Нэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ.
Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа: “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ цэнийг хэдий хир үнэлэхийг хараарай” гэжээ. Шавь ч чулууг авч, явсаар мөнөөхь угаагч дээр очоод үнэт чулуугаа түүнд үзүүлэв. Боловсрол мэдлэггүй, тосгоны эгэл эмэгтэй байсан болохоор тэрээр түүний үнэ цэнийг төсөөлсөн ч үгүй.
Тэрээр залуу хүүд талархаад, тиймэрхүү чулуу түүнд хэрэггүй, тэр чулуу юм угаахад хэрэг болно гэж үү хэмээн гайхан асуув гэнэ. “Үгүй дээ. Би танд үүнийг өгөх гээгүй. Тэр маш үнэтэй. Угаалга хийхэд энгийн нэг чулуу ч юм уу модны хэлтэрхий хангалттай” хэмээн шавь хариулав.
Дараа нь тэрээр загасчид дээр очлоо. Тэр тэдэнд үнэт чулуугаа харуулсны дараа загасчдын нэг нь: “Наад чулуу чинь бидэнд хэрэггүй ээ. Наадах чинь тор хүндрүүлэхэд хэрэгтэй эд үү?” хэмээн асуув гэнэ. “Ээ, Бурхан минь” шавь уулга алдаад цааш явлаа. Тосгоны жаалууд мөн л чулууны үнэ цэнийг хэрэгссэнгүй. “Бөмбөгний оронд тоглох ч боломжгүй эд байна” гэж тэд хэлэв.
Урам хугаран, дуртай дургүй гэлдэрч ирсэн шавиасаа багш нь: “За тэд юу гэж хэлэв дээ?” хэмээн асуув.
“Тэднээс хэн нь ч энэ чулууг үнэлж, ойшоосонгүй. Тэд тун ч мунхаг харанхуй ажээ” гэж шавь хариулав.
“Үүн шиг эгэл хүмүүс Ариун Нэрийн агуу гайхамшгийг үнэлж цэгнэж чаддаггүй. Ийм ч учраас түүнийг үл хэрэгсдэг. Маха мантра нь бүгдэд нээлттэй боловч түүний нууцад зөвхөн цөөхөн зарим нь л нэвтэрч чаддаг юм” хэмээн багш нь хариулжээ.
ШАЧИНАНДАНА СВАМИ “АРИУН НЭРИЙН РАШАА ДАЛАЙ” номоос сийрүүлсэн: Балабхадра дас