Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 1 0
Users Today : 34
Users Yesterday : 24
Total Users : 11810
Views Today : 48
Views Yesterday : 30

Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн   голоос  ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв.

     Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин тээж явдаг замын нөгөө талыг ажиглахыг зөвлөж гэнэ. Гэтэл тэнд юу ч ургаагүй байв. “Би чиний дутагдалтай тал эцэстээ ашиг тусаа авчрах зүйлийг бодож олсон юм. Би тэр хэсэг газраар цэцгийн үр цацаж орхисон бөгөөд чамайг дамнан тэр газраар явахдаа усладаг байлаа. Чиний цоорхой тэр хэсгээр шүү дээ. Үүний ачаар би өөрийн эзэндээ баглаа цэцэг өгч чадсан юм. Тэр чиний үйлчлэл зүтгэлд туйлын сэтгэл хангалуун байгаа! Тэр чамаас дан ганц ус хүлээн аваагүй байна шүү дээ” – хэмээн усчин өгүүлж гэнээ.

 

Тайлбар:

Энэ гайхамшигтай түүх нь  хүн өөрийгөө ямар ч хэрэггүй гэж тооцдог ч хэрэв тэрээр ариун гэгээн хүнд үйлчлэн зүтгэхэд бүхнээ зориулдаг бол тэр нь эцэстээ ач тусаа өгдөг гэдгийн тод жишээ болно.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактивайбхава Свамигийн “Наша милостовая Мать Ганга” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

(Болсон үйл явдлаас сэдэвлэв)

Зуны нар эгц дээрээс

Зулай төөнөн халуу шатаана

Зусландаа буусан айлуудын гэр

Зурсан юм шиг жигд ярайна

Суунаглах утаа айлын гэрээс

Шугамдсан юм шиг дээш зурайна

Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр

“Дээрэмчин” элээ хааяа эргэнэ

Захын гэрээс жаахан борхүү

Сав бариад усанд харайлаа

Жаахан толгойн энгэрээс урсах

Сайхан булаг дээр яаран очлоо

Хэдэн зууны түүх хүүрнэх

Хиргүй булаг жирэлзэн байлаа

Хэтдээ магадгүй нуур ч болох

Хэмжишгүй ихээр ундарч байлаа

Энэ булаг догшин нэртэй ч

Энэ хавьдаа л арвин устай

Эмээ, өвөөгийн захиас ихтэйг

Эрхбиш анхаарч явбаас зохилтой

Тунгалаг урсах булгийн эхнээс

Том шанагаар утгаж эхлэлээ

Тун удалгүй сав нь дүүрээд

Дуслаар ч биш бялхаж асгалаа

Гэтэл юу вэ усан дээгүүр

Хэдэн цагаа хөвж харагдлаа

Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй

Шалавхан шүүрээд гарсан байлаа

Гэмтэй жаал саваа анзааралгүй

Гэрийн зүг хазайсхийн алхана

Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны

Гэнэгүй шинж энэ үү гэлтэй

Булгийн эзэн нь ногоон дээлтэй

Буруу гартаа шүрэн эрхитэй

Гоёл чимгийг чамгүй зүүсэн

Гоо зүстэй бүсгүй байлаа

Баруун нүдэнд нь сүү дусчээ

Баахан анивчаад нухлаж үзвээ

Байн байсаар уур нь оволзож

Балмад хөвгүүнийг харааж эхлэв

Дөчин өдөр, дөчин шөнө

Түймэр мэт халуурах болтугай

Түүний хойно эдгэх боловч

Төрсөн нүд нь сохрох болтугай

Ийм хараалыг эрсхэн урсгаад

Эргэж одов орд гэртээ

Эзэн тэнгэрийн гэсгээл нэгэнтээ

Ниргэж түүн дээр бууна л байх даа

Харьсан шөнөө хөөрхий борхүү

Халуурч хонов үг сүггүй

Айсан ээж нь өөрийн мэддэг

Аргаа хэрэглээд тус болдоггүй

Сумын төвөөс эмч ирэв

Суганд нь шил, цээжинд нь чагнуур

Сууж үзээд, босч чагнаад

Шууд баахан эм бичив

Бүлээрсэн хүү эм танг

Бүүр түүрхэн уумар аядана

Бүтэн гурав хоноод байхад

Түрхэн боловч халуун нь буусангүй

Аав, ээж нь арга хэлэлцэв

Айлын хүмүүстэй зөвлөж ярилцав

Айхтар өвчний уг нь болвоос

Ад лусын гаралтайг магадлав

Удаан сууж хоорондоо ярилцаад

Уншлагатай лам залахаар болов

Уулын аманд даяанчлан суудаг

Унзад гэлэнг урихаар явав

Хадаг барьж, барьц амлаж

Хаалга орчим нь мөргөхөө алдаж

Хамаг учраа айлтган байж

Халзан ламыг гэртээ урив

Хоолны үнэр хан хийв

Хонх, дамар дан хийв

Хүжний утаа сэн хийв

Хүмүүсийн чих сэртэс хийв

Бүтэн өдөр хөлсөө арчин

Бүдүүн ламтан ном уншив

Бүрхэг тэнгэр хэрвээ байсан бол

Цэлмэг ч болчихоор дуугаа барав

Халуурч хэвтээ хүү рүүгээ

Хааяахан ээж нь горьдон харна

Хамаг биеийг нь хүлсэн олс

Тасрах юм шиг дотроо санана

Гэтэл харин хүүгийн халуун

Хэвэндээ байсаар заримдаа дэмийрсээр

Хирэндээ хичээсэн бүх арга

Хийссэн мэт нэмэр болсонгүй

2

Жаахан борхүү хөөрхөн дүүтэй

Салаа гэзэгтэй, торомгор нүдтэй

Ахынхаа араас сүүдэр шиг дагадаг

Адтай сэргэлэн охин байлаа

Урьд нь бол ахынхаа хамт

Урт шилбүүр унан давхиж

Урд, хойно нь салахгүй дагадаг

Угийн золбоотой охин байлаа

Харин одоо ах нь өвдөөд

Хамт тоглох чадалгүй болохоор

Хажуу айлын охин Дулмаатай

Харуй бүрий болтол тоглоно

Нэгэн удаа булгийн эхэнд

Нээсэн авдар шиг цохион дэргэд

Хоёр охин тоглож байв

Хоол унд бэлдэж байв

Голын гүний цагаан чулуудаар

Хонин сүргээ хийсэн байлаа

Гойд чамин улаан чулуудаар

Ямаан сүргээ хийсэн байлаа

Арын уулан алаг чулуудаар

Адуун сүргээ хийсэн байлаа

Өмнө толгойн өөхөн чулуудаар

Үхэр сүргээ хийсэн байлаа

Эрэлд явахдаа аавын авчирсан

Элгэн улаан соньхон чулуудаар

Тэнэгэр говийн чимэг болсон

Тэмээн сүргээ хийсэн байлаа

Үзэмж төгөлдөр чулууд

Үхрийн хэдэн аргал

Өнгийн олон шил

Өвс ногоо, цэцэгнүүд

Хушны хэдэн боргоцой

Хоёр гурван тошлой

Тосны ганц савхан

Тоотой хэдэн ааруулхан гээд

Хоёр хүүхдийн тоглоомонд

Хосгүйрхэх юм байсангүй ч

Хорвоогийн гэгээн амьдралыг

Төлөөлөх бүхэн байсан юм

Хоёр хүүхэд хачин эвтэй

Холоос харвал айл аятай

Хотын гийчнээ дайлж тоглоно

Хонь үхрээ сааж тоглоно

Хавь орчноо ч анзаарах сөхөөгүй

Халуун нартайг ч анхаарах чөлөөгүй

Хачин гоё тоглож байлаа

Харсан хэн ч бахадмаар байлаа

Гэв гэнэтхэн нэгэн хоолой

Гэр орныг нь магтаж гарав

Хичнээн гоё, өчнөөн сайхныг нь

Хэлэх үгээ олохгүй шагшрав

“Ямар гоёхон тоглодог хүүхдүүд вэ?

Яасан ч олон малтай юм бэ ?

Ямар эвтэй тоглодог хүүхдүүд вэ?

Яасан ганган гэртэй юм бэ ?”

Гэнэтийн дуунд цочиж гайхсан

Гэнэн жаахан хоёр охины

Гэзэг үс нь босох шиг болов

Хэлэх үг нь гацах шиг болов

Арай ядан сэхээ ороод

Арагшаа, урагшаа баахан хараачлаад

Хачин сонин дууны эзний

Харагдах барааг олж чадсангүй

“Өвдөж байгаа ах чинь мөдхөн

 Өндийж босоод дэгдэж одно

 Өргөс аваад хаясан дайтай

 Өмнөх бүхнээ мартах болно

 Та хоёр том болоод

Тавилан заяа чинь тэгш яваг

Тал дүүрэн адуу малтай

Таваг сав нь хоол ундтай

Өвдөж хавдах зовлон үгүй

Өлсөж гундах шаналан үгүй

Үр хүүхдээр өнөр баян

Өргөн түмний хүндлэл арвин

Сайн сайхан явах болтугай

Санасан бүхэн чинь бүтэх болтугай”

Ийн ерөөгөөд нөгөө хоолой

Инээд алдан одох шиг болов

Ийм хачинтай учирсан хоёр

Илбэдүүлсэн мэт ангайж хоцров

Яаран сандран гэртээ иртэл

Ядарч хэвтсэн ах нь алга

Ямаа, хонио нааш нь эргүүлэхээр

“Ягаан морио” унаад оджээ

Байдаг аргаа барж дууссан

Бялхдаг нулимсаа нэрж дууссан

Хөөрхий ээж туйлын баяртай

Хөөрүүлж суув дүүрэн сүүгээ

Цөм л аргаа цөмж дууссан

Шөнийн нойроо цөлж туусан

Зайлуул аав нь гэгээн баяртай

Цайгаа уугаад мишээн суув

Сүү, цагаа, цус, тос

Шүлс, цэр, яс, үс

Бузар бүхнийг цээрлэн байж

Булаг шанданд ойртуулдаггүй учиртай

Дээр эртийн мэргэн сургаалыг

Дээдэлж явбал угаас зохилтой

Тэртээ тэргүй батлагдаад ирснийг

Дэмий хоосон шалгаад яалтай

Балабхадра дас

2014-05 сар

Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв.

Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”.

Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ.

Чулуучин: “Хаантан минь, намайг өршөө. Энэ ханыг хийсэн минь үнэн билээ. Гэвч шаврыг нь миний туслах зуурсан юм. Энэ түүний л буруу. Тэр шавар зуурахдаа ус хэт их хийсэн аж. Үүнд миний буруу өчүүхэн ч байхгүй”.

Туслах: “Эрхэм дээдсээ, миний буруу эсэхийг та өөрөө таалан болгоо? Ваарчин хэтэрхий том ваар сав хийсэн болохоор би тэр хэмжээгээр нь ус авч таарна. Бүх гайны эзэн бол ваарчин”.

Ваарчин: “Дээдсээ, танаас залбиран гуйя. Эхлээд хөөрхий ваарчны үгийг сонсож болгооно уу. Намайг чулуучинд зориулан ваар урлаж суухад хажуугаар минь залуухан бүжигчин бүсгүй дуу дуулан өнгөрсөн юм. Түүнийг дагуулан харж байх зуурт ваар маань хэтэрхий том болчихож. Өөрчилнө гэхэд хэтэрхийн оройтсон байлаа. Тийм болохоор буруутан нь тэр бүжигчин бүсгүй”.

Бүжигчин бүсгүй: “Би яагаад энэ замаар явсан бэ гэхээр хувцас угаагч хувцсыг маань хэлсэн хугацаандаа авч ирж өгөөгүй учраас өөрөө очиж авахаар явж байснаас тэр. Тиймээс үүнд миний буруу юу байна?”

Угаагч: “Би юмаа угаахаар цагтаа очсон боловч юм угаадаг чулуун дээр Шраман юмаа угааж байсан билээ. Хэрэв тэр байгаагүй бол би цагтаа амжих байсаан”.

Шраман гэдэг нь дуугүй байх сахил барьсан ядуу мөргөлчин билээ. Түүнийг ордонд авч ирэхүйд тэрээр бүх буруутгал, гүтгэлгийг бүгдийг нь дуугүйхэн, тэвчээртэйгээр сонссон бөгөөд өөрийгөө зөвтгөх нэг ч үг хэлж чадсангүй. Хаан ч түүнийг бүх хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэмээн хүлээн зөвшөөрчихүй. Ингээд Шраманыг дүүжилж, шударга ёсыг сэргээн тогтоовой. Ингэж энэ ээдрээтэй хэрэг арахйхийн нэг юм шийдэгдсэн гэдэг. Гэмтнийг олж шийтгэсэн нь бүгдийн таалалд нийцжээ.

Тайлбар:

Тэнэгүүдийн орны шүүхийн танхимд хэн нэгнийг үргэлж шүүж байдаг. Шүүгчийн сэнтийд мэргэн цэцэн, үнэнч шударга Ухаан хэмээх дээдэстэн суудаг. Хэрэв гарт нь ба чихэнд нь баригдах хэн нэгэн үл олдвоос Тэнэгүүдийн орны Дээд шүүхийн өмнө өөрийгөө үл зөвтгөх Дээд Бурханыг үргэлжид буруутнаар зарладаг авай.

тат те ну кампам су-самикшамано
бхунджана эватма-критам випакам
хрид-ваг-вапурбхир видадхан намас те
дживета йо мукти-паде са дайа-бхак

“Ай Дээд Эзэн минь, хэн бээр Та, түүнд Өөрийн учир шалтгаангүй өршөөл нигүүлслээ хайрлахыг тэвчээртэйгээр хүлээн байдаг хийгээд  үүний хамт хэзээ нэгэнтээ хийсэн нүгэл хилэнцийнх нь төлөөс болох  гай зовлон, шаналал энэллийг үг дуугүй нуруундаа үүрч, басхүү өөрийн үйл хэрэг, үг яриа, зүрх сэтгэлээрээ Танд талархахдаа залхдаггүй тийм хүн ангижралыг хүлээн авах бүрэн эрхтэй билээ. Ангижрал гэгээрэл түүнд жам ёсны зүйл буюу”
                                             (Бхаг., 10.14.8 )

Эх үүсвэр: Бурханы Өршөөлт Бхакти Вигьяна Госвамийн лекцээс

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв.

Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв:

–         Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж.

Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй.

Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув:

–         Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит:

–         Би бүх ведийг танин мэдэхийг хүсч байна. Бүх мэдлэгийг эзэмшихийг хүсч байна!

–         Ведийг мэдэх гэнээ? Үүн шиг хялбар зүйл бий гэж үү? Яв, номын багш дээр оч. Чи бүгдийг олж мэдэх болно. Түүнд мөргө, түүнд үйлчлэн зүтгэ. Ингээд л мэдлэг чамд ирнэ.

–         Үгүй хэмээн Явакрит эрсхэн хариулаад, – би хэн рүү ч явахгүй. Мэдлэг олох хүртлээ энд зогссоор л байх болно гэв.

Эцсийн эцэст арга тасарсан Индра тэр бабаджид ведийн бүх мэдлэгийг хайрлажээ.

–         Чи хүсч байсан бүхнээ авлаа. Гэхдээ одоо хар толгойдоо л гомдох болох вий хэмээн тэрээр Явакритид хэлж гэнэ.

Машид баярлан хөөрсөн, ид шидийн мэдлэг ухааныг бүрэн эзэмшсэн хүү нь эцгээдээ яарав.

–          Ай эцэг минь, одоо бүх хүн таныг үнэлж, хүндлэх болно! Би бүх мэдлэг ухааныг эзэмшчихлээ!

Түүний үгэнд ихээр урам хугарсан эцэг:

–         Олж авсан мэдлэгийг зөвөөр ашиглахын тулд номхон хүлцэнгүй чанарыг шингээсэн байх хэрэгтэй. Хүлцэнгүй чанарыг олж авахын тулд тусгай сургалтыг дамжиж, шалгуурыг давсан байх ёстой. Энэ мэдлэгийг олж авснаар чи үүгээрээ бардамнан сайрхах болно. Ингэснээр энэ нь чамайг өөрийг чинь бүрэн сүйрүүлэх болно хэмээн эцэг нь хариу өчив гэнээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь:

–        Тэнд юу болж байна?

Сахиулсан тэнгэр хариулсан нь:

–        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна.

Гурван хоногийн өмнө:

–        Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна.

 

Шалгалт болохын өмнөх шөнө:

–        Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан:

–        За тэдэнд л туслая даа! гэв.

**********************************

Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай  болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар  бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”.

 

********************

‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу?  гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад

– Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж уулга алдсан гэв.

*************************

Зам дээрхи зар:

Диваажинд хүргэх зам засвартай байгаа бол түр хугацаанд тамаар дамжин өнгөрөх болно. Түр зуурын тухгүй байдал үүсгэсэн бол хүлцэл өчье!

********************

Нэгэн мөргөлчин сүмийн хамба дээр өөрийн асуудлаа илэрхийлэв:

–        Надад туслаач, сүмийн хэн нэг гишүүн дугуйг маань хулгайлчихлаа. Харин чухам хэн гэдгийг мэддэггүй!

–        Энэ их амархан, хүү минь гэж хамба өгүүлээд, – бүгдийн өмнө гарч чи хориотой 10 зарчмыг унш. “Бүү хулгайл” гэсэн номлолыг унших үед нүүр нь улайсан тэр хүн хулгайч мөн гэв. Хэсэг хугацааны дараагаар хамба нөгөө хүнээс хулгайчийг олсон эсэхийг асуухад:

–         Тиймээ, олоогүй гэж нөгөөхь хүн ичингүйрэн хариулаад, бүх зүйл эсрэгээр болж өнгөрсөн. Хэргийн учир нь гэвэл би “Бүү завхайр” гэсэн номлол дээр хүрээд дугуйгаа хаана орхисноо санасан юм …..

**********************

Залуухан лам өөрийн багшдаа хандан:

–        Багшаа, би орчлонгоос бүрэн огоорох хэрэгтэй юу? гэхэд багш нь:

–        Бүү санаа зов. Хэрвээ чиний амьдрал үнэхээр христийн байж чадвал орчлон ертөнц өөрөө чамаас огоорно гэж хариулав.

Алтан эриний гэгээ сонины 6 дахь дугаараас 

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

 

Scroll to Top