Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 0
Users Today : 20
Users Yesterday : 35
Total Users : 14470
Views Today : 33
Views Yesterday : 51
Нэгэн бүсгүй, ламтныг өвчтэй хэвтэж буй эцгийнхээ эрүүл мэндийн төлөө залбирахаар очихыг гуйжээ. Хуврага ч өвчтөний өрөөнд ормогцоо орны өмнө сандал тавьсан байхыг хараад түүнийг ирнэ хэмээн бэлдэж дээ хэмээн санав.

-Та намайг хүлээж байгаа юу? – хэмээн хуврага асуулаа.

-Үгүй ээ, та хэн бэ? – хэмээн өвчтөн эргүүлэн асуув.

-Би лам хүн. Охин тань намайг таны эрүүл мэндийн төлөө залбирч өгөөч хэмээн урьсан юм. Таны орны дэргэд хоосон сандал байхыг хараад таныг, намайг ирнэ гэж мэдэж байжээ хэмээн санасан юм.

-Аа, тэр сандал уу? … хэмээн өвчтөн өгүүлснээ дуугаа намсган, -Би энэ тухай өөр хэнд ч хэлж ярьж байгаагүй… Бүхий л ухамсарт амьдралынхаа турш би сүм хийдэд очоод,  тэндээс, үргэлж залбирч байх хэрэгтэй, залбирал нь хүнд олон зүйлийг өгдөг, зүрх сэтгэлий дулаацуулдаг гэх мэт зүйлсийг байнга л сонсдог байлаа. Гэсэн ч залбирлууд миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг байсан юм…Дараа нь би бүр огт залбирахаа больсон. Хэдэн жилийн өмнө миний нэг сайн найз маань надад, залбирал бол зүгээр л Бурхантай ярьж буй харилцан яриа шүү дээ гэсэн. Тэр надад зөвлөхдөө, намайг нэг сандал дээр суугаад, нөгөө сандал дээр Иисус Христийг сууж байна гэж төсөөл гэж хэлсэн юм.  Нээрэн ч Иисус Христ хэлэхдээ: “Галав эрин дуусан дуустал би өдөр бүр тантай хамт байх болно” гэж хэлсэн байдаг шүү дээ. .. Би үүнийг туршиж үзлээ. Надад энэ нь их таалагдсан бөгөөд өдөр бүр би бүтэн хоёр цаг энэ үйлдлийг хийдэг байлаа. Гагцхүү энэ байдлаа охиндоо харуулахгүйг хичээдэг юм. Эс тэгвэл тэр маань намайг галзуурсан гэж бодно шүү дээ.

Хуврага өвчтөний хэлж ярьсан зүйлд ихэд талархаж, Бурхантай ярилцдаг тэр яриагаа таслахгүй байхыг зөвлөөд, түүний төлөө залбирч, түүнийг адислаад явж одлоо. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа охин дахин түүн дээр ирээд, эцэг нь нас нөгчсөн тухай хэлэв. Хуврага түүнээс:

-Тэр хэрхэн одов ? – хэмээн асуухад, охин:

-Хоёр цагийн үед эцэг минь намайг дуудаад, -Надад маш их хайртай гэж хэлээд намайг үнссэн. Үүний дараахан би дэлгүүр орохоор гарсан юм. Эргээд ирэхэд минь эцэг маань амьсгал хураасан байсан. Гэхдээ түүний үхэл надад тун ч хачин санагдсан. Сүүлчийнхээ мөчид тэрээр хамаг л хүчэээ шавхан дэрнээсээ өндийж, орныхоо дэргэд байсан сандал руу зүтгээд түүнийг толгойгоороо дэрлэсэн байсан. Яг тийм байдалтай өнгөрсөн байсан. Энэ нь ямар учиртай вэ? Та юу гэж бодож байна? – хэмээн асуухуйд хуврага нулимсаа арчин:

-Бурхан минь хүн бүгд л тэгж буцдаг болоосой. Тэр сандал хоосон байгаагүй юм, – хэмээн хариулжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Нэг шавь нь Шрила Прабхупадад, түүний номлол явуулахаар зэхэж буй африкийн нэг улсад төр засаг нь ном хилээр оруулахыг хориглодог, үүнийг контрабандын(тус улсын зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх) гэмт хэрэг гэж тооцдог бөгөөд ялангуяа шашны номуудыг бол бүр ч хориглодог хэмээн гомдол мэдүүлэв.

Тэгэхэд нь Шрила Прабхупада түүнээс: “Тэд тэгвэл юу оруулахыг зөвшөөрдөг юм бэ? Тийш нь юу оруулвал болох вэ?” гэж асууж. Хариуд нь шавь, “Үгүй яахав, бүх төрлийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь хуурай сүү” гэж хариулав. Шрила Прабхупада: “Хуурай сүү гэнээ?! Сайн байна! Нилээд хэсэг хуурай сүү авч, сүүг нь савнаас гаргаад оронд нь хайрцаг болгонд “Бхагавад-гита”-г хийгээд тийш нь нэвтрүүл. Тэгээд тэнд түгээ” хэмээн хэлж гэнэ.

Энэ үед хажууд нь байсан нэг энэтхэг хүн: “Свамижи, та шавь нараа хууль зөрчихийг сургаж байна уу даа? Свами хүн гэдэг чинь … байх ёстой. Ачарья, номын багш шавь нараа хууль дүрмийг дагаж мөрдөхөд  сургадаг байх ёстой баймаар” гэв. Шрила Прабхупада:  “Кришна “Бхагавад-гитад” айлдахдаа, биднийг номлох ёстой гэсэн. Энэ бол хамгийн гол хууль. Хэрэв тэдгээр үл бүтэх этгээдүүд намайг номлохыг хориглож байгаа бол тэд л хуулийг зөрчиж байгаа хэрэг. Харин би биш” хэмээн хариулсан гэдэг.

Шрила Бхактивигьяна Госвами лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ.

Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “ӨвөөБи Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ.

Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ.

Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ.

Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин авч гол руу гүйжээ. Өвөө нь: “Надад хувингаар авч ирсэн ус хэрэггүй. Надад энэ сагсаар авсан ус л хэрэгтэй. Чи хангалттай хичээхгүй л байна даа” гэж гэнэ. Тэгээд өөрөө жаалхүүгийн ээлжит оролдлогыг харахаар гадагш гарав. .. Жаалхүү сагсаа усаар дүүргээд байдаг хурдаараа эргэн гүйлээ. Гэвч өвөө дээрээ хүрэхийн өмнөхөн сагс нь мөн л хоосорч орхив. Хүндээр амьсгаадан байж  жаалхүү: “За та харав уу, өвөө. Ингэж зөөх нь ямар ч ашиггүй байгаа биз!” гэв.

“Чи энэ нь үнэхээр ашиггүй гэж бодож байна уу?”  гэж өвгөн өгүүлээд “Сагсаа сайн хар даа” гэж гэнэ. Жаалхүү сагс руугаа хараад сагс нь өмнөхөөсөө огт өөр болсон байхыг шуудхан анзаарав. Нүүрс зөөдөг хуучин, бохир сагс нь дотор талаасаа ч, гадна талаасаа ч туйлын цэвэр тунгалаг болсон байлаа.

“Хүү минь, Бхагавад-Гитаг уншихад ийм л зүйл болдог юм даа. Чи магадгүй бүгдийг нь ойлгохгүй эсвэл бүгдийг нь тогтоохгүй байж болох  юм. Гэвч  түүнийг уншиж байх үед чи дотроосоо болон гаднаасаа  өөрчлөгдөж байдаг. Ингэж л Кришна, бидний амьдралд илэрдэг юм даа” гэж өвөө нь хэлжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Нэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм.

Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ.

Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь ав, гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү дээ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр миний үгийг тооно гэж үү? !”  хэмээн бодно. Тэг тэгсээр тэсэлгүй орноосоо өндийн босч, уут аваад өөрийнхөө үр тарианы агуулахаас уутандаа хийж ааад, ахынхаа агуулахад аваачин асгаж орхижээ.

Энэ явдал олон шөнө давтагдан, тэд нэг нэгэндээ нууцаар туслаж байгаад нэгэн шөнө халз мөргөлдсөнөөр энэ явдал илрсэн байна.  Энэ үйл явдал тэдний хэн хэнийх нь эд баялаг, үр тариаг арвижуулаагүй ч нэг, нэгнээ хайрлах сэтгэлийг улам улам өсгөж өгсөн нь тодорхой.

Чаитанья Чандра Чаран лекцээс

 Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ.

Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа:  “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ цэнийг хэдий хир үнэлэхийг хараарай” гэжээ. Шавь ч чулууг авч, явсаар мөнөөхь угаагч дээр очоод үнэт чулуугаа түүнд үзүүлэв. Боловсрол мэдлэггүй, тосгоны эгэл эмэгтэй байсан болохоор тэрээр түүний үнэ цэнийг төсөөлсөн ч үгүй.Тэрээр залуу хүүд талархаад, тиймэрхүү чулуу түүнд хэрэггүй, тэр чулуу юм угаахад хэрэг болно гэж үү хэмээн гайхан асуув гэнэ. “Үгүй дээ. Би танд үүнийг өгөх гээгүй. Тэр маш үнэтэй. Угаалга хийхэд энгийн нэг чулуу ч юм уу модны хэлтэрхий хангалттай” хэмээн шавь хариулав.

Дараа нь тэрээр загасчид дээр очлоо. Тэр тэдэнд үнэт чулуугаа харуулсны дараа загасчдын нэг нь: “Наад чулуу чинь бидэнд хэрэггүй ээ. Наадах чинь тор хүндрүүлэхэд хэрэгтэй эд үү?” хэмээн асуув гэнэ. “Ээ, Бурхан минь”  шавь уулга алдаад цааш явлаа. Тосгоны жаалууд мөн л чулууны үнэ цэнийг хэрэгссэнгүй. “Бөмбөгний оронд тоглох ч боломжгүй эд байна” гэж тэд хэлэв.

Урам хугаран, дуртай дургүй гэлдэрч ирсэн шавиасаа багш нь: “За тэд юу гэж хэлэв дээ?” хэмээн асуув.

“Тэднээс хэн нь ч энэ чулууг үнэлж, ойшоосонгүй. Тэд тун ч  мунхаг харанхуй ажээ” гэж шавь хариулав.

“Үүн шиг эгэл хүмүүс Ариун Нэрийн агуу гайхамшгийг үнэлж цэгнэж чаддаггүй. Ийм ч учраас түүнийг үл хэрэгсдэг. Маха мантра нь бүгдэд нээлттэй боловч түүний нууцад зөвхөн  цөөхөн зарим нь л нэвтэрч чаддаг юм” хэмээн багш нь хариулжээ.

 

ШАЧИНАНДАНА СВАМИ “АРИУН НЭРИЙН РАШАА ДАЛАЙ” номоос сийрүүлсэн: Балабхадра дас

 

Scroll to Top