Ведүүдэд өгүүлэхдээ, хэрэв хүн шуналтай ба мөнгөө гараасаа салгахгүй бариад байхыг хүсдэг аваас тэрээр гуйлгачин болно хэмээсэн байдаг. Хамгийн шуналтай хүмүүс нь хамгийн ядуу байх болно. Мөнгөтэй болох гэсэн тэдний хүсэл хүмүүсийг өөрсдөөсөө түлхэн холдуулдаг.
Мөнгөний төлөө тэсч ядан тэмүүлэх нь бидний хүзүүнд хэт их хүчин чармайлт гаргахын, цаг хугацаа дутагдахын, ядралын, өвдөлтийн, сэтгэлээр унахуйн гав дөнгийг угладаг хуурмаг зүйл юм. Шуналын төлөвт орших хүмүүс нь аз жаргалтай байж чаддаггүй. Зөвхөн аз жаргалтай хөдөлмөр л жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах ба харин мөнгөнд хэт тэмүүлэх нь аажмаар бас баттайгаар мөнгө авч ирж буй тэр үйл хэрэгт татагдах амтыг үгүй болгодог. Үүний үр дүнд хүн ашиг хонжооч бусаар, хайраар ажиллаж хөдөлмөрлөхийн оронд илүү ихээр шунамхайрч, амар тайван байдлаа алддаг. Тийнхүү тэрбээр шунал хүслийн гунын нөлөөнд орж энэ гунынхаа ертөнцөд амьдарч эхлэх ба өөрөөр хэлбэл амьдрахын төлөөх тулаан, тэмцлийн ертөнцөд амьдарч эхлэнэ… Үүний зэрэгцээ ариглан гамнаж шунах, хөдөлмөрт дурлан шунах хоёр нь хоорондоо нийцдэггүй зүйлс гэдгийг ойлгох хэрэгтэй. Шунахай хүн нь түүний сонирхлыг татсан бүхий л зүйлд хүчтэй уягдан татагддаг ба түүнийг эзэмшихээр тэмүүлдэг. Үүнээс болж түүний хурааж хуримтуулсан зүйл нь багасна. Тэрээр байнгад өөрийн эд хөрөнгөндөө санаа зовох ба үүнийг харамч зан хэмээн нэрлэдэг. Харамч байдал нь түүнийг үл аз жаргалтай болгох ба тиймээс ч “Харамч нарийн хүн хоёр удаа төлдөг” хэмээх зүйр үг байдаг нь хоосон үг биш. Үүний зэрэгцээ, цэвэр ариуны буюу буяны гунад харгалзах өөр нэгэн зүйр үг байдаг: “Ажил хөдөлмөрт дурлагчийн хувьд ядуурал гэж байдаггүй”. Энэ үгийг агуу мэргэн Чанакья Пандит хэлсэн байдаг.
Хүн шунахай сувдаг, мөнгөнд дуртай нэгэн байж болно эсвэл ашиг хонжооч зангүй, хөдөлмөрт дуртай нэгэн байж болно. Эхний тохиолдолд тэрээр эцсийн дүндээ ядуу хоосон болдог бол хоёр дахь тохиолдлын тухайд тэрээр бурханлаг болон материаллаг баялгийг хүлээн авдаг. Ийм байдлаар мөнгө хурааж хуримтлуулах явдал нь хүнийг эцэстээ ядуу гуйлгачин болгодог ба өөрөөр хэлбэл ядуурал гэдэг нь шунахай сувдаг сэтгэл болон мөнгөнд хэт дурлахын үр дүн юм…Мөнгө байнга бодогчийн хувьд ажил хөдөлмөрийг дурлан бодож үл чадна. Учир нь гэвэл түүнд шуналын гуна нөлөөлж эхлэснээр тэр юм… Аль болох их мөнгөтэй болох гэсэн хүчтэй хүслийн улмаас хүн өөрөө ч үл анзааран баяр хөөргүйгээр ажиллаж эхлэх болдог. Хайр ба дур сонирхолтойгоор ажиллаж буй хүн ажил дээрээ алжаахыг үл мэдэх ба харин ч амарч байдаг. Харин ажил дээрээ мөнгө байнга бодогчийн хувьд маш ихээр ядрах ба аажмаар түүнд татагдах дур сонирхлоо бүрмөсөн алддаг. Түүний сонирхол зөвхөн мөнгө байдаг…Ийнхүү сэтгэл ханамжгүй байдал үүсэх бөгөөд энэхүү сэтгэл ханамжгүй байдлаас болж хүн, хэн ч түүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна хэмээн бодож эхлэдэг. Ингэж дарга удирдлага, хамт ажиллагсад, төрөл төрөгсөд, хувь тавилан, амьдралд гомдох гомдол эхлэдэг. Энэ нь цаашлаад ажил дээр болон гэр орон дахь зөрчил өөд хөтлөнө.
Зөрчил нь цаашлан цөхрөл гутрал, буруу зуршил гэх мэтэд хөтлөх бөгөөд үр дүнд нь ухамсар доройтох, гэр бүл салж сарних асуудал үүсдэг.
Ийм маягаар мөнгөнд дурлах нь зовлон руу, ажил хөдөлмөрт дурлах нь аз жаргалд хөтлөдөг.
Их мөнгөтэй л байхгүй бол хүн аз жаргалтай болж чадахгүй хэмээх буруу ойлголт байдаг. Энэ нь тийм биш. Бүх зүйл мөнгийг хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалдаг. Эд баялаг нь буяны гунад хүрэх, аз жаргалд хүрэхэд тулгарах давж болшгүй саад биш. Асуудлын гол нь хүн мөнгийг хэрхэн ашиглаж буйгаас шалтгаална. Баян чинээлэг хүмүүст сонголт байдаг: эд баягаа ашиг хонжооч зорилгын тулд зориулаад хожмоо ядуу болох эсвэл энэ баялгийнхаа тусламжтайгаар бусдыг баярлуулаад ирээдүйд ч баянаараа үлдэх…
Ашиг хонжооч бус хүсэл, өглөг хандив өгөх хүсэл нь амьдралын хүч, амьдрах арга хэрэгслийг өгч байдаг бол шунахай сэтгэл нь тэднийг үгүй болгож байдаг. Энэ бол БИЗНЕСИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ юм. Үүнийг ойлгоогүй хүн мөнгөтэй харьцаад хэрэггүй…
Ийм учраас бизнесмен хүн байнгад бусдад аз жаргалыг хүсч байх ёстой ба асуудал проблем тулгарахыг хүлээлгүйгээр өөрөө өөртэйгөө ажиллаж байх ёстой. Зөвхөн бизнесмненүүд ч биш бүхий л хүмүүс. Хэрэв та өөрийн ажил дээрээ тогтож үлдэхийг хүсч буй бол өөрийнхөө дарга удирдлагын талаар хэзээ ч муугаар бодох хэрэггүй. Тэр ч байтугай тэрээр хичнээн муу хүн байлаа ч. Энэ нь онц чухал биш. Учир нь тэр танд амьдрах арга хэрэгслийг өгч байна шүү дээ. Үйлдвэр тань танд амьдрах арга хэрэгслийг өгөөгүй харин үйлдвэрийн удирдлага тань өгч байгаа.
Хэрэв дарга удирдлагатайгаа харьцах таны буянлаг харьцаа хандлага дуусгавар болсон бол энэ нь таныг дурын мөчид халчихаж магадгүй гэсэн үг. Хэрэв та дарга удирдлагатайгаа үнэхээрийн сайн харилцаатай бол таны ажил дээр бүх зүйл хэвийн байх болно. Хэрэв хэн нэгнийг цомхотгох шаардлагатай болсон бол юуны өмнө удирдлагатайгаа харьцаа тааруу хүмүүсээс эхлэдэг.
Тиймээс ажиллагсдын нэгдүгээр дүрэм гэвэл өөрийнхөө дарга удирдлагад аз жаргалыг, аз хийморийг хүсэх хэрэгтэй. Бүх баяр ёслолоор түүнд баярын мэндчилгээ хүргэж байх хэрэгтэй ба үүнийг үзүүлбэр төдий биш сэтгэлээсээ хийж байх хэрэгтэй. Цаг ямагт түүнд хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй ба түүнийг шүүмжлэх шүүмжлэлийг хэзээ ч сонсох хэрэггүй. Тэр ч байтугай хэн нэг нь түүнийг муу хүн гэж тооцож байлаа ч.
Үүн шиг эцэг хүн, эх хүн ямар байлаа ч тэднийг ямар ч тохиолдолд хүндэлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд танд амьдрал бэлэглэсэн. Эцэг, эхчүүд маш их амьдралын эрчмийг үр хүүхэддээ өгдөг. Ялангуяа 14 наснаас өмнө тэдэнд маш их эрчим энергийг өгдөг. Хэрэв хүн эцэг, эхээ хүндэлж чадахгүй бол тэр өөрөө хэзээ ч нийгэмд хүндтэй хүн байж чадахгүй. Ийм учраас ведийн уламжлал ёсоор бол хэрэв та удирдагч болохыг хүсч байгаа бол эхлээд юуны түрүүнд эцэг, эхээ хүндэлж сурах хэрэгтэй байдаг.
Хүн эцгээ хүндлэх аваас тэрээр Нарны эрч хүчийг хүлээн авдаг, нарны эрчим түүнийг хамгаалж байдаг ба тэрээр өөрөө хүндтэй нэгэн болдог. Хүн эхийгээ хүндлэх аваас тэрээр Сарны эрчмийг хүлээн авах ба түүний бусадтай хамтран ажилладаг газарт цаг ямагт тайван, амар амгалангийн эрчим ноёлож байх болно.
Энэтхэгийн нэгэн зурхайч Америкт лекц уншиж явжээ. Тэрээр түүнд маш их хэмжээний мөнгө төлсөн олон тооны сонсогчдыг цуглуулж чаджээ. Тэгээд тэр зурхайч ийн асууж: “Би та бүхэнд өөрийн мэддэг зүйлээ, ведийн зурхайн эрдэм ухааныг дамжуулахад бэлэн байна. Гэхдээ надад нэг асуулт байна. Та нарын дотор, эцэг эх тань буруу муухай зүйл хийснийг мэдвэл тэднийг шийтгэхийг хүсэх хүн байна уу? Гараа өргө” хэмээвэл цөөнгүй хүмүүс гар өргөв гэнэ. Тэгмэгц нөгөө зурхайч түүний лекцэнд зориулж төлсөн боодолтой мөнгөнүүдийг ширээн дээр гаргаж тавиад ийн хэлсэн гэдэг: “Та бүхэн ведийн зурхайг ойлгож чадахгүй ажээ. Учир нь гэвэл эцэг, эхээ хүндэлж чаддагүй хүмүүс нь зүгээр хамгийн тэнэг хүмүүс байдаг юм” гэсэн гэдэг.
Удирдах үйл дээр ч, амьдрал дээр ч бүгдэд хүч хэрэгтэй гэдгийг ойлгох нь маш чухал. Харин энэ нь бидний өөрөө өөртэйгөө ажиллах болон эргэн тойрныхонтойгоо харьцах харьцаанаас шууд хамааралтай байдаг.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс