Нэгэнтээ Парист, Прабхупадыг айлчлан ирэхийн өмнөхөн манай сүмийн хаалгыг хэн нэг нь тогшлоо. Бид хаалга онгойлгон харвал үүдэнд маань арван ес, хорь орчим насны үс нь ширэлдэж, мансууруулах зүйл хэрэглэснээс болж харц нь сүүмийсэн нэгэн бохир заваан тэнүүлч зогсож байлаа. Тэрээр “Хоол” хэмээн бүгтхэн хоолойгоор хуухирлаа. Би ч түүнд: “Өгье, өгье. Чамд бид прасад л өгнө дөө” хэмээн хариуллаа. Тэр орох гэсэн боловч би түүнд: “Үгүй дээ, эхлээд явж угаал үйлд” гэсэн билээ. Бид түүнийг хооллож ундлаад, буцаав.
Тэр өдрөө би Ялалтын хаалганаас холгүйхэн байрладаг парисын цэцэрлэгт гудмуудын нэгээр зугаалж явлаа. Алхах зуураа ариун нэрийг эрхин дээрээ уншиж явсан юм. Гэтэл гэнэт бутны цаана ширчигнэх чимээ дуулдлаа. Өнгийн харвал баахан хуучин сонин дээр хэвтэх мөнөөх тэнүүлчийг олж харав. Маргааш өдөр нь тэрхүү газрын хажуугаар өнгөрч явтал мөнөөхь эр тэндээс үсрэн гарч ирээд, дахиад л: “Хоол!” хэмээн шуухитналаа. Би түүнийг прасадамаар дайлахаа амлан сүм рүү очихыг урилаа. Олон ч бишрэлтнүүд түүнийг сайн мэддэг ажээ. Бид түүнийг Гахай дуут-Юүдэн малгайт хэмээн нэрлэсэн юм. Дараа нь тэрээр хаа нэг тийшээ алга болчихов. Хэсэг хугацаа өнгөрч Прабхупада ч хүрэлцэн ирлээ.
Нэгэн өглөө шүтээний үйлчлэгч пужаригаас бусад бүх бишрэлтнүүд мөнөөхь цэцэрлэгт гудамжаар алхаж явав. Гэтэл бүгд хэдийнээ мартаж орхисон мөнөөхь тэнүүлч бутан дундаас нисэх мэт шуугин гарч ирээд, Прабхупадын өлмийгөөс барьж авахаар зүтгэлээ. Хэн нэг нь: “Наад залуугаа бариад ав!” хашгирсан бөгөөд бид түүнийг буцаан бут руу чирэв. Ай авралт Бурхан минь, Гахай дуут Прабхупадын өлмийд хүрэх гэж хүсдэг байна шүү! Бид нуур тойроод буцаад сүм рүүгээ алхлаа. Бидний баттай хаасан гэж санаж байсан хаалга маань үгүй байж. Биднийг зугаалж явах хойгуур сүмд маань хэн нэгэн нэвтрэн орсон шинжтэй байлаа. Бид шүтээний өрөөг шалгах санаатай явж байсан ба би Прабхупадатай зэрэгцэн алхаж байсан юм. Гэтэл биднийг тэнд Гахай дуут отон хүлээж байжээ. Тэрээр Прабхупада руу шуугин хүрсэн өгөөд түүний өлмийнөөс нь зууран авлаа. Дахиад л хэн нэг нь “Наадахаа бариад ав..” гэж хашгирсан боловч Прабхупада тун ч шийдмэг янзаар: “Хэрэггүй!” хэмээсэн юм. Прабхупада, Гахай дуут-Юүдэн малгайтыг өөрөөсөө түлхэн холдуулалгүй харин ч түүний толгойг илбэн: “Бүх зүйл сайхан болноо, хүү минь, бүх зүйл сайхан болно. Харе Кришна, Харе Кришна. Бүх зүйл сайхан болно, бүх зүйл сайхан болно” хэмээж байлаа. Тэнд байгсдаас хэн нь ч нэг ч үг дуугарсангүй. Бүгд л хөшсөн мэт зогсоцгоон энэхүү гайхалтай үзэгдлийг ширтэж байсан юм. “Бүх зүйл сайхан болноо хүү минь бүх зүйл сайхан болно”. Эцэст нь Прабхупада: “Болноо. Харе Кришна” хэмээв. Гахай-дуут ч хөндийрч, Шүтээнийг мэндчилэх ажиллагаа эхлэлээ. Говиндам ади пурушам там ахам бхажами.. Шүтээний танхим дүүрэн хүнтэй болсон байсан ба Гахай дуут ч яг гол дунд нь суусан байлаа. Хэн ч түүнийг хаалгаар гаргачихаж зүрхлээгүй юм. Яагаад гэвэл Прабхупада энэхүү тэнүүлч эрд ямаршуу хандаж байсныг бүгд харснаас тэр л дээ. Лекцийн дараа хэн нэг нь Гахай дуутыг танхимаас гаргах санал тавьсан ч өөр нэг бишрэлтэн: “Үгүй ээ, Прабхупада түүнд онцгой нигүүслээ хайрласан. Жаахан хүлээж бай. Түүнээс өөрөөс нь асууя. Гахай дуут аа, чи энд үлдэхийг хүсч байна уу?” гэвэл тэнүүлч зөвшөөрсөн янзтай хуухирлаа. Тэрээр мансууруулах бодис хэрэглэсний улмаас ойлгогдохоор үг хэлчихэж чадахгүй болсон байлаа. “Түүнийг дээш нь дагуулж гараад, усанд оруулах хэрэгтэй” гэж би хэллээ. Тэр усанд орсон ба түүнд дхоти, курта өмсгөлөө. Түүнийг бууж ирэх үед бид түүнийг арай ядан таньсан юм. Гэвч тэрээр урьдны л янзаараа хүн шиг ярьчихаж чадахгүй хэвээр байлаа. Тэрээр бидэнтэй бүтэн өдөржин хамт байсан ба шөнийг ч тэнд өнгөрөөсөн юм. Олон бишрэлтнүүд түүнийг сүмд байлгах тал дээр итгэлгүй хандаж байсан бөгөөд “..Тэр юу ч хийж чадахгүй шүү дээ” гэцгээнэ. Гэвч Гахай дуут цэвэрлэгээ хийж эхлэсэн. Тэр бүгдийг угааж цэвэрлэдэг болов. Эцсийн эцэст сүмд суугчид бүгд л түүнийг хайрладаг болсон юм. Бид хааяахан түүнээс: “Гахай дуутаа, амьдрал ямаршуу байна даа?” хэмээн асуухуйд тэрээр эргэлзэх зүйлгүйгээр “Прабхупада намайг аварсан, Прабхупада намайг аварсан юм” гэдэг байлаа. Бид ч “Тиймээ чиний зөв. Прабхупада чамайг аварсан” хэмээн санал нэгддэг байв. Хэсэг хугацааны дараа тэрээр ариун нэрийг давтан уншдаг болов. Хэдэн долоо хоног өнгөрсний дараагаар бид гудамжинд ном түгээх санкиртан хийхээр зэхэж байлаа. Бид өөрсдийн микроавтобусандаа ойр зуур юмаа аччихаад хэдэн боодол ном авахаар сүм рүү ороод гарч ирвэл жолоочийн суудлын хажуугийн суудал дээр Гахай дуутыг суусан байхыг олж харлаа. Түүнийг ямар санаа бодолтой байгаа талаар намайг асуутал Гахай дуут: “Санкиртан хийхээр явна” хэмээн хариулав. Би инээмсэглэн: “Сонсооч Гахай дуутаа, чи сүм цэвэрлэхэд тусладаг шүү дээ. Энэ ажил чамд их сайхан таардаг” гэвэл тэрээр “Санкиртанд явна” хэмээн зөрүүдлэв. Би арга ядаж толгой сэгсэрч: “Энэ чамд ямар хэрэгтэй юм бэ дээ, Гахай дуут минь ?” гэвэл тэрээр өөрийн хэлдэг ганц үг болох “Прабхупада намайг аварсан юм” хэмээх үгээ хэлэв.. Гахай дуутын гарт номтой цүнх яаж орсныг бүү мэд. Бид машинаа зогсоолд тавьж ч амжаагүй байтал тэрээр машинаас хамгийн түрүүнд үсрэн буулаа. Дхоти нь салхинд намиран хийссэн хуучны нөгөө тэнүүлч. Би ч тоглоомгүй ихээр айж: “Яах нь энэ вэ? Тэр юу хийдэг бол доо! Биднийг цөмийг нь цагдаа руу аччих байх даа” хэмээв….
Бид өглөөний цайгаа ууж, цүнхнүүддээ номоо дөнгөж хийж байтал хэн нэг нь: “Тэр хар даа! Гахай дуут дэлгүүрийн үүдэнд зогсоод хүмүүст ном түгээж байна. Гахай дуут-Юүдэн малгайт ч мөн дөө!” хэмээх дуулдав. Нэг цаг орчим хугацаа өнгөрч бид сүм рүү буцах боллоо. Гэтэл Гахай дуут хоосон болсон цүнхээ барьсаар эргэн ирлээ. “Юу болов?” хэмээн би асуулаа. Хэн нэг нь Гахай дуут зүгээр л номуудаа гаргаад хаячихсан байх гэвэл өөр нэг бишрэлтэн: “Үгүй ээ, бид түүний хэрхэн ном түгээж байхыг харсан шүү дээ” гэлээ. Би түүнээс хэрхэн ном түгээснийг нь асуувал тэрээр: “Би хүмүүст Прабхупада намайг аварсан юм гэж хэлж байсан” хэмээлээ. Энэ түүний амны уншлага байсан юм. Прабхупада энэ хүүг ийм болгож өөрчилсөн юм… Прабхупада бохир заваан хар тамхинд донтогчийг ердөө толгойг нь илж, “Бүх зүйл сайхан болно хүү минь, бүх зүйл сайхан болно” гэж хэлээд л хувь тавиланг нь бүрэн өөрчилсөн юм. ..
Гахай дуут-Юүдэн малгайтын хэл яриа энгийн болж, тэрээр маш олон ном түгээсэн бөгөөд тэр ч байтугай лекц уншиж эхлэсэн. Эцэст нь тэрээр сахил авсан бөгөөд түүнийг Расада Дас хэмээн нэрлэсэн билээ. Тэр он удаан жил францын сүмийн үйлчлэлд хүчин зүтгэсэн юм. Арав гаран жилийн дараа би түүнийг урьдны л янзаараа Нью-Йоркод ном түгээж буйг мэдсэн. Шрила Прабхупадын яруу алдар бадартугай! Түүний өршөөлөөр орчин үеийн Жагай, Мадхай нарын зүрх ийн өөрчлөгдсөөр буй билээ!
Шрила Индрадьюмна Свамигийн лекцээс
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас