Бархасвадь нь ариун гэгээнтэн, номын багш, багш, мэргэн ухаан, үр хүүхэд, ах, ахмадаа хүндэтгэх байдал болон хууль зүй, сэтгэл судлал, гүн ухаан, банкны салбарын үйл хэрэг зэргийг илэрхийлдэг. Бхригу мэргэний зурхайд Бархасвадь нь эмэгтэй хүний хувьд нөхрийг нь заадаг ба Ангараг эрэгтэй хүний хувьд эхнэрийг заана.
Бархасвадь нь бурханлаг, буянлаг гариг юм. Тэрээр амьдралын хэм хэмнэл, амьдралын хууль, шударга үйл хэрэг, гүн ухаан, шашин, ёс суртахууны зарчмыг даган баримтлах зарчим зэргийг хайрладаг. Бархасвадь нь түүнчлэн үр хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхэд, тэдний эрүүл мэнд, боловсрол зэргийг илэрхийлдэг. Бархасвадь нь хүмүүнд үхэлгүй мөнхийн ба дээд “би”тэй холбогдох мэдрэмж зэргийг өгөх ба материаллаг үнэт зүйлсийн түр зуурын болохыг мэдрэх ойлгоц, бурханлагаар өсөн хөгжих хүсэл сонирхлыг хайрлана. Гэвч тэрээр мөн эд баялагийн байдал, гадаад ертөнцийн аз хийморь, эд баялаг, эрүүл мэнд, урам зориг, өөдрөг сэтгэлгээ зэргийг заана. Бархасвадь нь бүхий л төрлийн сэтгэлээр унах байдал буюу депрессийг даван туулах чадвартай. Буд гариг нь гадаад ертөнцийн өөрийгөө танин ухамсарлахуйг илэрхийлдэг бол Бархасвадь нь тухайн хүний дотоод өсөлт хөгжилтийг илэрхийлдэг. Эрүүл мэндийн тал дээр Бархасвадь нь элэг, ташаа, судас, биемахбодид байх тослогийн хэмжээ, элэгний өвчлөл, чихрийн шижин зэргийг хариуцдаг. Төөргийн зурлага дээр тэгш сайн байрласан Бархасвадь нь хүнийг тарган мариалаг болгодог. Бархасвадийн гол үүрэг зорилго нь болвоос хүмүүнийг дээд бодит ахуйтай холбож өгөх явдал юм. Сул ядруу Бархасвадь нь нэр төртэй, хүндтэй байр суурь үгүй байдал, ёс журамгүй амьдралын хэв маяг, мэхчин гохчин, луйварчдын нөлөөнд автах байдал зэргийг заана.
СУГАР
Сугар гариг нь асур буюу чөтгөр шулмуудын багш ба 64 төрлийн урлагийн ухааныг удирддаг ба соёл ба гоё чамин зүйлсийн эзэн нь юм. Түүнчлэн эр, эмийн амьдрал, сексийн дур татам байдал, мэдрэхүйн цэнгэлд татагдах байдал хийгээд эрэгтэй хүний хувьд эхнэр зэргийг илтгэнэ. Нар жаргасны дараагаар төрсөн хүмүүсийн хувьд Сугар нь Сарыг төлөөлөх ба тухайн хүний ээжийг иэлрхийлнэ хэмээн тооцогддог. Сугар нь хүмүүнийг бүтээх эрч хүчээр хангах энергийг бэлэгддэг. Өөрийн дээд байр суурийн хувьд тэрээр бурханлаг үйл үйлдэх бүтээлч эрчим хүчийг хайрлана. Түүнчлэн гэр бүлийн хөрөнгө чинээний байдал, баг хамт олон, үнэт эдлэл, гоёл чимэглэл, тансаг тав тухтай байдал зэргийг бэлэгдэнэ. Бүжиг, дуу, хөгжим, театр, утга зохиол, кино, жүжиг, яруу найраг, уран зураг, гоёл чимэглэл, гоо сайхан гэх мэт урлагийн бүх төрөл нь түүний удирдлаганд оршино. Бүхий л бүтээн туурвигч хүмүүс төөрөг зурлаган дээрээ Сугарын нөлөө хүчтэй байрласан байдаг. Анагаах ухааны салбарт Сугар нь арьс, арьс өнгөний өвчин, эрүү, бөөр, үржлийн эрхтэн зэргийг заадаг. Сугар нь хайрыг өгөх, хүлээн авах зэрэгт сургадаг. Мөн биеийн хайрыг жинхэнэ бурханлаг хайраас ялган салгахад сургана. Гайхамшигтай сайхан зүйлст татагдах амт, сонгодог хөгжим, сонгодог стиль зэрэгт татагдах амт, дур сонирхлоо хөгжүүлснээр Сугарыг тайвшруулан тайтгаруулж болно. Сугар нь жасмины буюу мэлрэг цэцэг, ирис зэргийн үнэрт дуртай ба мөн гоё сайхан хувцас, хөх цэнхэр туяатай өнгөнд дуртай.
Бэлтгэсэн: Балабхадра дас |