Намайг Бразилид номлол хийж явах үед тус нутгийн иргэд хий үзэгдэлтэй ихэд холбоотой байж тэднээс дэмжлэг туслалцаа авч зарим тохиолдолд бүр тэдний тусламжтайгаар өвчнөө ч илааршуулдаг тухай дуулсан билээ. Сүм маань өдөр бүр Кришнагийн Ухамсрын хөдөлгөөнийг сонирхохоор ирэх зочдын хөлд дарагдаастай. Зарим тохиолдолд зочидтой ярилцан, яагаад сүм дээр хүрэлцэн ирснийг тодруулахад Жорж намайг Харе Кришна сүм дээр очоод Бхагавад Гита (Бурханы Дуулал) анх айлдсан тэр байдлаараа номыг худалдан авч уншихыг зөвлөсөн юм гэдэг байв. Би дотроо ямар сүрхий бишрэлтэн бэ? Өдөр бүр л хэн нэгэнд номлол хийж, нааш нь илгээсэн байх юм гэж дотроо бодоод өнгөрлөө.
Төд өдөлгүй Харинама (Бурханы нэрийг гудманд дуулах үйл ажиллагаа) эхлэх болж бид ч баяр баясалд автан байх үед 30 гаран Бхагавад Гита борлогдсон байхыг мэдээд би ихэд гайхав. Маргааш нь Харинамын үйл ажиллагааны үеэр ном худалдан авсан залуус сүм дээр ирж Харе Кришна Маха Мантра уншиж байхыг ажиглаад тэдний дунд байгсдын нэгнээс “Уучлаарай, өөрт чинь Жорж ном уншиж, сүмд ирэхийг зөвлөсөн үү ” гэж асуухад “Өө тэгэлгүй яахав. Манай нутгийнхан бүгд Жоржийг мэддэг юм” гэлээ. Би түүнийг хэн болохыг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн, сүмийн ерөнхийлөгчөөс түүнийг хэн болохыг тодруулахад, тэрээр “бид энэ талаар төдийлөн их ярьдаггүй. Гэхдээ Жорж гэдэг маань төрлөө олоогүй сүнс байгаа юм. Урд төрөлдөө ариун гэгээн брахмана хүн (бярман буюу Ведийн мэдлэгт төгс нэвтэрсэн нэгэн) байсан юмаа тэр. Хувь зохиолын жигтэй тохиолоор үнээ хөнөөчихсөн юм. Иймээс л тэр энэ төрөлдөө хий үзэгдэл буюу буг болон хувирч тэгээд энэ хараалаасаа салахын тулд, энэ зовлонт амьдралаа үтэр түргэн дуусгахын тулд хүмүүст Кришнагийн ухамсрын хөдөлгөөний талаар номлодог юм” хэмээн тайлбарласан билээ.
Тайлбар: Үнээ нь Бүхний Дээдийн хамгаалалтад байдаг орчлон ертөнцийн хамгийн ариун амьтан тул бясалгал, ариуслын ийм өндөр түвшинд хүрсэн хүн ч түүнийг алж хөнөөснөөс ирэх нүгэл, шийтгэлээс зайлах боломжгүй гэдгийг энэ сургамжит лекцээс ухааран ойлгож болно. Тиймээс та бид үхрийг хөнөөх үйлээс аль болох хол, үхрийн хамгаалах үйл хэрэгт аль болох ойр байх хэрэгтэй юм. Түүнийг хөнөөх нь тийм их аюул уршигтай байдаг юм бол түүнийг хамгаалах нь ямар их ач тустайг хэлэх боломжгүй буюу.
Бурханы адислалт Индрадьюма Свамигийн 2011 онд уншсан
лекцээс орчуулж бэлтгэсэн: Туласи Махарани деви даси.