Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 1 0
Users Today : 34
Users Yesterday : 24
Total Users : 11810
Views Today : 48
Views Yesterday : 30

Энэ түүхийг Шрила Прабхупадын нэг шавь Бхактисиддхартха ярьсан билээ. Тэрээр 1991 онд Вермонт дахь хуралд буддистуудтай хамт оролцож байсан аж. Энэ ретритэд Далай Лам мөн оролцож байв.  Буддистуудуудаас гадна маш олон хүн цугласан байлаа. Эцэст нь хурлын тэргүүлэгчид ч ирж. Хурлын төгсгөлд Далай Лам хуралд оролцогсдыг бүгдийг нь цуглуулаад хэлсэн байна: “Би сүүлчийн Далай Лам. Би ийм зөгнөлийг хэлмээр байна. Надаас хойш Далай лам гэж байхгүй болно” гэжээ.

 1991 онд тэр ингэж хэлж байсан байна шүү дээ. Тэнд байсан хүмүүс бүгд баахан цочирдоцгоож… Бхактисиддхартха прабху яаж ийгээд түүнд дөхөн очоод түүнээс: “Яагаад Далай Лам дахин мэндлэхгүй гэж?” хэмээн асуужээ. Далай лам түүн рүү хараад: “Чи  Бхактиведанта Свамигийн шавь биз дээ? Бхактиведанта Свами дэлхий ертөнцөд бүх зүйлийг яриад өгчихсөн байхад юуны тулд Далай Лам хэрэгтэй гэж?! ” хэмээн өгүүлсэн гэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ, та нарт байгаа тэр зүйл бол гайхамшигтай зүйл юм шүү хэмээсэн байна.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас  дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув.

–         “Тэр өөрөө  өөрийгөө л Бурхан гэж хэлсэн”.

–         “Ингэж хэлсэн төдийд л та түүнд итгэж байгаа хэрэг үү?”

–         “Тийм”.

–         “Тэгвэл та намайг өөрийгөө Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч гэж хэлвэл та бас надад итгэх үү? Гэхдээ ерөнхийлөгч байна гэдэг нь Бурхантай харьцуулах юм юу ч байх билээ?”

–         “Тиймээ, би танд итгэж байна”.

–         “Их сайн. Хэрэв би ерөнхийлөгч юм бол та миний хэлсэн бүхнийг хийх үү?”

–         “Тэгнэ.”

–         Тэгмэгц би түүнд хандаж: “Түрийвчиндээ байгаа бүх мөнгөө гаргаад ир” гэлээ. Тэр бүх мөнгөө гаргаж ирэв. Тэнд нь багагүй мөнгө байсан юм! Тэр үед залуус төдийлөн их мөнгийг биедээ авч явдаггүй байсан ч тэрээр ерэн долоон доллар гаргаж ирэв.

–         “Та намайг ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байхаа ?”

–         “Тийм.”

Тэр залуу тун ч гуйвшгүй байсан юм. Тэрээр түүний итгэн дагасан гүн ухаан алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Нүүрэндээ наалдсан шавхайг арчихыг хүсэлгүй тэрээр зүгээр л зөрүүдлэн зүтгэсээр байв. Тийм ч учраас тэрээр “Тийм” хэмээн хариулсан юм. Тэгмэгц би түүнд хандан: “Сайн байна. Тэгвэл надад өөрийнхөө бүх мөнгийг өг” гэж хэлэв. Тэр ч надад бүх мөнгөө өгсөн бөгөөд харин би оронд нь түүнд ном бэлэглэн,  сүмд ирэхийг уриад хүмүүсийн дундуур уусан алга болсон юм. Хоёр цаг орчмын дараа тэрээр тун сандарсан шинжтэйгээр намайг олж ирлээ. “Би чамд хамаг мөнгөө өгсөн гэдгийг мэдэж байгаа биз дээ. Маргааш би байрны мөнгө төлөх болоод байдаг. Тийм болохоор чи надад хорин доллар эргүүлээд өгч чадахгүй биз?” хэмээн асууж билээ.  Хөөрхий ядуу Бурхан! …

Б.А Гирираж Свамигийн дуртатгалаас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ.

Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ.

“Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ.

“Алтны агууламж нас гүйцсэн үнээдээс илүүтэй тугал болон бага настай үхрийн шээсэнд илүүтэй өндөр хэмжээгээр агуулагдаж байсан байна.”
Эрдэмтэд үүнийхээ хажуугаар одос үхэр, тэмээ, хонь, ямаадын шээсэнд судлагаа шинжилгээ хийсэн боловч тэндээс алтны ул мөр олоогүй ажээ.

Энэхүү судлагаа шинжилгээгээ тэд бараг таван жил орчим хийсэн байна.
“Алт нь сэтгэл санааны өвчин, мэдрэлийн өвчинд онцгой тустай… Аюурведэд өгүүлснээр бага хэмжээний нунтаг алтыг шингэн зүйлтэй хольж хүүхдэд өгвөл хүүхдийн оюун ухааны эрүүл мэнд болон хөгжилд маш сайн нөлөөтэй гэсэн байдаг” гэж тус их сургуулийн орлогч эрхлэгч Вайдья Ражеш Котеча өгүүлжээ.

Тус их сургуулийн ректор Аарвинд Патхак, судалгааны үр дүнг нягтлан шалгах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн эрдэмтэд иймэрхүү судлагааг энэтхэгийн бүх удмын үнээд дунд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүний зэрэгцээ тус их сургуулийн судлагааны лаборатори үхрийн шээсийг ашиглан хүний халдварт өвчнүүдтэй тэмцэх болон өөр бусад бусад өвчнүүдтэй тэмцэх, мөн ургамлын эрүүл мэнд, ургалтад сайнаар нөлөөлөх боломжийг судлаж байгаа ажээ.

Эх үүсвэр:

http://indianexpress.com/article/cities/ahmedabad/gold-cow-urine-junagadh-agricultural-university-test-result-2882431/

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Куба Улсад үнээг алах хориотой! Үнээг алсан эдгээдэд хүн алснаас илүү буюу шоронд 15 жил хорих ял оноодог. Куба улсын үнээнүүд зөвхөн сүү саахад ашиглагдаж, байгалийнхаа үхлээр үхнэ. Ресторануудад үхрийн мах байх боловч түүнийг АНУ-аас экспортолдог.

Кубын бүх үнээ улсад харьяалагддаг бөгөөд тэднийг хүчирхийлж алахаас төр засаг нь хамгаалдаг. Өөр нэг гайхалтай зүйл бий. АНУ өөртөө таалагдаагүй дэглэмийг дэлхийн хаа ч байсан хялбар өөрчилдөг бол хажуухандаа байгаа Кубыг яаж ч чадахгүй хэдийнээ 60 жил болж байна. Харин түүний солигдошгүй удирдагчийн амь нас 300 удаагийн халдлагад өртөж байсан хэдий ч одоо 90 наслана хэмээн сэтгэж суугаа.

Эх үүсвэр
http://uduba.com/2581799/kto-berejet-korov-togo-berejet-bog
Орчуулсан: Б.Баярсайхан

Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ.

Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж.

“Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен рүүгээ харцгаалаа. Байдлыг ажихад тэнд байгчдаас хэн нь ч түүнд гар хүрч чадахгүй нь ойлгомжтой  болсон байлаа”.

Ингээд тэд өөр хоорондоо зөвлөн ярилцаад, бүгдээрээ нийлж мөнгөө цуглуулан, тэр бухыг насныхаа эцсийг хүртэл буддын лам нарын дунд амьдруулахаар шийдэцгээсэн аж.

“Бид түүнийг байрнаас нь огт хөдөлгөж чадаагүй бөгөөд амь насыг нь хамгаална гэж амласны дараа л тэр босч, биднийг дуулгавартайгаар дагаад явсан билээ”.

Энэ явдлын дараа тэрхүү нядалгааны газрын зарим ажилтнууд болсон явдлыг тэсээд байж чадаагүй аж. Фонг энэ тухай ярихдаа: “Энэ үйл явдлын дараа гурван ажилтан шуудхан өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарцгаасан. Тэд, амьдралдаа дахиад хэзээ ч адгуус амьтдыг алж хөнөөхгүй, учир нь тэдний хэн нь ч тэрхүү аварга том биетэй бухны гунигтай нүднээс асгарч байсан нулимсыг мартаж чадахгүй  хэмээн ярьцгаасан” гэжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top