Долоо, наймдугаар сард Гоур Говинда Свами дахиад л Европын орнуудаар аялсан билээ. Энэ аяллынхаа үеэр тэр мөн Нью-Вража-мандала буюу Мадридийн ИСККОН-ы фермээр зочилсон юм. Бишрэлтнүүд тог цахилгаан байхгүйн улмаас тосон дэн барьж байгааг хараад хүүхэд ахуйдаа тэд мөн л ийм дэн барьдаг байсан тухайгаа дурсав. Тосгонд цахилгаан эрчим хүч байхгүй болохоор өөр яах ч билээ. Бишрэлтнүүд түүнд, тэдний ашигладаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь усан станц бөгөөд харамсалтай нь аймшигтай ган болсны улмаас гол мөрд хатаж ширгээд байгаа тухай тайлбарлав. Энэ нутагт хагас жил орчим бороо хур ороогүй тухай тэд ярив. Тэдний яриаг сонсоод Махараж: “Хэрвээ бид киртан хийж, ягья-пурушаг аргадан баясгах аваас бороо хур орох болно” хэмээлээ.
Орой нь тэр лекц уншиж, дараа нь удаан бөгөөд онгод хөөрөл дүүрэн киртаныг хөтлөн явуулсан юм. Хэсэг хугацааны дараа алсад аянга нижигнэн дуугарч, тэнгэрт цахилгаан гялбалзаж эхлэлээ. Испани бишрэлтнүүдийн нэг нь Махаражийн дагуулд хандан: “Иймэрхүү үйл явдал дандаа л болж байдаг. Аянга дуугарна, цахилгаан цахилна. Гэвч бороо ордоггүй юм” гэв. Гэвч төдий л удалгүй, киртан хийж дууссаны дараа маш хүчтэй аадар хувингаар цутгах мэт асгаран орсон бөгөөд эргэн тойрныг бүхэлд нь усанд автууллаа. Энэ үйл явдал бишрэлтнүүдэд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд олонхи нь хөөрч догдлон Гоур Говинда Свами руу гүйн очиж байсан юм. Тэгмэгц Махараж өөрийн дагуулдаа хандан: “…Би бол өчүүхэн нэгэн. Надад үзүүлэх иймэрхүү хүндэтгэлийг би хүлээн авах гавьяагүй. Эндээс шалавхан явцгаая. Ингэж магтан хөөргөх нь надад таарахгүй. Гавьяа нь миний номын багш Шрила Прабхупада, Бурхан Кришна нарт л хамаарна” хэмээжээ. Дагуул нь ч аяллын графикаа өөрчилсөн бөгөөд цагийн дараа гэхэд тэд тэндээс явж одсон байлаа.
Шрила Гоур Говинда Свами “Аз хийморь тан руу инээмсэглэхүйд” номоос
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас