Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 8 3
Users Today : 33
Users Yesterday : 35
Total Users : 14483
Views Today : 47
Views Yesterday : 51
Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв.“Тэр ч бас тамд унана”.

“Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв.

“Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов.

Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд

“Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав.

“Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо.

“Там”.

Архичин эр хэсэг дуугүй байснаа, дараа нь мөн л “Тэгэхээр бүх биеэ үнэлэгч нар тамд ойчно гэсэн үг үү?” хэмээхүйд брахман:

“Тийм” хэмээн хариулав.

“Аан тэгвэл архи, дарсны мухлагаар орогчид тамд очих уу?” гэж архичин эр үргэлжлүүлэн лавлахад

“Тэд мөн л тамд унана” гэж брахман хариу өчив.

Тэгмэгц архичин эр байдгаараа баярлан хөөрч: “Пөөх, тэр тамд чинь тэгвэл чөтгөрийн олон ардууд байх юм байна гээч! Хэрэв тамд тийм олон хүн очдог юм бол тэнд ч ёстой хачин хөгжилтэй байгаа даа”  хэмээн байдгаараа хашгиран өгүүлсэн гэдэг.

 

Тайлбар

Материаллаг ертөнцөд амьдрагч хүмүүсийн олонхи нь хүмүүс асар ихээр муу муухай, гутамшигт үйл хийж байхад сэтгэл түгших зүйлгүй гэж тооцдог. Чухамдаа хэзээ ч үл бурханд үйлчлэн зүтгэгч унан доройтсон сүнснүүд нь  энэ гариг дээр амьдрагч хүмүүсийн дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг. Мэдээжийн хэрэг, ихэнхи хүмүүс урьдын л янзаараа Бурханд үл үйлчлэн зүтгэж, урьдынхаараа л сэтгэл амар байсаар байх ба түүнийг бусад бурхангүйчүүдийн л адил хувь тавилан хүлээж буй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Иймээс ч “шороо шиг олон ариун хүмүүс рүү сургаал сонсох гэж яваад яахав! Бүх хүмүүс хаашаа явж байна, тийшээ нь л зүглэе” гэж боддог. Ингэж олон олон хүмүүс Бурханд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг онцгой чухлаар хүлээж авдаггүй. Энэ бол шунал хүслийн гуна юм.

 

Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын Упакхьяна-Упадеша буюу Сургамжит түүхүүд номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

 

Хоёр хүн хайч, хутга хоёрын аль нь аливаа зүйлийг зүсэхэд сайн бэ гэдэг дээр маргалдаж байв. “Хутга!” хэмээн нэг нь хэлэхэд, нөгөө нь, “Үгүй ээ, хайч” хэмээн мэтгэнэ.

Тэдний маргаан тун халуун тэмцэл болон өрнөв. “Хэрэв чи зөвшөөрөхгүй бол чамайг би ус руу шиднэ” гэж хутгыг магтаж байсан нэг нь хэлэхэд “Үгүй, би өөрийн санаа бодлоос хэзээ ч ухарч няцахгүй. Хайч бүхнээс илүү!” гэж нөгөө нэг нь хариулав.

Хутгыг өмгөөлөгч, эсэргүүцэгч этгээдээ ус руу түлхэн унагахад тэрээр бага шиг сэлэх гэж оролдоод чадалгүй эцэст нь эцэж ядраад живж эхлэв. Гэсэн ч тэрээр тун  зөрүүд өөрийнхөөрөө нэгэн байсан тул үхлийн ирмэг дээр очиж, усанд живж байхдаа ч уснаас гараа цухуйлган долоовор дунд хуруу хоёроороо хайчилж байгаа хөдөлгөөн үзүүлж өөрийн зөвийг батлахыг оролдож байсан гэдэг.

Дүгнэлт

Эрдэмтэд ба имперсоналистууд(Бурханы бодгаль бус буюу биет төлөвгүй гэж үзэгсэд) өөрсдийн ялагдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч байтугай тэднийг бүрэн дүүрэн ялаад байхад ч тэд өөрсдийнхөө зөв хэмээн зүтгэсээр байдаг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

Өөрийн удам судраар маш ихээр бардамнан сайрхдаг нэгэн брахман-пандит амьдардаг байв гэнэ. Түүний бараг бүх өвөг дээдэс нь эрдэм номтой хүмүүс байж.

Гэвч аажмаар түүний гэр бүлийн гишүүд сурах боловсроход огт дургүй болж, боловсрол олох гээч зүйлийг бүр орхин, хөзөр тоглох, даалуу хаях, шатар тоглох гэх зэргээр амьдралаа залгуулах болжээ.

Амьдралаа авч явахын тулд тэд гэр бүлтэй хүмүүсийнхээр зочлон очиж, Шүтээнд нь мөргөл залбирал уншиж өгдөг байсан ч тэд ердөө зүгээр л хүмүүсийг мэхлэж байсан ба учир нь тэд мантра тарнийг ердөө ч зөв зүйтэй дуудаж чаддаггүй байв. Хэдий ийм байсан ч тэд өөрсдийгөө ховорхон тохиох аугаа их эрдэм мэдлэгтэй мэргэдүүд, тэдэнтэй дүйцэх хэн нэгэн олдох болов уу даа хэмээн сайрхцгаана. Учир нь гэвээс тэдний цусаар эрт дээр үеийнх нь их эрдэмт өвөг дээдсийнх нь цус гүйж байгаагаас тэр л дээ.    Нэгэн удаа нутгийн шударга үнэний төлөө тэмцэгч нар өөрийн тосгондоо үнэхээр их эрдэм чадалтай нэгэн хүнийг урьж энэхүү пандит гэж нэрлэгдэгчийн үнэн төрхийг илчилж, тэдний өөрсдийгөө дөвийлгөх “өвчнийг нь” эмчилэхээр шийджээ.

Уригдсан мэргэн тосгонд хүрэлцэн ирэхэд мөнөөхь “пандитууд” энэ хэцүү нөхцөл байдлаас хэрхэн мултарч гарах талаар тосгоны удирдлагад хандсан байна. Тосгоны оршин суугчид Дада Тхакурыг тосгоны тэргүүн гэж дууддаг байсан ба түүнийг аугаа пандит гэж тооцдог байжээ. Тэрээр  “Бүү сэтгэл зов, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Бидний цусаар аугаа өвөг дээдсийн минь цус гүйж байгаа. Ийм ч учраас энэ брахманыг сургаад өгөхөд юу байхав? Би түүнтэй шууд санскритаар мэтгэлцэж эхлэнэ. Тэгсэн цагт тэр муу дуугарах ч чадалгүй болно доо. Тэр бидний өмнөөс юу ч хэлж чадахгүй. Зүгээр л сүүлээ хавчаад манай тосгоноос зугатах болно” гэвэй.

Мэтгэлцээний танхимд хүрэлцэн ирсэн эрдэмт брахман өндөр сэнтийд заларсан тосгоны пандитыг хараад түүнээс анхны асуулт болох “Каствам?” буюу санскритар “Та хэн бэ? Өөрийгөө танилцуулахгүй юу?” хэмээн асууж.

Харин хариуд нь тосгоны пандит: “кхаствам, гаствам, гхаствам, наствам, частвам, чхаствам, джаствам, джхаствам, наствам, тхаствам, даствам, дхаствам, … кшаствам” хэмээн дуржигнуулав.

Тэр даруйд нөгөө мэргэнд тосгоны энэхүү гуагалагч пандиттай ном хаялцах нь ямар ч ашиг тусгүй болохыг ойлгожээ. Ийм учраас зүгээр л өөрийн давуу чанарыг хадгалж үлдэхийн тулд, хүндэтгэлээ илэрхийлж, алсаас хөнгөхөн мэхийн ёслоод гарч одов. Дада Тхакурын шавь нар, дагалдагчид элгээ хөштөл хөхөрцгөөн, “Та нар харцгаагаач, манай Дада Тхакур ямар гайхамшигтай аугаа гэдгийг мэдэв үү. Тэр санскритаар ямар хурдан, сайхан ярьж байна! Гэтэл энэ мэргэн гэгдэх залуу амаа ч нээж чадаагүй шүү, хөөрхий! Тэгэхээр энэ дэлхий дээр манай Дада Тхакуртай санскритаар ярьж харилцах нэг ч хүнийг олж чадах болов уу” хэмээн шуугилдцгаав гэнээ.

 

Үгсийн тайлбар:

Пандит- их эрдэм номтой хүн

Брахман- нийгмийн оюунлаг ангийн хүмүүс

 

Тайлбар:

Удам судраараа сайрхах, өөрийн гарал үүслээр бардамнах хүмүүс маш олон. Өөрөө ямар ч мэдлэг, эрдэм номгүй ч эрдэм номтой, хүч чадалтай өвөг дээдсээр бардамнах нь тэнэг зүйл юм. Харин өөртөө жинхэнэ оюун, мэдлэг чадварыг олж хөгжүүлэх ёстой.

Каствам буюу Та хэн бэ? гэсэн асуултын хариуд жинхэнэ эрдэм мэдлэгтэй хүн бол: “гопибхартух падакамалайор дасанудаса” буюу “Би болвоос гопи нарын эзэн Шри Кришнын бадам өлмий дэхь албатын албатын албат” хэмээн хариулах байсан бизээ.

 

Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

 “Сургамжит түүхүүд” номоос бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

 

 

 

Эгэл ичих санаагүй зарим муу хүн

Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү

Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд

Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт учраас хаан болоход зохино гэж өргөмжилснөөр түүнээс хойш тийм ёс гарлаа гэдээг.

“Эрдэнийн сан субашидаас”

1-р хэсэг

  

Гурван эрдэнэд итгэмүй.

Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
– Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
– Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? гэвэл
– Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? гэхэд
– Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Юу сайхан бэ? гэхэд
– Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой бэ? гэхэд
– Өст сэтгэл хортой гэв.
Юу худал вэ? гэхэд
– Энэ нас худал гэв
Юу үнэн бэ? гэхэд
– Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ ? гэвэл
– Хүний номгүй нь муу гэв
Юу сайн бэ? гэхэд
– Чин зориг сайн гэв
– Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд
– Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх шимшрэх мэт бөлгөө.
Бурхныг шүтсээр сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагатай ханилсаар (байсаар байж) сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов огоорно.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ болов үнэлнэ.
Зохилдвол адтай ч болов нөхцөнө.

Аяа бас,
Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.

Аяа бас,
Шавь хүн багшийг үл ойшооно.
Хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн хүн эхийн сургаалыг үл дагана.
Шавь хүн багшаас илүү ноёдыг хүндлэнэ.
Хөвгүүн хураахаас илүү тараахыг үйлдэнэ.
Хүүхэн хүн эцэг эхээс илүү эрийг хүдлэнэ.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Мунагсад нь далд орохыг хүснэ.

Аяа бас,
Үйлийг ( буян, нүглийн) өр мэт үл нягтлана.
Номын самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг ундааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгалана.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах бол уул мэт боловч чамлана.
Өгөх бол нэг цэн ч болов харамлана.
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшинэ.
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна.
Энэрэгч багшийг дуудавч зайлна.
Чөлөөгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байв ч авралын оронд мөргөхөөр үл явна.
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ.
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжлэнэ.
Үнэн үгтэн омогтны тоонд орно.
Башир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана.
Эв эвдрэхийг үл хайрлана.
Салалцаад гаслалцана.
Учралдаад хууралцана.
Хүний муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна.

Аяа бас,
Тусын хариуд хорлох хүн олон.
Ачийн хариуг мэдэх хүн цөөн.
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон.
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн.
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон.
Жаргалы хүсэвч сайн явах хүн цөөн.
Зусар үг хэлбэл баярлагчид олон.
Гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн.
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон.
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн.

Аяа бас,
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Саданд учрахын хамт дайсныг даллана.
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ.
Үнэн үг хэлэхийн хамт худлаар чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.

Аяа бас,
Хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлийг үл санана.
Атхаггүй амар сууж үл чадна.
Алагчлалгүй шудрага явж үл чадна.
Муу үйл үйлдээд үл гүмшигчид олон.
Сайн явдлаар яваад баярлагчид цөөн.

Аяа бас,
Хүндлэлийг янба гэнэ.
Ёосыг алба гэнэ.
Ихэстэй учирвал зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирвал хуурахыг бодно.

Энэ цагийн хүний бодол гэвэл,
Цайруу явбал хүний гарт орно.
Хардаж явбал муу үйл арвидана.
Шудрага явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно.
Дуугүй номхон суувал толгой дээр гарна.
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.

Гуйж хэлбэл эрэмшинэ.
Ширүүн хэлбэл доордоно.
Үнэн хэлбэл ойшоохгүй болно.
Худал хэлбэл хүндгүй болно.
Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ.
Ганцаар шийдвэл зөрүүд болно.
Ойр суувал явдлаас зайлна.
Хол явбал орхив гэж тунина.
Олон үг хэлбэл чалчаа гэнэ.
Дуугүй суувал ихэмсэг болно.
Хянаж хэлбэл хайртай хэмээнэ.
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно.
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.
Эвлэвэл хардана.
Эвдэрвэл гомдоно.

Үргэлжлэл бий…

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

 

Scroll to Top