Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 8 0
Users Today : 5
Users Yesterday : 26
Total Users : 15480
Views Today : 5
Views Yesterday : 35

Өлсгөлөн, өвчин тахал, алан хядлага, хүчирхийлэл, дайн дажин, амиа хорлолт, цунами, усны үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, гол усны бохирдол, хоол унданд хордох, ой хээрийн түймэр – Гариг эрхэс газар дэлхий маань олон олон ноцтой өвчний шинж тэмдгийг бидний мах цусанд шингэтэл мэдрүүлж та биднийг эргэцүүлэн тунгаахыг эрхгүй бодоход хүргэж байна. Дээр дурдсан бүх зүйл олон янзын зовлон зүдгүүрийг дагуулдаг. Орчин үеийн ямар ч хүний хувьд жирийн л нэг зүйл болон хувирсан дүр төрх гэлээ ч эдгээр нь ямар нэг материаллаг мөн чанартай бус харин цаанаа нарийн утга учиртай бурханлаг, оюунлаг мөн чанартай юм. Эдгээр проблемууд нь бидний бусдыг хайрлаж мөн бусдаар хайрлуулж чадахаа байсны харгай. Ямар ч технологи, бүр хамгийн хөгжингүй, боловсронгуй техник технологи ч энэхүү хамгийн нарийн нандин хүслийг, хэрэгцээг гүйцэлдүүлж чадахгүй. Бид өдөр өдрөөр, аажим аажмаар шинжлэх ухааны, техник технологийн гайхалтай хөгжил дэвшлээр урагшилж байна. Хэдий тийм ч бидний энэ соёл иргэншил, хөгжил дэвшил нь хайр гэж юу болох, бидний амьдралын бурханлаг үнэ цэнэ юунд орших тухай мэдлэгийг өгдөггүй. Чухамдаа бид өөрөө өөрийгөө, өрөөл бусдыг, төрөлх гариг дэлхийгээ, түүн дээр оршин буй амьд бүхнийг хайрлаж сурах ёстой.

Машин техник, шинэ технологи, гял цал, өндөр өндөр тэнгэр баганадсан байшингууд, үйлдвэржсэн соёл иргэншил биднийг хөтлөн хөтөлсөөр мухар нүхэнд, мухардлын эхэнд аваачиж байна. Орчин үеийн хэрэгцээ шаардлагын нийгэм маань хүмүүн биднийг яаж л аль болох ихээр, бүр дээд зэргээр өөрийнхөө хүслийг хангахыг уриалан дуудаж, түүн рүү түлхэж, түүний зэрэгцээгээр амьдралынхаа мөчлөг тутамд илүү их материаллаг цэнгэл жаргалыг амсаарай хэмээн уриалан дуудаж байна. Бид өөрийн гэгээлэг дотоод мөн чанарыг таних, өөрийн хувь заяаны жинхэнэ эзэн болохын оронд бид өөрийн мэдрэхүйгээ ханган цэнгүүлэх тоо томшгүй төсөл төлөлвлөгөөний эзэд болжээ. Энэхүү гадаад үйл ажиллагаа, хөгжил дэвшил нь аз жаргалд хүрэх цорын ганц зам гэж бодсон хөөрхий амьтад болжээ, бид. Та бид багагүй эд баялагийг хуримтлуулж, эрх мэдэлтэй болсон ч үлэмжийн аз жаргалгүй, сэтгэлийн уй гунигтай хүмүүсийг олонтоо л таарч байдаг даа. Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэвэл бид чухам явах ёстой замаараа явахгүй байгааг л илтгэж байна.

Асуудлын гол нь юунд оршиж байна вэ гэвэл бид өөрийнхөө хайрыг илэрхийлж сурахын оронд харин өөрийнхөө шунал хүслийг хангахад амьдралаа зориулдаг болсноос үүдэлтэй. Бид байгалиасаа хайрлахаар заяагдсан амьд амьтас ч гэлээ өөрсдийн төрөлх мөн чанараа мартагнан, Бурханы заяан хайрласан энэ эрхээ золисонд гарган харин оронд нь өөрсдийн хамаг л эрч хүчээ зориулж баяр хөөрийн оронд гаслан зовлон дуудах гадаад үйл хэрэгт зориулж байна, хөөрхий. Бид нийтийн ерөнхий зорилго болвоос өөрийн мэдрэхүйнүүдийг хангах учраас аандаа бид өөрсдөө амиа бодсон соёл иргэншлийг үндэслэгчид болж байгаа юм. Энэ соёл иргэншил маань хүмүүсийг өөрийн хүссэндээ ямар ч хамаагүй үнээр хүрэх гэсэн оролдлого тэмүүлэл, хүмүүсийг хооронд нь чоно, нохой мэт уралдуулан хэрэлдүүлэхийн үндэс, нэг нэгнээ аль болох ихээр ашиглахыг чармайх булай хүслийн суурь болж байна. Бидний амиа бодсон зан төлөв маань шунал хүслээр сүлэгдэн тоолж баршгүй олон олон хэлбэрээр илрэн гардаг. Жишээлэхэд, бид өөрсдийгөө илүү хүчтэй гэдгээ мэдрэхийн тулд бусдыг дарамталж, доош нь дардаг, хайр сэтгэлгүйгээр эр эмийн харьцаанд ордог, байр суурь олохын тулд худлаа хэлдэг, хууран мэхэлдэг, хөгжиж хөөрөх, баясаж цэнгэх гэж мансууруулах бодис хэрэглэдэг, илүү их мөнгө хөрөнгө олохын тулд үр хүүхэд гэр бүлээ үл хэрэгсдэг гэх мэт олон жишээг нэрлэж болох л доо.

Байгалийн гамшиг болон бидний ёс суртахууны доройтол, өөрсдийн амиа бодсон зан төлөв ноёлох энэ л хүнд бэрх цаг үед та бидэнд чухамхүү оюунлаг, бурханлаг эрдэм мэдлэгийг түшиглэх, түүнээс илүүтэйгээр түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх илүү чухал хэрэгцээ урган гарч байна. Чухам тэр цагт л бид өөрсдийгөө оюунлаг, бурханлаг нэгэн хэмээн нэрлэж болох хийгээд бусдад туслах чадвартай болохсон. Үүний хамт бидний хамгийн том давуу байдал бол хайр ба харин нэгдүгээр зэргийн өстөн дайсан бол шунал тачаал юм гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Эн тэргүүнд энэ олиггүй шунал хүслийг хайр болгон хувиргах нь манай орчин үеийн нийгмийн удирдагч, лидерүүдэд нэн хэрэгтэй. Орчин үеийн хамгийн ажиглагдахуйц асуудлуудын нэг бол эдийн засгийн болон улс төрийн салбарт нөлөө бүхий манай лидерүүд ёс суртахууны болон хэв журмын байдлын нилээд доод түвшинд орсон явдал юм. Ерөнхийдөө тэдний маань ихэнхи нь өөрсдийн шунал тачаалыг удирдаж чаддаггүй байна л даа. Ялангуяа тэд өөрийн бэлгийн эрчмийг бүтээлч байдлаар ашигладаггүй бөгөөд ямар нэг ашиг хонжоо харсан хувийн хүсэлгүйгээр бурханлаг хайрыг илэрхийлэн гаргахын оронд харин ч өөрийг нь улам доош дарах хүсэл шуналдаа хөтлөгддөг. XVIII зууны Францын их зохиолч Вольтер нэгэнтээ хэлэхдээ, дийлэнхи хүмүүс хэн нэгэнд захирагдаж байх мөн чанартай гэсэн байдаг. Тэд маш хянамгайгаар өөрийн эзний зальжин ааш аягийг ажиглаж байдаг ба түүнийг нь дууриахыг ихэд хичээж байдаг гэнэ. Чухам тийм учраас л би лидерүүдийн байр суурийг сайжруулах нь нийгмийн нүүр царайг өөрчлөх үндсэн суурь нь болно хэмээн тооцож байгаа хэрэг. Дэлхий нийтээрээ л тэдний мөрөөр замнаж байна. Харин хөөрхий манай лидерүүд эрдэм мэдлэгээр тэгтлээ сайн цэнэглэгдээгүйн дээр өнөө үед тохиож буй таагүй сөрөг бүхнийг сөрөн зогсох чадвар алга. Чухам үүнээс болж л хүмүүс доод зэрэглэлийн эрч хүчний амтат зууш нь болж байна.

Тэгвэл хэрхэн яаж энэ байдлыг сайжруулах вэ?

Онцгой хариуцлага, нэр төрийн улмаас лидерүүд юуны өмнө сексийн нөлөөллийн объект болохгүй байхыг хичээж энэ тал дээр онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэд өөрийн мэдрэхүйгээ онцгой хянаж байх хэрэгтэй бөгөөд мэдрэхүйгээ хянах чадваргүй байх нь олон хүмүүсийн итгэл үнэмшлийг алдах, өөрийн байгууллага, хүрээллийг эвдэн нураах шалтгаан болно гэдгийг анхаар. Шунал, тэмүүлэл аандаа л бий болдог. Энэ байдлаасаа ичих, сэтгэлээр унах хэрэггүй. Зүгээр л энэ олиггүй муу хүсэл зуршил дахин таныг зовоохгүй түгшээхгүй байхын үүднээс түүнийг хэрхэн даван гарахад л суралцах хэрэгтэй.

Манай нийгэмд буюу улстөрийн, шашны байгууллагууд, ажил, сургууль, гэр орондоо лидерүүд ёс суртахуунч, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлж, бүгдийн сайн сайн сайхны төлөө сэтгэл зовниж, өөрийн удирдлаган доор байгсадын үйл хөдлөл бүрийг байнгад ажиглаж байх нь удирдагчийн гол чанар юм. Ер нь дээхэн үед бусдын тулд санаа зовних эрдэм ухааныг ойлгож ухаарсан, бурханлаг, оюунлаг эрдэм мэдлэгийг ойлгон танисан хүн л чухамхүү удирдагч болдог байж. Ариун гэгээнтнүүд, хутагт хуврагууд нь тэднийг, лидерүүдийг биеэ хэрхэн авч явж буйг хянадаг байжээ. Лидерүүдийн хамгийн гол чанар бол өөрийн харъяанд байгаа хүмүүс, албат иргэддээ санаа тавих, тэдний төлөө үнэн сэтгэлээсээ сэтгэл зовних явдал юм. Ингэснээр лидер юуг ч алдахгүй. Харин ч эсрэгээр тэдний хайр, хүндэтгэлийг хүлээх болно. Эртний дорнын нэгэн зүйр үг байдаг. “Удирдагч хүний зүрх нь төмөр мэт, үг нь хайлсан тос мэт харин хуврага хүний зүрх нь хайлсан тос мэт үг нь төмөр мэт” гэж. Үнэндээ энэ зүйр үг ёстой л голын олоод хэлчихсэн мэт. Гадна өнгөн дээрээ ёстой л нөгөө чихэн дээр цэцэг ургамаар сайхан зүйл ярих боловч мөн чанар дээрээ хэлсэн амласнаа юуг ч үл биелүүлэх нь хуурамч лидерийн дүр төрх. Бурханлаг амьдралын зам мөрд дэвшингүй амжилтат хүрсэн жинхэнэ лам хуврага хүн хүмүүсийн зовлон зүдгүүрийг хараад үнэндээ дуугүй байж тэвчдэггүй. Тэд үнэн бодит байдлыг яг байгаа тэр байдлаар нь хэлчихдэг. Зарим нэг хуурамч удирдагч нар шиг сайхан гоё үгээр харъяатуудаа хуурч, толгойг нь эргүүлэх нь тэдний хувьд санаанд нь багтамгүй явдал. Тийм ч учраас жинхэнэ хуврага хүний зүрхийг хайлсан тос мэт, үг нь хатуу төмөр мэт гэсэн байна л даа. Тэгвэл орчин үед лидерүүд энэ шинж чанарыг өөртөө хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл болно. Ингэсэн цагт тэд энэ цаг үеийн бузар булай төлөв байдал, элдэв янзын түгшүүр, байгалийн хүчний эсрэг зогсох бурханлаг хүчийг өөртөө бий болголоо гэсэн үг. Бид элдэв зэвсэг техник, шинэ, сүүлийн үеийн технологиор биш харин өөрийн дотор байгаа муу чанаруудыг ялан дийлснээр жинхэнэ ясны удирдагчийн дүр төрхийг олох бөгөөд энэ нь шинэ эрин үеийн шилдэг лидерийн дүр төрх байх болно. Өөрөөр хэлбэл мэдрэхүйгээ ялан дийлэх, бусдын төлөө сэтгэл тавьж амьдрах нь лидерийн хүч чадлыг байнгад сэлбэж байх учиртай. Энэтхэгийн их мэргэн, хааны ордонд олон жил хааны зөвлөх байсан Чанакъя Пандит ( МЭӨ 350-275 оны үед амьдарч байсан) хэмээх ухаантан хэлэхдээ, шударга зан- аз жаргалын үндэс, эд баялаг – шударга байхын үндэс, нөхөрсөг байдал- эд баялагийн үндэс, мэдрэхүйгээ ялан дийлэх нь нөхөрсөг байдлын суурь гэж хэлсэн байдаг. Энэ үгийг манай лидерүүд ямагт санаж явахад илүүдэхгүй боловуу.

 

Ведэд Гималай уулын гурван түвшин байдаг тухай өгүүлсэн байдаг. Бид Эверестийг дэлхийн хамгийн өндөр цэг гэж тооцдог ч харин энэ нь Гималайн нэгдүгээр түвшинд л хамаарах цэг юм. Ариуслын өндөр түвшинд хүрсэн, сайн карма бүхий хүмүүс нь Гималай уулын хоёр ба гуравдугаар түвшинг мэдэрнэ. Пуранд ийм нэгэн түүх байдаг. Мити хэмээх энэтхэгийн нэгэн их хаан бясалгал хийн, өөрийн дотоод чичирхийллийн талбарыг өөрчлөн /өөрийн дотоод чичиргээний талбарыг өөрчлөхийг санскритаар биджа гэдэг./ Гималай уулын хоёрдугаар түвшинд хүрч очсон байдаг. Гималай уулын хоёрдугаар түвшний хамгийн намхан уул нь л 16 мян.800 м өндөртэй ! Махараджа Мити Гималайн энэ түвшинд хүрээд тэнд нэгэн гэрэлтсэн, цагаан хувцастай садхутай уулзжээ. Садху нь санскритаар “Бурханы цэвэр чин бишрэлтэн” гэсэн утгатай. Мити хаан тэр садхугаас “Садху минь, чи хэн бэ?” гэж асуужээ. Тэрээр хариуд нь: “ Иша путра мам веди кумари гарбхи самбавам… ” гэж хариулж л дээ. Иша нь Эзэн захирагч,Бурхан, путра нь хүү, мам – намайг, веди – мэдэх, кумари – Деви/Мария/, гарбхи -жирэмслэлт, самбава – төрөх гэсэн утгатай болно. Орчуулвал: “Намайг Девигээс төрсөн Бурханы хүү гэдгийг мэдэгтүн. ” цааш нь “..би Калийн галвын энэхүү уналт, доройтлыг зогсоохын тулд, млеччхи нарт / млеччхи гэдэг нь махан идэштэн хүмүүс гэсэн утгатай/ зориулж шинэ шашин үүсгэн бий болгохын тулд энэ ертөнцөд буун заларсан юм.” гэсэн байна. Ийнхүү Ийсус Христос буун заларсан түүхтэй.

Ийсус Христос хэмээх нэр нь Иша Криштош хэмээх санскрит үгнээс үүсэлтэй юм. Иша нь Эзэн, захирагч гэсэн утгатай болохыг дээр өгүүлсэн. Харин Криштош хэмээх үгийг задалвал Криш нь Кришна харин тоша нь тааллыг хангах гэсэн утгатай бөгөөд Криштош нь “Кришнагийн тааллыг хангагч” хэмээсэн утга болмуй. Өөрөөр хэлбэл энэ нь нэр биш харин шинж чанар, цол юм. Кришна нь Дээд Бурханы Бодгаль гэдгийг дээр өгүүлсэн. Бурхан бол ердөө ганц, цорын ганц юм. Харин байгалийн хуулиудыг удирдан чиглүүлж байдаг олон олон тэнгэрүүд бий. Жишээ нь гэхэд Нарны тэнгэр Вивасван, Сарны тэнгэр Чандра, Хуулийн тэнгэр Йама/монголчууд Эрлэг Номун хаан гэдэг./, хурын тэнгэр Индра /монголчууд Хурмаст тэнгэр гэдэг/ гэх мэтчилэн 33 сая тэнгэр байдаг. Тэгэхээр Иша Криштош нь “Эзэн Кришнагийн тааллыг хангагч” гэсэн утгатай болно.

Ийсус Христос нь хэрхэн зөв амьдрах тэгснээрээ хэрхэн зөв үхэхийг хүмүүн нарт үлгэрлэн үзүүлсэн юм. “Бүү худлаа хэл, бүү хулгай хий, бүү ал, бүү завхайр… ”гэх мэтийн арван гол номлол бий. Эдгээр номлол, сургаалыг амьдралынхаа мөрдлөг болгосноор хүн зөв шударга амьдрах бөгөөд үхэх мөчдөө зөв үхэж чадна. Ийсус Христосыг загалмайд цовдлож орхиод хүмүүс түүнд: “Чи Өөрийгөө Бурханы хүү гэдэг билүү тэгвэл одоо өөрийгөө авраач” хэмээн даажигнацгааж байсан юм. Харин Ийсус Христос хүмүүст өөрийн бие махбодио аврахыг биш өөрийн жинхэнэ “би”, сүнсээ аврах зам мөрийг зааж өгсөн билээ. Харамсалтай нь хүмүүс түүний сургаалын утга учрыг ойлгоогүй юм. Машин онхолдох үед жолооч өөрийн биеэ л аврахыг бодохоос машинаа аврахыг бодох уу даа?! Ийнхүү цовдлогдон байсаар Ийсус Христос яг амь тавьж үхэх агшиндаа: “Эллои, Эллои” хэмээн чангаар хашгирч “Эцэг минь, та миний сүнсийг хүлээж аваач” гэсэн байдаг. Эллои гэдэг нь “Бүхний Дээд” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бүхний Дээд гэдэг нь Бурханыг хэлж байгаа хэрэг юм. Дээр өгүүлсэн “Бхагавад-Гита” буюу “Бурханы дуулал ”-д айлдсанаар: “Хүмүүн үхэх агшиндаа юуг боднов тэрээр дараа төрөлдөө чухам яг түүндээ хүрмүй.” хэмээсэн байдаг.

Ийсус Христос нь загалмайд үхэлгүй, маш хүнд шарх авсан байсан бөгөөд эдгэрснээр Кашмирт ирж олон жил амьдарсан байна. Өмнө нь тэрээр Энэтхэгт очиж Ведийн аугаа их мэдлэг ухаантай танилцаж, суралцсан бөгөөд үүний дараа Израилдаа буцан ирж хүмүүст номлолоо айлдаж эхэлсэн байжээ. Түүний гайхамшиг / санскритаар сиддхи гэдэг./ үзүүлдэгийн гол үндэс нь энэ байсан байна. Ийнхүү амьд үлдсэн Ийсус нь Юз Асаф гэдэг нэртэй болж /энэ нэр нь “ариутгагдсан, эдгэсэн эзэн захирагч” гэсэн утгатай араб үг/ Перс орчмын нутгуудаар сургаалаа айлдаж хүмүүсийг зөв зам мөрд уриалан дуудаж явсаар тун өндөр насыг зооглож, таалал төгссөн бөгөөд түүнийг Шринагарт оршуулсан байна. Түүний шарил дээр “Ертөнцийн эзний хүү Ийсус Христос энд нойрсож байна.” гэсэн бичиг одоог хүртэл байдаг.

gita-m1_clip_image002.jpg

Парвати хэлсэн нь:”Хайрт нөхөр минь ээ, Та бүхий л трансцендент үнэнийг бүрнээ мэдэх билээ. Таны өршөөл ивгээлээр би Дээд Бурханы Бодгаль- Бурхан Кришнагийн тухай сонссон. Ай, ивээлт Эзэн минь ээ, харин одоо би Танаас “Шримад Бхагавад гита”-ийн суу алдрын талаар сонсохыг хүсэж байна. Энэ түүхийг нэгэнтээ Бурхан Кришна Өөрөө айлдсан хийгээд үүнийг сонссон хүн бүр Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх чин сүсэг бишрэлийг өөртөө хөгжүүлдэг”.

Шива Тэнгэр хариу айлдсан нь: “Би вээр бие нь хар бараан борооны үүл мэт өнгөтэй, жигүүртний хаан Гарудыг унаа болгон хөлөглөдөг, мянган тэргүүнт Ананта-Шеша могойн дээр залран байх суу алдарт нь хэмжээ хязгаар үгүй Бурхан Вишнуд мөнхөд мөргөн залбирнам ”.

Миний хайрт Парвати минь ээ, нэгэнтээ Вишну Бурхан айхтар хүчит шулам Мураг даран устгаад Ананта-Шеша дээр тайван амарч байлаа. Тэр цагт бүхий л орчлонд аз хийморийг бэлэглэгч Шри Лакшми гүн хүндэтгэлтэйгээр Түүнээс: “Бхагаван минь ээ, Та бүхий л орчлон ертөнцийг удирдан залдаг хийгээд тогтоон барьж байдаг билээ. Гэвч энэхүү сүүн далай дээр Та нэг л сэтгэл дундуур мэт нойрсон байх юм. Үүний учир юунд байна вэ” хэмээн сонирхон асуув.

Вишну Бурхан хариу айлдсан нь: “Ай хайрт Лакшми минь ээ, Би унтаагүй байна. Харин миний эрчим хүч хэрхэн гайхалтайгаар ажилладаг болохыг ажиглан харж байна. Энэ Өөрийн гайхамшигт эрч хүчний туслалцаатайгаар Би бүгдийг удирдан залдаг хэдий ч Өөрөө түүнээс ангид оршдог билээ. Аугаа их чин бишрэлтэн, йогч нар нь Миний бурханлаг илрэлийг дурсан санахын хирээр үхэх, төрөхийн тойргоос ангижран гарч мөнхийн, хоёрдмол байдлаас ангид Миний трансцендент мөн чанарт хүрдэг юм”.

Лакшми хэлсэн нь: “Ай Бүгдийг удирдан залуурдагч Та минь ээ ! Та вээр аугаа их йогчдын зорилго. Таны оролцоогүйгээр юу ч хийгдэж үл чадах билээ. Чингэвч Та бол бие даан тусгаар оршигч. Та бол материаллаг орчлонгийн бүтээл, бүтээлийг тогтоон барихуй хийгээд устгалт сөнөөлтийн шалтгаан. Тиймд Та өөрөө энд хэвтээд түүнийг ажиглан харж байх тэрхүү дур татам, агуу гайхалтай эрч хүч тань хэрхэн үйлчилдэгийг айлдаж хайрлана уу ” хэмээв.

“Хайрт Лакшми минь ээ, Миний үлэмж олон эрч хүчнүүдийн үйлчлэл болон мөн хэрхэн үхэх, төрөхийн гав гинжнээс салан ангижирч болохыг зөвхөн Надад үйлчлэн зүтгэх дур сонирхолтой, ухаан бодол нь цэвэр хүн л ухааран ойлгож чадах билээ. Энэхүү трансцендент эрдэм мэдлэгийг “Шримад Бхагавад гита”-д бүрэн дүүрэн тайлбарласан ”.

Лакшми асуусан нь:”Ай Бурхан минь ээ, хэрэв Та Өөрөө Өөрийнхөө эрч хүчний үйлчлэл нөлөөг гайхан алмайрч түүний хязгаарыг хэмжих гэж оролдож байхад “Бхагавад гита” хэрхэн яаж Таны хязгааргүй эрч хүчийг өгүүлэн тайлбарлаж чадахсан билээ? Яаж түүнийг даван туулж, хэрхэн яаж тарнсцендент ахуйд хүрэх билээ?”.

Бурхан Вишну хариу айлдсан нь: “Би вээр Өөрөө “Бхагавад гита” дүрээр илрэн тодорсон билээ. Түүний эхний таван бүлэг нь Миний таван Толгой, дараагийн арван бүлэг нь Миний арван Гар, харин арван зургаадугаар бүлэг нь Миний Ходоод хийгээд харин сүүлчийн хоёр бүлэг нь Миний бадамлянхуа өлмий билээ. Чухамхүү чингэж “Бхагавад гита”-ын трансцендент шүтээнийг ойлгох хэрэгтэй. “Бхагавад гита” бүхий л нүгэл хилэнцийг устган арилгадаг. Ухаалаг хүн өдөр бүр нэг бүлгийг эсвэл нэг шлокийг /шүлэг/, эсвэл шлокийн хагасыг, эсвэл бүл шлокийн дөрөвний нэг хэсгийг өөрт сонсогдохуйц дуудан уншсанаар Сушхармын хүрсэн тэр амжилтад хүрч чадна”.

Лакшми асуусан нь: “Сушхарма гэж хэн юм бэ? Тэр нийгмийн ямар анги давхаргын хүн бэ? Тэр ямар амжилтанд хүрсэн юм бол?” хэмээв.

“Хайрт Лакшми минь ээ, Сушхарма бол хамгийн адгийн бузар муухай, нүгэлт нэгэн байсан юм. Тэрээр хэдий брахманы гэр бүлд төрсөн ч түүний гэр бүлд ведийн эрдэм ухаан үгүй байлаа. Бусдад зовлон, хорлолыг учруулснаар түүний сэтгэл нь ханадаг байв. Тэр хэзээ ч Миний Нэрийг давтан уншиж байгаагүй бөгөөд буян үйлдэж байсангүй, зочин гийчинг ч хүлээн авч байсангүй. Чухамдаа тэрээр хэзээ ч таатай сайн үйлийг үйлдэж байгаагүй юм. Өөрийн хэрэгцээг хангахын тулд тэр навч түүж түүнийгээ зах дээр аваачин худалддаг байв. Түүний гол жаргал цэнгэл нь архи дарс уух хийгээд амьтны мах идэх байлаа. Ингэж тэр өөрийн бүх амьдралаа өнгөрүүлсэн юм. ”

Нэгэн удаа энэ тэнэг мулгуу Сушхарма нэгэн мэргэн хүний цэцэрлэгт ороод навч түүж байтал нэг хорт могой мөлхөн ирээд түүнийг хатгаж орхисноор тэрээр шууд л үхсэн байна. Үхсэнийхээ дараа тэрээр тамд унаж маш ихээр зовж шаналсны дараа шар үхрийн биеийг аван төржээ. Энэ шарыг нэгэн зэрэмдэг хүн худалдаж аваад ачлага уналгад хэрэглэдэг болов. Долоо, найман жил тэрээр хамгийн л хүнд хүчир ачааг нуруундаа тээн зөөжээ. Нэгэн удаа зэрэмдэг эзэн нь түүний нуруун дээр маш хүнд ачаа овоолж орхиод түүнийг туун явж байтал шар гэнэт ухаан алдан муужирч ойчжээ. Түүнийг тойрон олон тооны өрөвдөж энэрсэн хүмүүс цуглав. Нэг буянтай хүн түүнд өөрийн буянт үйлийн үр дүнгийн тодорхой хэсгийг өгөв. Үүнийг харсан тэнд байсан хүмүүс бүгд л өөр өөрсдийн сайн буянлаг үйлийг эргэн санацгааж тэдгээрийнхээ тодорхой хэсгийг хөөрхий шард бэлэглэсэн байна. Энэ бужигнасан олон хүн дотор өөрөө өөрийгөө буянт үйл үйлдэж байсан эсэхийг ч үл мэдэх нэгэн биеэ үнэлэгч эмэгтэй байж л дээ. Тэрээр бусад хүмүүс өөрийн сайн үйлийн тодорхой хувийг шарт өгч буйг хараад тэр эмэгтэй хэзээ нэгэн цагт үйлдэж байсан байж болох буянт үйлийнхээ хэсгийг түүнд өргөн барьжээ. Ингээд шар ч үхэж, шууд л Ямаража буюу Үхлийн Тэнгэрийн орноо хүрч очив.

Ямаража түүнд хэлсэн нь: “Чи одоо биеэ үнэлэгч эмэгтэйн чамд өгсөн буянт үйлийн ачаар өөрийн үйлдэж байсан бүхий л нүгэлт үйлийн үр дагавраас ангижирлаа. ” хэмээв.

Энэ бүх үйл явдлын дараагаар нэгэн буянт брахманы гэр бүлд мэндэлжээ. Энэ төрөлдөө тэрээр өөрийн урьдны амьдралаа буюу урьд насаа эргэн санах чадвар бүхий нэгэн болж төржээ. Олон олон хоног өдрийн дараагаар тэрээр өнөөх өөрийг нь тамын амьдралаас салгасан биеэ үнэлэгч эмэгтэйг олж уулзахаар шийдэв. Тэгээд нөгөө эмэгтэйг ч олжээ. Танилцаж, мэнд усаа мэдэлцсэний дараагаар тэр: “Таны үйлдсэн ямар үйлийн үр дүн намайг тамын аймшигт байдлаас авран гаргаж чадваа” хэмээн асуув. Биеэ үнэлэгч эмэгтэй түүнд: “Эрхэм нөхөр минь, тэр торон дотор нэгэн тоть сууж буйг харж байа уу? Тэрээр өдөр бүр л ямар нэг зүйлийг давтдаг байлаа. Түүний уншлагыг сонссоор байгаад миний зүрх бүрнээ ариуссан юм. Энэхүү сонссон зүйлийнхээ үрийг чамд би дамжуулсан билээ”гэв. Ингээд үүний дараагаар тэр хоёр хоёул өнөөх тотид хандан юуг байнгад давтаад байдаг тухайг нь асуув. Тоть ч өөрийн урьдны амьдралаа эргэн санаж, түүх намтраа ярьж өгчээ. “Урьд нь би маш их эрдэм номтой нэгэн брахман байсан юм. Гэвч өөрийн чадварт эрдэн бардамнаж байнгад бусад ном эрдэмтэй хүмүүсийг доромжлон гутаадаг байв. Үхсэнийхээ дараагаар би маш олон янзын шийтгэл цээрлүүлэлтийг амссан бөгөөд удаан хугацаагаар зовж тарчилсны эцэст энэ тотины биеийг аван төрсөн билээ. Өөрийн урьд хийсэн нүгэлт үйлийн уршгаар миний эцэг, эх намайг жаахан байхад өнгөрсөн юм. Нэгэн удаа өмөг түшгээ алдсан би халуун элсэн дээр тарайн хэвтэж байхад минь намайг нэгэн риши/ даяанч/ харж өөрийн ашрамд/ бясалгал хийх жижиг урц / авч ирж торонд хийсэн билээ. Тэр ришийн хүүхдүүд “Шримад Бхагавад гита”-гийн Нэгдгээр бүлгийг уншин цээжилж сурцгааж байв. Тэдний хэрхэн шлокийг давтан уншихыг сонссоор би мөн тэднийг даган давтан унших болов. Тун ч удалгүй намайг нэгэн хулгайч хулгайлан авч, энэ буянт эмэгтэйд худалдсан билээ” гэв.

“Бхагавад гита”-гийн Нэгдүгээр бүлгийг давтан уншсанаар тоть бүрэн дүүрэн ариуссан байна. Түүний давтан уншихыг сонссоор биеэ үнэлэгч эмэгтэй ч бүрэн төгс ариун болжээ. Харин энэ сонсолтын үр дүнгийн өчүүхэн хэсгийг хүртсэнээр Сушхарма мөн бүрэн төгс ариуссан билээ.

“Бхагавад гита”-гийн Нэгдгээр бүлгийн суу алдрын талаар бага зэрэг ярьж өгснөөр Сушхарма гэр лүүгээ буюу Бурхан зүг буцан одсон юм. “Шримад Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийг даван унших хэн бүр маш хурднаар дээд төгс төгөлдөр Ваикунтхийн гаригуудад/ бурханлаг мөнхийн гаригс / хүрч очно. “Бхагавад гита”-гийн Нэгдгээр бүлгийг өөрт сонсогдохоор унших, эсвэл сонсох, эсвэл судлах ямар ч хүн материаллаг зовлон зүдгүүрийн далайг гатлан туулж Бурхан Кришнагийн бадамлянхуан өлмийд зүтгэх үйлчлэлийг олж авах бөлгөө.

Падма Пураны “ГИТА МАХАТМЪЯ” хэсэг

Орчуулсан: Балабхадара дас

Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд батлан айлдсанаар, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрита, пайшаса юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрита нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд, ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байна. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд бодгалиудын/хий үзэгдэл, буг гэх мэт/ ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгаль байдаг. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршдог байна.

Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Кали юга /цөвүүн цаг/-гийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон хуваах шаардлагатай болжээ. Юга нь галав гэсэн утга бүхий санскрит үг юм. Ийнхүү Ведийг Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваажээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүн нарт хүргэхийн тулд бичиглэн үлдээжээ.

Ээлжлэн солигдох эрин галвууд

  Материаллаг орчлонгийн оршин байх хугацаа нь хязгаартай хийгээд энэ хугацаа нь ээлжлэн солигдох кальпаар хэмжигддэг. Кальпа нь манай орчлонг залуурдагч Брахма Тэнгэрийн нэг өдөр юм. Брахмын нэг өдөр буюу нэг кальпа нь дөрвөн югагийн мянган үеэс тогтдог. Юга нь галав гэсэн үг болохыг өмнө өгүүлсэн. Эдгээр галав нь Сатья, Трета, Двапара, Кали болмуй. Сатья югад шударга үйл, мэргэн ухаан, шүтлэг бишрэл дүүрэн харин харанхуй мунхаг, эвдрэл сүйрлийн ул мөр ч үгүй байжээ. Энэ юга нь 1 сая 728 мянган жил үргэлжилдэг. Трета югад муу муухай үйл, эвдрэл хагарал үзэгдэж эхэлнэ. Энэ юга нь 1 сая 296 мянган жил үргэлжилдэг. Двапара югад шашин шүтлэг, буянт үйл, сайн сайхан зүйлс улам бүр унан доройтно. Энэ хирээр муу үйл газар авна. Энэ юга нь 864 мянган жил үргэлжилнэ. Ингээд хамгийн сүүлд Кали юга эхэлнэ. Энэ галав нь 432 мянган жил үргэлжилдэг. Энэ галав нь хэрүүл маргаан, бурхангүй үзэл, унал доройтол, нүгэл хилэнцээр дүүрэн юм. Энэ югад хагарал сүйрэл өсөхийн хирээр хүмүүн нар өмнөх галвуудад байсан ведийн эрдэм мэдлэгээ алдмуй. Мөнхүү хүмүүний биеийн хэмжээ хийгээд насны хэмжээ нь багасдаг байна. Орчин үеийн хүмүүн бид энэхүү Кали югад амьдарч байгаа билээ. Нэг галав нь нөгөө галавдаа халаагаа өгөх үеэр пралайа буюу устгалт болдог бөгөөд Монголчууд үүнийг галав юүлэх гэж ярьдаг.

Ведийн бичээсүүдэд энэ материаллаг ертөнцийн болоод бурханлаг ертөнцийн хуулиудыг бүрэн тодорхой өгүүлсэн байдаг. Ведэд батлан айлдсанаар, хүмүүс болоод бүхий л амьд бодгалиуд /араатан, жигүүртэн, ургамал гэх мэт/ материаллаг байгаль бүтээгдэх тэр цагт орчлонд нэгэн зэрэг бий болсон гэдэг. Гэхдээ орчлонгийн хамгийн анхны амьд бодгаль нь Брахма тэнгэр юм. Орчлон гэдэг нь гадна байдлаас нь харвал өндөг хэлбэрийн өөрөөр хэлбэл эллипс маягийн, олон давхар бүрхүүлээр хучигдсан зүйрлүүлж хэлбэл наргил модны самрыг санагдуулам хэлбэртэй. Орчин үеийн хүн мичнээс үүссэн хэмээх нь ведийн судар, шастирт өгүүлснээс авч үзвэл энэ нь дэндүү мунхаг үзэл номлол. Ведийн бичээсүүдийн байр сууринаас харахад энэ нь дэндүү утгагүй, мунхаг үзэл бөгөөд үүнийг санскритаар авидъя -мунхагийн харанхуй гэдэг. Ведэд өгүүлснээр, материаллаг Орчлон нь дэлхийн тооллоор 311 триллион 40 миллиард жил оршин тогтноно гэсэн байдаг. Энэ нь манай Орчлонгийн залуурдагч Брахма Тэнгэрийн 100 жилтэй тэнцэнэ. Брахма нь манай Орчлонгийн Бүтээгч юм. Дээр өгүүлсэн дөрвөн галвын Кали югад бид амьдарч байгаа юм. Ведийн бичээсүүдэд Кали югаг хуурамч номлолын галав хэмээн тодорхойлсон байдаг. Хүмүүс уруудан доройтохынхоо хирээр олон төрлийн номлол бичээс, өөрсдийн доройтсон хэрэгцээг хангахын тулд олон янзын өөрсдөдөө аятай шашин суртахууныг бодож олно гэжээ. Хэн бээр зөв үйл хийж, зөв шударга амьдрахаас татгалзнав тэрбээр кармын хуулийн дагуу одоогийнхоосоо илүү муу төрөл олох, илүү муу биед төрөх, илүү муу газар нутагт төрж тэгэн тэгсээр энэхүү цөвүүн галав Кали югаг хүртэл амьдардаг. Упанишадуудад өгүүлснээр Кали югад зөвхөн үл бүтэх этгээдүүд л амьдардаг хэмээн өгүүлсэн байдаг. Ийнхүү бид үхэх, төрөхийн хэлхээнд орооцолдон энэ Кали югаг хүртэл амьдарчээ. Үхэх төрөхийн тойргийг санскритаар самсара гэдэг. Ведийн бичээсүүдийн үүднээс үзвэл, үхэх, төрөх, өвдөх, өтлөх нь мунхагийн харанхуй юм. Учир нь амьд бодгаль нь өөрөө бурханлаг мөн чанартай өөрөөр хэлбэл сүнс учраас тэрээр энэ үхэх, төрөхийн тойргоос мултран гарах ёстой ажээ.

 

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Чи “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийн яруу алдрыг сонслоо. Одоо Миний өгүүлэх Хоёрдугаар бүлгийн гайхамшгийг анхааралтайгаар сонсогтун.

Нэгэн цагт өмнө зүгийн Пандхарпур хэмээх нэгэн хотод Девашйама нэрт их эрдэмт брахман амьдардаг байжээ. Тэрээр бүхий л төрлийн галан тахилгыг үйлдэх болон зочин гийчнийг хүлээж авахын чухлыг сайтар мэддэг нэгэн байв. Өөрийн үйл хэргээр тэр бүх сахиулсан тэнгэрийн тааллыг хангаж чадсан байлаа. Гэвч зүрх сэтгэл болон ухааны хувьд тэрээр аз жаргалтай, амар амгалан бус байсан тул сүнс болон Дээд сүнс, Параматма хоёрын хоорондын харьцааг ойлгон ухаарахыг ихэд чармайдаг байжээ. Үүний тулд тэрээр йогчид, тэвчил наминчлал үйлдэгчдийг урин залж, тэдэнд үйлчлэн Туйлын Үнэний тухай асуун лавладаг байсан байна. Тийнхүү олон ч жилийг ардаа орхижээ.

Нэгэн удаа тэрээр зугаалж яваад, завилан сууж, харцаа хамрынхаа үзүүрт төвлөрүүлэн гүн бясалгалд автсан нэгэн йогчийг харж л дээ. Девашйама, энэ йогч нь бүрнээ амар амгалан, материаллаг хүсэл сонирхол үгүй болсон хүн юм гэдгийг сайтар ойлгож байв. Гүн хүндэтгэлтэйгээр түүний өлмийд залбиран мөргөж ухаан санаагаа хэрхэн туйлын амар тайван байдалд хүргэж чадсан тухайг нь асуув. Дээд Бурханы Бодгаль, Бурхан Кришнагийн тухай мэдлэгийг бүрнээ эзэмшин чадсан тэрээр Девашйамаг Совпур нэрт тосгон руу явахыг зөвлөөд тэнд ямаа хариулагч Митраван нэрт хүнийг олж уулзан, түүнээс Бурханыг танин ухамсарлахуйн тухай эрдэм ухааныг олж авагтун хэмээн хариу өчив. Үүнийг сонссон Девашйама дахин түүний өлмийд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөөд тэр даруй Совпурын зүгт яаравчлан одов. Тэнд хүрээд тэрээр умард зүгт орших Митраваны амьдардаг хэмээн хэлсэн гайхамшигт ойг эрж олжээ. Ойд ормогц тэрээр нэг багахан голын эрэгт жижигхэн байц цохион дээр сууж буй Митраваныг олж харлаа.

Митраван бүрнээ амар амгалан, үнэхээр гайхамшигтай харагдаж байв. Ойд зөөлөн салхи үлээж, тал бүрээс тааламжит сайхан үнэр анхилж байлаа. Энд тэндгүй айдсын өчүүхэн ч сүүдэр үгүй ямаад бэлчиж байв. Тэрээр мөн ямаадын зарим нь бар болон бусад ойн догшин зэрлэг араатан амьтадтай зэрэгцэн хэвтэж буйг ч ажиглан харлаа.

Девашйама ийм дүр зургийг хараад ухаан санаа нь туйлан амар амгалан болж, хүндэтгэлтэйгээр Митраванд дөхөн очиж дэргэд нь суув. Митраван бясалгалдаа бүрнээ автсан мэт санагдаж байлаа. Хэдэн мөчийн дараагаар Девашйама түүнээс хэрхэн тэрээр Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх түвшинд хүрснийг нь шимтэн асуув. Асуултыг сонсоод Митраван хэсэгхэн зуур гүн бодлогошролд автсанаа хариу айлдсан нь: “Хүндэт, мэдлэг төгс Девашйама минь ээ, дээр нэгэн цагт намайг ямаагаа хариулан явж байтал бидэн рүү ихэд улангассан нэгэн бар довтолсон юм. Амиа аврахын тулд ямаад маань бүгд л тал тал тийш таран зугадав. Түүнээс ихэд айн би ч мөн зугадлаа. Нилээд холдоод би миний ямаадын нэг нь голын эрэг дээр бартай яг халз тулсан байхыг харав. Гэтэл энэ үед нэн хачин жигтэй, гайхалтай үйл явдал боллоо. Барын уур омог гэнэт дарагдаж, ямааг маань идэх хүсэл нь үгүй унтран үгүй болсон байв. Ямаа маань түүнээс: “Чи хоолондоо хүрчихээд байж яагаад миний махыг идэхгүй байгаа билээ? Чи намайг бариад, бие махбодийг минь амтархан идэх ёстой биш үү? Гэтэл чи яагаад үл яарнав” хэмээн асууж байна.

“Эрхэм ямаа минь ээ, би яг энд ирмэгц л миний уур хилэн ор мөргүй алга болчихлоо. Үүний зэрэгцээ бас өлсөж, ундаасахаа ч байчихлаа” гэж нөгөө бар хариулж байна.

“Би ч мөн яагаад чамаас үл айж, өөрийгөө туйлын тайван амар байгаагийн учрыг нэг л олохгүй байна” гэж ямаа маань хариу өчлөө. Тэгээд, энэ чухам ямар учиртай юм бол? Хэрэв чи мэдэж байвал тэр тухай надад хэлж өгөөч гэв.

“Би ч мөн мэдэхгүй л байна гээд нөгөө бар, харин тэр хүнээс асууя хэмээн хэллээ.” Бар, ямаа хоёрыг хэрхэн өөрчлөгдөхийг хараад би ч мөн ихэд гайхлаа. Ингээд тэд над руу ойртон ирээд энэ бүхний учир шалтгааныг мэдэхсэн болов уу хэмээн надаас асуулаа. Энэ үед би ойролцоохь модон дээр суун буй нэгэн сармагчинг ажиглав. Бид бүгдээр хамтаар тэрхүү сармагчны хаанд дөхөн очоод би түүнээс энэ тухай асуулаа. Сармагчин ихэд хүндэтгэлтэйгээр бидний асуултанд хариулав.

“Би та нарт нэгэн нэн эртний түүх ярьж өгье. Сонсоцгоогтун. Энэ ойд, та нарын яг өмнө Шива тэнгэр Шивалингаг залсан нэгэн том сүм байв. Эрт нэгэн цагт түүнд олон олон тэвчил наманчиллыг үйлдсэн Шукама хэмээх эрдэмт мэргэн амьдардаг байлаа. Тэрээр өдөр бүр голоос ус авч ирж, ойгоос цэцэг түүн Шива тэнгэрт мөргөдөг байжээ.

Чингэж тэрээр олон олон жилийг ардаа орхижээ. Нэгэн удаа түүн дээр нэгэн мэргэн хүн зочлон ирж л дээ. Шукама жимс, ус авч ирэн түүнийг ундалж дайллаа. Мэргэн хүнийг идэж, амарсных нь дараа Шукама: “Ай эрдэмт мэргэн минь ээ, би зөвхөн Бурхан Кришнагийн тухай эрдэм мэдлэгийг олж авахын тулд энд тэвчил наминчлал, үйлчлэл зүтгэлийг үйлдэн амьдардаг юм. Харин өнөөдөр тантай учирснаар би өөрийн үйлдсэн тэвчил, наминчлалын үр дүнг олж харлаа. Шукамын хүндэтгэл бишрэл дүүрэн үгийг сонсоод мэргэн ихэд баярлан урамшив. Тэрээр нэгэн чулууны хэлтэрхийн дээр “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг бичээд, түүнийгээ Шукамад өгч өдөр бүр түүнийг давтан уншиж байхыг захин сургаад: “Чингэснээр чи тун хурднаар өөрийн зорилгодоо хүрэх болно” хэмээв. Энэ үгийг хэлээд мэргэн гэв гэнэт алга болов. Ийнхүү мэргэний сургаал зөвлөгөөг баримтлан Шукама үхэн үхтлээ өдөр бүр энэ шүлгүүдийг сонсогдохуйц уншдаг байсан юм. Тун удалгүйгээр тэрээр Бурхан Кришнагийн тухай бүрэн дүүрэн мэдлэгийг хүлээн авсан хийгээд энэ шүлгүүдийг уншиж эхэлсэн өдрөөс хойш өлсөх ундаасах, шунал хомхойрлын хүсэл үгүй болжээ.

Энэ газарт үйлдсэн тэвчил наминчлал, үйлчлэл зүтгэлийн ачаар энд ирсэн ямар ч хүн өлсгөх ундаасах, шунал хомхойрлын хүсэл үгүй болох ба тэрхэн даруйд бүрэн дүүрэн амар амар амгаланд хүрдэг”.

Митраван хэлсэн нь: “Сармагчин энэхүү түүхийг ярьж дуусмагц бар, ямаа, бид гурав энэ сүмд хүрэлцэн ирсэн юм. Тэндээс бид чулууны хэлтэрхий дээр бичсэн “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг олов. Тэгээд би өдөр бүр тэрхүү шүлгүүдийг унших боллоо. Ингэж бид маш хурднаар Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх түвшинд хүрсэн билээ. Хүндэт брахман минь ээ, хэрэв чи “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг уншиж эхэлвэл тун хурднаар чи Бурхан Кришнагийн өршөөл ивгээлийг олж авна”.

Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, тийнхүү Девашйама Митраванаас гайхамшигт эрдэм мэдлэгийг олж авсан юм. Тэрээр түүний өмнө сөгдөн мөргөөд буцан Пандхарпуртаа очоод өдөр бүр “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийг давтан унших болов. Ийнхүү тэрээр Бурхан Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрсэн юм.

Хайрт Лакшми минь ээ, үүнд “Шримад Бхагавад гита”-гийн Хоёрдугаар бүлгийн яруу алдар орших бөлгөө”.

Падма Пураны “ГИТА МАХАТМЪЯ” хэсэг

 

Орчуулсан: Балабхадара дас

Scroll to Top