Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 7
Users Today : 2
Users Yesterday : 26
Total Users : 15477
Views Today : 2
Views Yesterday : 35

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Жанастхан нэрт хотод Каушикын удмын Йада хэмээх нэгэн брахман амьдардаг байлаа. Энэ брахман нь брахман хүний хийх ёстой судар шастирт заасан шашин номын үйлийг хийж гүйцэтгэхээ больж, янз бүрийн буруу үйлийг үйлдэх болжээ. Тэрээр мөнгөөр мөрий тавьж тоглох, архи дарс уух, ан хийх, биеэ үнэлэгч худалдан авах нэн дуртай нэгэн байв. Энэ бүхэнд тэрээр өөрийн хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад арилжаа наймаа эрхлэхээр умард зүгийг зорин оджээ. Тэнд тэрээр багагүй хөлжиж чинээлэгжээд Жанастхан хот руугаа буцах болж гэнэ. Аяны урт замыг туулж явсаар тэрээр нэгэн нэн их элсэн цөлд хоноглох болжээ. Нар шингэж эргэн тойрон үзэгдэх бараагүй харанхуй болсон тул модны нөмрт хоноглох болжээ. Шөнө дундын үест хэсэг дээрэмчид довтлон ирж түүнийг үхтэл балбаад хамаг л бараа таваарь, мөнгө хөрөнгийг нь тонон дээрэмдээд аваад явчихав. Йада нь шашин номын ямар ч үйлийг үйлдэхээ байж, нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул үхсэнийхээ дараагаар биегүй сүнс буюу буг чөтгөр болжээ.

Харин Йадагийн хүү нь маш их шүтлэгтэй, ведийн шастир номонд гаргуун нэгэн байв. Эцгийгээ удаан хугацаагаар Жанастхан хотноо буцан ирээгүйд сэтгэл зовнисон тэрээр түүнийг хайн олохоор эрэлд гарчээ. Газар сайгүй хэрэн явж, аяны урт замд таарсан аянчин болгоноос тэрээр эцгийгээ лавлан сураглаж явав. Нэгэн удаа тэрээр эцгийнх нь тухай мэдэх нэгэн хүнтэй таарсан бөгөөд тэр хүн түүнд эцэгт нь тохиолдсон бүгдийг ярьж өгсөн байна. Эцгийгээ үхсэн тухай сургийг дуулаад Йадын хүү түүнийг тамын амьдралаас авран суллах пинда( мөргөл ) үйлдэхээр Кас и (Бенарес) хотын зүг буцав. Буцах замд ес дэхь өдрөө тэрээр түүний эцэг дээрэмчдэд хорлогдсон мөнөөхь модны дор хоноглохоор болжээ. Орой нь тэрээр Кришна Бурханд мөргөдөг өдөр тутмын мөргөл залбирлаа үйлдээд мөн “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийг чихэндээ сонсогдохуйц уншив. Уншлагаа дөнгөж дуустал тэнгэрээс нүргэлсэн чанга дуу гарав. Дээш хартал шар торгон өмсгөлтэй, дөрвөн мутартай гайхалтай үзэсгэлэн төгс дүрд хувилсан эцэг нь харагдав гэнэ. Түүний бие нь хар бараан борооны үүл мэт болоод тал бүр тийш нүд гялбам их гэрлийг цацруулж байв. Энэ үед эцэг нь түүнийг адислав. Хүү ч чухам юу болоод байгааг гайхан асуув. Эцэг нь : “Хайрт хүү минь ээ, чи “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг дуудан уншсан тул намайг, миний урьдны үйлдэж асан нүгэлт үйлийн уршгаар олсон энэ буг чөтгөрийн биеэс ангижрууллаа. Одоо гэртээ харигтун. Учир нь чиний “Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийн уншсаны ачаар Каси хүрэх аяны зорилго тань хэдийнээ биелэгдсэн” гэв.

Хүү захиж хэлэх өөр сургаал захиас буйг асуухад эцэг нь хариулсан нь: “Ах маань мөн маш их нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул одоо тамын харанхуй мухарт зовж зүдэрч буй. Ийм учраас хэрэв чи түүнийг болон материаллаг орчлонгийн энд тэндгүй зовж зүдрэн байх бусад бидний өвөг дээдсийг ангижруулахыг хүсч байвал “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг давтан уншигтун. Үүний ач тусаар тэд цөм Бурхан Вишну мэт хэлбэр төрхтэй биеийг хүлээн авах хийгээд Вайкунтхийн гаригт морилон хүрэх болно хэмээв.”

Эцгийн захиас сургаалыг сонсоод хүү хариулсан нь: “Хэрэв тийм бол би “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар бүлгийг тамд зовж буй бүх сүнснүүдийг ангижран сулартал унших болно” гэв. Ийн хэлэхэд эцэг нь: “Ерөөлөөр тань болох болтугай” хэмээн адислав. Үүний дараагаар Вайкунтхийн буюу бурханы орны хөлөг онгоц гарч ирээд эцгийг нь бурханы орноо авч одлоо.

Ингээд хүү Жанастхан хотын зүгт буцан Бурхан Кришнагийн Шүтээний өмнө суун, тамын бүх болзолт сүнснүүдийг ангижруулан, чөлөөлөхийн тулд “Шримад Бхагавад гита”-гийн Гуравдугаар Бүлгийг давтан унших болов. Түүнийг ийн уншиж байх мөчид Вишну Бурхан өөрийн элч нар буюу Вишнудутуудыг нүгэлт амьдралаар амьдрагч амьд оршнолуудыг шийтгэх ажлыг хариуцдаг Йамаражийн орноо илгээжээ. Йамаражийн орноо ирээд Вишнудутууд сүүн далай дээр Ананта-Шеша могой дээр залран байх Бурхан Вишнугийн илгээлтийг өвөрлөн яваа тухайгаа өгүүлэв. Тэд, Бурхан Вишну түүний амар мэндийг эрснийг уламжлаад тамд зовж буй бүх болзолт сүнснүүдийг тамаас суллан гаргахыг тушаасан болохыг дамжууллаа. Вишну Бурханы заавар тушаалыг сонсмогц Йамаража даруй бүх болзолт сүнснүүдийг суллан тавиад харин өөрөө Вишнудутуудтай хамт Бурхан Вишнуг харахаар Шветадвипа буюу сүүн далайн зүгт одов. Тэнд хүрээд тэрээр Ананта-Шеша суудал дээр залран ахуй Бурхан Вишнуг харлаа. Түүний бие махбодь нь олон олон нар мандсан мэт гэрэл сацруулан байв. Аз хийморийн охин тэнгэр Лакшми-Деви Түүний Өлмийг барилан сууна. Тал бүрээс нь Түүнийг аршууд, мэргэдүүд, Индра буюу Хурмаст тэнгэр тэргүүтэй сахиулсан тэнгэрүүд тойрон хүрээлж байв. Тэд бүгд л Бурхан Вишнуг магтан дуулж байлаа. Ведийг дуулан буй Брахма Тэнгэр ч тэнд мөн байв. Йамаража, Вишну Бурханд хүндэтгэлээ илэрхийлээд Түүнд хандан дараахь залбирлыг уншив: “Ай Эрхэм Хүндэт Вишну минь ээ, Та бээр бүхий л болзолт сүнснүүдэд сайн сайхныг хүсэгч хийгээд Танаас л Ведүүд үүсэн бий болсон билээ. Та бол цаг хугацаа бөгөөд цаг нь болоход бүгдийг устган сөнөөдөг билээ. Мөн Та бүх гурван ертөнцийг бүтээн бий болгох, тогтоон барихын учир шалтгаан билээ. Та зүрхэнд орших Дээд Сүнс хийгээд амьд амьтас бүрийн үйлийг хянан удирддаг билээ. Та бол орчлонгийн багш хийгээд бүх чин бишрэлтэнгүүдийн зорилго. Ай Бадамлянхуа нүдэт минь ээ, миний мөргөлийг дахин дахин хүлээн аваач. Таны яруу алдарт хэмжээ хязгаар үгүй билээ ”.

Алгаа хавсран Йамаража бишрэл мөргөлөө Вишну Бурханд өргөв. “Таны тушаал заавраар тамын бүх болзолт сүнснүүдийг суллан тависан. Тиймд ямар ажил үүргийг надад тохоон өгөхийг хэлж болгооно уу”. Вишну Бурхан хариу айлдсан нь: “Эрхэм Дхармаража минь ээ, чи үнэхээр ийм л байх ёстой билээ. Үүрэг хариуцлагын талаар чамд сургах хэрэг юусан билээ. Өөрийн орноо буцагтун, Миний дүүрэн адислалыг хүлээн авч өөрийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэгтүн”. Тийн өгүүлээд Вишну Бурхан Йамаражийн нүдэнд үзэгдэхээ болив. Ингээд Йамараж өөрийн орноо буцан одов.

Энэ брахман амжилттайгаар тамаас өөрийн бүх өвөг дээдэс хийгээд бусад бүх болзолт сүнснүүдийг сулласны дараагаар Вишнудутууд хүрэлцэн ирж түүнийг Дээд Бурханы Бодгалийн бадамлянхуан өлмийд мөнхөд үйлчлэн зүтгэх Бурхан Вишнугийн орны зүгт авч одов.

Бурхан Вишну айлдсан нь: “Эрхэм хайрт Лакшми минь ээ, одоо Би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийн яруу алдрын тухай өгүүлье”.

Ганга мөрний эрэг дээр Каси(Бенарас) хотод Вишванатхийн сүмд Бхарата нэрт аугаа мэргэн амьдардаг байжээ. Тэрээр өдөр бүр маш их бишрэл сүсэгтэйгээр “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншдаг байв. Эрт дээр нэгэн цагт тэрээр ариун мөргөлийн газар орноор аялан явахдаа Бурхан Кришнагийн Дүр Шүтээнийг харахаар Таподан хотод хүрчээ. Хотыг дайран гарч яваад тэрээр үр жимс нь сагсайсан хоёр байер модтой таарав. Сүүдэрт нь амарч тухлая гэж шийдээд тэрээр нэг модны үндсийг дэрлэн, нөгөө модны үндэс дээр хөлөө тавин хэвтэв гэнэ.

Бхарата тэдгээр моддыг орхин явсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө модод хатан хувхайрч эхлэжээ. Тав, зургаа хоногийн дараагаар бүр хатан гандаж, эцэс сүүлд нь бүр үхэж гэнэ. Үүний дараагаар энэ хоёр модонд шингэн амьдарч байсан хоёр сүнс дараагийн төрөлдөө нэн их буянт брахманы охид болон төржээ. Нэгэн удаа долоон настай ахуйдаа тэд мөргөл үйлдэхээр Каси(Бенарас) хотын зүгт явж байв. Замдаа тэд мөнөөхь аугаа мэргэн Бхараттай учрах аз тохиожээ. Бхаратыг хармагц тэд түүний өлмийд мөргөн унаж, баяр талархлын үгээ хэлэв: “Ай Махаража Бхарата минь ээ, таны ачаар бид модны биед орших зовлонт ахуйгаас ангижирсан билээ”. Тэдний үгийг сонсоод Бхарата Махаража ихэд гайхав. Тэрээр асуусан нь: “Эрхэм хайрт охид минь ээ, бид хэзээ, хаана учирч, хэрхэн яаж та нарыг аварсан билээ. Чухам яагаад та нар мод болж төрөв? Энэ талаар би юу ч мэдэхгүй шүү дээ”. Үүний дараагаар охид, хэрхэн яагаад мод болон төрсөн тухай түүхээ Бхарата Махаражид ярьж өгчээ.

“Ай Махаража минь ээ, Годавари голын эрэг дээр Чиннапаап нэрт нэгэн ариун газар буй. Тэнд Сачапата нэрт арш амьдардаг байлаа. Тэр олон янзын хүнд бэрх тэвчил хатуужлыг үйлддэг байв. Халуун, дулааны улиралд тэрээр олон түүдэг галын дунд суудаг байсан хийгээд хүйтэн сэрүүн үед нь мөстэй усан дотор зогсдог байв. Цаг мөч өнгөрөхийн хирээр тэр мэргэн бүрэн төгс ариуссан хийгээд өөрийн мэдрэхүйнүүдээ бүрнээ эзэмшин чадаад Дээд Бурханы Бодгаль, Бурхан Кришнагийн бадамлянхуан өлмийд аажмаар хүрчээ. Өдөр бүр түүн дээр Брахма Тэнгэр хүрэлцэн ирж, түүнтэй уулзахын ялдамд, Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэхүйн тухай асуултуудыг тавидаг байв. Чингэвч Сачапатийн энэхүү өндөр байр суурийг хараад Индра Тэнгэр ихэд эмээн болгоомжлов. Учир нь нэгэн цагт тэрээр түүний тэнгэрийн хааны байр суурийг булаан авах вий хэмээн айжээ. Ингээд Индра Тэнгэр биднийг урисан билээ. Тэр үед бид тэнгэрийн хаант улсад апсар буюу тэнгэрийн бүжигчид байлаа. Тэгээд Индра бидэнд: “Сачапати миний байр суурийг булаан авахгүй байх боломжит бүхнийг хий, түүний оршин буй тэр газар тийш даруй явцгаагтун” хэмээн зарлиг буулгасан билээ”.

Индра Тэнгэрийн заавар тушаалыг аваад бид түүнээс салан шууд Сачапатиийн тэвчил наминчлалаа үйлдэн буй Годавари голын эрэгт хүрэв. Тэнд бид дуулан, Сачапатийг ухаан санааг сарниулах, түүний бэлгийн дур хүслийг өдөөхийн тулд түүний тун ойрхонтой бүжиглэлээ. Бүжиглэж байх үест бидний хувцас хунар доош гулсан унаж цээжин биес маань нүцгэрэн ил гарсан билээ. Тэгмэгц мэргэн гартаа ус утган авч: “Эндээс үтэр зайлцгаа. Гангын эрэг дээр мод орших модод болцгоогтун” хэмээн хараасан юм. Түүний хараалыг сонсмогцоо бид түүний өлмийд сөхрөн унаж өршөөл авралыг хүсэн: “Эрхэм мэргэн минь ээ, биднийг өршөөн хайрлаж болгоогооч. Бид бол ердөө зараалаар яваа Индра тэнгэрийн үйлчлэгчид билээ” хэмээн өгүүлэхүйд бидний хүлцэнгүй байдлыг хараад мэргэний байдал зөөлөрч, биднийг Махаража Бхарататай учрах хүртэл мод хэвээр байх болно хэмээсэн билээ. Мөн тэрээр бидэнд өөрсдийн урьдны амьдралаа дурсан санаж байх адислалыг мөн хайрласан юм.

Эрхэм Махаража Бхарата минь ээ, Таподан зүг зочлон явах үедээ бидний оршин байсан модны дор амран ахуйдаа та “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншсан билээ. Энэхүү уншлагыг тань сонсоод бид мод хэмээх бие маходид оршин байх ахуйгаас ангижран чөлөөлөгдсөн төдийгүй Бурханы чин бишрэлтний гэр бүлд төрсөн. Түүнчлэн бид материаллаг ертөнцөд цэнгэн жаргах бүхий л дур сонирхлоосоо эгнэгт ангижирсан юм”.

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Охид энэ түүхийг Махаража Бхаратад ярьж өгөхөд тэрээр маш ихэд сэтгэл ханан баясаад өөрийн ашрамын зүгт явж одов. Харин тэр хоёр охин хоёул бүхий л амьдралынхаа туршид “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншин байсан хийгээд Миний бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэх өмөг түшгийг олсон билээ”.

“Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийн магтаал

Бурхан Вишну айлдсан нь: “Одоо би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийн суу алдрын талаар ярьж өгье. Анхааралтайгаар сонсогтун”.

Мадра улсад Пуру Кутсапур хэмээх хот бий бөлгөө. Тэнд Пингала хэмээх нэрт нэгэн брахман амьдардаг байв. Хүүхэд ахуйд нь түүнийг Ведийн эрдэм ухаан, элдэв төрлийн брахманы үйл хэрэгт сургажээ. Гэвч энэ бүгд түүний сонирхлыг огт татсангүй. Өсч эрийн цээнд хүрээд тэрээр брахманы үйлээ орхиж харин дуулж, бүжиглэж, хөгжмийн зэмсэг дээр тоглож сурчээ. Аажмаар тэрээр энэ урлагт гаргуун нэгэн болж бүр тэр улсын хаан өөрөө түүнийг ордондоо амьдрахыг урьж гэнэ. Ордонд тэрээр нүгэлт амьдралын гүн рүү улам улмаар живжээ. Хааны нэн ойрын шадар хүрээлэлд багтсан тэрээр их л бардам зантай болов. Ялангуяа түүнд хаантай хоёулхнаа байж түүнд хов зөөж, алтан хошуу өргөх нь юу юунаас таалагддаг байв. Пингалын эхнэр Аруна доод гарлын гэр бүлд төрсөн нэгэн байлаа. Тэрээр шунал тачаал маш ихтэй байсан хийгээд олон ч эртэй цэнгэл эдлэж байжээ. Энэ тухайг нь нөхөр нь мэдсэн тул тэрээр нөхрөө хорлохоор шийдэв гэнэ. Нэгэн удаа шөнө дөл болсон хойно тэрээр нөхрийнхөө толгойг унтаж байхад тасдан хаяад биеийг нь цэцэрлэгт булж орхив. Үхсэнийхээ дараагаар Пингала тамын хамгийн гүнд унаж удаан хугацаагаар зовж тарчилсны дараа дэлт бүргэд шувуу болон төржээ. Аруна эрх дураараа эрчүүдтэй цэнгэл эдлэж байсаар айхтар хөнөөлтэй арьс өнгөний өвчнөөр өвдөж тун ч удалгүй түүний бие үзэшгүй муухай, ой гутам болж гэнэ. Ингэсээр тэрээр удалгүй үхэж мөн л там руу одов. Удаан хугацаанд тэнд зовлон эдэлсний дараагаар нэгэн эм тотины биеийг авч төрөв.

Нэгэн удаа тэрээр идэш хоол хайн явж байтал түүнийг, урьд нь Пингала байсан нөгөөх дэлт бүргэд харчихаж гэнэ. Өөрийн урьдны амьдралаа эргэн санаад, энэ тоть нь түүний эхнэр байсан гэдгийг мэдмэгц түүнийг тэр даруй хурц хошуугаараа тоншин егүүтгэв. Тоть доош унахдаа усаар дүүрсэн хүний гавлын ясан дээр унаад, түүнд живж гэнэ. Гэнэт нэгэн анчин гарч ирээд дэлт бүргэдийг харваж алав. Дэлт бүргэд ч мөн газар унаж толгой нь мөнөөх гавлын ясан дээр цохигдон дотор нь байсан усыг залгиж орхиод үхжээ.

Ингээд дараа нь Йамаражийн элч нар хүрч ирээд тэднийг үхлийн орны зүгт авч одов. Энэ мөчид тэд өөрсдийн урьдны нүгэлт амьдралыг бодон маш ихээр айн түгшиж байлаа.

Тэднийг Йамаражийн өмнө авч ирэхэд тэрээр хэлсэн нь: “Та нар одоо өөрсдийн нүгэл хилэнцээс ангижирсан бөгөөд Вайкунтхийн гаригс тийш одож болно”. Пингала, Аруна хоёр үүнийг сонсоод ихэд гайхан ямар учраас ийм нүгэлт хоёр сүнс Вайкунтхийн гаригт хүрэх эрхийг олж авсныг асуув.

Йамаража хариулсан нь: “Ганга мөрний эрэг дээр Ват нэрт Бурхан Вишнугийн аугаа их чин бишрэлтэн амьдарч байв. Тэрээр шунал тачаал хийгээд сувдаг хомхой сэтгэлээс ангид нэгэн байлаа. Тэрээр өдөр бүр “Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийг уншдаг байсан юм. Тийн нас нөгчөөд тэрээр шууд л Вайкунтхийн гариг тийш зорин одсон билээ. Өдөр бүр “Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийг давтан уншдаг байсны ачаар түүний бие махбодь туйлын цэвэр ариун болсон ба энэ чин бишрэлтний гавлын ясанд шүргэн хүрэлцсэнээр та хоёр ч Вайкунтхид хүрэх боломжийг оллоо. Үүнд “Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийн яруу алдар орших бөлгөө.

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Йамаражаас “Бхагавад гита”-гийн гайхам алдрыг сонсоод тэд маш их аз жаргалыг мэдэрч тэднийг Вайкунтхийн зүгт авч одох цэцгэн хөлөг онгоцонд суув.

“Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийг сонссон ямар ч хүн тэр ч атугай тэрээр хамгийн их нүгэлтэн байлаа ч Вайкунтхийн гаригт гарцаагүй хүрэх болно”.

Бхактивинода Тхакур

Энэхүү найруулал нь анх удаа Шрила Бхактивинода Тхакурын “Шри Чаитанйа Махапрабху: Түүний амьдрал ба сургаал” нэртэй багахан бүтээл байдлаар гарч байжээ.( 1896 оны наймдугаар сарын 20 )/

Чаитанйа Махапрабху нь Христийн тооллоор 1486 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Шакабда календариар 1407 онд Пхалгуна сарын 23ны орой нар жаргасны яг дараа Надий хотод Майапурт төржээ. Түүнийг төрөх үед сар хиртэж байсан ба Надийн оршин суугчид ийм тохиолдол бүрд үйлддэг заншлаараа “ Харибол” хэмээн чангаар хашгирч орчны агаарыг доргион, Бхагиратха голын уснаа угаал үйлдэж байв. Түүний эцэг, ведийн нийгмийн ядуу брахман Жаганнатха Мишра, Түүний эх буянлаг эмэгтэйчүүдийн хэв загвар болсон Шачи-деви хоёр хоёулаа Сйлхет тойргоос гаралтай брахманы ураг төрөлд хамаардаг байжээ. Түүний ээжийн эцэг нэр алдарт зурхайч Пандит Ниламбара Чакраварти жаахан хүүг өөрийнхөө цаг үед аугаа хүн болно гэж зөгнөн хэлж байв. Иймээс ч тэрээр түүнд Вишвамбхара гэдэг нэрийг өгчээ. Хөрш зэргэлдээ амьдардаг эмэгтэйчүүд түүний арьсны өнгө нь алтлаг учраас Гаурахари гэж нэрлэдэг байсан ба харин ээж нь Түүнийг ойролцоохон нь төрсөн нимба модыг бодож Нимаи хэмээн нэрлэсэн байна. Жаал хүү маш үзэсгэлэнтэй байсан учраас хүмүүс Түүнийг хараад хараад ханадагүй байв. Өсч том болсоор Тэрээр өөрийн дур зоргоор, цовоо сэргэлэн нэгэн болж хувирав. Таван нас өнгөрмөгцөө патхашалд явах болж тэнд тэрээр богино хугацаанд бенгали хэлийг сурчээ.

gauranga_clip_image002_0000.jpg

Түүний намтрыг өгүүлэгч-нэгэн үеийнхэн нь Түүний амьдралын нэг тохиолдол үйл явдлыг бүгд дурсан өгүүлсэн байдаг. Энэ нь мөн чанартаа түүний гайхамшгуудын анхных нь байсан юм. Түүнийг бүр хөхүүл жаахан байхад тасралтгүй уйлах үед хөрш бүсгүйчүүд нь “Харибол!” хэмээн хашгирахуйд тэрээр тэр дорхноо уйлахаа больдог байсан гэж ярьцгаадаг. Ийм учраас түүний эцэг эхийн гэрт манай баатрын ирээдүйн үүрэг даалгаврыг зөгнөн “Харибол” хэмээх уухайлал байнгад сонсогддог байв. Зарим нэг нь ийм түүхийг ярьцгаадаг. Мөн нэгэн удаа ээж нь түүнд чихэр өгчээ. Харин тэрээр түүнийн идэхийн оронд шавар идсэн байна. Ээж нь түүнээс чухам яагаад ингэж буйг нь асуухад тэрээр чихэр гэдэг бол өөр төлөвт хувирсан шавар л юм. Тийм болохоор шавар идэж болно гэж тайлбарлажээ. Гэвч ээж нь мөн пандит хүний эхнэр байсан тул бүх зүйлийг тодорхой төлөвт тодорхой байдлаар хэрэглэж болно гэж тайлбарласан байна. Шороог хувин хэлбэрээр усны сав болгон ашиглаж болох ба харин шороог тоосго хэлбэрт байх үед нь бус. Иймээс чихэр хэлбэртэй шороог идэж болох ба харин өөр хэлбэрүүдийг нь идэж болохгүй. Энэ нь жаалхүүг итгүүлж дөнгөсөн бөгөөд тэрээр шороо идэх нь тэнэг хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч, цаашид энэ мэт алдаа гаргахгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн өөр нэгэн гайхамшгийн тухай ярьцгаадаг. Нэгэн брахман – мөргөлчин тэдний гэрт саатжээ. Тэрээр хоолоо бэлтгэж түүнийгээ Кришнад өргөн залбирал уншиж эхлэв. Энэ мөчид жаалхүү хүрч ирээд бэлдсэн цагаан будааг нь идчихэв. Брахман ч жаалын үйлдэлд ихэд гайхжээ. Ингээд тэрээр Жаганнатха Мишрын хүссэнээр дахин будаа бэлдэж гэнэ. Гэтэл брахманыг бясалгал үйлдэн хоолоо өргөх үед нь жаалхүү дахиад л будааг нь идчихэв. Брахманыг гуравдахь удаагаа хоол бэлдэхийг хүсэж ятгав гэнэ. Тэр үеэр гэрийн бүх хүмүүс унтсан байсан ба харин жаалхүү энэ удаа мөргөлчний өмнө Кришна дүрээр заларч, түүнийг адислажээ. Өөрийн мөргөл бишрэлийн объектыг харсан брахман ч онгод хөөрөлд автав. Өөр бас нэгэн түүхийг ярьцгаадаг. Хоёр хулгайч жаалхүүгийн үнэтэй гоёл чимэглэлийг хулгайлахаар түүнийг эцгийнх нь гэрээс хулгайлан авч явжээ. Замдаа тэд жаалыг амттанаар дайлж гэнэ. Жаал өөрийн хуурмаг эрчмийг гаргаж, буруу замаар нөгөө хоёр хулгайчийг буцаагаад өөрийнхөө гэрийн хаалган дээр аваад иржээ. Хулгайчид баригдахаас эмээн жаалхүүг орхиод арилж өгсөн байна. Мөн жаалхүүгийн тухай өөр нэгэн гайхамшгийн тухай ярьцгаадаг. Нэгэн удаа тэрээр Хиранйа, Жагадиша нараас тэдний Экадешийн өдөр Кришнад мөргөхөөр цуглуулж хуримтлуулсан өргөл хандивыг нь шаардсаар байгаад авчихжээ. Тэрээр дөрвөн настай байхдаа ээж нь бузар хэмээн хаясан гал тогооны хаягдал ваар саван дээр суудаг байв. Тэрээр ээждээ, хоол хийхээ больсон ваар сав хаягдал болсныхоо дараа бохир ч байж чадахгүй, цэвэр ч байж чадахгүй хэмээн тайлбарлаж байжээ. Энэ бүх тохиолдлууд түүнийг таван нас хүрэхээс өмнө их жаахан байх үеийн үйл явдлууд юм.

Найман настайдаа тэрээр Майапур гацаанаас холгүй орших Ганганагарт Гангадас Пандитаас тол авчээ. Хоёр жилийн туршид санскрит хэлний дүрэм ба дуудлагыг сайтар эзэмшсэн байна. Цаашдаа тэрээр сурах ажлаа өөрийнхөө гэрт үргэлжлүүлсэн бөгөөд эцэг нь пандит хүн байсан тул түүний олон чухал номыг тэндээс олжээ. Тун магадлалтай нь тэрээр өөрөө бие даан смритийг судласан байж болох ба мөн нйайаг үзэж, алдар нэрт Пандит Рагхунатха Широмани удирдлаган дор суралцаж байсан өөрийн найз нөхөдтэйгээ мэтгэлцдэг байв.

Ингээд арван нас хүрмэгц тэрээр дүрэм, дуудлага, смрити, нйайагийн нэн том мэдлэгтэн болсон байлаа. Чухам тэр үед түүний ах Вишварупа гэрээ орхиж, саннйасын ашрамд шилжив. Чаитанйа тэр үед бяцхан жаалхүү байсан ч эцэг эхдээ хандан Бурханд ханамж өгөхийн тулд тэдэнд үйлчлэх болно хэмээн тайвшруулж байжээ. Энэ үйл явдлаас хойш удалгүйгээр эцэг нь таалал төгсөв. Түүний ээжид энэ байдал гүн гүнзгий туссан байна. Харин үргэлжид сэтгэл амгалан мэт харагдах Махапрабху бэлэвсэрч хоцорсон ээжийгээ тайвшруулж, сэтгэлийг нь засаж байв.

14-15 насандаа Махапрабху мөн Надийн удам гаралтай Валлабхачарийн охин Лакшмидевитэй гэрлэв. Тэр тед тэрээр нйайан гүн ухаан болон санскрит хэлний мэргэн ухааны нийслэл гэж алдаршсан Надийн шилдэг эрдэмтдийн нэг хэмээн тооцогдож байлаа. Тэр бүү хэл смарта пандитууд байтугай нйайачууд түүнтэй дүрэм зүйн талаар мэтгэлцээн хийхээс айх болжээ. Гэр бүлтэй болсон учраас тэрээр хөлжиж чинээлэгжихээр Падма голын эрэг дэхь Дорно Бенгалийг зорив. Тэнд тэрээр өөрийн эрдэм ухаанаа нээн үзүүлж тодорхой хэмжээний мөнгө олжээ. Энэ үед мөн үе үехэн вишнуизмыг номлож байв. Тапанамишраг вишнуизмын зарчимд сургаж тэрээр түүнийг Бенарест очин тэнд суурьшихыг тушаан даалгажээ. Түүнийг Дорно Бенгалид байх үед эхнэр Лакшмидеви нь могойнд хатгуулан нас нөгчив. Гэртээ буцан ирж уй гашууд автсан ээжтэйгээ уулзаж хүний амьдралын хэврэгхэн тухай өгүүлж аргадан тайтгаруулав. Ингээд түүний хүсэлтээр тэрээр Ража Пандит Санатана Мишрын охин Вишнуприйатай гэрлэжээ. Түүний найз нөхөд түүнийг праваса буюу гэрээсээ түр явах үйлээсээ буцан ирмэгц нь түүнтэй ирж нэгдэв. Аугаа их Дигвижайя хэмээн өөрийгөө нэрлэсэн Кашмирын Кешава Мишра эндэхийн пандиттай ном хаялцахаар Надийд ирсэн байна. Ялагдашгүй пандит гэж нэрлэгдсэн этгээдээс айж Надийн толын профессор хэн нэгнээс урилга заллага авсан хэмээх нэрээр хотыг орхин оджээ. Кешава Майапур дахь Барокона-гхатад Махапрабхутай учрав. Богинохон хугацааны мэтгэлцээний эцэст залуу хүү бүрэн дүүрэн ялалтыг олов. Ичиж зовсон пандит нуугдахаас өөр аргагүй болсон ба энэ цаг үеэс эхлэн Нимаи Пандит өөрийн цаг үеийнхээ хамгийн нэртэй томоохон пандит болжээ.

Тэрээр 16-17 настай байх үедээ өөрийн олон шавь нарын хамтаар Гайаг зорин аялсан бөгөөд алдар цуут Мадхавендра Пуригийн шавь саннйаса-ваишнав, Ишвара Пуригээс бурханлаг сахилыг хүртжээ. Ингээд Надийн зүгт буцах үед Нимаи Пандит шашны номлогч болон хувирсан бөгөөд түүний бишрэл сүсэгт дүр төрх хурцаар илэрч байлаа. Чаитанйагаас насаар ахмад Адваита Прабху, Шриваса болон бусад ваишнавын итгэл үнэмшлийг номлогч асан бусад хүмүүс залуу хүүгийн өөрчлөгдөн хувирсныг хараад туйлын ихээр гайхав. Тэрээр аль хэдийнээ нйайак нартай мэтгэлцэхэд хэзээд бэлэн мэтгэлцэгч, смарта нартай улайран ном хаялцагч, хорон үгтэй яруу илтгэгч биш болсон байлаа. Харин Кришнагийн нэрийг сонсмогц онгод хөөрөлд ордог өөрийн шүтлэг бишрэлт мөн чанарынхаа улмаас бурханаас урамшуулагдсан нэгэн мэтээр биеэ авч явах болжээ. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан Мурари Гупта тэрээр Шриваса Пандитын гэрт дийлэнхи нь эрдэм боловсролт пандит нараас бүрдсэн өөрийн олон зуун дагалдагч нарын нүдэн дээр бурханлаг хүч чадлаа үзүүлсэн тухай дүрслэн өгүүлсэн байдаг. Чухам энэ үед тэрээр Шриваса Пандит болон түүний үнэнч шавь нартай хамтран киртаны оройн сургуулийг нээжээ. Тэр сургуульд тэрээр багшилж, дуулж, бүжиглэж, шашны олон янзын мэдрэмжийг үзүүлж байв. Энэ үед түүн дээр вишнуизмыг номлогч, бүх Энэтхэгээр зорчих аялалаа дуусч байсан Нитйананда Прабху ирж нэгджээ. Үнэн хэрэгтээ, чин үнэн сэтгэлтэй, цэвэр ариун зүрхтэй пандитууд буюу Бенгалийн өнцөг булан бүрээс ирсэн вишнуизмын номлогчид түүнтэй нэгдсэн байсан ба Нади хот, үүрэг зорилго нь хүн төрөлхтөнийг вишнуизмын итгэл үнэмшлийн дэвшилтэт нөлөөллөөр ариусган бурханлагжуулах олон олон ачарйа-ваишнавуудын байнгын оршин амьдрах газар мэт болсон байлаа. Түүний Нитйананда Прабху, Харидас нарт өгсөн анхны даалгавар нь ийм байлаа: “Явцгаа, найзуудаа, хотын гудамжаар явагтун. Байшин болгоны үүд хаалган дээр байгсадтай танилц. Тэднийг Харигийн ариун нэрийг дуулж, ариун гэгээн амьдралаар замнахыг хүс. Дараа нь над дээр ирж, орой бүр номлолынхоо үр дүнгийн талаар мэдэгд”. Энэ тушаалаар зэвсэглэсэн хоёр номлогч хот руу орж, хамгийн булай бузрын илэрхийлэл болсон Жагаи, Мадхаи нартай учрав. Энэ хоёр этгээд тэдний гуйлт номлолыг сонсмогц номлогч нарыг дайран доромжилсон боловч удалгүй Бурханы илгээсэн бхакти ( чин бишрэл )-ийн нөлөөгөөр ваишнавууд болцгоосон юм. Энэ нь надийн бүх оршин суугчдыг гайхашралд оруулав. Надийн суугчид өөр хоорондоо: “Нимаи Паíдит зүгээр ч нэг аугаа суут хүн биш ажээ. Тэр гарцаа байхгүй Бүхнийг чадагч Бурханы элч байж таарна” хэмээн шагшин ярьцгаана. Энэ цаг мөчөөс эхлэн хорин гурван нас хүртлээ Махапрабху өөрийн зарчим номлолоо зөвхөн Нади төдийгүй энэ хоттой хөрш зэргэлдээ оршдог бүхий л чухал хот, тосгодоор номлосон юм. Өөрийн шавь нарын гэрт гайхамшгийг үзүүлж, бхактийн эзотерик зарчмыг заан сургаж, бусад бхакта нартай хамтран санкиртан дуулдаг байв. Түүний Надийн шавь нар Харигийн ариун нэрийг хотын гудамж талбай, худалдааны захаар дуулан явдаг байжээ. Энэ нь нүсэр их дуулианыг дэгдээж, олон янзын айл өрхөд өөр өөр мэдрэмжийг төрүүлж байв. Бхактагууд үүнд нэн их сэтгэл ханамжтай байсан ба харин смарта брахманууд Нимаи Пандитын амжилтанд атаархаж, түүнийг индуизмын зарчим суртахуунтай харшилсан үйл үйлдэж байна хэмээн буруутгаж Чханд Казид алтан хошуу өргөв. Кази Шриваса Пандитын гэрт очиж тэнд байсан мридангийг( кхол бөмбөр ) хэмхэлж, хэрэв Нимаи Пандит эргэн тойронд болж буй өөрийн эргэлзээ төрүүлсэн шашны номлолныхоо дуулиан шуугианыг зогсоохгүй бол түүнийг болон түүний шавь нарыг мусульман шашинд оруулах болно хэмээн занажээ. Энэ мэдээ Махапрабхуд хүрсэн байна. Тэр даруйдаа тэрээр хотын оршин суугчдыг орой гартаа дэнлүү барьж цуглахыг хүсэв. Тэд ч хэлснийг нь биелүүлсэн ба Нимаи 14 бүлэгт хуваасан өөрийн санкиртаны жагсаалыг удирдан толгойлжээ. Казийн байшинд хүрээд түүнтэй маш удаан ярилцсан бөгөөд эцэст нь тэрээр Казийн биед хүрсэн нь тэрхэн даруйдаа түүний зүрхэнд нөлөөлж Кази нулимс урсган уйлж тэрээр түүний эргэлзэн тээнэгэлзэж байсан бүхнийг арилгаж, түүнийг эгэл бус онгод хөөрөлд оруулсан бурханлаг мэдрэмжийг сэрээсэн гүн гүнзгий бурханлаг цочирдлыг мэдэрснээ хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Кази санкиртан хөдөлгөөнтэй нэгджээ. Бүх ертөнц даяараа Аугаа Бурханы бурханлаг хүч чадлыг шагшин гайхсан ба энэ үйл явдлын дараагаар олон зуун тэрс үзэлтнүүд Вишвамбхарын талд орсон байна.

gauranga_clip_image002_0001.jpg

Энэ явдлын дараагаар Кулийн хэд хэдэн атаач, хөөрхийлөлтэй брахманууд Махапрабхутай маргалдах шалтаг хайж, түүний эсрэг хуйвалдаан зохиов. Мөн чанарынхаа хувьд Нимаи Пандèт хэдий өөрийн зарчимд маш хатуу гэлээ ч өрөвч зөөлөн зүрх сэтгэлтэй нэгэн байв. Тэрээр хагарал бутралын сэтгэл, анги сектээр ялгах үзэл нь хөгжил дэвшлийн хоёр том дайсан юм хэмээн тайлбарлаад түүний үйл хэрэг бүрэн дүүрэн амжилттай болтол тодорхой овог удамд харъяалагдах Надийн оршин сугч байсаар байх болно гэжээ. Ингээд тэрээр гэр бүл, каст, шашин шүтлэгийн хэлбэр зэрэг бүх холбоогоо таслаж ертөнцийн иргэн болохоор шийдсэн ба энэ шийдвэрээ өвөрлөн хорин дөрвөн насандаа Катвад ирж энэ хотод амьдарч асан Кешава Бхаратигаас саннйасын сахил хүртжээ. Ээж болон эхнэр нь түүнээс хагацан салсны улмаас гашуунаар уйлан хайлан байсан ч манай баатар хэдий өрөвч зөөлөн сэтгэлтэй ч өөрийн зарчимдаа нэн хатуу байсан юм. Тэрээр үй түмэн хүнтэй Кришнагийн хязгааргүй бурханлаг ертөнцийн тулд өөрийн гэр хэмээх бяцхан ертөнцийг орхижээ.

Саннйасийн сахил хүртсэнийх нь дараагаар Адваита Прабху Шантипур дахь өөрийн гэртээ түүнийг морилон саатахыг хүсэв. Адваита тэдний зүгт Надийн Чаитанйагийн найз нөхөд, хүндэлж бишрэгсэдийг болон хүүгээ харахыг хүссэн Шачидевийг аваачих ажлыг зохион байгуулсан байлаа. Саннйасийн хувцас өмссөн хүүгээ хараад баяр жаргал, зовлон гуниг нэгэн зэрэг зүрхэнд нь оволзов. Кришна Чаитанйад яг л санниас хүнд байдагчлан зөвхөн ъаупина, бахирваса л байлаа(дээгүүр өмсөх өмсгөл). Толгойдоо үс үгүй болсон байсан хийгээд гартаа данда ( таяг ), камандала ( огоорогч нарын хэрэглэдэг усны сав ) барьсан байв. Гэгээн хүү нь хайрт ээжийнхээ хөлд сөхрөн унаж, өгүүлсэн нь: “Ээж минь ээ! Энэ бие маань таных билээ. Би таны заавар тушаалыг даган биелүүлэх ёстой. Та намайг бурханлагаар төгөлдөржихийн тулд Вриндаван тийш зорин явахыг зөвшөөрөөч ” гэв. Ээж нь Адваита болон бусад хүмүүстэй зөвшилцөн хүүгээ Пурид( Жаганнатха хот дахь ) байхыг хүсэв. Махапрабху ч энэ хүсэлтийг хүлээн авч, хэдэн хоногийн дараагаар Шантипурийг орхиж Ориссийг зорилоо. Шантипуриэс Пури хүртэл хийсэн Кришна Чаитанйагийн( саннйаси болсноор тэрээр ийм нэрийг авчээ) аялалын тухай түүний намтарт дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэрээр Бхагиратхийн эрэг дагуу явж одоогийн Тхана Матхурапур( Алмазан Гавань, 24 Парган ) орших Чхатрабхоги хүрчээ. Тэндээс нэгэн завь хөлсөлж түүгээр Миднапурын хязгаарт орших Прайага-гхата хүрсэн ба дараа нь замдаа Бхуванешварын сүмийг үзээд Баласор, Пуригийн Каттакт хүрч ирэв. Пурид ирэх үедээ тэрээр сүмийн Жаганн ƒ тха шүтээнийг үзсэн бөгөөд Сарвабхаумын хүсэлтээр түүний гэрт саатав. Сарвабхаума нь өөрийн цаг үеийнхээ аугаа пандит байсан ба түүний уншсан зүйлд хязаар үгүй байлаа. Тэрээр тэр үеийн шилдэг наийак байсан бөгөөд хамгийн төгс мэдлэгтэй эрдэмт гүн ухаантан, Шанкарачарйин сургуулийн ведантын гүн ухааны их мэдлэгтэн хэмээн алдаршсан нэгэн байв. Тэрээр Надийд( Видйанагар ) төрсөн ба өөрийн толд хязгааргүй олон тооны шавь нарыг сурган боловсруулжээ. Дараа нь Нимаи Пандитыг төрөхөөс өмнөхөн тэрээр Пурид нүүн ирсэн ажээ. Түүний хүргэн, Гопинатха Мишра Сарвабхаумад манай шинэ саннйасийг танилцуулжээ. Сарвабхаумаг түүний гоо үзэсгэлэн гайхашруулсан бөгөөд ийм залуу хүний хувьд бүхий л амьдралынхаа туршид саннйасийн дхармаг баримтлах нь амар биш хэмээн айн болгоомжлов. Махапрабхуг аль Надид байхаас нь мэдэх Гопинатха түүнийг ихээр хүндэтгэдэг ба энэ саннйаси нь эгэл жирийн нэгэн бус хэмээн мэдэгдэв. Энэ үндэслэлээр Гопинатха болон Сарвабхаума нарын хооронд халуухан маргаан дэгджээ. Дараа нь Сарвабхаума тэрээр Веданта-сутрыг хэрхэн уншихыг сонсооч хэмээн Махапрабхугаас хүссэн бөгөөд тэрээр түүнийг нь санаатайгаар зөвшөөрсөн байна. Чаитанйа маш чухал, няхуур царай гарган долоо өдрийн туршид Сарвабхаумын ярьсан болгоныг нь сонсов. Долоо дахь өдөр болоход Сарвабхаума хэлсэн нь: “Кришна Чаитанйа! Чи Ведантыг ойлгохгүй л байх шиг надад санагдаж байна. Учир нь миний уншлага болон тайлбарыг сонссон атлаа ганц ч үг хэлсэнгүй шүү дээ ” гэв. Үүнд хариу болгож Чаитанйа, тэрээр су трыг сайтар ойлгодог ч Шанкарачарйа өөрийн тайлбараараа юу хэлэх гээд байгааг нь ойлгодоггүй хэмээн хариу өчжээ. Энэ хариултанд цочирдон гайхсан Сарвабхаума: “Чи сутрыг ойлгодогч харин түүний тайлбарлан өгүүлсэн тайлбарыг ойлгодоггүй гэдэг чинь байж болох уу? За яахав, хэрэв чи сутрыг тийм сайн ойлгодог юм бол надад өөрийн тайлбараа хэлж өгнө үү” хэмээн өгүүлэв. Ингээд Махапрабху Шанкарын пантеист тайлбарыг хөндөлгүйгээр бүхий л сутрыг өөрийнхөөрөө тайлбарласан байна. Сарвабхаумын хурц ухаан, Чаитанйагийн тайлбараас үнэн байдал, аргументчлалын гоо сайхан, хэв зохицлыг олж ажсан агаад Брахма-сутрыг тийм энгийнээр тайлбарлаж чадах хүнийг анх удаагаа харж буйгаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр Шанкарын тайлбар нь Махапрабхугаас хүлээн авсан Веданта-сутрын тийм энгийн тайлбарыг агуулаагүй гэдгийг мөн хүлээн зөвшөөрсөн юм. Эцэст нь тэрээр өөрийгөө ялагдсаныг хүлээж, түүний дагалдагч болж Чаитанйагийн талд оров. Энэ тухай бүгдэд тодорхой болмогц бүх Орисс даяар Кришна Чаитанйаг магтан шагшицгаасан байна. Зуу зуун хүмүүс түү рүү хүрэлцэн ирж түүний шавь болсон бөгөөд тэр үеэр Махапрабху Өмнөд Энэтхэгийн зорин явахыг бодолхийлэх болсон ба тэрээр Кришнадас Брахман гэгч хүнийг дагуулан энэ аялалдаа гарчээ.

Түүний намтарт энэхүү аялалыг дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эхлээд тэрээр уяман өвчнөөр өвдсөн Васудева нэрт хүнийг эмчилж гайхамшгийг үзүүлсэн Курмакшетрад ирэв. Годавари голын эрэг дээр тэрээр Видйанагарын амбан сайд Рамананда Райтай уулзсан ба тэдний хооронд према-бхактийн тухай гүн ухааны яриа хүүрнэл өрнөсөн юм. Тэрээр бас нэгэн гайхамшгийг үзүүлсэн нь: нэг хүрэлтээрээ тала нэрт долоон модыг ор үндэсгүй алга болгосон ба тэр модны араас Дашаратха хааны хүү Рамачандра сумаа харваж, аугаа демон Бали Ражийг устган дарж байсан ажээ. Тэрээр өөрийн бүхий л аялалын туршид вишнуизм ба нама-санкиртаныг номлож байсан юм. Тэрээр борооны улирлыг өнгөрүүлэхийн тулд Рангакшетрад Венката Бхаттын гэрт саатсан байна. Тэнд тэрээр Раманужийн вишнуизмын дагалдагч Венкатын бүхий л гэр бүлийг тэр ч бүү хэл түүний арван настай жаалхүү Гопалыг ч Кришна- бхактийн зам мөрт хандуулав. Тэр жаалхүү хожим нь Вриндаванд ирж, Шри Кршна Чаитанйагаар толгойлуулсан зургаан Госвамийн нэг болсон юм. Өөрийн авга ах Прабодхананда Сарасватигаар санкрит хэлийг заалгаж Гопал вишнуизмын чиглэлээр хэд хэдэн ном бичжээ.

Чаитанйа Өмнөд Энэтхэгийн хэд хэдэн газар нутгаар явж Коморины булан хүртэл аялав. Хоёр жилийн дараагаар Бхима голын Пандепураар дамжин Пурид буцан иржээ. Энэ хотод тэрээр нэгэн Тукарама гэгч хүнд бурханлаг гэгээрлийг хайрласан ба тэрээр энэ цаг мөчөөс эхлэн шашны номлогч болон хувирсан байна. Тэрээр энэ тухай баримтаа өөрийн намтартаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь бомбейгийн Иргэний Үйлчилгээний ажилтан мистер Сатйендра Натх Тагорын нэгэн номонд орсон байсан. Энэ аялалынхаа үеэр тэрээр буддын шашинтан, жаинууд майавадуудтай ярилцаж, өөрийн сөргөлдөгч нарыг вишнуизмд татан оруулж байлаа.

  “Бурхан Чаитанйагийн сургаал” номоос товчлон орчуулсан: Балабхадра дас

Иракт болсон дайныг олон хүмүүс Дэлхийн Гуравдугаар дайны эхлэл хэмээн тооцож байсан цаг саяхан. Ирээдүйд хүн төрөлхтнийг чухам юу хүлээж байна вэ? Соёл иргэншил мөхөх үү? Эсвэл шинэ хөгжил цэцэглэлтийн эрин үе эхлэх үү? Бидний амьдарч буй цаг үеийн онцгой төлөв байдлын тухай өгүүлсэн янз бүрийн эх үүсвэрээс гаралтай олон тооны зөгнөлүүд байдаг нь гайхалтай. Хэдийгээр зөгнөлүүд заримдаа бүрэн дүүрэн найдвартай биш байдаг ч тэд бүгдийг “эргэцүүлэн бодох хэрэгтэй мэдээлэл” хэмээн хүлээн авах нь зүйтэй болов уу…

Нострадамус

Ингээд хамгийн “нэр цуутай” зөгнөгч Мишель Нострадамусаас эхлэе. Дмитрий, Надежда Зима нарын “Нууц кодот Нострадамус” номонд түүний зөгнөлийн нууцлагдмал он дарааллын түлхүүрийг зөвөөр тайлж болох түлхүүрүүд олдож болохоор байдаг. Бүхэл бүтэн дайны ээлж халаа болон хүчтэй газар хөдлөлт болсны дараагаар Дэлхий дээр Алтан эрин тогтох ёстой ба энэ нь ойролцоогоор 2035 он. Энэ нь хүмүүсийн мартаж орхисон эртний ямар нэгэн бурханлаг ном сургаал энэ ертөнцөд буцан ирэхтэй холбоотой. Иракт болох үйл явдлыг Нострадамус гайхамшигтай тодорхойгоор дурдсан байдаг: “Хоёр голын хоорондох нутгийг ( Иракийн нутаг дэвсгэр ) дайнч зүүн гар заана… ” ( 9,76 ). (Д өч ба таван градусаар тэнгэр шатах болно. Түймэр аугаа их шинэ хотын зүгээс ойртон дөтлөнө…)(6.97) .

golden age_clip_image002.jpg

( Баруун уртрагийн дөчин таван градуст Багдад хот оршдог, “шинэ хот” гэдэг нь Нью-Йоркийг зааж буй) Биднийг хүлээж буй зүйлсийн талаар бага зэрэг өгүүлсэн байдаг. Бүх түгшүүр төгсөх үед: “Үүний дараагаар Алтан эрин эхэлнэ. Бурхан болоод хүмүүсийн хоронд энх тайван тогтоно. Бурханлаг эрх мэдэл өөртөө аугаа их бүрэн эрхийг буцаан авч ирмүй”( “Генрид явуулсан илгээмж”-ээс ). “Үхэл, алт, нэр хүнд, эд баялагийг Үл тоогч гүн ухаантнуудын шинэ анги” бий болох ба “тэд төрөлхи нутгийн уул нуруудаар үл хязгаарлагдан, шавь нар нь дэмжлэг туслалцаа, эвлэрэл нягтралыг олж авна”( 3.67 ).

Ванга

Бүх дэлхий нийтээр сохор эмээ Ванга хэмээн алдаршсан Вангелия Пандева Гуштерова өөрийн үеийнхнийг өөрийн гайхалтай зөгнөлүүдээр нэг бус удаа гайхшруулж байсан билээ. Заримдаа Ванга эмээ бүх хүн төрөлхтний ирээдүйн тухай гайхалтай зөгнөлүүдийг хэлдэг байв. Хамгийн сонирхолтой нь тэнд мөн л Иракийн дайны тухай болон эртний сургаал номын тухай дурдсан байдаг. Тийнхүү тэрээр нэгэн удаа: “Тун удахгүй дэлхий дээр нэн эртний сургаал залрана. Энэ цаг мөч хир хурдан ирэх вэ? хэмээн надаас асуудаг. Үгүй, тун удахгүй. Бүр Сирийг унахаас өмнө!”( Сири нь Ирактай зэргэлдээ оршдог улс ба түүнээс гадна Ванга сулхан, тод бус хэлсэн учраас магадгүй тэрээр “Ассири”гэж хэлсэн байж ч болох талтай. Энэ нь орчин үеийн Иракийн нутаг дэвсгэр дээр оршиж асан эртний гүрэн юм ). Ванга эмээгийн өөр хэд хэдэн зөгнөлүүд байдаг: “Буяны хэмээн нэрлэж болох цаг хугацааны шинэ мөчлөгт Дэлхий орох болно…Ирээдүй үе маань буянт хүмүүсийн харъяанд байх ба тэд одоо бид төсөөлөхөд ч бэрх тийм гайхамшигтай сайхан ертөнцөд амьдрах болно…Нуун дарсан бүх алт ил гарах боловч ус алга болно. Ингэж урьдчилан тодорхойлогдсон. ( “Алт” гэдгийг энд жинхэнэ мэргэн ухаан гэдэг утгаар хэрэглэжээ. )…Дэлхий дахинаа хамгийн эртний сургаал ном эргэн ирнэ. Нэн эртний Энэтхэгийн сургаал ном оршин байх ба тэр сургаал нь бүх дэлхийгээр түгэн тархана. Түүний тухай шинэ шинэ номууд хэвлэгдэн гарах бөгөөд тэднийг Дэлхийн өнцөг булан бүрд унших болно ”.

Библийн зөгнөл

Библи дотор манай цаг үеийн тухай хоёр зөгнөл агуулагддаг. Энэ нь “Зөгнөгч Даниилийн ном”, Иоанн Богословын ( “Шинэ гэрээ” ) Апокалипсис ( Нээлт ) нар юм. Зөгнөгч Даниил, “Хаант улс, засаглал, тэнгэрийн доорхи бүхий л хаант улсын аугаа байдал зэрэг нь Бүхний Дээдийн ариун ард түмэнд олгогдоно. Түүний хаант улс нь мөнх ба бүх удирдан залуурдагч нар нь Түүнд үйлчлэн, захирагдах болно” ( Дан. 7.27 ) хэмээн ирэх цаг үеийн тухай өгүүлжээ. Иоанн Богослов: “Тэр тэдэнтэй хамт орших болно; тэд Түүний ард иргэд нь болж, Бурхан өөрөө тэдний Бурхан нь болно ”( Иоанн,21.3 ). Харин сатана “мянган жил гинжлэгдэж, ард түмнийг огтхон ч уруу татан хорлохгүй”. Нострадамусын он тооллын нууцыг тайлсан Дмитрий, Надежда Зима нар Даниил, Иоанн Богослов нарын дурдсан цаг үеийг тооцоолон олох түлхүүрийг олсон юм. “Цаг хугацааны төгсгөл” буюу шинэ цаг үеийн эхлэл нь хоёр номонд өгүүлсэн зөгнөлөөр бол хоёулаа 2038 оныг зааж буй бөгөөд энэ нь Нострадамусын өгүүлсэн он цагтай бараг адил байгаа юм.

Долоо дахь Любавийн ребе

Хасидизм нь арван наймдугаар зууны үед үүссэн иудаизмын нэг чиглэл юм. Хасидууд дуулан бүжиглэж Бурханыг баяр хөөртэйгээр магтан алдаршуулж нүглээ наминчилдаг( энэ нь арван зургаадугаар зуунд Шри Чаитанйагийн Бенгалид үндэслэсэн санкиртан хөдөлгөөнтэй маш их төстэй ). Бүх дэлхийн хасидуудын тэргүүн нь багш, бурханлаг сурган номлогч Любавийн ребе байдаг. Любавийн ребийн дарааллаар долоо дахь нь Менахем-Мендл Шнеерсон( 1902-1994 ) байсан ба тэрээр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш иудаизмыг сэргээн хөгжүүлэх үйлсэд асар их амжилтыг олсон нэгэн юм. Өөрийн амьдралын сүүлчийн он жилүүдэд тэрээр Мошиахын удахгүй залрах тухай байнгад ярьдаг байжээ. (Мошиах гэдэг нь бүх хүн төрөлхтөнд бурханлаг ангижралыг авч ирэх ёстой элч). Жишээ нь, 1991 оны хавар: “Одоо та нар шинэ эринд амьдарцгаагтун. Түүнийг судла. Түүний тухай ярьцгаа. Энэ ертөнцийнхөө бүх нарийн ширийн зүйлсийг хянуур харцгаа. Энэ нь ямархан цаг зуурхны болохыг бодож төсөөлцгөө. Эндээ байгтун. Түүний ирэхийг хурдасгацгаа, мөн түүнийг тааламжтайгаар хүлээн авахад бэлтгэгтүн” гэсэн байдаг.

Мөхсөн тэнгисийн хуйлмал бичгүүд

1957 оны өвөл гурван бедиун малчин Мөхсөн тэнгисийн эрэг дээрхи Кумраны агуйгаас м.э.ө 68 онд ессеегүдийн сектийн нууж асан эртний хуйлмал бичгүүдийг олжээ. Эдгээр хуйлмал бичгүүдэд тэдгээрийн зарим нь аль хэдийнээ биелсэн олон зөгнөлүүд байв. Францын хэлний шинжлэлч Феликс Бонжан энэхүү хуйлмал бичгүүдийг судалсан эрдэмтдүүдийн нэг байв. Тэрээр, тэдгээр бичгүүдэд дараахь зүйлийг өгүүлсэн байсан тухай баталсан байдаг: “2025 оноос хүмүүсийн хувьд эдийн засгийн хямралгүй, гуйланчлал, дайнгүй аз жаргалтай зуун эхлэх ба 11191 он хүртэл үргэлжилнэ” гэжээ.

Елена Рерих

Елена Ивановна, Николай Константинович Рерих нар удахгүй дэлхий дээр шинэ галав буюу илүү дээд ухамсрын галав ирэх тухай олонтоо бичиж, өгүүлж байв. Эртний мэргэдийн нандин мэдлэг хүмүүст нээн танигдана. Энэ нь асар том үймээн сандралын цаг үеийн өмнө болно. Өөрийн сүүлчийн захидлуудын нэгэнд /1955 оны хоёрдугаар сарын 18/ Елена Рерих хорьдугаар зууны төгсгөлөөр болон хорин нэгдүгээр зууны эхлэлээр болох таагүй үйл явдлуудын тухай бичсэн байдаг: “Үйл явдал гэнэт хурцадна. .. Аймшигт цаг үе ариусгагч хуй салхиар дамжин өнгөрнө. Олон олон хүмүүс гариг дэлхий дээрээ болж буй үйл явдлын учир шалтгаан болоод утга учрыг ойлгохгүйд бэрхшээлийн үндэс оршино. .. Дэлхийн хэмжээний дайн гарахгүй ба харин зарим нэгэн сөргөлдөөнүүд л гарах болно”.

Ведүүд

Энэ тухай ведийн бичээсүүд юу гэж өгүүлдэг вэ? Ведүүд нь Дэлхий дээрхи нэн эртний мөн үүний хамт илүү бүрэн дүүрэн ариун судар бичээсүүд юм. Тэдгээр нь Орчлонгийн бүтэц тогтцын тухай, эргэн давтагддаг цаг үеийн тухай, өнгөрсөн болон ирээдүй цаг үеийн тухай маш оновчтой, шавхагдашгүй гайхалтай мэдээлллүүдийг багтаасан байдаг. Ведүүдээс мөн Бурхан Будда, Иисус Христ, Магомет, тэр ч байтугай английн хатан хаан Викторийн тухай зөгнөлийг ч олж уншиж болно. Ведүүд нь Дэлхий дээр ( Орчлон дээр ) байнга давтагддаг дөрвөн галвын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эдгээр нь Алтан эрин(Сатья-юга), Мөнгөн эрин(Трета-юга), Хүрэл эрин(Двапара-юга), Төмөр эрин(Кали-юга) юм. Та бид Төмөр эринд “тааламжтайхан” амьдарч буй билээ. Тэрээр ойролцоогоор 5 мянга орчим жилийн өмнө эхэлсэн ба үүнээс хойш мөн 427 мянган жил үргэлжлэх учиртай. Гэвч энэ Төмөр эрин нь жир бус(ийм тохиол нь 8 сая 640 мянган жилд ганхан удаа л тохиодог). Энэ эрин эхлээд 5 мянга жил болмогц(яг одооны энэ үе) Сатья-юга буюу жижиг Алтан эрин эхлэх ёстой. “Брахма-вайварта-пуранд” Бүхний Дээд Бурхан Кришна, (Кришна нь санскритаар Бүгдийг Өөртөө татагч гэсэн утгатай)Кали-юга эхэлсний дараагаар 5 мянган жил болмогц Түүний аугаа чин бишрэлтэн энэ ертөнцөд заларч хаа сайгүй Бурханы ариун гэгээн нэрийг давтан дуулах үйлийг түгээх болно гэжээ: “Зөвхөн Энэтхэг төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе хэмээн дуулах болно. Үүний ачаар бүх ертөнц нэгдмэл нэг болно. Тэр ертөнц Бүхний Дээд Бурханы чин бишрэлтнүүдээс бүрдэх болно. Бурханы чин бишрэлтэнгүүд нь маш ариун учраас тэдэнтэй уулзсан, харьцсан бүхэн өөрсдийн нүгэл хилэнцийн үр дагавраасаа ариусан цэвэрших болно. Энэ галав нь 10 мянган жил үргэлжилнэ”гэж айлджээ. 1966 онд Нью-Йорк хотноо ведийн мэдлэгийг бүх дэлхий нийтээр түгээн дэлгэрүүлэх зорилготойоогоор Олон Улсын Кришнагийн ухамсрын нийгэмлэгийг үндэслэгч Шрила Прабхупада бид 10 мянган жил үргэлжлэх Алтан эриний босгон дээр амьдарч буй тухай байнга ярьдаг байв. Доор америкийн тухайн үеийнхээ нэртэй яруу найрагч, хөгжмийн зохиолч Аллен Гинзбергтэй 1969 оны тавдугаар сард хийсэн түүний ярилцлагыг толилуулъя: Гинзберг: Харе Кришна мантраг давтан уншигч хүмүүсийн нэмэгдэх болов ууь эсвэл багасах болов уу? Та юу гэж бодож байна? Прабхупада: Нэмэгдэнэ, мэдээж нэмэгдэнэ. Одоо тэдний тоо улам л өсөн нэмэгдэх болно. Хүмүүс энэ боломжийг арван мянган жилийн туршид ашиглах боломжтой. Гинзберг : Харин дараа нь? Прабхупада: Дараа нь тэд аажмаар үүнийг хийхээ болино. Гинзберг: Энэ тэгэхээр сүүлчийн найдвар, сүүлчийн балгахан агаар гэсэн үг үү? Прабхупада(инээв): Тиймээ. Ийм учраас бид хэдийчинээ хурдан Кришнагийн ухамсрын зам мөрт орнов төдийчинээ сайн.

golden age_clip_image002_0000.jpg

Мөн түүний 1973 оны долдугаар сард доктор Арнольд Тойнбитэй хийсэн ярилцлагаас зарим нэг үгийг иш татъя: “Энэ Хөдөлгөөн нь өргөжин хөгжих болно. Арван мянган жилийн туршид Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь өсөн хөгжиж, өргөжин тэлнэ: үүний тухай ариун судар номуудад зөгнөсөн байдаг. Арван мянган жилийн туршид хүн бүр Кришнагийн ухамсрыг олж авах бүрэн боломжтой болох ба тийнхүү хүний амьдралын зорилгод хүрч болно. Харин энэ арван мянган жил төгсмөгц Кали-югийн харанхуй өдрүүд эхэлнэ. Гэвч цаг хугацаа байна. Арван мянган жил гэдэг бага хугацаа биш”.

“Гауранга.Золотой век” сонингоос орчуулсан: Балабхадра дас

Ведийн зурхайн ухаан нь орчин үеийн хүмүүсийн хувьд цоо шинэ эрдэм ухаан юм. Гэвч энэ мэдлэг нь гайхамшигтай шинжлэх ухаан бөгөөд түүнийг судлан шинжлэх, амьдрал ахуйдаа хэрэглэвэл нэн үр дүнтэй ба ихээхэн урам итгэлийг өгөх болно. Үнэт чулуудыг бид ердийн амьдралдаа гоёж гангарах, сайндаа сахиус болгон зүүхээс хэтэрдэгүй. Харин 5000 гаруй жилийн өмнө өгүүлэгдсэн анхдагч эртний чулуу судлалын ухаан нь үнэт чулууг зүүхийн арай өөр утга учрыг нээн өгнө. Үнэт чулуудыг хувь тавилангаа сайжруулах, орон гэрээ хамгаалах, таагүй тохиолдлоос сэргийлэх, аз хийморь, эд баялагаа нэмэгдүүлэх гэх мэтэд талисман буюу сахиус болгон зүүж хэрэглэж болдог. Эдгээрээс гадна үнэт эрдэнийн чулуудыг эмчилгээний зурхайн ухаанд эмчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь маш инээдтэй санагдаж болох юм. Ялангуяа орчин үеийн эмнэл зүйн ухааныг баримтлагчдын хувьд. Гэвч бодит байдал баримт нотолгоо хэвээрээ үлддэг. Чулууд нь эмчилдэг бөгөөд тэр ч байтугай орчин үеийн эмнэлгийн эмчилж чадахгүй байгаа өвчнийг ч эмчилдэг. Доор үнэт эрдэнийн чулуудын нөлөөллийн тухай бодит жишээг толилууллаа. Энэхүү түүхүүд нь бодит амьдрал дээр тохиолдсон жишээнүүд юм. Заримдаа хүмүүс орчин үеийн эмч нарын эмчилж оношилж чаддаггүй бие махбодийн болон сэтгэл зүйн өвчнөөр өвддөг. Үүний үндсэн шалтгаан нь хүний аура буюу гэрлэн бие дэхь гаригсын эрчмийн хурц дутагдал эсвэл хэт их байдал буюу тэнцвэр алдагдсанаас болдог. Мэргэжсэн, дурын ведийн зурхайч нь “эрдэнийн чулуугаар хүний аз хийморь, эрүүл мэндийг сэргээх ” аргыг мэддэг ба тухайн хүнд хамгийн сайн нөлөөлөх үнэт эрдэнийн чулууг сонгоход баттай туслаж чадна.

Түүх 1: Хэдэн жилийн өмнө Бомбейн нэртэй бизнесмэн гэнэт маш өндөр температураар халуурдаг хурц чичрэг өвчнөөр өвдөж нилээд олон хоногийн туршид хэвтэрт орсон байна. Хотын аль л шилдэг гэсэн эмч домч нар түүн дээр очиж эмчилгээ, оношилгоог хийсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Тэд барууны болон энэтхэгийн уламжлалт эмчилгээний аргуудыг цөмийг нь л хэрэглэж үзсэн ч түүний эрүүл мэндийн байдал өдрөөс өдөрт дордсоор хагас саажсан байдалд орж орондоо хадаатай мэт болжээ. Эмчилгээний бүхий л оролдлого амжилтгүй болсны дараагаар эцсийн горьдлого болгож нэртэй ведийн зурхайчийг залсан байна. Өвчтөний төөргийн картыг зурсны дараагаар зурхайч тэрээр өөрийн амьдралынхаа Нарны үеийн гол мөчлөгт орсон болохыг олж харав. Мөн тэрээр санамсаргүйгээр түүний баруун гарын хуруунд маш том улаан бадмаараг шигтгээтэй бөгж гялалзахыг олж үзсэн байна. Зурхайч, түүний төөрөг дээрхи Нарны байршил нь экзальтаци буюу энергижих ордонд байрлаж буй ба тухайн мөчид Нарны үндсэн мөчлөг дөнгөж эхэлсэн болохыг хэлээд түүний гартаа зүүсэн бадмаараг нь Нарны эрчмийг хурцаар нэмэгдүүлж буйг мөн тайлбарлав. Нарны халуун, цацармал эрчим нь гартаа зүүсэн өө сэвгүй бадмааргаар дамжин тухайн хүний оргнаизмд нөлөөлж, түүнийг салдаггүй чичрэг өвчнөөр өвдөхөд хүргэсэн байна. Өвчтөн ч тэр даруй бөгжөө авсан бөгөөд ямар нэг эмчилгээ, заслын тусламжгүйгээр тун удалгүй бүрэн эрүүлжжээ.

Түүх 2: Энэтхэгийн Канпур хотноо нэгэн их сургуулийн эрдэмтэн амьдардаг байжээ. Түүний нүүрээр нь маш өвчтэй яр шарх гарч ихээр зовоодог байв. Тэрээр эмчилгээний янз бүрийн арга хэрэглэсэн авч түүний зовлон зүдгүүрийг хэн ч нимгэлж чадсангүй. Хожим нь ведийн зурхайч түүний төөргийг хянуур судалсны эцэст бие организм нь түүний төөргөн дээр таагүй байрласан Ангарагийн сөрөг эрчмээс болж өвдсөнийг тодорхойлов. Ангараг нь гал махбодийг удирддаг ба ялангуяа яр шархтай ихээхэн холбоотой байдаг. Түүнд мөнгөн бөгжинд шигтгэсэн сувдыг зүүж Сарны нөлөөг батжуулахыг санал болгосон байна. Тэр хэдийгээр тийм төрлийн уламжлалт астро-эмчилгээнд дургүй байсан боловч энэ нь түүний сүүлчийн найдвар байсан тул эрдэнийн чулуун эмчилгээг туршаад үзэхээр шийджээ. Мөнгөлсөн сувдыг зүүж сар болсны дараагаар өвчин нь аажмаар намдаж, нүүрэн дээрхи яр шарх нь үгүй болсон бөгөөд эрүүл мэнд нь бүрэн сэргэсэн байдаг.

Түүх 3: Энэтхэгийн нэгэн нөхөрт гарсан эмэгтэй нөхрөө орхин оджээ. Учир нь тэрээр нөхөр нь түүнийг ер хайрлахгүй байгааг мэдэрсэн байна. Эцгийнхээ гэрт буцсаныхаа дараа өөрийн гэр бүийн асуудлыг зөвшилцөхөөр нэртэй нэгэн зурхайч дээр очжээ. Түүний төөргийн картыг зурж, няхуур харсныхаа дараагаар зурхайч түүнд асуудал бэрхшээлийн шалтгаан нь түүний төөргийн картан дээрхи Бархасвадийн сул дорой байршлаас хамаарч буйг тайлбарласан байна. Бархасвадийг эрчимжүүлэх, түүний тааламжит эрчмийг организмд нэвтрүүлэхийн тулд зурхайч түүнд гурван каратаас багагүй жинтэй шар молрыг зүүхийг зөвлөв. Эцэг эх нь ч тэр даруй тэрхүү үнэт чулууг худалдан авч алтан бөгжинд шигтгэн түүнд зүүлгэсэн байна. Энэ бөгжөө зүүж, тэрээр буцаад нөхөр дээрээ очив. Бөгжинд шингэсэн Бархасвадийн тааламжит эрчмийн ачаар тэрээр нөхрийнхөө хайр сэтгэлийг эргэн сэргээж чадсан ба удалгүй түүнд хоёр сайхан хүүхэд төрүүлж өгчээ.

Түүх 4: Гаригс эрхсийн тохирсон чулуу хүнийг цаг бусын үхлээс хамгаалдаг гэж тооцдог.

Энэтхэгийн Уттар Прадеш мужид нэгэн жентльмен амьдардаг байв. Тэрээр өөрийн хувийн зурхайчийн зөвлөгөөг дагаж сайн чанарын маргад чулууг байнга зүүдэг байжээ. Нэг удаа тэрээр Бомбей орох болсон байна. Нисэх онгоцны билет худалдан авч байх үедээ санамсаргүйгээр маргад үл мэдэгхэн цуурсан байхыг олж харжээ. Үүнийг хараад, энэ нь муу зөн совин байж болзошгүй хэмээн бодож тэр даруй нисэх онгоцныхоо билетийг буцаасан байна. Онгоц ч түүнийг орхиод нисэн одов. Харамсалтай нь тэр онгоц сүйрсэн бөгөөд энэ онгоцонд зорчиж байсан бүх хүмүүс нас нөгчсөн байдаг.

Түүх5: Нэгэн шөнийн клубын эзэн эмэгтэй Бангкок дахь үнэт чулуудын Талисманы үзүүлэнгийн залыг сонирхохоор иржээ. Өөрийн төөргөө гаргахыг хүлээж байх зуурт тэрээр шилэн лангуун доторхи том улаан шүр бүхий ангарагийн бугуйвчийг харав. Эмэгтэй бугуйвчийг тэр даруйд авч зүүн, үнийг нь төлөхөөр буцан ирнэ гээд дэлгүүрээс гарчээ. 10 минут ч болоогүй байтал тэрээр бугуйвчийг буцаан авч ирж өгөв. Улаан шүр зүүх нь таалагдаагүй найз залуутайгаа ихээр муудалцсан гэж учир шалтгаанаа тайлбарласан байна. Төөргийг нь зурсны дараагаар түүний төөргийн картан дээрхи Ангараг нь Арслангийн ордонд маш хүчтэй, галан махбодитой төлөвт оршин буй хийгээд энэ нь хайр сэтгэлийн зөрчил дагуулж болохыг илтгэн байрлаж буйг бүгд харжээ. Улаан шүр зүүн Ангарагийн эрчмийг нэмэгдүүлсэн нь тэр даруй маш хүчтэй үр дагаврыг үзүүлсэн болох нь энэ жишээн дээр тодорхой байна.

Бэлтгэсэн:Балабхадра дас

Scroll to Top