Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 5 0 0
Users Today : 8
Users Yesterday : 42
Total Users : 14500
Views Today : 11
Views Yesterday : 72

Шөнө нарыг хэрхэн харах вэ?

 

Нэгэн удаа мулгуухан газрын эзэн шөнийн тэнгэрт нарыг харахыг ихэд хүсчээ. Хэн нэгэн бялдууч түүнд хандан: “Хэрэв Та, эзэн минь, хүсч байгаа бол энэ биелэх л болно. Бид дэлхий ертөнц даяар сэтгэлийн хүч хийгээд үйл хэргийн хүчний жишээг үзүүлэх ёстой. Тэгсэн цагт бүгд Таныг магтан алдаршуулж, Таны жишээг дагах болно” гэв.

Газрын эзнээ магтан алдаршуулахад автсан энэ бялдууч асар том дэнлүү авч ирээд түүнийгээ тэнгэр өөд өргөн асуусан нь: “Хараач эзэн минь, та нарыг харж байна уу?” гэлээ. Гэтэл өөр хоёр бялдууч гарч ирэн: “Үгүй ээ, нарыг ганц дэнлүүгээр харах боломжгүй. Бид зөндөө олон дэнлүү авч ирье” гэв. Ийнхүү тэд дэнлүүгээ ч авч ирж, мөн тэдний найз нөхөд болсон хэд хэдэн эрдэмтэд хүчтэй цахилгаан гэрлийн тусламжтайгаар түүнд нарыг харуулахыг оролдов. Гэвч тэдний бүх оролдлого амжилт олсонгүй.

Харин тэнд тохиолдлоор нэгэн эрүүлээр сэтгэдэг хүн таарч, шөнийн цагт нарыг үзэх боломжгүй, тэр ч байтугай энэ дэлхийн бүх гэрэл, дэнлүүг цуглуулаад ч энэ нь дэмий хоосон цахилгаан эрчим хүчний, цагийн, мөнгөний гарз болох ба нарыг харахын тулд зүгээр л мандахыг нь хүлээх учиртайг хэлж гэнэ. Цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар нарыг харах ямар ч боломжгүй билээ.

 

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

Үүнтэй адилаар материалистууд, археологчид, өөр бусад худал хуурмагийн нөлөөнд авсан хүмүүс гэх мэт болон эрдэмтдийн материаллаг мэдрэхүйнүүд, олон янзын онол, дүгнэлтээр олж авсан мэдлэг гэж нэрлэгдэх зүйлийн тусламжтайгаар цэнгэл жаргал, эрдэм мэдлэгээр дүүрэн Дээд Бурханы мөнхийн трансцендент дүр хэлбэрийг харах ба ойлгох гэсэн бүхий л оролдлого нь зүгээр л өөрийгөө л мэхэлж буй хэрэг юм. Нарыг зөвхөн нарны гэрлийн тусламжтайгаар л харж болох бөгөөд Бурхан Шри Харигийн, гуругийн эсвэл вайшнавуудын анхдагч жинхэнэ дүр хэлбэриийг зөвхөн тэднийн өөрсдийнх нь өршөөл адислалаар л танин ухамсарлаж болох билээ. ..

 

 

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

Нэгэн удаа зөгий тунгалаг шилэн савтай бал харжээ. Мэдээж хөөрхий түүнд тэр балыг амтлан идэж, цэнгэн жаргах хүсэл төрөв. Бал шилний цаана байгааг үл ойлгон, тэнэгхэн зөгий шилэн савыг гаднаас нь баахан долоож.

Хэсэг хугацаанд ингэж суугаад, зөгий одоо тэрээр аль хэдийнээ балыг амталсан байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Чухам үнэндээ тэрээр түүнийг үнэрлэж ч чадаагүй билээ. Зөгийхөн харин ердөө л өөрийгөө мэхэлсэн байв.

 

Тайлбар

 

Материалистууд хийгээд өөрсдийгөө ваишнав гэж нэрлэгчид, тэд аль хэдийнээ чин бишрэл зүтгэлийн рашааныг амталсан гэж итгэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд, Бурхан Кришнад үйлчлэх чин бишрэл зүтгэлийн трансцендент амьсгалын эх үүсвэрийг өөртөө нээж ч чадаагүй.

Өнөөгийн энэ цаг үед зарим нэг хүмүүс Чандидас, Видьяпати гэх мэт аугаа хүмүүсийн бүтээлийг сонсох хийгээд хүүрнэн өгүүлдэг. Заримдаа тэд Бурхан Кришнаг хайрлах трансцендент хайрын мөн чанарыг амталсан хэмээн хатуу итгэж, Кришнагийн тоглоом наадмыг дуулдаг. Чухамдаа тэд Бурхан Шри Кришнад трансцендентаар үйлчлэн зүтгэхүйн, Түүний тоглоом наадмын хил хязгаарт хэзээ ч хүрч байгаагүй юм.

Калапахадах гэх мэт зарим нэгэн шашны гутамшигт итгэгчид, еретикүүд, шашны уламжлалт зарчмыг баримтлагч ёс суртахуунгүй тэмцэгчид хийгээд өөр бусад этгээдүүд, сүм дэхь Шүтээнийг устган сүйтгэж, мөн Дээд Бурханы сүмийг өөрийг нь ч устгаж чадна гэж боддог. Зарим нэг эгоист үзэлтнүүд, номлогч гэж нэрлэгдэгсэд, “Шримад Бхагаватам”, Бхагавад-гита зэрэг ариун судар номуудаас олон тооны алдаа, үл нийцэл олсон хэмэн сагсуурцгаадаг. Тэр ч байтугай асуруудын хаан Равана Сита дэвийг хулгайлж, түүнтэй цэнгэн жаргахыг хүсч байсан.

Бодит байдал дээр тэд тэмүүлж хүссэн зүйлийнхээ барааг ч олж харж чадахгүй. Тэгэхээр түүнд хүрэх хүрэлцэх тухай юу ч ярих билээ дээ. Равана Сита Девийн зүгээр л сүүдрийг нь хулгайлсан бөгөөд ингэснээрээ өөрийгөө ердөө мэхэлсэн хэрэг. Цэнгэл жаргал эдлэх гэсэн түүний бүх төлөвлөгөө нуран унасан юм.

Хэрвээ хэн нэг нь уурандаа эсвэл атаа жөтөөнд автан Энэтхэгийн газрын зургийг урж хаяад, бүх улс оронг устгачихлаа гэж бодвол энэ нь дэндүү тэнэг хэрэг болохсон. Хуурамч материаллаг эрч хүчний нөлөөгөөр Шри Хари болон номын багш, вайшнавуудын эсрэг үйл хийж буй хэн бүхэн өөрийгөө дэлхийн бөмбөрцөг дээрхи хамгийн мунхаг нэгэн гэдгээ л илтгэн харуулж буй хэрэг юм.

Шри Чаитанйадева: “Бурханлаг нь материаллаг үзэл төсөөллийн хил хязгаарын чанадад оршдог. Энэ бол Вед ба Пураны мөнхийн нотолгоо” юм гэсэн байдаг. (Ч, -ч. Мадхья­-лила. 9.194).

 

Тосгоны нэгэн эр хэдхэн англи үгийг хальтхан сонсоод өнгөрчээ. Тэгээд тэдгээр үгсээс мань эр “тийм”, “үгүй”, “их сайн” гэсэн үгүүдийг л тогтоож амжсан байна. Харин энэ үгүүдийн утга санааг ойлгох гэж хэзээ ч нухацтай оролдож байгаагүй авч харин дотроо энэ хэдэн үгүүдийг хүмүүс дунд хэрэглэвэл “англиар ярьдаг эрхэм” хэмээн бусад хүмүүс түүнийг хүндлэнэ хэмээн сэтгэв.   Нэгэнтээ хэдэн дээрэмчин этгээд хүн амины хэрэг үйлдчихээд дараа нь хууль шүүхэд баригдахгүйн тулд энэ гэмт хэргийн гэм буруутан нь мөнөөхь тосгоны эрийг байхаар бүх зүйлийг зохион байгуулжээ. Тариачин эрийг шүүхийн танхимд авч ирээд шүүгч түүнээс бенгаль хэлээр: “Энэ хүн амины хэргийг та үйлдсэн үү?” гэхэд   мань тэнэг  дотроо бодсон нь :“хэрвээ шүүгчтэй англиар ярьвал тэр надад хүндэтгэлтэй хандаж, намайг барууны соёлоор хүмүүжсэн хүн гэж тооцоод, намайг энэ гэмт хэрэгт буруутгахаа больж, суллан тавих биз” хэмээн бодож, шүүгчид хандан англиар: “Тийм” хэмээн хариу өчив. Дараа нь шүүгч түүнээс: “Энэ үед тантай хамт өөр хэн нэгэн байсан уу?”. “Үгүй” гэж тун ч хурднаар тариачин эр хариуллаа. Тэгмэгц шүүгч сүүлчийн асуултаа тавив. “Таныг шоронд суулгах болно гэдгийг та мэдэж байна уу” гэв. Ийм зохисгүй, зүй бус шийдвэрийг эсэргүүцэхийн тулд мань эр сүүлчийн ганц боломжоо ашиглахаар шийдэв. Тэрээр өөрийгөө хүн амины хэрэг үйлдээгүй жинхэнэ жентльмен, мөн түүнийг шоронд суулгах ямар ч үндэсгүй гэдгийг батлахын тулд шүүгчид хандан: “Их сайн!” хэмээн хариу өчив гэнээ.  Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын тайлбар Эхлэж буй чин сүсэгтнүүд байнгад судар шастраас жишээ татдаг. Цэвэр чин бишрэлтнүүдээс сонссон шашны нэр томьёо, сургаалын талаар зөв зүйтэй ойлголтгүй болохоороо тэд сонссоноо зүгээр л тоть мэт давтдаг. Тэд өөрсдөдөө хүндэтгэл хүлээхийн тулд зүгээр л хэлбэр загвар үзүүлж байдаг. Гэвч эцсийн дүндээ тэд энэхүү тосгоны суугчтай л адил юм. Хэрэв судар ном, нэр хүнд бүхий эх сурвалжаас авсан ишлэлээ ном ёсоор нь эзэмшихгүй, хэрэгтэй газарт нь хэрэглэхгүй бол тэднийг хэн ч хүлээж авахгүй. Иймэрхүү тотийн уран яруу хэллэгээр майа буюу худал хуурмагийн зуултаас ангижрах боломжгүй. Нийтийн лекцүүд, хурал цуглаан, олон нийтийн хэвлэл дээрээс орчин үеийн соёл иргэншлийн “уран цэцэн илтгэгчидийн” чин бишрэлийн тухай, чин бишрэлтнүүдийн тухай, Бурханы Дээд Бодгалийн тухай ярьж, элдэв санаа дэвшүүлэгсдийг ямагт харж болно. Цэвэр чин бишрэлтэнгүүд нь ийм эргэцүүллийг  энэ түүхэнд гарсан “тийм”, “үгүй”, “их сайн” гэдгээс өөр юу ч мэддэггүй тосгоны тариачин эрийн эргэцүүлэн бодож байгаа бодол төсөөлөлтэй адилтгадаг. Ийм хүмүүс нь эцсийн дүндээ майагийн өршөөшгүй зуултанд оршин байж, зовж зүдэрсээр л байх болмуй.     Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

 

Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов.

    Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв.

Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув.

Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав.

Хариуд нь уран дархан: “Ноёнтон, энэ бол “алтадсан” чулуун ваар л даа” хэмээн хариулж гэнэ.

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын тайлбар

  

Вайшнавууд буюу чин бишрэлтнүүдийг кастаар нь ангилж брахман-вайшнав, кшатрий вайшнав, шудра вайшнав, чандал вайшнав гэх мэтээр ярьж байвал энэ нь зүгээр л цэцэрхийлэл ба мэдэмхийрэл юм. Иймэрхүү эргэцүүлэл нь яг л энэ “алтадмал” чулуун ваартай адил. Хүнийг нэг бол вайшнав, брахман, кшатрий, вайшья, шудра гэж шууд тооцох хэрэгтэй. Ваарыг нэг бол чулуун нэг бол алтан л гэж нэрлэх учиртай. Манго жимсний пирогийг зөвхөн мангогоор хийсэн байх ёстой. Хэрэв түүнийг өөр нэг жимсээр хийчихээд манго жимсний пирог гэж нэрлэх аргагүй. Үүнтэй адилаар шудрын шинж чанартай вайшнав хэмээх нэр томьёо  нь огт буруу юм. Хэрэв хүнийг вайшнав л гэж тооцож байх аваас энэ нь тэрээр брахман, кшатрий, вайшья, шудра эсвэл бүр доод гарлын чандал эсвэл энэтхэг ба энэтхэг бус гэх мэт эгэл жирийн анги нийгмийн тодорхойлолтод харьяалагдахгүй гэсэн үг юм. Вайшнав-энэтхэг,  вайшнав-явана хэмээх ямар ч нэр томьёо нь зүгээр л дэмий хоосон яриа. Ингэж тооцох нь үлэмж их гутамшиг доромжлол юм.

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв.

–         Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ?

–         Өө, маш том, танаас хамаагүй том  гэж мэлхийн зулзага хариу өчив.

–           Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав.

–         Өө, үгүй дээ, хамаагүй том!  гэж хүү нь мэтгэв.

–         Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов.

–         Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа.

Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн дээд хэмжээнд нь хүртэл үлээгээд хөөрхий мэлхий чих дөжрөм чимээ гарган дэлбэ үсэрвэй.

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

    Өөрийгөө пара-брахма(пара-дээд, брахма-Туйлын Дээд Бодгаль) гэж тооцоод, түүнтэй эн зэрэгцэх хийгээд түүнээс аугаа хэн ч үгүй хэмээн санах өчүүхэн хөөрхийлэлтэй амьд бодгалиуд нь өөрсдийгөө аль хэдийнээ төгс төгөлдөрт хүрсэн, ангижирсан, гэгээрсэн сүнснүүд хэмээн төсөөлөн бодох зуршилтай. Тэд ердөө өчүүхэн жаахан амьд амьтас ба жинхэнэ зорилго нь болвоос Бурханд чин үнэнчээр үйлчлэн зүтгэхэд оршдог гэдгийг мартсан байдаг. Жам ёсоороо тэд, энэхүү өөрийгөө хийлэн үлээгч мэлхий шиг өөрсдийн хуурмаг би-гийн улмаас мөхөл сүйрэлд хүрдэг.

     Шри Чаитанйа Махапрабху:

“Өөрсдийгөө ангижирсан, гэгээрсэн сүнс гэж тооцоод, нэг нэгнийгээ Нараяна гэж дуудах Майавадийн сургуульд хамаарах маш олон тооны цэцэрхийлэгч гүн ухаантнууд(гьяни) байдаг. Гэвч тэдний оюун ухаан нь цэвэр ариун бус юм. Учир нь тэд Кришнад үйлчлэн зүтгэдэггүй.” (Чаитанья-чаритамрита, Мадхья-лила, 22.29)

      “Бурхан бол бүх эрч хүчнүүдийн эзэн бөгөөд амьд амьтас нь харин тэр эрч хүчнүүдийн зарц албат. Үүнд л Бурхан хийгээд амьд амьтсын ялгаа оршино. Гэвч харин та Бурхан ба амьд амьтас нь нэгэн адил гэж зарлан тунхаглах юм”  (Ч.-ч.Мадхья-лила, 6.162)

       Шри Чаитанйа Махапрабху тэр даруй: “Вишну! Вишну! Намайг бүү Бурханы Дээд Бодгаль гэж бүү нэрлээч. Жива нь хэзээ ч Кришна болж чадахгүй. Ийм үгийг хэлэхийн ч хэрэггүй!” хэмээн дуу алдав.

     “Огоорлын амьдралаар амьдрагч санньясиуд ямар ч эргэлзээгүйгээр бүрэн бүтний салшгүй хэсгүүд. Энэ нь нарны цацарсан гэрэл туяа нь нарны өөрийнх нь салшгүй хэсэг байдагтай адил. Кришна бол нартай адил. Тэрээр бүх зургаан гоц чанарыг бүрэн шингээсэн байдаг. Харин амьд бодгаль нь ердөө бүрэн дүүрний хэсэг нь юм”.

     “Амьд бодгаль болон Бурханы Туйлын Бодаглийг адил тэнцүү гэж хэзээ ч бүү тооц. Энэ нь галаас үсрэн ойчсон өчүүхэн жаахан очийг түүнтэй адилтгаж буйтай л адил юм.” (Ч.-ч. Мадхья-лила. 18.111-113)

     “Бурханы Дээд Бодгаль хийгээд амьд бодгаль нар нь мөн чанартаа нэг хэмээн батлагч тэнэг мулгуу этгээд нь бурхангүй үзэлтэн бөгөөд тэрээр үхлийн бурхан Ямаражийн шийтгэлийг хүлээх болно”(Ч.-ч. Мадхья-лила, 18.115)

  Шигтгээ үг

    Тэс үсэрсэн мэлхийн тухай түүхийг ярихдаа Шрила Бхактисиддханта Сарасвати Госвами Прабхупада цаг ямагт, аугаа “Би” байснаас зүгээр л эгэл жирийн нэгэн байсан нь дээр гэдэг байв.

–        Би Брахман, би сиддха, би вайшья, би пандит, би өөрийгөө танин ухамсарласан сүнс гэх мэт хуурмаг би-гийн төрлүүд нь унан доройтсон амьтсын боолчлогдлын анхдагч шалтгаан юм. Шри Харид үйлчлэх цэвэр  чин бишрэлээр ариуссан хүн өөрийгөө хэзээ ч материаллаг байгалийн эзэн, энэ материаллаг ертөнцөөр цэнгэн жаргагч, аугаа зүтгэлтэн, аугаа номлогч гэх мэтээр боддоггүй. Тийм хүн өөрийгөө номын багшийнхаа болон вайшнавуудын  өлмийн доорхи өчүүхэн тоосонцор хэмээн тооцож байдаг. Зүрх сэтгэлдээ тэрээр хувиршгүй, маш чин үнэнч хүлцэнгүй мөн чанарыг үргэлжид хадгалж явна. Амьд бодгаль нь Равана мангас  хэзээ ч Шри Рамачандра Бурхан болж чадахгүйтэй адил хэзээ ч пара-брахма болж чадахгүй юм.

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

Scroll to Top