“Үүний дараагаар йогч нь Дээд Эзний гэдэсний төв хэсэгт орших саран хэлбэртэй хүйсийг бясалгах ёстой. Түүний хүйс бол бүхий л орчлонгийн төв. Түүнээс аварга том бадамлянхуа цэцэг ургасан бөгөөд түүний дотор бүхий л гаригсын системүүд багтан оршдог. Энэхүү бадамлянхуа цэцэг нь бүтээгдсэн амьд бодгалиудаас хамгийн анхдагч Брахмагийн орших орон юм”…
Тайлбар: Цааш нь йогчийг Дээд Эзний хүйсэн дээр төвлөрч бясалгахыг зөвлөжээ. Түүний хүйснээс бүхий л материаллаг орчлон үүсэн бий болсон. Жаахан хүүхэд эхтэйгээ хүйгээрээ холбоотой байдаг шиг бүтээгдсэн амьд бодгалиудын анхдагч Брахма нь Дээд Эзний дээд тааллын дагуу Түүнтэй бадамлянхуа цэцэгний ишээр холбогдсон байна.
Өмнөх шүлгүүдийн нэгэнд өгүүлснээр, Дээд Бурханы хөл, шагай, ташаанд иллэг хийж байдаг цэцэглэн мандахын охин тэнгэр Лакшмиг Брахмын эх хэмээн нэрлэсэн байсан. Гэвч үнэн хэрэгтээ Брахма нь эхийн хэвлийгээс бус Дээд Эзний хэвлийгээс бий болсон. Энэ бол Дээд Эзний ойлгогдошгүй хүчин чадал юм. Харин бид материаллаг байр сууринаас хандан “Эцэг яаж хүүхэд төрүүлж чадах юм?” хэмээн дүн шинжилгээ хийж, төөрөлдөн мангуурах ёсгүй.
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада
Шримад-Бхагаватам 3.28.25р шүлгээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас