Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 7
Users Today : 27
Users Yesterday : 35
Total Users : 14477
Views Today : 41
Views Yesterday : 51

Тэгэхээр та “майи асакта-манах” буюу “Ухаан тань Над дээр уягдан татагдаг” хэмээн Кришнагийн өгүүлсэн дээд түвшний тэр йогоор хичээллэх ёстой. Ухаан бол уягдал татагдлын дамжуулагч. Ерөнхийдөө бидний уягдал татагдал бодгаль зүйл рүү чиглэж байдаг: хэн нэг залуу руу эсвэл бүсгүй рүү гэх мэт. Бодгаль бусад татагдана гэдэг нь хууран мэхлэлт. Йог нь бид ухаанаа Кришна руу чиглүүлэх үеэс, байнгад Түүний тухай бодох үеэс эхлэдэг. Түүний оргил нь Кришнаг хайрлах хайрыг олох явдал юм. Жишээ нь, Вриндаван дахь Кришна болон Шримати Радхарани нарын олон гайхамшигтай хөрөг зургууд бий. Та эдгээр гайхамшигтай сайхан зургуудын тухай байнгад бодож чадах аваас та байнга самадхи буюу йогийн трансад орших болно. Юуны учир ямар нэг бодгаль бус зүйлийн талаар, ямар нэг хоосны талаар бодох гэж хичээх ёстой гэж? Хэрэв та ямар нэг хоосон зүйлийн талаар бодох гэж хичээх аваас тун удалгүй та ямар нэг гэрлийн тухай эсвэл ямар нэг өнгөний тухай бодож эхлэнэ. Ер нь санаанд тань юу ч орж ирж магад. Ухаан ямар нэг дүр хэлбэртэй зүйлийг бодох ёстой. Дүр хэлбэрээс зайлж зугатаж чадна гэж үү? Энэ боломжгүй.

Тийм байхад яагаад бид өөрсдийн ухаанаа дээд дүр хэлбэр, Кришнагийн дүр хэлбэр дээр төвлөрүүлж болохгүй гэж? .. Тэр биетэй. Тэр биеийнх нь мөн чанар ямар вэ? Сач-чид-ананда: мөнх, аз жаргал, мэдлэгээр дүүрэн. Түүний бие биднийхээс ялгаатай. Бидний бие цаг зуурхны, мөн мунхаг харанхуй болон зовлонгоор дүүрэн. Өөрөөр хэлбэл Кришнагийн биеэс зуун хувь эсрэг мөн чанартай. Түүний бие мөнх атал минийх тийм биш. Түүний бие жаргалаар дүүрэн байхад минийх зовлонгоор дүүрэн. Биднийг ямар нэг асуудал байнга түгшээж зовоож байдаг: толгой минь өвдөнө, шүд минь өвдөнө, ийм нэг асуудал, тийм ч нэг асуудал гээд л… Хэн нэг нь бидэнд проблемуудыг бий болгоно, бидэнд хэт халуун, хэт хүйтэн гээд элдэв янзын түгшээх зүйлс тохиолдоно. Гэтэл Кришнагийн бие, дүр мөнх бөгөөд жаргал ба мэдлэгээр бялхаж байдаг. Кришна ухамсарт оршино гэдэг нь үргэлж Кришнагийн нэр, дүр, зугаа наадмуудын талаар бодохыг хэлнэ. Кришна ухамсрын, йогийн энэ системийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Майи асакта-манах партха йогам йунжан мад-ашрайах. Мад-ашрайах гэдэг нь Надтай холбоотой хэн нэгний өмөг түшгийг олох гэсэн утгатай. Та Кришнагийн тухай дөнгөж бодмогц л тэрхэн даруйдаа Түүнтэй харьцаж буй хэрэг билээ. Гэвч хэрэв та Кришнаг таньж ухамсарласан номын багшийн өмөг түшгийг олохгүйгээр таны төвлөрөл хангалттай биш. Ийм учраас хэрэв та байнгад Кришнагийн тухай бодохыг хүсч буй аваас Түүний тухай мэдэгчийг сонсох ёстой, түүний айдвар зааврын дагуу ажиллах үйлдэх ёстой. Таны амьдрал номын багшийн заавар сургаалын дагуу зохиогдох ёстой. Тэр цагт л таны йогийн практик төгс төгөлдөр болох болно.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан: Балабхадра дас

Йога гэдэг нь “холбоо” гэсэн утгатай. Эхлээд бид Кришнатай хиймэл байдлаар холбоо тогтоохыг хичээдэг ч энэхүү холбоо нь өөрөөсөө ундарсан мөн чанартай болох үед ямар ч саад тотгор үгүй болох болно. Яг л далай тэнгист тасралтгүйгээр цутгадаг гол мөрөн шиг л. Тэгж бид йогийн төгс төгөлдөрт хүрдэг. Тэгснээр хэн ч тэрхүү голын урсгалд саад болж чадахгүй. Гол ямар шалтгаанаар далай тэнгист цутгадаг вэ ? Энэ нь өөрөө өөрөө л явагддаг. Ямар нэг гадны шалтгаан нөлөө үгүй. Бидний Кришнаг хайрлах хайрын урсгал ямар нэг хувийн ашиг сонирхолгүй тийм жам ёсны, чөлөөтэй болох үед бид йогийн төгс төгөлдөрт хүрлээ гэж ярьж болно. Бурханыг хайрлах өөрөөсөө ундрах хайр нь ямар ч гадаад шалтгаанаас хамаардаггүй. Түүний цор ганц шалтгаан нь хайр өөрөө юм. Ийм учраас түүнийг ахаитуки хэмээн нэрлэдэг. Ахаитуки гэдэг нь “ямар нэг шалтгаан ба сэдэлгүй” гэсэн утгатай. Ерөнхийдөө хүмүүс сүм рүү эсвэл хийд рүү ямар нэг ашиг хонжооч сэдэлтэйгээр зорьж очдог. Жишээ нь христ шүтлэгтнүүд сүмд очоод ийн залбирдаг: “Их Эзэн минь ээ, бидний амин чухал хэрэгцээ болсон талхыг өнөөдөр ч гэсэн өгч хайрлаач” хэмээдэг. Тэдний хандлага нь талх хүлээн авах хүсэл. Гэвч та сүм хийд рүү зөвхөн ганц хүсэлтэй буюу Бурханыг магтан алдаршуулахын тулд очих аваас энэ нь жинхэнэ хайр юм. Мэдээж хэрэг, хэрэв хүн “Их Эзэн маань надад талх өгдөг. Ийм учраас би сүм хийд очих учиртай” хэмээн бодох нь мөн л муугүй хэрэг. Гэвч ашиг сонирхол дээр суурилсан тийм итгэл нь хэзээ нэгтээ алдагдаж болзошгүй. Хэрэв бид Дээд Бурханд ямар нэг материаллаг ашиг хонжооны төлөө мөргөж залбирах аваас Түүнд итгэх бидний итгэл дурын мөчид нурж сүйдэх магадлалтай. Энэ нь Бурханыг хайрлах жинхэнэ хайр биш. Учир нь жинхэнэ хайр нь ямар нэг хувийн ашиг сонирхолд хөтлөгддөггүй.

Цэвэр хайрын өөр нэгэн шинж чанар нь апратихата буюу “ямар ч саадад үл торно” гэсэн утгатай. Ямар ч материаллаг нөхцөл байдал Бурханыг хайрлах жинхэнэ хайранд саад болж чадахгүй. “Би ядуу хүн. Ийм учраас би хүндээр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Одоохондоо бол миний хувьд Бурханыг хайрлах хайрын тухай яриа байхгүй” гэж бодох хэрэггүй. Хүмүүсээс ихэвчлэн сонсдог үг бол, “Одоохондоо би болоогүй байна. Миний банкин дахь хадгаламж сая доллар болоодохвол би Кришна ухамсрыг хүлээж авна. Одоохондоо надад мөнгө олох боломж олгоод орхи” хэмээхүй нь юм. Энэ бол бхакти биш. Энэ бол Кришнад татагдах татагдал биш. Энэ шүлгэнд Кришна айлдахдаа, бид Түүний ивээл дор йогоор хичээллэх ёстой хэмээжээ. Мад-ашрайах. Энэ нь эхлээд бид Кришнагийн эсвэл Түүний төлөөлөгчийн өмөг түшгийг олох ёстой хэмээсэн утгатай. Дараа нь бид, биднийг Кришнаг хайрлах өөрөө ундарсан тэрхүү хайранд хүргэж чадах тийм йогоор хичээллэх хэрэгтэй. Энэхүү хайр буюу татагдлыг өөртөө хөгжүүлэхийн тулд бид тодорхой зохицуулах зарчмуудыг даган мөрдөх ёстой.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан Балабхадра дас

Шрила Прабхупада: “Энэ нь бүхий л зам мөр нэг газар тийш хөтлөнө гэсэн үг биш. Тиймээ, энэ бүхэн Кришнагийн зам мөн. Энэ нь яг л Америкт байдаг бүх зам Америкийн засгийн газарт харьяалагддаг шиг зүйл. Гэвч эндээс, бүх зам ганцхан Сан-Франциско руу хөтлөнө гэсэн дүгнэлтэд хүрч болох уу?

Чин бишрэлтнүүд нь Кришна тийш биечлэн хүрч очдог. Харин имперсоналистууд нь Кришнагийн биеэс үүсэн гардаг Брахманы гэрэл туяанд хүрч очдог. Энэ замууд аль аль нь Кришнад харьяалагддаг ч зорилгууд нь нэгэн адил биш. Материаллаг орчлон дээр амьдралын 8 400 000 төрлийн амьдралын хэлбэр байдаг. Тэдгээр тус бүрд хөтлөх замууд гэж бий. Энэ бүх замууд нь бүгд Кришнагийнх. Учир нь Тэрээр бүхий л амьд бодгалиудын эцэг юм.”

Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Асуулт: Хүн бүгд Кришнатай харилцаа холбоо тогтоох жам ёсны хүсэлтэй байдаг уу?

Прабхупада: Хүсэл биш. Энэ харилцаа хэдийнээ оршин байдаг. Зүгээр л энэ нь хучигдсан байдаг. Энэ нь эцэг хүү хоёрын харилцаа шиг л зүйл. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Магадгүй та үүнийг мартсан байж болно. Магадгүй та маш, маш эрт цагт өөрийн төрсөн гэр орноо орхин одоод өөрийнхөө эцэг хэн болохыг мартсан байж болно. Ямартай ч танд эцэг байх ёстой. Энэ бол бодитой зүйл. Хэн ч, “Үгүй ээ, би эцэггүйгээр төрсөн” гэж хэлж чадахгүй. Хэн ч ингэж хэлж чадахгүй. Хүн хэдий өөрийн төрсөн эцэгтэй ч магадгүй өөрийн эцгээ мартсан байж болно. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний утга учир нь, бид Дээд Эзэнтэй ямар нэг холбоо харилцаатай байдаг гэдгийг сургадаг. Үүнийгээ бид өнөөдөр мартсан.

Энд ямар нэг хүслийн тухай асуудал байхгүй. Харилцаа хэдийнээ оршин буй. Та хэн нэгний хүү байх гэх хэрэггүй. Та аль хэдийнээ хэн нэгний хүү. Та зүгээр л энэ тухай мэдэхгүй байгаа хэрэг. Үүн шиг та Кришнатай холбоо харилцаатай. Бид бүгдээрээ. Гэвч би үүнийгээ мартсан. Би энэ тухай мэддэггүй. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний дадал практик нь Кришнатай холбоотой таны холбоо харилцааг эргүүлэн сэргээх болно. Та хүсэх хэрэггүй. Үгүй. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Ганцхан та энэ харилцаагаа сэргээхийг л хүсэх хэрэгтэй. Тэгээд л гүйцээ. Энэ бол Кришна ухамсар юм. Энэ нь ямар нэг хуурмаг зүйл биш. Энэ нь бид бусадтай ямар нэг холбоо харилцаа тогтоодог  шиг л зүйл биш. Хэн нэг нь миний эцэг, хэн нэг нь миний эхнэр, хэн нэг нь миний нөхөр гэх мэт. Үгүй. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Зүгээр л бид энэ харилцаагаа олж илрүүлэх хэрэгтэй. Кришна ухамсрын төгөлдөржилтөд хүрэх үед энэ бүхэн илрэн тодорхой болох болно. Та бүхий л бохирдлоосоо ангижраад, чин бишрэлийн үйлчлэлдээ төгс төгөлдрөөр орших үед энэ бүхэн танд ил тод болох болно: “Өө би чинь Кришнатай ийм холбоо харилцаатай юм байна” гээд. Энэ цаг мөчийг та зүгээр л хүлээ.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Бхагавад-гитагийн оршил лекцээс, 1968-11-23 Лос Анжелес

Бэлдсэн: Балабхадра дас 

Чин бишрэлтэн хүн агуу их хайр дүүрнээр, “Ай Рамачандра Эзэн минь ээ! Ай Рамачандра Эзэн минь ээ!” хэмээн уулга алддаг. Гэтэл яванууд буюу махан хоолтнууд мөн “Ха рама! Ха рама!” гэж хэлдэг. Тэд ямар азтайг хар даа!

Ариун нэрийг давтан уншихуйн их багш намачарья Харидас Тхакур ийн хэлсэн байдаг: “Бурханы ариун нэрийг Бурханаас ялгаатай ямар нэг зүйлийг зааж уншин дуудах нь намабхаса төрлийн уншлагад хамаарна. Тэр ч байтугай ариун нэрийг тэгж уншин дуудлаа ч тэрээр өөрийн трансцендент хүч чадлаа хадгалан үлдэж чаддаг” хэмээсэн.

Тэр бүү хэл нэгэн млеччха зэрлэг гахайнд хадруулж нас нөгчихдөө дахин дахин, “Ха рама! Ха рама!” гэж хашгираад ангижралыг олсон байдаг. Тэгвэл ариун нэрийг хүндэтгэл ба итгэл дүүрнээр уншигчдын хувьд юу ч ярих билээ дээ? (ЧЧ Антйа 3.54-56).

 

Тайлбар: Хэрэв жаахан хүүхэд галд гараа хүргэвэл тэр том хүн шиг л мөн гараа түлнэ. .. Явануудын ха рама хэмээх үг нь “жигшмээр, ой гутмаар” гэсэн утгатай. Чин бишрэлтнүүдийн явануудаас ялгаатай нь ха рама хэмээх үгийг онгод хөөрөлтэй хайр дүүрнээр хэлдэг. Гэсэн ч энэхүү үг нь сүнслэг суммум бонум(туйлын ач тус) мөн чанартай учраас тэрнийг давтан унших нь агуу бишрэлтнүүдэд ч, явануудад ч аль алинд нь ижил үр дүнг авч ирдэг. Яг л гал насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрт аль алинд нь адилхан үйлчилдэг шиг л.

Өөрөөр хэлбэл Дээд Эзний ариун нэр болох ха рама нь үргэлж эерэг үр нөлөөг үзүүлж байдаг. Тэр ч байтугай түүнийг уншин дуудагч нь Дээд Бурханыг дуудаагүй байлаа ч. Яванууд ариун нэрийг чин бишрэлтнүүдээс өөр утгаар дууддаг. Гэвч ха рама хэмээх ариун нэр нь нь тухайн хүн түүний ач тусыг мэдэж байгаа эсэхээс үл хамаарч ямар ч нөхцөл байдалд үйлчилдэг. Энэ тухай дараагийн шүлгэнд өгүүлэх болно.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шри Чайтанья-чаритамрита, Антья-лила. 3.54-56 шүлгийн тайлбараас орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Scroll to Top