Шиваг гуру нарын гуру гэж нэрлэдэг. Тийм ч учраас гуруд болон брахманд алдас хийсэн хүмүүс Шивад мөргөж алдас эндлээ цайруулдаг. Бярманы хараал буюу брахма-шапа нь хүний хувь тавиланд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд ийм хараалыг Бурхан Өөрөө ч хариулдаггүй гэсэн байдаг. Тэгвэл брахманы хараалыг Шивад мөргөснөөр саармагжуулах боломжтой тухай ведийн зурхайд сургадаг.
Түүнчлэн Шивагийн өөр нэг нэр нь Бхута-натха. Энэ нь тэрээр бхута буюу ад тотгор, хий үзэгдэл, буг, сүг зэргийн эзэн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Шива нь, хэн ч анхаарч тоохоо болисон, хэн ч өөрийн албат дагалдагч болгож хүлээж авахаа больсон тэрхүү бхута нар буюу ад, тотгор, буг зэргийг ивээлдээ багтаадаг тийм өршөөнгүй ажээ. Мөн ад тотгор, буг, чөтгөрийн хорлолоос болж өвдсөн, эрүүл мэнд, амьдрал ахуй нь асуудалтай байгаа цөөнгүй хүмүүс байдаг. Тэгвэл тэд хэрэв Шивад мөргөх аваас энэ бүх асуудал арилж үгүй болох боломжтой. Шивагийн мөн өөр нэг нэр нь Ашу-тоша. Энэ нь түүнийг маш амархан баярлуулж, өөрийн хүссэн зүйлээ түүнээс хүлээн авах боломжтой гэсэн утгатай. Шива хүнийг ямар савтай ирээд ямар хэмжээтэйг гуйсныг харгалзалгүйгээр хүссэн зүйлийг өгдгөөрөө алдартай тийм өршөөнгүй. Шивагийн өөр нэг нэр нь Нила-кантха. Нила гэдэг нь цэнхэр, натха гэдэг нь хоолой гэсэн утгатай үг бөгөөд энэ нь цэнхэр хоолойт гэсэн утгатай нэр юм. Эрт дээр цагт сура, асура нар буюу тэнгэрүүд болон чөтгөрүүд хорон далайг бүлүүрдэн рашаан гаргаж авсны дараа асар их хэмжэээний хор үлдсэн гэдэг. Түүнийг яах тухай ярилцаад ярилцаад, хуралдаад хуралдаад ямар ч арга олдоогүй байна. Харин Шива орчлонгийн амьд амьтдын сайн сайхны тулд тэр хорыг ууя хэмээгээд хорыг хоолойдоо тултал ууж дуусгасан ажээ. Хор маш хүчтэй байсан тул хоолой нь цэнхэртэж харагдаж байсан гэдэг. Ийм учраас түүнийг энэ цагаас хойш Нила-кантха буюу цэнхэр хоолойт гэж нэрлэх болжээ. Шива гэдэг нэрийг үгчилвэл тааламжтай, ач тустай гэсэн утгатай. Зөвхөн энэ нэрээс Шивагийн хэн болох нь ойлгогдоно. Шива мөн Кришнагийн 12 аугаа бишрэлтний нэг гэж тэмдэглэсэн байдаг. Шива үргэлжид Бүхний дээдийг бясалган самадхи төлөвт оршин байдаг бөгөөд үүнээсээ болж нэг удаа өөрийн хадам эцэг Дакшаг, өвөг дээдсүүд болон сахиулсан тэнгэрүүдийн хамтарсан асар том галан тахилга дээр хүрэлцэн ирэх үед нь анзааралгүй, босч хүндэтгэл үзүүлээгүйн улмаас Дакша уурлан хилэгнэж Шиваг тэр тахилга дээрээс хөөсөн, тахилгын хувь бүү оногдож байг гэж хараасан түүх Шримад-Бхагаватам сударт байдаг. Шивагийн өөр нэг нэр нь Рудра. Энэ нь орчлонгийн сүүлчийн өдөр болоход буюу Брахмын өдөр дуусахад Шива энэ материаллаг орчлонгоос амьд амьтас төдийлөн олноор сулран ангижраагүйг хараад уурлан хилэгнэж өөрийгөө 11 хувилан материаллаг орчлонг устгах үйл явцыг эхлэдэг гэсэн байдаг. Үүнийг Шивагийн бүжиг ч гэж нэрлэх нь бий. Түүнчлэн Шива хүзүүгээрээ могой ороосон байдаг. Энэ нь тэрээр бүхий л төрлийн могойн овог, хилэнцэт хорхой, лус савдаг, уул усны эздийг удирдаг захирдаг гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Ведийн зурхайд хүний хувь тавиланд могойн хараал маш их хүчтэй тусдаг тухай тусгайлан авч үздэг. Жишээ нь, үр хүүхэдтэй болохгүй байх, ажил мэргэжлийн бүтэмжгүй байдал зэрэг нь могойн хараалаас үүдэлтэй байх нь элбэг. Энэ тохиолдолд Шивад мөргөх нь бүх төрлийн могойн хараалаас ангижруулах боломжтой. Газар, ус, уул, лус савдгийн хорлолын тухай хүмүүс сайн мэднэ. Тэгвэл бүхий л төрлийн лус савдгийн хорлолыг Шивад мөргөснөөр арилгаж болохыг мөн ведийн зурхайд өгүүлсэн. Шивагийн Маха-мритйунжаяа буюу Үхлийг ялагч Их мантра нэрт мантра буюу тарни байдаг бөгөөд энэ мантра нь үхлийг ирмэг дээр ирсэн хүнийг ч амьдруулах, үхлийн чанартай өвчнийг ч эдгээх хүч чадалтай, гариг эрхсийн хамгийн сөрөг эффектийг ч арилгах хүч чадалтай мантра болохыг бид болон манай олон үйлчлүүлэгчид ч өөрсдийн амьдрал дээр цөөнгүй удаа батласан юм. Пурануудын маш олон түүхүүд Шива Парвати нартай холбоотой байдаг нь Шива ямар нөлөө бүхий, хүчирхэг бодгаль болохын баталгаа юм. Шивагийн өөр нэг нэр бол Рамешвара. Үгчилвэл Рамагийн эзэн гэсэн утгатай. Бурханы Дээд Бодгаль Шри Раамачандра гэргий Ситагаа Равана мангасд алдсан тухай түүхийг мэдэх байх. Энэ явдал нь нэгэн бярманы хараалаас үүдэлтэй байсан гэдэг. Тийм ч учраас Шри Рама энэхүү хараалыг зайлуулахын тулд мөн Равана мангастай тулалдахын яг өмнө одоогийг Рамешвара нэрт газарт Шива Бурханд мөргөж байсан түүхтэй. Энэ бол Дээд Эзэн Шри Рамагийн лила буюу тоглоом наадам бөгөөд эгэл жирийн хүмүүн төрөлтөн ийм мэт байдалтай тулгарвал яах ёстойг Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлжээ Дээд Эзэн Кришнагийн аугаа бишрэлтэн Шивагийн алдар бадартугай! Бэлтгэсэн: Балабхадра дас |