Эртээ нэгэн цагт энэ дэлхийн хаа нэгтээ нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэр цор ганц хүүтэй юмсанжээ. Хүү нь тэр үед найман настай байсан бөгөөд маш гоо үзэсгэлэнтэй, дур булаам жаал байжээ. Тэр бэлэвсэн эмэгтэй нэг муу овоохойд амьдардаг байсан агаад гэр бүлээ тэжээхийн тулд гуйлга гуйдаг байв гэнэ. Нэг өглөө эртээ, тэрээр Бурханд мөргөл залбирлаа үйлдэж дуусаад, хүүдээ хандан, “Хүү минь яваад цэцэг түүгээд ир” хэмээн хүсчээ.
Жаалхүү маш баярлан түүний гуйлтыг биелүүлэхээр гүйж оджээ. Тэгээд тэрээр ойрхонтоохон байх шугуй руу ороод цэцэг түүж эхлэв гэнэ. Гэтэл энэ үед түүгээр нэгэн хортой могой мөлхөн явж таарсан ба нөгөө хүүг өрөвдөх сэтгэлгүйгээр шуудхан хатгаж орхижээ. Хүү ч тэрхэн дороо газарт ойчоод нас нөгчиж гэнэ. Энэ үеэр хажуугаар нь нэгэн анчин өнгөрч явсан бөгөөд тусгай мантра уншлагын тусламжтайгаар нөгөө могойг ховсдон барьж аваад, мөн жаалхүүг гар дээрээ өргөн хөөрхий ээж дээр нь явж очжээ.
Настай бэлэвсэн эмэгтэй хүүгээ хараад орь дуу тавин гашуунаар уйлж гаржээ. Хэсэг хугацааны дараа тэрээр жаахан тайвширсан ба тэр үед анчин түүнд, жаалхүү ямар ч гэм буруугүй атлаа нас нөгчсөн бөгөөд тэрээр могойнд халдах ямар ч үйлдэл хийгээгүй, түүнийг түгшээх цочоох юу ч хийгээгүй, гэсэн ч тэр могой гэнэтхэн бутан дундаас гарч ирээд хүүг хатгасан гэв. Тэгээд анчин эр, бэлэвсэн эмэгтэйд хандан, хэрэв түүнийг хүсэх юм бол тэрээр могойг алахад бэлэн байна гэжээ.
Харин бэлэвсэн эмэгтэй, “Анчин та сонс, энэ хорт могойг аллаа гээд хүү минь эргээд ирэх бил үү? Мэдээж үгүй. Тийм атал би түүнийг яах гэж хөнөөх юм? ” хэмээн хариулав. Гэвч анчин эр, тэр аюултай могойг алсан нь зөв гэж ахин дахин ятгасаар байв гэнэ. Эцэст нь энэ маргааныг тэсч чадалгүй нөгөө могой хүний хэлээр ийн хэлжээ: “Ихэвчлэн бид бусдын ярианд хошуу дүрдэггүй. Гэвч энэ удаад оролцохоос өөр аргагүй боллоо. Яагаад та нар намайг хэн нэгэн рүү зүгээр л дотвлоно гэж бодоо вэ? Он удаан жил би энд хэвтээд хэнийг ч хатгахгүй байгаад л байсан. Харин өнөөдөр л энэ жаалыг хатгачихлаа. Энэ нь гэхдээ ердөө үхэл над дээр хүрч ирээд, “Түүнийг хатга” гэж хэлснээс л болсон юм. Би юунд ч буруугүй ээ. Намайг бүү алагтун” гэж гэнэ.
Тэгмэгц гэнэт үхэл өөрөө гарч ирээд, “Намайг буруутгацгааж байна уу. Гэхдээ би бас хэдэн үг хэлэх ёстой. Та бүгд энэ бүхэн надаас л болсон, намайг л могойг энэ жаалыг хатга гэж тушаасан гэцгээж байна уу? Гэвч би үүнийг хийгээгүй. Намайг юунд буруутгана вэ? Энэ жаалхүү өөрийнхөө үйлийн үр жимсийг л хүртэж байгаа нь энэ юм. Урьд насандаа энэ могой нэгэн хүн байсан бөгөөд тэр жаал ч бас хүн төрөлтөн байсан юм. Нэг удаа тэд хоорондоо зодолдсон бөгөөд тэрээр заль хэрэглэн энэ хоёр дахь этгээдээ хөнөөсөн. Тэгээд тэр муу зальд хорлогдож амиа алдсан тэр хүн энэ могой болон төрөөд өшөөгөө авсан нь энэ юм. Энэ жаалхүү урьд амьдралдаа яг л хорт могой шиг үйлдэл хийсэн учраас өнөөдөр түүнийг энэ могой хатгаж хөнөөсөн юм. Могой ч, биелсэн үхэл би ч түүний үхэлд буруугүй” хэмээв.
Энэ ертөнц бүтээгдсэнээс эхлээд л энэ ертөнц дээр болж буй бүхнийг зохицуулж байдаг үнэмлэхүй хууль оршсоор ирсэн гэдгийг бид сайтар ойлгох ёстой. Зүгээр л зарим нь үүнийг харж байхад зарим нь үүнийг хардаггүй. Хэрэв бидний амьдралд ямар нэг таагүй зүйл тохиолдлоо гэхэд энэ нь урьд өмнө нь бид ямар нэг зүйлийг зүй зохистой хийгээгүй ба одоо түүний шударга өр төлбөр ирж байгаа гэсэн үг болно. Бид айж болно, бид үр дагаврыг нь хүсэхгүй байж болно. Гэсэн хэдий ч тэд ирдгээрээ ирнэ. Бид өөрсдийн бүхий л сайн, муу үйлийн үрүүдийг амсах хэрэгтэй болно.
Гэвч бид кармын энэ гинжин хэлхээг таслах боломжтой. Тэр бэлэвсэн эмэгтэй мөнөөхь могойг хөнөөж, өш хонзонгоо авч болох байсан. Гэвч тэрээр тэгээгүй. Энэ нь тэгэхээр тэр могойтой холбоотой кармын гинжин хэлхээ тасарсан гэсэн үг. Тэд дахиад хэзээ ч уулзахгүй.
Ийм учраас хэрэв хэн нэг нь бидэнд муугаар хандвал бид хариуд нь тийм хариуг барихГҮЙ байхыг хичээх хэрэгтэй!
Бид, бидэнд зовлон учруулж буй тэр хүмүүсийг уучлахыг гуйж Бурханд залбирах хэрэгтэй. Ингэхдээ энэ бүх таагүй зүйлсийн шалтгаан нь бид өөрсдөө ба бидэнд тэрхүү сургамжтай шийтгэлийг илгээсэнд маш талархах хэрэгтэй юм.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч В.О.Рузовын “Ведийн мэргэн ухааны лавлах товчоо” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас