаацайлж чадахгүй байж

Харин одоо юундаа шунана вэ?

Бусдаас зээлсэн энэ биеийг

Өөрийн хэмээн өмчлөх юун

Тусдаа орших жам ёсыг

Өдий хүртэл ойлгосонгүй юу ?

Өөрт хамаагүй юмсыг хүртэл

Минийх гэж боддог бол

Үнэр анхилам занданг сонголгүй

Өмхий цогцсыг сахих чинь юу вэ?

Энэ биеийнхээ арьсан хөшгийг

Оюуны мутраар яраад үз

Махан наалдас, ясан хэлхээг

Билгийн мэсээр жиргээд үз.

Махан дотор шөрмөс бий

Ясан дотор чөмөг бий

Бүгдий нь тэгээд уудлаад хар

Бүүр сайн лавлаад хар

Тачаал шуналын хорхой хүргэх

Тансаг шим нь юу байна?

Таталдан хоргодохын уяас болох

Танхил сайхан нь хаа байна?

Өтгөнийг нь сорж, өлөнгий нь зажилж

Шээсийг нь шимж, шимэлдгийг нь амтлахаас

Цээр хүрч цэрвэх мөртлөө

Цэцгээр чимэн хөөрцөглөх юун.

Адгуус амьтны хоол болгох гэж

Арчлан тойлж яваа юм уу?

Ажил хэргийн боол болгох гэж

Асран бөөцийлж байгаа юм уу?

Хичнээн биеэ тойлж суусан ч

Хэрцгий догшин Эрлэгийн элч

Шууран ирж, шүүрэн аваад

Шувуу нохойд хаяж өгнө

Тэр цагт сэтгэл чи

Тэмцэн хамгаалж чадах бил үү

Тэнэг бие чинь эзнээ хэмээн

Тэмүүлж чам руу гүйх бил үү

Үгээр явахгүй албат боол

Эзний хишгийг хүртэх хувьгүй

Үнэнч бус загнадаг биеийг

Өдөр шөнөгүй өргөмжлөөд яах вэ.

Зохих жаахан харамж өгөөд

Зорьсон хэрэгтээ дайчлан зар

Эрхэлж туниад хөдлөхгүй бол

Идэш уушаар нь торгож шийтгэ

Орчлонгийн далайг гатлахын тулд

Онгоц болгож биеэ ашигла

Олон амьтныг жаргаахын тулд

Чандмань болгож түүнийг хувирга.

Өөрийн эрхтэй энэ л үедээ

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой.

Үг шударгуу, үйлс ариунаар

Үргэлж бусдын өмөг болж яв.

Хайш яйш явдлыг цээрлэж,

Хахир яхир авирыг тэвч

Хаалга үүдээ ч аяархан хааж

Хандсан бүхэндээ эвлүүхэн бай.

Цахлай, муур, хулгайч тэргүүтэн

Сэмээр явж хэргээ бүтээдэг

Чанадын үйлсийг ч гэгээн мэргэд

Сэрэмжит зөөлөн аясаар бүтээдэг.

Бусдын үгийг хүлээцтэй сонсч

Буруу байсан ч бүү басамжил.

Зүйтэй үгийг бишрэлтэй тосч

Зүрхний гүндээ уусган шингээ.

Үнэн мөнийг өгүүлсэн бүхэнд

Чин сэтгэлээсээ талархан мэхий.

Өрөөл бусдын эрдэм буяныг

Ил далдгүй магтан алдаршуул.

Дургүй хүнийг чинь хүн магтвал

Дурамж царайлж, эсэргүүцэх хэрэггүй.

Өнөөх хүнд таалагдсан шижмээр нь

Мөнөөх хүний эрдмийг өгүүл.

Хэн нэгэн өөрийг чинь магтвал

Хий сэвж дэгдэгнэх хэрэггүй.

Бусдыг дандаа сайхнаар хардаг

Буянтан юм даа гэж түүнийг бишир.

Үргэлжлэл бий…

“Бодичаръяаватара” буюу “Гэгээрлийн замд” номоос бэлтгэн

сийрүүлсэн: Балабхадра дас

Scroll to Top