Ес дэхь өглөөний аялал
1973 оны тавдугаар сарын 13. Лос-Анжелесын орчим Чевиот-Хиллз цэцэрлэг
Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна.
Хүнээс нохой болох хувьсал
Шрила Прабхупада: Эрдэмтэн гэж нэрлэгдэгсэд луйврын онолд ихэд итгэцгээдэг. Кришна: ахам сарвайса прабхавах – “Би бүх зүйлсийн эх үндэс”(Б.-г, 10.8) гэж өгүүлсэн. Кришна бол амьдрал. Кришна бол үхмэл чулуу биш. Д-р Сингх: Өөрөөр хэлбэл матери нь амьдралаас үүсэлтэй гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Матери нь амьдралаас үүсэлтэй. Миний бие над дээр, бурханлаг сүнсэн дээр өсч ургадаг. Жишээ нь, би биеийнхээ хэмжээнд тохирсон энэ пальтог өмсч байна. Гэвч хэрэв би өөрийгөө энэ пальто гэж тооцвол би тэнэг нэгэн болно. Шавь: Шрила Прабхупада, эрдэс судлаачид, уулс нь тунадасжих процессын үр дүнд ургадаг гэж батладаг. Энэ өсөлт нь түүнд бурханлаг сүнс оршин буйтай холбоотой юу? Шрила Прабхупада: Тиймээ. “Шримад-Бхагаватам”-д уулсыг Бурханы яс, ургамал ногоог Түүний биен дээрхи үс хэмээн тодорхойлсон байдаг. Энэ утгаар бол Бурхан аварга том байх нь ээ дээ. Д-р Сингх: Шрила Прабхупада, амьтны бие махбодид шилжин орох сүнсний шилжилт, хүний биед шилжин орох сүнсний шилжилтийн ялгаа юу вэ? Шрила Прабхупада: Амьтад нь зөвхөн нэг чиглэлд буюу дээш өгсөн хувьсаж байдаг. Харин хүний биед төрөгсөд нь нэг бол дээд нэг бол доод амьдралын хэлбэрт төрөх боломжтой. Амьд бодгаль нь өөрийн хүсэлтэй зохицсон бие махбодийг авдаг. Доод зэрэглэлийн амьд бодгалиудын хүсэл нь ердөө нэг байхад, хүнийх олон мянга, олон сая, хүний ч, амьтны ч хүслийг багтаасан. Байгалийн хуулиар бол доод төрлийн амьд бодгалиуд нь адгуус амьтнаас илүү өндөр дээд, хүний хэлбэр өөд өгсөн дээшилдэг. Гэвч хэрэв хүн болж төрчихөөд хэрэв та өөртөө Кришнагийн ухамсрыг үл хөгжүүлэх аваас эргээд муур, нохойны биед төрөх магадлалтай.
Нирвана
Д-р Сингх: Эрдэмтдэд хүний амьдралын хувьслын түвшнээс дээшилж ч болно, доош уруудаж ч болно гэдэг мэдээлэл байдаггүй. Шрила Прабхупада: Ийм учраас л би тэднийг луйварчид гээд байгаа юм. Тэдэнд мэдлэг байхгүй ч тэднийг эрдэмтэд гэж нэрлээд байдаг. Жинхэнэ шинжлэх ухаан Бхагавад-гитад агуулагдаж буй: Тэнд Кришна: “йанти дева-врата деван питрин йанти питр-вратах” /Б.Гита 9.25/ гэсэн байдаг. Энэ нь хүн өнөөдрийн энэ амьдралдаа мөргөж буй тэр зүйл нь дараагийн төрөлдөө хүлээн авах тэр биеийнх нь төрөл хэлбэрийг тодорхойлдог гэсэн утгатай. Гэвч хэрэв бид Кришнад мөргөвөл дахин дахин төрөхүйн энэ процессыг бүрэн төгсгөж болно. Йам прапйа на нивартанте тад дхама: “Хэн бээр Миний энэхүү дээд гариг орноо хүрэлцэн ирсэн тэр бээр хэзээ ч буцахгүй /үхэл, төрөлт давтагдан байдаг энэ материаллаг ертөнцөд/” /Б.г.8.21/ Бурханлаг ертөнцөд хүрэх нь(самсиддхим парамам) – хүний амьдралын дээд төгс төгөлдөр юм. “Бхагавад-гита”-г унш. Тэнд бүх зүйл бий. Гэвч эрдэмтэд энэ талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Тэр ч байтугай тэд энэ бүдүүлэг махбодиос ангид амьд бодгаль оршин буйд ч итгэдэггүй. Д-р Сингх: Тэд амьд бодгалийн тухай ярьдаггүй. Харин зүгээр л бие махбодийн талаар ярьцгаадаг. Шавь: Тэдний үзэл онол буддизмын гүн ухаантай зарим нэг талаараа ижил төстэй. Буддистууд бие нь байшинтай адил гэж ярьцгаадаг. Байшин нь модноос бүрдэн тогтдог шиг бие махбодь нь химийн бодисуудаас тогтдог. Бие үхэхэд тэр нуран унаж буй байшинтай адил болдог. Ингээд зүгээр л модны хэсэг үртэс үлдээд ямар ч байшин биш болдог шиг бие махбодь нь зүгээр л химийн бодисуудын цуглуулга болж үлдэх ба бие махбодь ч үлдэхгүй, амь нас ч байхгүй болдог гэдэг. Шрила Прабхупада: Энэ төлвийг нирвана гэж нэрлэдэг. Тэгвэл тэр хэсэг зүйлсээр өөр нэг байшин буюу өөр нэг бие махбодийг бүтээн барьж болно. Энэ бол буддизм. Буддистууд сүнсний тухай ямар ч мэдлэг байдаггүй.
Мунхгийн харанхуйг эрдэм мэдлэг мэтээр зарлан…
Шавь: Бидний хүсэл нь бид энэ материаллаг бие махбодид төрөх шалтгаан болдог. Тэгвэл бидний Кришнад хүрэх хүсэл биднийг анхдагч төлөв байдалд маань хүргэх болов уу? Шрила Прабхупада: Тэгнэ. Д-р Сингх: Гэвч энэ нь бид өөрсдийн өчүүхэн доорд мөн чанартай тулалдаж буй мэт л санагддаг. Бид хэдийгээр Кришнад үйлчлэн зүтгэхийг хүсдэг ч цаг үргэлж л мэдрэхүйгээ хангах өөрсдийн хүслүүдтэй тулалдаж байдаг. Шавь: Энэ бие махбодь бараг л дотроос дарангуйлагч мэтээр аашилдаг. Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь та материаллаг эрч хүчний хатуу хяналтан доор оршиж байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл майагийн. Д-р Сингх: Энэ үед Кришнад үйлчлэхийг хүсэж байсан ч гэсэн үү? Шрила Прабхупада: Тиймээ. Хулгайч хүн, хэрэв хулгай хийвэл түүнийг шийтгэж, торны цаана суулгана гэдгийг мэдэж байдаг. Урьд нь тэр бусдыг хэрхэн баривчилж байхыг харж байсан ч үргэлжлүүлэн хулгайлсаар байдаг. Хэдийгээр тэр өөрийгөө засаг төрийн захиргаанд байгаагаа ухамсарлаж байлаа ч өөрийн хүссэн зүйлээ хийдэг. Үүнийг тамас буюу мунхгийн харанхуй гэдэг. Ийм учраас мэдлэг нь бурханлаг амьдралын эхлэл юм. “Бхагавад-гитад” Кришна Аржунад мэдлэгийг хайрласан. Тэрээр: “Чи бол бие махбодь биш” хэмээн сургасан. Эндээс л эрдэм мэдлэг эхэлдэг. Гэвч ямар их сургуульд ийм мэдлэгийг заан сургадаг вэ? Доктор Сингх, та ийм мэдлэгийг хаанахын их сургууль заадгийг хэлж өгч чадах уу? Д-р Сингх: Ийм их сургууль байхгүй. Шрила Прабхупада: Энэ бол өнөөгийн боловсролын тогтолцооны байр суурь: мэдлэг үгүй. Тэд зүгээр л мунхгийн харанхуйг мэдлэг хэмээн зарлан тунхаглаж байна. Д-р Сингх: Гэвч хэрэв эрдэмтэд, тэд материаллаг бие махбодь биш юм шүү гэдгийг мэдсэнээр тэдний үзэл бодол өөрчлөгдөж болохсон. Шрила Прабхупада: Тиймээ. Үүнийг л бид хүсэж байна. Шавь: Гэвч тэд өөрсдийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй. Шрила Прабхупада: Тэгвэл энэ нь тэдний цаашдын тэнэглэлийн нэг болно. Хэрэв та тэнэг бөгөөд харин өөрийгөө ухаантай мэтээр аяглавал энэ нь ээлжит тэнэглэл. Та төгөлдөржиж чадахгүй. Хэрэв та өөрийн мунхгийн харанхуйдаа байсаар байж, өөрийгөө мэдлэгтэй хүн мэтээр зарлан тунхаглавал та маш том мэхлэгч болно. Та өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хуурч байгаа хэрэг. Хүмүүс соёл иргэншлийн материаллаг дэвшлийн араас ухаан алдан тэмүүлэх бөгөөд ингэснээр тэд яг л муур, нохой мэт болдог. Жишээ нь, гадаадаас нүүн ирэгчдийн хэлтсийг бий болгосон байдаг ба та энэ оронд хөл тавимагц л энэ нохдууд: “Хав, хав, хав! Та яах гэж ирээв? Ямар ажлаар явна?” хэмээн хуцалдана. Энэ бол харуул нохойн үүрэг. Хүмүүжилтэй сайн жентльмен нь гар буугаа тэмтэрнэ. Хүмүүст итгэж болохгүй. Одоо цагт ийм олон мэхчин, гохчин хулгайч нар бий болсон юм чинь гэж. Тэгэхээр тэдний хөгжил дэвшил нь хаана байнаа? Бид, боловсрол бол хөгжил дэвшил юм гэж хэлж чадах уу? Үүнийг соёл иргэншил гэж нэрлэж болно гэж үү?
Мунхгийн харанхуйтай аргумент хийгээд эрдэм мэдлэгийн хүчээр тэмцэхүй
Шавь: Зарим нэг хүмүүс вьетнамын дайны нэг шалтгаан бол коммунистууд нь атеист байсан явдал гэж ярьдаг. Энэ нь итгэгчид хийгээд атеистууд нарын хоорондын зөрчилдөөн байсан гэж. Наанадаж л энэ бол энэ дайныг зөвтгөх нэг шалтаг. Шрила Прабхупада: Бид ч мөн атеистуудыг устгахад бэлэн. Гэвч тэднийг номлолоор устгана. Хэрэв би таны мунхаглалыг устгавал үүнийг мөн аллага гэж нэрлэж болно. Устгах гэхээр л заавал илд шүүрч авахыг хэлдэггүй. Д-р Сингх: Энэ нь дайны шинэ арга уу? Шрила Прабхупада: Үгүй. Мунхгийн харанхуйтай аргумент хийгээд эрдэм мэдлэгийн хүчээр тэмцэх явдал хэзээд байсан. Амьдралын тухай бие махбодийн үзэл төсөөлөл нь амьтны түвшин. Адгуус амьтад нь матери хийгээд сүнсний тухай мэдлэг байдаггүй. Амьдралын талаархи бие махбодийн төсөөлөлтэй хүн нь амьтнаас дээрдэх зүйлгүй. Адгуус амьтныг “яривал” оюун ухаант хүний инээд нь хүрч байдаг. Ийм “яриа” нь дэмий л чалчаа яриа. Адгуус амьтнаас ухаалаг үг яриаг хүлээхийн хэрэггүй. Шавь: Гэвч адгуус амьтад ядаж л тодорхой хуулийн дагуу амьдардаг ш дээ. Тэд дэмий хоосон алдаггүй. Зөвхөн хэрэгтэй цагтаа л иддэг. Харин хүмүүс шал хэрэгцээгүй алж, шаардлага байхгүй байхад иддэг. Тэгэхээр энэ нь зарим утгаараа ийм хүмүүс адгуус амьтнаас ч доор байх нь. Шрила Прабхупада: Ийм учраас л бид амьтдаас илүүтэй ихээр зовдог. Кришнагийн ухамсар нь ямар нэг сентименталь хуурмаг шашны хөдөлгөөн биш. Энэ бол шинжлэх ухаанч хөдөлгөөн. Түүний зорилго нь хүмүүсийн зовлонг хөнгөвчлөхөд оршино. Д-р Сингх: Эрдэмтэд болон өөр бусад хүмүүс ч орчлон дээрхи бүх зүйлс тохиолдлоор л бий болсон гэж ярьцгаадаг. Шрила Прабхупада: Тэгэхээр энэ нь тэд энэ сэдвийг мөн тохиолдлоор биччихсэн хэрэг үү? Карандхара: Номыг ч мөн тохиолдлоор бичдэг гэж тэд ярьдаг. Шрила Прабхупада: Тэгвэл яагаад тэдэнд итгэх хэрэгтэй гэж? Тохиолдлоор дуртай бүхнээ бичиж болно. Д-р Сингх: Францын эрдэмтэн, доктор Жак Моно 1965 онд Нобелийн шагнал авсан юм. Тэрээр, бүх зүйлийн үндэс нь тохиолдлынд оршино гэж өгүүлж байсан. Тодорхой химийн элементүүд нь тохиолдлоор нэгдэж, үндсэн молекулууд бий болсон гэж. Шрила Прабхупада: Химийн элементүүд хаанаас бий болсон гэж ? Д-р Сингх: Түүний онолоор бол тэд мөн л тохиолдлоор бий болсон. Шаардлага бий болмогц л химийн элеметүүдийн молекулууд байр сууриа олдог. Шрила Прабхупада: Хэрэв бүх зүйл тохиолдлоор бий болсон юм бол шаардлага хаанаас гарсан байх вэ? Тохиолдлын хийгээд шаардлага хоёрыг хэрхэн яаж нэгэн зэрэг ярьж чадаж байна? Энэ бол огт утгагүй дэмий зүйл. Хэрэв бүхнийг тохиолдол захирдаг юм бол яагаад хүмүүс хүүхдүүдээ сургуульд явуулдаг билээ? Яагаад тэд хүүхдүүдээ тохиолдлоор өсөг гээд хаячихгүй байгаа билээ? Жишээ нь, би хууль зөрчжээ гэж бодьё. Тэгээд би: “Энэ ч тохиолдлоор л болчихлоо” гэж хэлвэл намайг өршөөх үү? Д-р Сингх: Энэ нь мунхгийн харанхуй нь гэмт хэргийн шалтгаан болдог гэсэн үг юмаа даа. Шрила Прабхупада: Тиймээ. Шалтгаан нь миний мунхагт л оршин буй. Шавь: Жишээ нь гайхамшигт хийл хөгжим тохиолдлоор л бүтээгдчихсэн гэж ичих зовох юмгүй батлах нь. Шрила Прабхупада: Тиймээ. Иймэрхүү үл бүтэх нөхдүүд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь тун харамсалтай. Тэр тэнэг мунхгийг ярьчихаад, сайшаал дэмжлэгийг хүлээж авдаг.
Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами “Life comes from life”номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас |