Нэгэн ядуу энэтхэг эмэгтэй өглөө бүр хоёр ширхэг бин хайрдаг байжээ. Нэгийг нь гэр бүлдээ зориулж, хоёр дахийг нь хажуугаар өнгөрч яваа хүмүүст зориулдаг байж. Хоёр дахь бингээ цонхныхоо тавцан дээр, хажуугаар нь өнгөрсөн ямар ч хүн аваад явж болохоор тавьж орхидог байв гэнэ. Түүнчлэн тэр эмэгтэй аз хийморио хайхаар гэрээсээ явж одсон хүүгийнхээ төлөө өдөр бүр л залбирдаг байв. Олон сар өнгөрөхөд тэр эх, хүүгийнхээ талаар ямар ч мэдээ сонсоогүй ба дэмий л түүнийг эрүүл саруул эргэж ирээсэй хэмээн мөргөн залбирна.
Удалгүй тэр эмэгтэй, нэгэн бөгтөр эмгэн өдөр бүр ирээд хоёр дахь бинг нь авч одоод байгааг ажиглажээ. Гэвч тэр эмгэн талархлын үг хэлэхийн оронд, ердөө аман дотроо, “Таны хорон санаа тантай л хамт үлдэнэ. Таны сайхан сэтгэл тан руу эргэж ирнэ!” хэмээн амандаа бувтнадаг байв. Энэ үйл явдал өдөр бүр давтагдах болжээ. Тэр эмгэнээс талархлын үг үл сонсоод мөнөөхь эмэгтэй өөрийгөө нэг л хуурагдаад байгаа мэтээр мэдрэх болов. “Энэ бөгтөр өдөр бүр ирж бин авч яваад, амандаа ямар нэг юм бувтнах юм. Энэ явдлыг дуусгах цаг болж! Энэ бөгтрөөс салах минь!” хэмээн бодоод маргааш өдөр нь хоёр дахь биндээ хор хийчихэв гэнэ…

Гэвч хоёр дахь бингээ яг цонхны тавцан дээр тавих болоод ирэх үес түүний гар нь салганан чичрэв. “Би юу хийж байна даа?” хэмээн тэр хоромхноо бодоод, мөнөөхь бингээ гал руу шидэж орхив. Тэгээд дахин бин бэлдэж, цонхон дээрээ тавилаа. Мөнөөх бөгтөр ирдэг л ёсоороо ирж, бингээ аваад, аман дотроо, ““Таны хорон санаа тантай л хамт үлдэнэ. Таны сайхан сэтгэл тан руу эргэж ирнэ!” хэмээн бувтнасаар явж одлоо.
Орой боллоо. Гэтэл гэнэт хаалгыг нь хэн нэгэн тогших сонсогдов гэнэ. Хаалгаа нээгээд, мөнөөхь эмэгтэй босгон дээр хүүгээ зогсож байхыг харав. Тэрээр тун ч аймшигтай дүр төрхтэй харагдах ажээ: өлсөж цангасан, турж эцсэн, ядарч сульдсан, хувцас нь урагдаж нооройсон. “Ээж минь, ингээд ирсэн минь зүгээр л гайхамшиг байлаа!” гэж хүү нь хэлэв гэнэ.
“Би гэрээсээ гараад их л урт удаан замыг туулж, их ч олон хоногийг өнгөрүүллээ. Хамаг хүч чадал минь барагдаж гүйцсэн байлаа. Тэгээд эргэн буцахаар шийдэж, гэрээсээ ердөө нэг бээр орчим зайд ирээд байхдаа би маш их өлсөж цангасан байсан тул ухаан алдаж ойчсон билээ. Хэрэв надтай тэр нэг бөгтөр эмгэн таараагүй бол би магадгүй өдийд үхчихсэн байх байсан бизээ. Тэр миний хажуугаар өнгөрч яваад, тун сайхан сэтгэл гаргаж, надад нэг бүтэн бин өгсөн юм! Тэр хэлэхдээ, энэ нь түүний нэг бүтэн өдрийн хоол гэж байсан. Гэвч энэ нь надад илүү их хэрэгтэй байгааг хараад түүнийгээ надад өгсөн юм..”.
Энэ үгийг сонсоод эхийнх нь царай цонхийн цайв гэнэ. Тэр золтой л ухаан алдаж ойчсонгүй, хаалга түшин авав. Тэрээр өглөөхөн бэлдэж байсан хортой бингээ эргэн саналаа. Тэр бинг гал руу шидэлгүй, цонхон дээрээ тавьсан бол юу болох байж вэ?.. Түүний ганц хүү нь өнөөдөр үхэж магад байсан байна шүү дээ! Тэр үед л мөнөөхь эмэгтэй, “Таны хорон санаа тантай л хамт үлдэнэ. Таны сайхан сэтгэл тан руу эргэж ирнэ!” хэмээх үгний утга учрыг сэтгэл зүрхэндээ хүртэл ойлгов гэнэ.
СУРГАМЖ: Үргэлж сайн сайхан зүйлийг хийхийг хичээ. Тэр ч байтугай өнөөдөр түүнийг тань хэн ч үнэлэхгүй байлаа ч.
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 67
Users Yesterday : 103
Total Users : 38925
Views Today : 80
Views Yesterday : 109