Бхагаван Кришнагийн трансцендент лила-кахани, зугаа наадмын тухай хүүрнэлийг сонсох нь дээд зэргийн ашиг тустай хэмээн “Бхагаватам”-д өгүүлсэн. Хэрэв та бүрэн дүүрэн итгэлтэйгээр, маш анхааралтайгаар сонсох аваас таны зүрх материаллаг бохирдлуулаасаа цэвэрлэгдэнэ. Чухамхүү энэ л зорилгын улмаас Бхагаван Шри Кришна газар дэлхийд морилон бууж ирдэг.
Сүнслэг тэнгэрт орших Кришнагийн мөнхийн гариг орныг сач-чид-анандамайя-дхама буюу санмайя, чинмайя, анандамайя – мөнх, мэдлэг, аз жаргалаар бялхмал дүүрэн газар орон хэмээн нэрлэдэг. Тэнд Тэрээр трансцендент зугаа наадмууддаа, ялангуяа раса-лила зугаа наадамдаа бүрэн дүүрэн автаж байдаг. Тэгвэл Тэр яагаад наашаа материаллаг ертөнцөд ирэх хэрэгтэй болдог юм бэ? Энэ газар бол Түүний гариг орон биш, тэр газраас буюу Түүний трансцендент сач-чид-анандамайя дхамаас эрс тэс ялгаатай. Материаллаг ертөнц бол асат, ачит, нирананда-майя буюу цаг зуурхны, мунхгаар, зовлонгоор дүүрэн газар орон. Тэгвэл Кришна яах гэж наашаа ирдэг юм бэ? Энд Тэр юу хийх гэж ирдэг хэрэг вэ?

Тэрээр ийшээ, сухридам сарва-бхутанам буюу бүхий л амьд бодгалиудад цорын ганц сайн сайхныг хүсэгч учраас морилон ирдэг. Өнө эртийн цагаас та Кришнаг мартаж, майагийн эрхшээлд орсон. Харин Кришна таныг мартаагүй. Тэр таны найз, танд сайн сайхныг хүсэгч. Тэр байнгад таны араас гүйж байх ба хэзээ ч таныг орхиогүй. Тэр таны зүрхэнд Параматма дүрээр оршин буй. Тэрээр материаллаг ертөнцөд Өөрийн олон тооны хувилгаануудын хамт, Өөрийн дхама буюу Өөрийн газар орон, Өөрийн дагуулуудын хамтаар илрэн заларч, трансцендент зугаа наадмуудаа өрнүүлдэг.
Түүний морилон ирэхүйн зорилгуудын нэг гэвэл Түүний лила-каханаг ном байдлаар бичиглэн үлдээхэд оршдог. Дараа нь Түүний эрхэм хүндтэй чин бишрэлтнүүд – садху нар, вайшнавууд, махажанууд хүрэлцэн ирж эдгээр зугаа наадмуудыг нь давтан ярьдаг, тэдгээрийн яруу алдрын талаар номлон сурталчилдаг. Кришнагийн зугаа наадмуудын талаар сонсох, тэдгээрийн талаар эргэцүүлэх, тэдгээрийг бясалган бодох нь зайлшгүй шаардлагатай. Зөвхөн тэгж байж л та амар амгалан болоод аз жаргалыг олж авна. Таны зүрх сэтгэл цэвэрлэгдэнэ. Таны жинхэнэ мөн чанар бол Түүний мөнхийн албат байх явдал юм.
Ийм маягаар Кришна, энэ газар руу кридартха буюу Өөрийн эрхэм дотнын чин бишрэлтнүүдтэйгээ зугаацан цэнгэхийн тулд ирдэг, раса-лилагаар, трансцендент лилагийн амт рашаанаар зугаацан цэнгэхийн тулд ирдэг. Үүний хамт Кришна танд эдгээр зугаа наадмуудыг мөн амтлан цэнгэн жаргах боломжийг олгодог. Түүнчлэн Тэрээр Өөрийн эрхэм хүндтэй чин бишрэлтнүүдийг(садху-самракшана) хамгаалахын тулд морилон ирдэг. Кришнагийн материаллаг ертөнцөд морилон ирэхүйн учир зорилгууд энэ юм.
Шрила Гоур Говинда Свами, Шри Кришна Жанмаштамийн баярт зориулсан лекцээс,
1995.08.18, Бхубанешвар, Энэтхэг.
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 30
Users Yesterday : 50
Total Users : 28538
Views Today : 49
Views Yesterday : 97