Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 4 7 1
Users Today : 21
Users Yesterday : 35
Total Users : 14471
Views Today : 34
Views Yesterday : 51
Бархасвадь нь ариун гэгээнтэн, номын багш, багш, мэргэн ухаан, үр хүүхэд, ах, ахмадаа хүндэтгэх байдал болон хууль зүй, сэтгэл судлал, гүн ухаан, банкны салбарын үйл хэрэг зэргийг илэрхийлдэг. Бхригу мэргэний зурхайд Бархасвадь нь эмэгтэй хүний хувьд нөхрийг нь заадаг ба Ангараг эрэгтэй хүний хувьд эхнэрийг заана.

Бархасвадь нь бурханлаг, буянлаг гариг юм. Тэрээр амьдралын хэм хэмнэл, амьдралын хууль, шударга үйл хэрэг, гүн ухаан, шашин, ёс суртахууны зарчмыг даган баримтлах зарчим зэргийг хайрладаг. Бархасвадь нь түүнчлэн үр хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхэд, тэдний эрүүл мэнд, боловсрол зэргийг илэрхийлдэг. Бархасвадь нь хүмүүнд үхэлгүй мөнхийн ба дээд “би”тэй холбогдох мэдрэмж зэргийг өгөх ба материаллаг үнэт зүйлсийн түр зуурын болохыг мэдрэх ойлгоц, бурханлагаар өсөн хөгжих хүсэл сонирхлыг хайрлана. Гэвч тэрээр мөн эд баялагийн байдал, гадаад ертөнцийн аз хийморь, эд баялаг, эрүүл мэнд, урам зориг, өөдрөг сэтгэлгээ зэргийг заана. Бархасвадь нь бүхий л төрлийн сэтгэлээр унах байдал буюу депрессийг даван туулах чадвартай. Буд гариг нь гадаад ертөнцийн өөрийгөө танин ухамсарлахуйг илэрхийлдэг бол Бархасвадь нь тухайн хүний дотоод өсөлт хөгжилтийг илэрхийлдэг.

Эрүүл мэндийн тал дээр Бархасвадь нь элэг, ташаа, судас, биемахбодид байх тослогийн хэмжээ, элэгний өвчлөл, чихрийн шижин зэргийг хариуцдаг. Төөргийн зурлага дээр тэгш сайн байрласан Бархасвадь нь хүнийг тарган мариалаг болгодог. Бархасвадийн гол үүрэг зорилго нь болвоос хүмүүнийг дээд бодит ахуйтай холбож өгөх явдал юм. Сул ядруу Бархасвадь нь нэр төртэй, хүндтэй байр суурь үгүй байдал, ёс журамгүй амьдралын хэв маяг, мэхчин гохчин, луйварчдын нөлөөнд автах байдал зэргийг заана.

 

СУГАР

 

Сугар гариг нь асур буюу чөтгөр шулмуудын багш ба 64 төрлийн урлагийн ухааныг удирддаг ба соёл ба гоё чамин зүйлсийн эзэн нь юм. Түүнчлэн эр, эмийн амьдрал, сексийн дур татам байдал, мэдрэхүйн цэнгэлд татагдах байдал хийгээд эрэгтэй хүний хувьд эхнэр зэргийг илтгэнэ. Нар жаргасны дараагаар төрсөн хүмүүсийн хувьд Сугар нь Сарыг төлөөлөх ба тухайн хүний ээжийг иэлрхийлнэ хэмээн тооцогддог. Сугар нь хүмүүнийг бүтээх эрч хүчээр хангах энергийг бэлэгддэг. Өөрийн дээд байр суурийн хувьд тэрээр бурханлаг үйл үйлдэх бүтээлч эрчим хүчийг хайрлана. Түүнчлэн гэр бүлийн хөрөнгө чинээний байдал, баг хамт олон, үнэт эдлэл, гоёл чимэглэл, тансаг тав тухтай байдал зэргийг бэлэгдэнэ. Бүжиг, дуу, хөгжим, театр, утга зохиол, кино, жүжиг, яруу найраг, уран зураг, гоёл чимэглэл, гоо сайхан гэх мэт урлагийн бүх төрөл нь түүний удирдлаганд оршино. Бүхий л бүтээн туурвигч хүмүүс төөрөг зурлаган дээрээ Сугарын нөлөө хүчтэй байрласан байдаг. Анагаах ухааны салбарт Сугар нь арьс, арьс өнгөний өвчин, эрүү, бөөр, үржлийн эрхтэн зэргийг заадаг. Сугар нь хайрыг өгөх, хүлээн авах зэрэгт сургадаг. Мөн биеийн хайрыг жинхэнэ бурханлаг хайраас ялган салгахад сургана. Гайхамшигтай сайхан зүйлст татагдах амт, сонгодог хөгжим, сонгодог стиль зэрэгт татагдах амт, дур сонирхлоо хөгжүүлснээр Сугарыг тайвшруулан тайтгаруулж болно. Сугар нь жасмины буюу мэлрэг цэцэг, ирис зэргийн үнэрт дуртай ба мөн гоё сайхан хувцас, хөх цэнхэр туяатай өнгөнд дуртай.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

АНГАРАГ

Ангараг нь цэрэг дайн, удирдан манлайлах, хамгаалах, арми, цагдаа, ах, дүүсийг илэрхийлдэг. Ангараг нь шийдэмгий байдал, дайчин чанар, хүч чадал, Нарныхтай адил тавьсан зорилгодоо хүрэх чадварыг хайрлана.

Түүнчлэн Ангараг нь уур цухалтай зан, түрэмгий ааш, тэмцэн тулалдах хүсэл эрмэлзэл, өөрийн зорилгоо бусдынхаас дээгүүрт тавьдаг зан зэргийг илэрхийлнэ. Хэрэв Нар бидний эцэг гариг бол харин Ангараг бидний дотоод “эр” мөн чанарыг илэрхийлэх ба энэ нь бидэнд зорилгодоо хүрэх амбиц, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл шуналыг илэрхийлнэ.

Чухам ийм учраас Ангараг нь гэр бүлийн амьдралтай нягт холбоотой байдаг. Гэр бүлийн нийцэмжтэй байдал, гэр бүлийн аз жаргалтай, эвтэй найртай байдлын үндсэн үзүүлэлтэд юуны өмнө куджадоша(Ангараг тухайн хүний төөргөн дээр тодорхой гэрт байрших байршил ба энэ нь партнер хэдий хир уур хилэнтэй вэ гэдгийг заадаг)-г харгалзан авч үздэг. Аз хийморьтой, аз жаргалтай гэр бүл байхын тулд хос хоёрын төөргөн дээр аль алин дээр нь куджадоша байх хэрэгтэй ба эсвэл аль алиных нь төөргөн дээр куджадоша байх ёсгүй.

  Анагаах ухаанд Ангараг нь булчин, халуун хумхаа буюу чичрэг өвчин, унах татах өвчин, геморрой, хавдар, дайн ба гал түймэр, мэс, мэс мэс засалтай холбоотой өвчнүүд, аваарь осол зэргийг илэрхийлнэ. Ангараг нь хүч чадал, дайчин чанарыг хайрлах ба амьдралын зорилго ба түүнд хүрэх  тэмүүллийг тодорхойлдог.

 

БУД

       Энэ гариг нь ханхүү, ихэр ах дүүс, нагац төрөл садан, түүнчлэн мэдлэг ухаан, бизнес, зурхайн ухаан, архитектур, зохиол бүтээл туурвилт, эрдэм мэдлэг, санхүү, сэтгүү зүй зэргийг бэлэгддэг. Эмэгтэй хүний төөргөн дээр хэрэв Буд Санчир гаригийн нөлөөгөөр хүч нь суларсан байх аваас энэ нь эр, эмийн харьцааны идэвхи сул эр нөхрийг заана. Буд нь зохион бүтээх чадвар, мэдлэг, аливаа зүйлийг хурдан эзэмших чадвар, тод хурцаар сэтгэх авьяас зэргийг хайрлана. Тэрээр дээд эрдэм ухааныг амьдралд, практик дээр хэрэгжүүлэх чадварыг мөн өгдөг. Харин мэргэн ухааны гариг болсон Бархасвадь гариг нь мэдлэгийг дотооддоо практик болгох боломжийг хайрладаг.

    Буд нь зөөлөн гариг агаад аливаа мэдээ мэдээллийг хурдан хүлээн авах, шингээх чадварыг хайрлах ба төөргөн дээр нь Буд эерэг, хүчтэй байрласан хүн наргианч, хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Хүчтэй Буд нь хүнд өөрийнхөө оуюн ухааныг, логик сэтгэлгээг, мэдлэг чадварыг, уран яруу илтгэх чадварыг, хурц ой санамжийг, өөрийн бодол санаагаа бичгээр, захидлаар илэрхийлэх чадварыг, уран илтгэх авьяас зэргийг хайрлана. Харин сул Буд нь сэтгэл мэдрэлийн сул, ядруу байдал, заль мэх, хууралт, өөрийгөө үл илэрхийлж чадах байдал зэрэг шинж чанараар илэрнэ. Буд нь мэдрэлийн гаралтай өвчлөлүүд, дүлийрэх, бэлгийн сулрал, толгой эргэх гэх мэт өвчнүүдийг илэрхийлнэ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Хүн үндсэн 4 учир зорилгыг биелүүлэхийн тулд төрдөг гэж Ведэд үздэг. Харин амьтан адгуус мэт идэж, ууж, үржин олширч, үхэж, төрөхийн тулд биш. Үүний эхнийх нь дхарма буюу өөрт оноогдсон үүргүүд. Тухайн хүн энэ ертөнцөд чухам ямар үүрэгтэй ирсэн бэ гэдгийг тодорхойлох нь ведийн зурхайн эхний алхам юм. Дараагийнх нь артха буюу санхүү, мөнгө хөрөнгөний хангамжтай байдал. Өөрт оногдсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэх нь артха буюу хөрөнгө санхүү сайн байхад чухал нөлөөтэй. Хүн чухам ямар ажил эрхлэх, ямар мэргэжил сонгох, ямар төрлийн бизнес эрхлэх зэргийг тухайн хүний төөрөгнөөс хялбархан харж болно.

Зарим хүмүүс ажил мэргэжлээ буруу сонгосноор өөрийн хэзээ ч амжилт үл олж чадах салбарт хамаг хүч, чадлаа  бардаг. Тэгвэл ведийн зурхайд хандсанаар өөрийн  цаг, мөнгө, хүчээ дэмий үрэлгүйгээр хамгийн амжилт олж чадах салбар, эсвэл мэргэжлээ сонгон амжилтанд хүрэх бүрэн боломжтой.

Үүний дараагийн зорилго нь кама буюу хүсэл тэмүүлэл. Хүн үй түмэн хүсэл, мөрөөдлийг тээн орчлонд ирдэг. Тэгвэл  хангалттай артха буюу санхүүгийн хөгжил дэвшилтэй байдал нь хүнийг өөрийн материаллаг ертөнцийн элдэв төлөвлөгөө, ялангуяа хүсэл шуналаа ханган биелүүлэхэд туслана. Энэ нь материйн ертөнцийн үндсэн тэнхлэг болсон эр, эмийн харьцааны асуудлыг илүүтэй илэрхийлнэ. Судар шастирт заагдсан дүрэм журмын дагуу өөрийн хүсэл шуналаа багасгаснаар түүнд энэ ертөнцийн элдэв чамин тансаг зүйлс сонирхолтой биш болж эхлэх ба ерөөсөө энэ ертөнцийн аз жаргал, мэдрэхүйн цэнгэл гээч зүйлс бол түрхэн зуурын бөгөөд утга учиргүй юм гэдгийг гүн гүнзгий ухамсарлаж эхэлмэгц хүн ангижрал гэгээрэл буюу энэ материйн ертөнцийн чанадыг сонирхож эхэлдэг. Энэ бол хүний амьдралын 4 дэхь зорилго буюу мокша юм. Эдгээр 4 зорилго нь хүн хүний хувьд төрсөн цаг хугацаа төөргөөс нь хамаараад өөр өөр байдаг. Оноогдсон үүрэг, эрхлэх ажил, гэр бүлийн  байдал (зарим хүмүүс гэр бүл болохгүй байхаар заяасан ч байдаг), ангижрал гэгээрэл зэргээрээ.

Ведийн зурхайн төөргийг харахад тухайн хүний амьдрал амь насыг дааж явдаг, эцэст нь  ангижрал гэгээрэлд хүрэхэд туслах онцгой нэгэн Бурхан байдаг. Үүнийг Ишта-дэвата гэж нэрлэнэ. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Харин энэ нь ямар нэг сахиулсан тэнгэр биш бөгөөд Дээд Бурханы аль нэгэн хувилгаан юм. Ведийн сударт шастирт ямар нэг сахиулсан тэнгэрт мөргөснөөр хүн ангижралд хүрэх боломжгүй тухай бичсэн бий. Хэрвээ хүн ингэж оролдох аваас үүнийг  нохойн сүүлнээс бариад хөлгүй их далайг гатлах гэж оролдож байгаа тэнэг хүнтэй зүйрлэсэн байдаг.

Дээр өгүүлсэн 4 зорилгоос гадна хүний амьдралын дээд зорилго гэж байдаг бөгөөд энэ нь ямар ч хүний хүрч болох, хүрвэл бас тэмүүлвэл зохих зүйл юм. Үүнийг Бурханыг хайрлах хайр буюу према гэж нэрлэдэг. Према пум махан артхан буюу према нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж ведэд тэмдэглэсэн байна. Энэ бол тухайн хүний хэзээ төрсөн, ямар төөрөг зурлагатайгаас үл хамаарч хүн болж төрсөн хэнд ч ялгаагүй адил зүйл юм. Бурханыг хайрлах хайр буюу энэ према нь бидний сүнсний жинхэнэ хүсэн тэмүүлж байдаг зүйл бөгөөд энэ нь бидний үйл олон материаллаг хүсэл, материйн элдэв бүрхүүлээр хучигдсан юм. Энэ бол бидний жинхэнэ, хэзээ ч, урьд хойд насанд ч үл өөрчлөгдөх дхарма бөгөөд үүнийг санатана-дхарма буюу хүний мөнхийн үүрэг зорилго гэж нэрлэнэ. Кали югагийн энэ төвөг бэрхшээлийн эринд маш олон чхала дхарма буюу хуурмаг шашин, номлол бий болж, хүмүүс ангижрал гэгээрлийн тухай зөв ойлголттой байж, зөв зам мөрөөр замнах нь маш хэцүү болохыг олон судруудад зөгнөсөн байдаг.  Гэр орноо орхин, аглаг ууланд бясалгал хийн удаан хугацаагаар гэгээрэлд тэмүүлэх хүн бараг байхгүй болох аж. Харин энэ цагийн нэг хамгийн гайхамшигтай зүйл нь хүн нэгэн мантра буюу тарни уншлагыг байнга уншсанаар гэр орноо орхин уул, аглагт одолгүй, нийгэмд эзлэх байр сууриа, ажил албаа орхилгүйгээр тэрхүү Бурханыг хайрлах хайр буюу премад хүрч чадна гэдгийг олон судар шаструудад батласан байдаг. Хэрвээ хүн энэхүү премад хүрч чадах аваас гэгээрлийн хамгийн дээд оргилд хүрлээ гэсэн үг юм. Хүний төөрөг зурлагыг хараад хүн нас нөгчсөнийхөө дараагаар хаана очиж төрөхийг хэлж болдог. Зарим нэг нь асурын гаригт, зарим нэг нь тэнгэрийн гаригт, зарим нэг нь там бэрдэд, зарим нэг нь хүний ертөнцөд, зарим нь бүр ангижрал гэгээрэлд хүрэх гэх мэт. Хэрвээ хүн энэхүү тарни мантраг байнгад давтан уншваас тухайн хүний төөрөг зурлага ямар байхаас буюу дараагийн төрөл хаана очиж төрөх боломжтойгоос үл хамаарч шууд энэ ертөнцийн уяа хүлээснээс суларч ангижрал гэгээрэлд хүрч чадна.

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

 

Бичиж сийрүүлсэн: Балабхадра дас

Дэлхийн нэртэй баян хүн Билл Гейтсийн төөргийг ведийн зурхайн үүднээс товчхон тайлбарлах нь: 

Энэ бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн төөргийн карт юм. Чухамхүү түүний картан дээр эд баялаг, хөрөнгө чинээг илтгэсэн цөөнгүй дхана-йог буюу гаригсын хосмог байх нь дамжиггүй.

Ургах орд буюу нэг дэхь гэр нь компьютерийн технологитой холбоотой Ихрийн орд байна. Нэг дэхь гэрийн эзэн Буд гариг нь 4 дэхь гэрт, өөрийн орд болох Охины ордод оршиж байна. Энэ нь шороон махбодитой орд тул материаллаг хөгжил дэвшлийг илтгэдэг. Энд мөн өндөр ашиг орлогыг илэрхийлэгч 11 дахь гэрийн удирдагч Ангараг оршиж байна. Санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой 2 дахь гэрийн удирдагч Сар нь алдар хүндийн гэр болох 10 дахь гэрт оршихын хамт эд баялагийг баттай нотлох Ангараг болон Буд гаригийн аспектыг өөртөө авчээ. 5 дахь гэр буюу арилжаа, наймааны гэрт 9 дэхь гэрийн удирдагч хүчтэй Санчир гариг мөн өөрийн орддоо оршин буй Сугар гариг зэргийн нөлөөллөөр Нарны унах ордод оршсоны сөрөг нөлөөлөл саармагжиж байна. Энэ бүгд арилжаа, наймаа, биржийн үйл ажиллагаанаас өндөр ашиг орлого олохыг зааж байна. Эд баялаг хурааж хуримтлуулахад нэн тааламжтай, хүчтэй 5 дахь гэр нь ажил бизнес маш сайн байхыг илтгэж байна.

Ведийн зурхайн судар номонд эрүүл саруул хүүхэдтэй болох тааламжтай цаг мөчийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тухай товч авч үзье.

Юуны түрүүнд унтлагын өрөө зөв, аятай тухтай байх ёстой бөгөөд гоёж чимэглэсэн, зандан, шинэхэн цэцэг гэх мэт ариун тансаг үнэртэнг уугиулж, унгатгах хэрэгтэй. Мөн тэрхүү өрөөнд ариун гол мөрний цэнгэг усаар дүүргэсэн сав суулгыг байрлуулж болно. Ингээд юу юунаас эрхэм нь хосуудын ухаан санааг үймээн самууруулах юу ч байх ёсгүй.

Үр хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой од буюу накшатрууд нь – Рохини, Мригашира, Дханишта, Уттарапхалгуни, Хаста, Свати, Анурадха, Уттарашадха, Шравана, Сатабхиша, Уттарабхадрапада.

Пунарвасу, Пушйа, Читра одтой өдөр таатай нөлөөллийн хувьд дунд зэрэг. Бусад накшатруудаас зайлсхийх хэрэгтэй.

Гариг өдрийн хувьд даваа, лхагва, пүрэв, баасан таламжтай хийгээд бямба, мягмар, ням таагүй сөрөг нөлөөтэй.

Жанма-тара буюу хосууд өөрсдийн төрсөн одноос тоолоход 1 дэхь 10 дахь, 19 дахь одтой өдөр, мөн вадха тара буюу төрсөн одноос тоолоход 7 дахь, 16 дахь, 25 дахь өдрөөс зайлсхий.

Чатуртхи буюу шинийн 4, шашти буюу шинийн 6, аштами буюу шинийн 8, навами буюу шинийн 9, чатурдаши буюу шинийн 14, шинийн 15, шинийн 1-нээс бусад титхи буюу сарны өдөр сайн.

Жанма-накшатра буюу төрөх үеийн накшатр, 10 дахь накшатра буюу ану-жанма накшатра, тхри-жанма буюу 19 дахь накшатраас онцгойлон зайлсхийх хэрэгтэй. 12- дахь накшатр мөн тааламжгүй.

Ургах орд Лагна – Үхэр, Ихэр, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Загас байвал сайн. Бусад төрлийн ургах ордоос зайлсхий. Лагна буюу ургах орд нь түүнчлэн төрөх үеийн Сарны байршлаас 8 дахь гэрт байж болохгүй.

Ритху-дхинам – хэмээх санскрит нэр томъёо нь сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрөөс тоолоод арван зургаан өдрийг илтгэдэг. Эдгээр өдрүүдийн тэгш бус буюу сондгой өдрүүд нь эмэгтэй, тэгш өдрүүд нь эрэгтэй хүхэдтэй болох бололцоог олгодог. Хүү төрүүлэхийг хүсч буй хосууд тэгш тоотой өдрийг сонгох хэрэгтэй. Мөчлөгийн эхний дөрвөн өдрийн хугацаанд эр, эмийн харьцаанд орвол сэтгэцийн болон бие махбодийн эмгэгтэй гэх мэтийн эрүүл саруул бус үр удамтай болох тул болгоомжил.

Доор ритху-дхинамд хүүхэдтэй болохын үр дагаврыг дурдая:

  • Мөчлөгийн эхний өдөр нөхрийн амь насанд томоохон асуудлыг авчирна.
  • Хоёр дахь өдөр эхнэрийн амь насанд цөвтэй.
  • Гурав дахь өдөр абортод орох буюу хүүхдийн амь насанд таагүй
  • Дөрөв дэхь өдөр ядуугийн зовлонд унасан, нас богинотой тэнэг, гэр оронгүй, аз хийморьгүй, сайн чанар хийгээд зуршлын сүүдэр ч үгүй тийм хүүтэй болно
  • Тав дахь өдөр охинтой болох бололцоо олдоно
  • Зургаа дахь өдөр удам залгах, удам угсааг үргэлжлүүлэх хүү төрнө.
  • Долоо дахь өдөр үр хүхэд үгүй охинтой болно.
  • Найм дахь өдөр буянтай сайн хүүтэй болно.
  • Ес дэхь өдөр ёс суртахуун муутай охинтой болно.
  • Арав дахь өдөр магтууштай, сайшаагууштай хүү төрнө.
  • Арван нэг дэхь өдөр шударга бус зан араншинтай охин заяана.
  • Арван хоёр дахь өдөр буянтай сайн хүүг урин дуудна.
  • Арван гурав дахь өдөр буянтай сайн охин үр заяана.
  • Арван дөрөв дэхь өдөр үр тариа хийгээд алт эрдэнэсээр элбэг баян тансаг хүүтэй болно
  • Арван тав дахь өдөр богино настай охин заяана.
  • Мөчлөг эхлэснээс хойш арван зургаа дах өдөр маш өндөр оюун ухаантай хүү заяах болно.

Хосууд удам угсаагаа буянтай, аз жаргалтай, амжилт хийморьтой байлгахын тулд дээр заасан зөвхөн тааламжтай сайн өдрүүдийг сонгох ёстой юм.

Үүний зэрэгцээ ирээдүйн хүйсийг сонгох тусгай зурхайн арга хэрэгсэл ч байдаг.

“Медицинская астрология”номоос товчлон орчуулсан:

Балабхадра дас

Scroll to Top