Орчин үеийн бидний ухаанд энэ эгэл жирийн дөрвөн хөлт үнээ, шар зэрэг нь хэрхэн яаж бидний амар тайван, энх тунх оршихуй хийгээд номын багшийн ивээл, тус дэмжлэгтэй хүчтэй холбогдогийг ойлгоход амар бус. Үхрийг хамгаалах асуудал ведийн соёл ба Шрила Прабхупадын гүн ухааны ойлгоход амаргүй зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрнө.
Бурхан Кришна үхрийг хамгаалахын ач холбогдлыг онцгой цохон тэмдэглэсэн байдаг. “Кришнагийн нэгдүгээр түвшний санаа тавих зүйл бол үнээд болон брахмануудад сайн сайхныг олгох явдал юм. Чухамдаа брахмануудын ач тусын тулд гэдэг үзэл хоёрдугаар зэрэглэлийн бөгөөд харин үхрийг хамгаалах асуудал Түүний нэгдүгээр зэрэглэлийн санаа тавих зүйл ажгуу” (Шримад-Бхагаватам.10-р дуулал).
Үхрийг хамгаалах асуудлыг бурханлаг тал дээрээ ч практик амьдрал дээр ч нийгэмд ойлгуулан ухамсарлуулах нь маш чухал. Шрила Прабхупадын барууны нийгэмд өргөн барьсан варнашрамын системийн тухайд бид үхэр маллах нь вайшья буюу худалдаачны ангийн үүрэг бөгөөд харин нийгмийн удирдах, чиглүүлэх анги нь брахман юм гэдгийг мэднэ. “Үхэр болоод брахманы соёлыг хамгаалахгүйгээр хөгжил дэвшил төгс төгөлдөр байх боломжгүй юм. Ийм учраас ч Бурхан Кришнад хандах мөргөл залбиралд го-брахман-хитаяа буюу үхэр болон брахманыг хамгаалдаг хэмээн өгүүлсэн байдаг. Түүний хувилан буусны утга учир нь үхэр болон брахманыг хамгаалахад чиглэгдсэн байв”. (Шримад-Бхагаватам.1-р дуулал, тайлбар)
Үхэр болон брахманы соёлыг хамгаалахын утга холбоо нь юунд орших вэ?
“Үхрийг хамгаалах нь Бурханы ухамсарт хөтлөх брахманы соёлыг тэжээн тэтгэх үндэс суурь болно гэсэн үг юм. Ингэж гэмээ нь хүмүүний соёл иргэншлийн төгс төгөлдөрт хүрж чадна” (Шримад-Бхагаватам.1-р дуулал, тайлбар)
Үхрийг хамгаалах тухай ярьж байгаа үед бид зөвхөн үнээний тухай яриад зогсохгүй бух болон шарын талаар ч ярьж буй юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Бухыг болон шар үхрийг бидний эцэг гэж тооцдог. Яагаад гэвэл тэд газар хагалж үр тариаг тарих, боловсруулах, хураан авахад тусладаг. Харин үнээ нь өөрийн сүүгээр биднийг тэжээн тэтгэдэг тул түүнийг хүмүүнийэх гэж тооцдог. Сүүний тухайд үнээний сүү нь өөрийн өгүүлшгүй гайхамшигт чанараараа өөр бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг даван гарах үнэ цэнийг өөртөө шингээсэн байдаг.
“Үнээний сүүний гайхамшигт чанарын утга учир нь түүнд ухаан ба ухамсрыг өндөр түвшинд өгсөөн хүргэх, бурханлагийг ойлгон ухамсарлахад туслах амин дэм, нарийн эд агуулагддагт оршино” (Шримад-Бхагаватам.1-р дуулал, тайлбар)
Бидний номын багш Шрила Прабхупадагийн айлдварууд болон Ведийн сургаалд өгүүлснээр брахманы соёлыг үхрийг хамгаалах үйл ажиллагаанаас ялган салгах аргагүй гэдгийг харж болно.
“Манай хөдөө аж ахуйн хөтөлбөрүүд нь манай нийгэмлэгийн нэн чухал хэсгийг бүрдүүлнэ. Бид өөрийн гэсэн үр тариаг боловсруулан, өөрийн гэсэн сүүг бий болгож байсан цагт бидэнд ямар нэг нотолгоо баталгаа гаргаж ирэх шаардлагагүй болно” (Шрила Прабхупадын Рупанугад бичсэн захидал. 1974.арван хоёрын сарын 18).
“Шримад-Бхагаватамд эдийн засгийн асуудал проблемыг шийдвэрлэхэд хүнд ердөө хэсэгхэн жаахан газар, хэдхэн тооны үхэр байхад болно гэдгийг нэг бус тайлбарласан. Тэр цагт эдийн засгийн бүхий л асуудлууд аяндаа өөрөө алга болно” (Шрила Прабхупадын Хамсадуттад бичсэн захидал. 1968 он 11 сарын 1)
“Үхрийг хамгаалах нь хоол хүнс, ханган тэтгэхийн бараг бүхий л асуудал проблемыг шийдвэрлэнэ…” ” (Шрила Прабхупадын Неватйаджид бичсэн захидал. 1970 он 6 сарын 16)
Үхрийг орчлон ертөнц, байгалийн хууль өөрөө хамгаалж байдаг. Үүнийг бид өдөр тутмын амьдрал дээрээс харж болно.
Хэн бээр үхрийг алахыг зөвшөөрсөн, мөн хэн алах үйлэнд оролцсон, хэн түүнийг худалдан борлуулсан, хэн түүгээр хоол хийсэн, хэн түүнийг идсэн эдгээр бүхэн өөрийн эхийг алсан хэмжээний нүглийг бүгд үүрдэг. Ингэж хамгаалахын учир шалтгаан юунд оршино вэ? Хариулт нь маш энгийн. Үхэр нь орчлонгийн таван үнэт зүйл болох сүү, тараг, шар тос, баас, шээс зэргийн эх үндэс учраас тэр юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдтэй харьцуулах ямар нэг үнэт зүйл орчлон дээр үгүй юм. Эд бүгд маш нарийн нууцлаг хүчнийг өөртөө шингээсэн байдаг ба амьд бодгалийг материаллаг хийгээд бурханлаг төгс төгөлдөрт хүргэх хүчийг өөртөө шингээсэн байдаг.
Үнээний сүү нь цэвэр буяны төлөвт оршдог бөгөөд тархины нарийн эдийг хөгжихөд тусладаг. Энэ нь оюун ухааны хүчийг нэмэгдүүлдэг бөгөөд үүний ачаар хүн бурханлаг мэдлэгийг олж авах, түүний утга учир, хүч чадал юунд оршдогийг ойлгох чадвартай болдог байна. Мөн амьдралын хүч, өглөөний цэвэр тунгалаг эрч хүч, сарны эрчим хүч, буяны энергийг хүчтэй нэмэгдүүлдэг.
Ухаан сэтгэл хэзээнээс тогтворгүйгээрээ алдартай. Тэгвэл ухааныг механик байдлаар амгалан тайван болгохын тулд багахан халуун сүү уухад хангалттай. Шримад-Бхагаватам сударт өгүүлснээр “хэн бээр байнгад сүү ууна тэрээр үхэлгүйн хутгийг олном”, “сүү бол шингэн биетэй шашин” гэх мэтээр магтан өгүүлсэн байдаг. Аюурведийн анагаах ухаанд сүүг шөнө уухыг зөвлөдөг. Учир нь сүү бүхэл шөнийн туршид ходоодонд байж ходоодны нарийн бүрхүүлтэй харилцан үйлчлэлд орж, төв системээр өгсөн цэвэр гал хэлбэрээр зүрхээр дамжин тархинд хүрдэг. Ингэснээр хүнийн ухаан илүү их төвлөрөлтэй, ухаан сэргэг, оюун хурц ажиллана.
Үнээний сүү нь пранаг өргөн тэтгэж, оюуны галыг өдөөх ба харин шунал хүслийн галыг унтраан дарж өгдөг. Мөн сүүгээр сэтгэцийн олон төрлийн эмгэгийг эмчилж болох ба сүү нь астраль, сөрөг нөлөөллийг арилгах, эсэргүүцэх, мөн төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх, насыг уртасгах гэх мэт олон сайн нөлөөтэй.
Харин сүүг мунхаг харанхуйн бүтээгдэхүүн болох мах гэх мэттэй хамт хэрэглэхийг хатуу хориглосон байдаг
Хуурай сүүг, эмийн ургамалтай холисноор ургамлын эмчлэх хүч зуу дахин нэмэгддэг гэж ч өгүүлсэн байдаг..
Үхрийн шээс нь олон төрлийн өвчнийг эмчлэн эдгээх хүчтэй бөгөөд мөн үхрийн баас нян бактери эсэргүүцэх, устгах чанартай болохыг судлаачид тогтоосон байна.
Түүнчлэн үхрийн аргалын утаа нь хорт хавдрыг эсэргүүцэх хүчтэй нөлөөтэй байдгийг тогтоожээ.
Дээрхи бүгдээс үхэр нь орчлонгийн нэн ариун амьтан юм гэсэн дүгнэлт гарна. Тийм болохоор та аль болох үхэр хэмээх амьтныг хайрлан, түүнийг алах, хороох үйл ажиллагаанаас хол байж, үүний хамт түүнээс гардаг ашиг туст бүтээгдэхүүнүүд болсон сүү, шар тос, аргал гэх мэтийг ихээр хэрэглэж амьдралаа илүү гэгээтэй, илүү оюунлаг, эрүүл саруул болгохыг зөвлөж байна.
Бэлтгэсэн: Балабхадра дас