Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 9 2 1
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 11921
Views Today : 50
Views Yesterday : 67
Шрила Прабхупада: Өнөө өглөө намайг өглөөний аялал хийж явах үед нэг шавь маань: “Хэрэв хэн нэгэн хүн “Би Бурханд огт итгэдэггүй ээ” гэж хэлвэл би юу гэж хариулах вэ?” гэж надаас асуусан юм.

Энэ асуултын хариулт нь гэвэл ийм:

Та өөрийгөө гудамжаар явж байна гэж төсөөл. Тэгээд та баруун тийшээ явах ёстой байтал зүүн тийшээ явж. Гэтэл цагдаа гараад ирж. Тэр бол таны Бурхан. Тэрхэн даруйд тэр таныг баривчлан авах ба таныг олон янзын байдлаар түгшээн сандраах болно. Тэгвэл та яаж өөрийгөө Бурханаас хамааралгүй гэж ярьж чадах билээ?Шүтэх Бурхан бүх хүмүүст байдаг. Харин Бурханы байр байдал нь янз бүр. Хэн нэгэн цагдаад яг л Бурхан мэт айж мөргөж болох юм. (инээв.) Бас хэн нэг нь өөрийн ажил олгогч эзнээ Бурхан мэт мөргөж тахиж болно. Өөр хэн нэг нь өөрийн удирдагчид Бурхан мэт мөргөж болно. Ийм маягаар бүгд л ямар нэг бурханд мөргөж байдаг. Гэвч бид Дээд Бодгальд мөргөдөг. Ялгаа нь ердөө л энэ.

Бишрэлтнүүд: Жая Прабхупада! (алга ташилт)

sp

Шрила Прабхупада: Ялгаа нь үүнд л байгаа юм. Гэвч таны Бурхан ямар нэг чанартай, миний Бурхан өөр нэг чанартай. Чанарын ялгаа нь юу вэ? Бид хамгийн баян, хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн мэргэн тийм Бурханыг сонгосон. Өөрөөр хэлбэл энэ бол бидний Бурхан. Харин та багахан оюун ухаантай, мэдлэггүй, гоо сайхан биш, хүчтэй биш тийм бодгалийг өөрийн бурханаа сонгож авч байна. Өөрөөр хэлбэл хуурмаг Бурханыг. Хүн болгон ямар нэг Бурханыг хүлээж авах ёстой байдаг. Яагаад гэвэл байгалиасаа амьд бодгаль нь хэн нэгэнд үйлчлэн зүтгэхээр заяагдсан. Чаитанья Бурханы өгсөн тодорхойлолт ийм: живера сварупа хаяа кришнера нитйа даса (ЧЧ.Мадхья 20.108)

Амьд бодгаль болгон мөн чанарын хувьд буюу анхдагч байр сууриныхаа хувьд албатын мөн чанартай бөгөөд гэхдээ бүр анхлан Бурханы албат буюу Кришнагийн албат юм. Гэвч бид үүнийгээ буюу Кришнаг хэдийнээ мартаж орхисон. Ингээд амьд бодгаль нь олон олон хүмүүсийн албат болох ёстой болдог. Ном ёсоороо бол бид Бурханы албат болоогүй цагт өөрсдийн мэдрэхүйнүүдийн албат байсаар үлддэг. Энэ бол бидний байр суурь. Бид албат болох ёстой. Гэвч өнөөдрийн бидний байр суурь болвоос бид өөрсдийн мэдрэхүйнхээ албат нь юм. Би надад багахаан мөнгө өгдөг хэн нэг хүнд үйлчлэн зүтгэхээр зөвшөөрдөг. Тэгээд энэ мөнгөөр өөрийн мэдрэхүйгээ хангадаг. Ийнхүү би өөрийн мэдрэхүйнүүдийнхээ албат учраас би хэн нэгэнд үйлчлэн зүтгэхийг зөвшөөрдөг. Тэр ч байтугай тэр этгээд надад огтоос таалагдахгүй байлаа ч.

1973-08-17нд уншсан лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Шукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог.

…Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна буюу Вишну нь тэднээс эрс ялгаатай. Бишрэлтэн нь Бурхан Вишнугаас ямар нэг зүйлийг хүсвэл Вишну Бурхан эхлээд энэ адислал нь тухайн бхактад тохирох уу үгүй юу гэдгийг цэгнэж үздэг. Бурхан Вишну хэзээ ч өөрийн бишрэлтэнд эцсийн дүндээ сөрөг нөлөө учруулах адис өршөөлийг өгдөггүй. Тэр энэ нь Түүний бишрэлтэнд ашиг тустай юу гэдгийг эхлээд заавал тунгаадаг.

… Шива бурхан гэх мэт сахиулсан тэнгэрүүдийн хайрладаг адис өршөөлийн тухайд аугаа мэргэд дараахь түүхийг иш татан өгүүлжээ. Нэг удаа Шива бурхан Шакунийн хүү Врикасура нэрт чөтгөрт адислал өгөөд дараа нь өөрийгөө аюултай хүнд байдалд аваачсан түүх юм. Врикасура нэгэн адислал хүсч, энэ адислалыг хүртэхийн тулд гол гурван бурханы чухам хэнд нь хандахаа шийдэж ядаж байжээ. Ингэж явтал түүнтэй аугаа мэргэн Нарада учран таарах аз тохиож. Тэрээр шуудхан л өөрийн сайн дураар үйлдэх хатуу чанга тэвчил хатамжлалын үр дүнд хурдан хүрэхийн тулд хэнд хандвал зохихыг асуув. Нарада ч тэрхүү асурын дотоод санааг ойлгож мэдсэн тул түүнд: “Чи юу юунаас илүүтэй Шива бурханд мөргөх нь зүйтэй. Тэгэх аваас чи маш хурдан хүссэндээ хүрэх болно” хэмээн хариулж. Түүнчлэн Нарада түүнд, Равана болон Банасура нэрт асурууд Шива бурханд зүгээр л залбирал мөргөл өргөөд асар их эд баялгийн эзэн болсон тухай жишээ ч татаж гэнэ. Их мэргэн Нарада, Врикасура чөтгөрийн мөн чанарыг тодорхой мэдэж байсан тул Вишну эсвэл Брахмад хандахыг зөвлөөгүй аж.

Нарадын зөвлөгөөг сонсоод Врикасура Кедаранатха нэрт мөргөлийн газар тийш шуудхан явсан. Кедаранатха нь одоог хүртэл Кашмираас холгүйхэн оршин байдаг мөргөлийн газар билээ. Тэр газар бараг цаг ямагт цасанд дарагдсан байдаг. Судар шастирт бурханд хоол хүнсийг өргөхдөө галаар дамжуулж өргөх хэрэгтэй гэж онцгойлон зөвлөдөг. Ийм ч учраас Врикасура Кедарантха тийш очоод, тахилга өргөлийн гал түлж, Шива бурханыг баясган, тааллыг нь хангахыг хүссэн.

Шива бурханы адислалыг хүртэхийн тулд тэрээр гал ноцоож, Шива бурханыг баясгахын тулд өөрийн биенээс огтлон авч, өөрийн биенээс огтлон авсан тэрхүү махныхаа хэсгийг өргөл болгон түүнд өргөх болов. Энэ бол мунхгийн гунад үйлдэгдэж буй мөргөлийн жишээ юм. Бхагавад-гитад тахилга өргөлийн олон хэлбэрүүдийн тухай өгүүлсэн байдаг. Зарим нь буяны гунад, зарим нь шуналын гунад, зарим нь мунхгийн гунад.

Хэдийгээр Врикасура өөрийн тахилга өргөлөө зургаан өдрийн турш тасралтгүй үйлдсэн авч түүнд түүний мөргөл өргөлийн зорилго болсон Шива бурханыг мэлмийдэн харах аз тохиосонгүй. Тэр өөрөө түүнийг харж, түүнээс адислалыг нь биечлэн гуйхыг хүссэн. Үүгээрээ мөн асурууд болон бишрэлтэнгүүд ялгардаг. Бхакта буюу бишрэлтэн хүн итгэл бишрэлтэйгээр ямар ч зүйлийг өргөвөл Бурхан түүнийг нь хүлээн авна гэдэгт итгэлтэй байдаг бол асурууд нь түүнээс шулуухан адис өршөөл гуйхын тулд өргөл өргөж буй бурхан шүтээнээ шуудхан нүдээр үзэхийг хүсэж байдаг. Долоо дахь өдрөө тэвчээр алдсан Врикасура, одоо Шивагийн тааллыг хангахын тулд толгойгоо түүнд өргөх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Ингээд тэр тэндээс холгүйхэн орших нэгэн нууранд угаал үйлдээд бие болон үсээ арчилгүйгээр толгойгоо огтлохоор бэлдэв. Асурыг толгойгоо огтлохоор бэлдэх яг тэрхэн үед  Шива бурханд түүнийг энэрч өршөөх сэтгэл төржээ.

Ингээд Шива тэрхүү чөтгөрийг өөрийгөө хорооход нь саад хийхээр тахилгын галаас гарч ирэв. Шива бурхан түүнд дөнгөж гар хүрээд түүнийг үхлээс аварсан байна. Мөн түүний шарх нь ч тэрхэн даруйд анин эдгэж, урьд нь ямар байсан яг тэр төрхөндөө оржээ. Ингээд дараа нь Шива асурт хандаж хэлсэн нь: “Эрхэм Врикасура минь ээ, чи чухам яах гэж өөрийн толгойг огтлох гэж байгаа билээ. Надаас ямар л адис өршөөл хүснэ би түүнийг чинь биелүүлэх болно. Намайг баярлуулахын тулд яах гэж өөрийн толгойг огтлох гэж байсныг чинь би мэдэхгүй. Надад жаахан ус өргөсөн бол би сэтгэл ханах байсан даа”  гэжээ.

Шива бурхан ийнхүү тэр асурт ийм боломжийг олготол хариуд нь тэр нь аймшигтай, ой гутам адислалыг гуйв. Түүний хүсэлт нь гэвэл: тэр хэн нэгний толгойд дөнгөж хүрмэгц тэр нь хэн байлаа ч гэсэн толгой нь зад үсэрч үхэх тийм адислал байлаа. .. Шива бурхан түүний хүссэн ямар ч хүсэлтийг биелүүлнэ гэж амласан өөрийн амлалтандаа туйлын их харамсав. Тэр өөрийн амлалтаа зөрчихийг хүсээгүй ч  сэтгэл дотроо тийм адислал өгөх болсондоо маш их гэмшжээ.

Тэгмэгц аугаа нүгэлтэн болсон мөнөөхь асур тэрхүү адислалыг нь Шиваг өөрийг нь хороож, эхнэр Гауриг нь өөрийн болгож авах зорилгын тулд тэр дор нь ашиглахаар шийдэв. Ингээд тэрээр гараа Шивагийн тэргүүнд хүргэхээр дайрч гэнэ. Ингэж Шива бурхан өөрөө өөрийнхөө өгсөн адислалааасаа болж амь дүйсэн аюултай тулгарав. Шива туйлын их айсан тул амиа аврахын тулд газраар тэнгэрээр хаа сайгүй зугатав. Брахма, Индра, Чандра гэх мэт хүчирхэг сахиулсан тэнгэрүүд ч түүнийг хэрхэн аврахаа мэдэхгүй сандралдацгааж байлаа.

Ингээд эцэст нь Шива энэ материаллаг ертөнцийн чанадад байх Вайкунтхийн  гариг болох Шветадвипад хүрчээ. Тэнд Вишну буюу Бурханы Дээд Бодгаль Нараяна суудаг билээ. Тэрээр Шиваг маш том аюулд учирсныг хараад тэрхэн даруйд брахмачари дүрд хувиран түүнийг тосон очив… Тэгээд түүнийг тайвшруулахын тулд брахмачри түүнд хэлэв:

“Эрхэм Врикасура, чи чухам юуны тулд нааш ирэх болсноо Надад хэлвэл би магадгүй чамд туслаж болох юм шүү. Тэгээд чи хялбархнаар зорилгодоо хүрч болох юм”  хэмээв.

Брахмачари дүрд хувирсан Нараяна Бурханы үг чөтгөрийг тун ч ихээр тайвшруулсан бөгөөд эцсийн эцэст тэрээр түүнд өөрийн бүх түүхийг ярьж өгчээ. Үүнийг сонсоод Нараяан түүнд хэлэв: “Шива бурхан чамд тийм адислал өгсөн гэдэгт Би огт итгэхгүй байна. Миний л мэдэхээр Шива бурхан эрүүл ухаантай биш амьтан.. тэр чинь ад тотгор, хий үзэгдлүүдийн эзэн нь. Ийм ч учраас Би түүний үгэнд итгэхгүй. Гэхдээ чи Шива бурхан үнэн хэлсэн гэж бодоод байгаа бол чөтгөрүүдийн хаан минь ээ, яагаад чи түүний үгийг өөр дээрээ шалгаж, өөрийнхөө толгойд хүрч болохгүй гэж? Хэрэв тэр адислал гээч юм нь үйлчлэхгүй бол чи тэрхэн даруйд энэхүү худалч, хуурамч Шиваг хороож чадна гэсэн үг. Тэгээд тэр дахин хэзээ ч тэгж тиймэрхүү хоосон хуурмаг адислал өгч чадахгүй болно” гэв.

Нараяна Бурханы эелдэг зөөлөн үг, Түүний хуурмаг эрчим асурын толгойг мангууруулан эргүүлсэн тул тэрээр Шива бурханы агуу хүчин чадлыг ор тас мартсан байлаа. Тэгээд бодож төдөх ч зүйлгүйгээр гараа толгой руугаа явуулав. Асур толгойдоо дөнгөж хүрмэгц түүний толгой аянганд ниргүүлсэн мэт хага үсэрсэн бөгөөд тэр ч тэрхэн даруйд үхэж гэнэ. Сахиулсан тэнгэрүүд тэнгэрийн орноос Нараяна Бурханыг магтан алдаршуулж цэцгийн хур оруулав.

Ингэж Бурханы бодгаль Нараянагийн ач ивээлээр Шива бурхан асурын учруулж байсан үхэх аюулаас аврагдав. Энэ түүхийг итгэл, бишрэлтэйгээр уншсан хэн бүхэн материаллаг уяа хүлээснээс ангижрах бөгөөд түүнчлэн өөрийн дайснуудын нөлөөллөөс ангижрах болно.

 

“Мөнхийн цэнгэл жаргалын үндэс” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан  үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон  хүмүүсийг мунхруулж байв.

Шрила Бхактивонада Тхакур Гаудиа сампрадагийн Кришнагийн ухамсрыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдсэн ачарья байв. Тэрээр хүчирхэг номлогч, Вайшнавын гүн ухааныг дэлгэрүүлэгч төдийгүй Бурхан Кришнагийн цэвэр чин бишрэлтэн байжээ.

(Шрила Бхактивинода Тхакурын тухай сонсоогүй хүмүүст- тэрээр Шрила Гауракишор  Даса Бабажийн номын багш. Харин Шрила Гауракишор Даса Бабажи Шрила Бхактисиддханта Сиддханта Сарасвати Тхакурын номын багш байсан ба тэрээр Шрила Бхактиведанта Свами Прабхупада-н бурханлаг номын багш юм.   )

Энд дурдагдах бодит түүх нь Шрила Бхактивиноде Тхакурын намтраас авсан түүх юм.

Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн  хувилгаан хэмээн зарлан  үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон  хүмүүсийг мунхруулж байв.

Бисакисен Атибарис гэх Бурхан Чайтанийн гажуудсан урсгалыг  үүсгэн байгуулагч байв. Тус  бүлэг  өөрсдийгөө  Бурхан Чайтаниагийн “Би  дахин илрэн тодроно”  гэсэг зөгнөлийг ашиглан өөрсдийгөө Бурхан Кришна, Баларама эсвэл Чайтаниа хэмээн зарлан тунхаглагчид юм. Атибарис бүлгэмийнхэн Чайтра (3-4 р сарын) 14нд Чайтаниа бурхан  4 мутартай дүрээрээ илрэн тодроно гэсэн зар гарган тосгон даяар түгээсэн байна. Иогч Бисаксен Бүхний дээд Маха Вишну миний дүрээр илрэн тодорч Европчуудыг (энэ үед энэтхэг английг колони улс байсан) өөрийн гараар устгах болно гэж зарлан тунхагласан байна.

Асаж буй галан дээр суун хэсэг хугацааны дараа ямарч түлэгдэлтгүй гарч ирэх , хүмүүсийн бодол санааг унших, өвчтэй хүмүүсийг анагаах болон толгойноосоо гал гаргах зэрэг иогийн чадвараа үзүүлэн энэ талаар мэдлэг хомсхон  хүмүүст өөрийгөө энэ дэлхий дээр байхгүй цор ганц Бурхан хэмээн итгүүлж байжээ. Гэвч жинхэнэ  бурханлаг мэдлэгээс хичээл  чармайлттай суралцагч Шрила Бхактивинода Тхакурт энэ нь зүгээр л нэг бурханлаг эрдэм үл агуулах, тэвчил хатамжлалаар олж авч чадахуйц материаллаг зүйлс байлаа.  Одоо үед ч энэ мэт зальдагчид энэтхэгт байх агаад дагалдагчид  нь тэднийг  бурхан мэт шүтэж байдаг.

Бисакисен өөрийгөө Брахма болон Шивагийн эзэн хэмээн тунхаглаж Орисса мужийн захирагчдын  зүгээс хандивласан  хөрөнгийг ашиглахаас гадна Раса бүжиг бүжнэ хэмээн тосгоны эмэгтэйчүүдийг авчруулан бэлгийн харьцаа үүсгэж байхыг нутгийн уугуул иргэд төдийгүй удирдагчид эсэргүүцэн засгийн газартаа мэдүүлгээ хүргэсэн байна.

Ноён Равеншав тухайн үеийн Англи энэтхэгийн засгийн газрийн тэргүүлэгч  байсан ба Орисс мужийг хариуцдаг байв. Брингарпурийн удирдагчдын хүсэлтийг хүлээн авч Шрила Бхактивинода Тхакурыг мөрдөн байцаахыг томилсон байна. Нөхцөл байдал их эгзэгтэй Бисакисен олон дагуултай, мөн тухайн муж улсын аюулгүй байдалд заналхийлж үймээн дэгдээхэд бэлэн байв.

Тхакура тус мужийн тэргүүлэгч цагдаа нарыг байнгын ажиглалт харуулд гарган орой нар шингэхээс өмнө иогчийн амьдардаг ширэнгэн ойд орсон байна. Тэр үед маш олон хүмүүс түүнийг тойрон сууж, хүнд өвчин тусагчид эдгэснийхээ дараа түүнийг бурханы хувилгаан хэмээн алдаршуулж байв. Тхакурыг очмогц иогч сэнтийнээсээ босч  “Өө бабу, би таныг Бенгалийн шүүгч гэдгийг мэднэ та яагаад ийм харанхуй шөнө ирэв ” хэмээв.

Шрила Бхактивинода Тхакур: “ Би таныг харах гэж л ирсэн ” гэхэд Бисакисен “Ийм учиртай байсан юм уу, за суугаад миний сургаалийг сонс, Би бол Маха Вишну. Сүүн далайгаас урган гарч би ирсэн одоо удахгүй бүхий л европчуудыг устгана. Үүнийг би зарлан тунхаглаж байна ” гэв. Энэ бүхнийг ярьж дууссныхаа дараа Бисакесан Тхакурт дал модны  навчин дээр бичсэн нэг зурвас өгөв. Уг бичигт   өөрийн нэр, зорилго гэх мэт зүйлс бичсэн байлаа . Мөн Тхакурын дагуулж ирсэн модны ард нуугдан,  үйл явцыг харж буй цагдаа нарын  тухай үүх түүх намтар зэргийг нь дурьдаж байв.

Тхакур үүнийг үл ойшоон: Хэрвээ та Маха Вишну аваас яагаад Пури дах Жаганатха девад биш энэ ширэнгэн ойд сууж байгаа юм бэ ? гэтэл

Иогч: Би бол бүхний дээд бодгаль. Пурид бурхан гэж байхгүй. Жаганатха гэж нэрлэгддэг тэр зүйл чинь зүгээр л нэг модны тасархай. Шри Чайтаниа миний хайрт бишрэлтэн байсан. Би тун удалгүй Энэтхэг орныг Хинду-н эзэнт гүрэн болгоно. Ийм учраас би ойд байгаа юм. Би чамайг аугаа бишрэлтэн төдийгүй сайн шүүгч гэдгийг чинь мэднэ, хэрвээ хинду эзэнт гүрэн байгуулагдах аваас би чамайг Орисса мужийн захирагчийн албанд томилно” гэжээ.

Шрила Бхактивинода Тхакур: Ямар ч өчүүхэн жижиг амьд оршнол хэзээ ч бурхан болж чадахгүй. Равана, Хиряанакашипу, Шишупала, Дантавакра болон бусад бодгалиуд энэ ухааны хоосролд автсанаараа эцсийн дүндээ үхэлд л  хүрсэн гэв.

Иогч Тхакурт өөрийгөө бурхан гэдгээ батлахын тулд олон арван өвчтэй хүмүүс авчран эдгээн илааршуулж  байв. Нэг хүн маш хүндээр шархадсан байлаа харин иогч хэсэг үнс авч шархан дээр нь тавихад шарх аньж өвчин шаналал нь алга болсон байв. Гэвч Тхакур үзэл бодлоосоо үл ухран түүнийг бурханы илгээсэн эрч хүчийг өөрийн нэр алдрын төлөө ашиглан буйг болон  Бурханд алдас хийж буйг ухаарч ойлгож  байлаа.

Маргааш өдөр нь Тхакура,   иогч   Бисакесанийг баривчлах үүргээ биелүүлэхээр 100 гаран цагдаа нарыг толгойлон ирэхэд өргөлийн гал асч түүний мянга мянган дагалдагчид урцных нь гадна  сууж байв. Тэдний ихэнхи нь Бисакесанийг магтан алдаршуулж, бишрэл хүндэлтгэлээ илэрхийлнэ. Гэтэл Тхакурыг олон тооны дүрэмт хувцас, буу шийдэм барьсан цагдаа нартай ирснийг хараад тэдний ихэнх  дайжин зугтаж,   “бурхны хувилгааныг баривчлах гэнэ”  гэсэн мэдээ  тосгон даяар тарав. Энэ бүхнийг Бисакесан тайван ажиглаж сууснаа Шрила Бхактивинодаг дөхөн очих үед : “Бабу, энэ бүхэн ямар учиртай вэ? ”гэхэд

Тхакура:  “Бид чамайг захирагчийн тушаалын дагуу Пури рүү авч явна “ хэмээв.

Иогч: Тэр захирагч гэж хэн бэ ? Би бол бүхний дээд бодгаль, Бүхий л ертөнцийн эзэн. Би хэний ч өмнө сөхрөхгүй. Та нарыг яаж намайг авч явахыг чинь алив харья гэв.

Хэрвээ чи явахгүй гэж зүтгээд байвал хүчээр авч явах эрх бидэнд бий хэмээн Тхакура байрандаа бат зогссоор байв.

Иогч ихэд хилэгнэн: Би чамайг энэ газраас одоохон явахыг тушааж байна. Надад бүхий л хүч чадал бий хэмээснээ толгойгоо хүчтэй савлахад түүний даахирсан туг үснээс нь шатсан могойнууд унаж байлаа. Нүд нь час улаан болоод унасан могойнууд харцаараа шатаахад үүнийг харсан цагдаа нарын зүрхэнд айдас хуран зугтаахад бэлэн болсон байв.

Тхакура: “Бисакисен! Чи хүссэнээрээ ид шидээ үзүүлж болно. Бид үүнийг чинь  яасан ч мартахгүй. Гэсэн хэдий ч Чи бол Бүхний дээд бодгальд алдас хийгч, өөрийгөө бурхантай дүйцүүлэх өчүүхэн амьд оршнол, үүгээр  ч үл барам чи бол үймээн дэгдээгч. Иймээс чи Пури явж шүүгдэх ёстой” хэмээн тунхаглав.

Иогч: “Би явахгүй, Би хүч чадалтай иймээс- зайлцгаа гэв. ”

Тхакура Бхактивинода дөрвөн цагдаад  тосгоны ойролцоо буй үхэр тэргийг авчрахыг тушаав. Хүлээх зуурт Тхакура үл бүтэх  иогчид ”Чи энэ хуурамч ухаан бодлоо таягдан хаяж өөрийн төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрөх  хэрэгтэй. Чиний энэ ид шидийн иог Бурхан болон түүний аугаа чин бишрэлтэнгүүдийн чадвартай харьцуулахад өчүүхэн зүйл. Би чамаас үүнийг л үнэн зөв ойлгохыг хүсэж байна” хэмээн  номлов.

Иогч үүний хариуд няц гишгүүлж буй могой адил “Чи ухаан муут минь намайг хэн гэдгийг мэдэхгүй байна. Би уурын галаараа ганц тургихад л энэ гурван ертөнц үнсэн товрого болно. Гэвч би хэтэрхий уян зөөлөн учраас үүнийг хийдэггүй” гэтэл

Шрила Бхактивинода хөхрөн: “Хөөрхий дөө. Одоо Пури руу явцгаая. Тэнд чи өөрийнхөө уурын галаа гаргаарай” гэхэд үхэр тэрэг ч ирэв. Гарах ямар ч гарцгүй болсон иогч: “Эдгээр үгс  Бурхны дээд  бодгалийн чин бишрэлтэнгийн үг учраас би Пури явж байна. Харин чи намайг Пуригаас буцаан авчрах ёстой”  гэв.

Пури явах замдаа Тхакура хэрэгтний үйлдлийг өдөр сараар нь тэмдэглэл хийв. Түүнийг бичих зуурт иогч үхэр тэргэний ард олон янзын ид шидээ үзүүлсээр байв. Тхакур үүнийг ажигласан ч тайван амгалан ажлаа үргэлжлүүлсээр Пурид ирэн Бисакисенийг хорих өрөөнд оруулав. Шрила Бхактивинода Тхакур лалын шашинтай 3 ахлах болон 72 туслах цагдааг өдөр шөнөгүй мануулж байхаар тушаал гарган өөрсдийгөө Брахма болон Шива гэж өргөмжлөх этгээдүүдийг баривчлахаар явав.

Бисакисен мацаг барьж ус болон хоол идэлгүй тэр ч байтугай бүр унтахгүй байлаа. Шрила Бхактивинода тхакур түүнийг идэхийг байнгад гуйн олон тооны үнэт бурханлаг зааварчилгаа өгч байсан авч Бисакисен огт сонссонгүй. Бисакисенийг түр саатуулахад байх зуур Ориссын оршин суугчид  хуульч хөлслөн түүнийг суллахыг хүсэж байлаа.

Мөрдөн байцаах үе 18 хоног үргэлжилэв. Энэ нь Пуригийн төв шүүх танхимд болсон ба иогчийн 1000 гаруй дагалдагчид болон олон тооны дэмжигчид нь түүнийг суллах хүсэлтээ илэрхийлсээр  байлаа. 16 дах хоногт нь Бисакисен Тхакурт хандан: Бабу, чи намайг мөрдсөнийхөө үр дүнг амсаж өөрт байгаа бүхнээ алдах болно, одоо гэртээ хариад ямар гамшиг болж буйг хар гэв.

Түүнийг гэртээ ирэхэд 2 дахь охин 7 настай  Кадамбини үхэлд хүргэх хүнд өвчин туссан байсан ба өндөр халуурч ойр ойрхон ухаан алдаж байв. Түүний гэрээс өвчин шаналлын аймшигт дуу үл тасрах авч Тхакур өөрийн байрандаа бат зогсон, түүнийг өчүүхэн иогчоос Бурханы Дээд Бодгаль хамгаалах болно гэдэгт итгэлтэй байлаа . Эмч нар ирэн охинг асрамжилан   өглөөний 8 цаг болоход охин цоо эрүүл болсноор үл барам гаднах хашаандаа тоглож байв. Тхакурын гэргий Шримати Бхагавати Деви, өөрсдийн үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд   их санаа зовон гэр бүлийнхнийг маань бүгдийг устгахаас өмнө Бисакисенийг явуулаач хэмээн гуйхад Тхакура: Тэгье, бүгдээрээ үхье, харин өөдгүй амьтад шийтгэгдэх ёстой гэжээ.

Тхакур өөрийн намтартаа: “Энэ үед бүхий л Пури даяар  айдас нөмрөөстэй байлаа. Сургууль хаагдаж, олон хүмүүс миний  хийж буй үйлийг буруутгасан байдалтай байсан. Мөн Кадамбини дахин хүнд өвчин туссан. Хэдийгээр Бисакисен иогийн эрдэмд гаргуун сайн  суралцсан байж болох  ч тухайн үед би   түүний буруутайг нотлох баримтуудыг олсон байсан. 21 өдрийн турш иогч дусал усч уугаагүй боловч ямар ч хүч чадлаа алдсан шинжгүй тэр ч атугай хүмүүсийг эдгээж байлаа “

Мөрдөн байцаалтын 17 дах өдөр Бисакисен Тхакурад хандан: Гэрт чинь болж буй гай гамшгуудыг чи ажиглахгүй байна  уу ? Хэзээ чи намайг бүхний дээд бодгаль гэдгийг таних юм бэ ? Шүүх хурлын эцсийн өдөр чиний үхэл ирж чамайг тушаал буулгахыг чинь харья гэв.

Тхакура Бхактивинода гэртээ харьж  шүүгчийн хувцсаа тайлах үед  баруун цээжиндээ хүчтэй өвдөлт мэдэрчээ. Шөнийн турш өвчин нь хүндэрсээр байлаа. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн шийдвэртээ үнэнч  байв. Харин  ийм байдалтай хэрхэн эцсийн шүүх хурлаа удирдах нь тодорхойгүй байлаа.  Өглөөний 10 цагийн үед бие нь бага зэрэг дээрдэж шийдвэр бичих чадвартай болов. Алхаж чадахгүй байсан учраас  тэргэнцэр дээр явахаас өөр аргагүй байлаа. Тхакур: “Бисакесан Үндэсний Британи- Энэтхэгийн засгийн газар болон Орисса мужийн төв захиргааны эсрэг нууц явуулга хийсэн учраас 18 сарын турш хатуу дэглэмт шоронд хорьж, хүнд хүчир ажил хийхийг тушаав ” гэсэн шийдвэр гаргасан байв.  Шүүхийн танхимын гадна Бисакесаны олон дагалдагчид  уг шийдвэрийг сонсоод нэгэн дуугаар: Шударга бус, Шударга бус байна хэмээн орилолдож байлаа.

Бисакесаныг Дүүргийн эмч Валтер шүүхийн танхимаас авч гарахаасаа өмнө түүний үсийг ажиглан, бүхий л иогчдын хүч чадал нь үсэндээ байдгийг мэдэх тэрээр даахирсан үсийг нь томхон шиг хайчаар хайчилахад  иогч  хөсөр унан, алхах ч чадваргүй болов.  Түүний дагалдагчид “Бурхан” нь урт үсгүйгээр хэн ч биш юм гэдгийг хараад түүнийг хаяж одов. Тхакурын өвчин тэрхэн зуур алга болов.

Шрила Бхактивинода Тхакур намтартаа: Түүний үсийг тайрмагц, дагалдагчид нь түүнийг зальдагч юм гэдгийг мэдээд орхиж одсон” гэсэн байв.

Тхакура гэртээ харьж харин  Бисакисен Пури-н шоронд 3 сар байсны дараа Мединипурын шорон руу шилжүүлэгджээ. 1873 онд шоронд байх үедээ хор уун амиа егүүтгэсэн байна. Энэ нь яг л Дурваса Муни цэвэр чин бишрэлтэн Амбариша Махаражийг хорлох гэж байгаад өөрөө шийтгэгддэгтэй адил зүйл болсон юм. Ийм таагүй зүйл Тхакур Бхактивинодад тохиолдсон авч Бурхны нигүүслэлээр амьд үлдэн  ялалтанд хүрсэн юм.

Түүхийг орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

“Алтан эриний гэгээ” сонин 10 дахь дугаараас

Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч  мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино.

Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж. Зарим үед өвчтөний арьсан дээр цус шүүрч мэдэгдэх авч хилерийг мэс заслаа дуусган гараа авах үед өвчтөний бие дээр ямар ч шарх, гэмтлийн ул мөр огт үлддэггүй байна. Бүр өчүүхэн төдий ч сорви үлддэггүй. Энэ үед хамгийн сонирхолтой нь эмчлүүлэгч мэс засал хийж буй газарт ямар нэг хачин жигтэй ухалт, төнхөлтийг мэдрэхээс өөрөөр өвдөлтийг бараг л мэдэрдэггүй аж.  Харин энэ бол чухам үнэндээ мэс засал биш эмчлэгчийн бурханлаг эрч хүчтэй харьцан ажиллаж чадах чадвар юм. Хилерийн астраль биеийн алганы төв хэсэг ба хуруунуудын дунд хэсгээс цацран гарах энерги нь физик биеийн дотоодод нэвтрэн орж, өвдөж гэмтсэн хэсгийг зайлуулдаг байна. Сүүлийн үеийн германы эрдэмтдийн судалснаар энэ энерги эрчим хүч нь радиодолгионоос илүү цаашаа нэвтрэх чадвартай аж.

Энэ асуудлыг усан дээр шинжиж үзье л дээ. Жишээ нь та ус руу гараа дүрээд буцаагаад гаргахад тэнд гар хийсний ул мөр огт үлддэггүй шүү дээ. Тийм биз? Астраль биед мэс засал хийж байхдаа хилер нь бидний мэддэгээс огт өөр хэмжээс орон зайд ордог ба бие махбодио ухамсрын өөр орон зайд аваачих нь өөрөө тийм ч сенсац болгохоор гайхалтай зүйл биш ба үүнийг одоо хир нь буддын лам нар, энэтхэгийн йогчид, африкийн тайлгачид ч хийж чаддаг тул хилерүүд энэ салбарт анхдагчид биш юм.

Энэтхэг орон бол манай гариг дэлхийн хамгийн нууцлаг оньсого мэт зүйлсийн жагсаалтыг манлайлах орон гэдгийг бид зоригтой хэлж чадна. Одоо би та бүхэнд нэгэн ийм хилерийн тухай өгүүлэх болно. Тэрээр Раджастаны Удайапур хотоос холгүй амьдардаг ба дорно дахины үлгэрийн ид шидтэнүүдтэй эгээ адилхан нэгэн билээ.

 

 

РАДЖАСТАНЫ ХИЛЕР

Раджастанд хүрэлцэн очиж доктор Калифа- ба -Шайкхула Ислам Алхадж Мулана Малика нараар эмчлүүлсэн иргэн Андрей Головины Ведүүд сэтгүүлд зориулан тусгайлан ярьсан ярилцлагыг толилуулж байна.

 

– Намайг эртнээс л элэгний өвчин маань зовоож байгаа билээ. Миний нэг танил Вриндаваны Анджана дас гэр бүлтэйгээ Раджастаны нэр алдарт хилерт очих гэж байгааг сонсоод би ч бас хувь заяагаа туршиж үзэхээр шийдсэн юм. Олон хүмүүсийн яриснаар бол тэр чулууг болон өвчтэй эрхтнээс хэсэгчлэн тасдан авч дотор эрхтнүүдийг эмчилдэг аж.

Энэ ярианд би үг дуугүй итгэж байсан гэж хэлж чадахгүй. Тэр ч байтугай ийм төлийн эмчилгээнд ихээхэн эргэлзэнгүй хандаж байснаа хэлэх хэрэгтэй.

Энэтхэгийн хүн пиг дүүрэн галт тэргэнд суун, халуунд халан явсаар ядарч туйлдсан бид арай гэж эмчийн гэрт хүрэв. Энд ирээд хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл юу байсан гэвэл энд маш олон хүн хуран цугларсанд байлаа. Хилерт үзүүлэхээр ирсэн хүмүүсийн цутгалан хэзээ ч тасрахааргүй юм шиг санагдаж билээ. Энд энгийн эгэл жирийн тосгоны орршин суугчаас аваад орчин үеийн чамин ганган машин хөлөглөсөн чинээлэг энэтхэгчүүд ч ирсэн байх нь харагдаж байв.

Урьд өмнө нь бидэнд хэлсэнчлэн эмчлэгч маань эмчилгээний хөлс болгож ямар нэг тодорхой төлбөр тогтоогоогүй байсан. Түүн дээр ирж байсан хүмүүс өөрийн чадах хэмжээний мөнгийг тавиур дээр өөрсдөө тавьж байхыг бид харсан билээ. Тавиур дээр хамгийн өчүүхэн жаахан мөнгөнөөс аваад маш их хэмжээний мөнгө ч харагдаж байсан юм. Гэвч хилерийн хувьд энэ асуудал онцгой анхаарал татахгүй байх шиг байсан ба тэр ч байтугай тэрээр тэр тавиур руу харах ч үгүй байв.

Яагаад ч юм надад хилерийн хувьд энэ нь түүний үндсэн орлого биш юм шиг санагдсан. Ханан дээр нь хилертэй уулзаж байгаа янз бүрийн зургуудыг өлгөсөн байсан ба харваас эдгээр хүмүүс нь нилээд нэр алдартай хүмүүс бөгөөд мөн ямар нэг диплом гэх мэт зүйлсийг гардуулж буй ёслол ч юмуу гэмээр харагдаж байлаа.

Урьд өмнө нь би Энэтхэгт хэрвээ эмчлэгч эсвэл зурхайч ямар нэг үйлчилгээ үзүүлээд түүнийхөө төлөө ямар нэг тогтсон тариф, үнэ тогтоовол тэрээр шууд л өөрийн нэр төр, мэргэшилээ алддаг гэдгийг сонсож байсан. Мөн чанарынхаа хувьд тэд ямар ч хариу хүлээлгүйгээр хүмүүст туслах ёстой аж. Энд энэ хууль ёстой л номоороо хэрэгжиж байх шиг харагдаж билээ.

Ингэж ингэж арайхийж миний ээлж боллоо. Би дотогш оров. Хилер дорно дахины эртний үлгэрийн илбэчин, ид шидтэн шиг байхыг хараад би их гайхав. Уртаас урт сахал, дорнын хийцийн малгай, хамар дээрээ зүүсэн нүдний шил, нэвт шувт ширтсэн тайван ухаалаг харц гээд л. Миний урьд өмнөх оношийг мэдэхгүй байсан боловч тэрээр маш хурднаар түүнийг оношилоод, намайг шүтээн тийшээ аваачин, түүнд гараа хүргэхийг хүсэв. Ямар нэг залбирал уншаад тэрээр маш хурднаар хүйтэн хутганы ар талаар миний гэдсэн дээгүүр гүйлгэснээ дараа нь түүнийгээ хойш нь тавиад тэр газарт гараараа ямар нэг ухан төнхөх үйлдэл хийж эхлэв. Би түгшин сандрахаас өөр юу ч мэдрэхгүй зогссоор байлаа. Гэнэт хилер гараа миний гэдэснээс авч надад нарийхан тунгалаг хальс шиг юм харууллаа. Би ч мэл гайхаж, цэл хөхөрч орхив. Тэр хэлэхдээ түүнийг миний гэдэснээс гаргаж ирсэн гэлээ. Би ямар нэг цус энэ тэр гарах гэж бодож байсан боловч тэр гарсангүй. Тэр хальс бараг л хув хуурай байв. Мэдээжийн хэрэг миний гэдсэн дээр ямар ч ул мөр үлдээгүй юм. Одоо болтол би тэр үед юу болсныг бодоод бодоод олдоггүй юм.

Жинхэнэ эмчилгээ юу эсвэл зүгээр л сайтар бодож боловсруулсан үзүүлбэр үү? Гэвч үүнээс хойш миний эрүүл мэнд бодитойгоор сайжирч байгааг мэдэрч эхэлсэн. Огцом биш л дээ, аажмаар, мэдэгдэхүйцээр. Харин цаашаа юу болохыг цаг хугацаа л харуулах байх даа.

Өнөөг хүртэл бидний очсон энэ хүн түүн рүү зорин ирсэн тэр олон хүнийг мэхэлж мөнгийг нь авахын тулд ийм үйл хийж байсан гэж төсөөлж чадахгүй байна. Юуны тулд тэр үүнийг хийнэ вэ? Түүний ажлын утга учир мөнгөнд бус байсныг бид харсан шүү дээ. Мөн түүнчлэн хүндэтгэвэл зохих насыг харгалзан үзсэн ч тэрээр үүнийг нэр алдрын төлөө л лавтай хийгээгүй.

 

“Ведүүд” сэтгүүлээс товчлон орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас /Б.Болдсүх/

 

Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу?

Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа.

Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын доод хэлбэрт. Эндээс сүнс нь аажмаар дахин дахин хувьсан төрсөөр эцэст нь амьдралын дээд хэлбэрт буюу хүний төрөлд ирдэг аж. Одоо харин би түүнийг энэ төрөлд төрөхөөсөө өмнө байсан тэрхүү адгуусны бие буюу хар морины биеэс өмнөх төрөлд буцан очихыг хүссэн билээ.Тэр цагт бид түүнийг өмнө нь амьдралын дэвшилтэт төрөлд байж уу аль эсвэл доод төрөлд байж уу гэдгийг нь ялган таньж болно. Магадгүй мориноос илүү бүдүүн хадуун адгуусны төрөлд төрж байсан байж болох шүү дээ. Регрессийн шатаар уруудан бид магадгүй тэрээр ямар нэг бүдүүлэг амьдралын хэлбэрт төрж байсныг нь мэдэж болох юм. Энэ нь өгсөн дээшилдэг хөгжил дэвшлийн баталгаа болох билээ.

Би түүнийг морь байхаас нь өмнөх үеийн төрөл тийш илгээв. Намайг туйлын ихээр гайхашруулсан зүйл нь юу гэвээс тэрээр түүний өмнө төрөлдөө нэгэн жаахан охин байсан агаад Сомарсетийн ферм дээр үйлдвэржилтийн хувьсгалын үед амьдарч байжээ. Тэрээр их аялгатайгаар, мөн барууны оршин суугчдын янзаар бүх зүйлийг уран дүрслэлтэйгээр ярьж өгсөн юм. Гайхамшигтай!

Тэрээр фермийн аж ахуйгууд хоосорч, эзэд нь Амласан тэр газар нутаг буюу тэдэнд амлаж байсан хотынх нь гудамжууд алтаар бүрхэгдсэн тийм газарт өөд шилжин нүүж байсан тэр үеийнхээ тухай ярилаа. Гэвч очсон тэр газарт нь тэднийг жинхэнэ тамын амьдрал хүлээж байжээ. Тэнд очоод тэрээр нэгэн ойворгон эмэгтэйн  үйлчлэгч болсон байна. Тэр түүнийг туйлын ихээр үзэн яддаг байж. Тэнд тэр урт удаан, аймшигтай 60 жилийг үдэн өнгөрөөсөн бөгөөд туйлын их ганцаардал шаналал дунд дээвэр дээр нас нөгчжээ. Ийнхүү барууны нэгэн эмэгтэй Викторигийн үеийн Лондон хотод нас нөгчөөд дараа нь тэрхүү хилэн хар морь болон төржээ. Яаж ийм байж болох вэ? Яаж гэдэг нь “Бхагавад-гитад” агуулагдаж буй билээ.

Би өөрийн үнэт эрдэнэ болсон тэр эмэгтэй өвчтнөө тэрхүү хаягдмал, ганцаардмал, ажиллаж байсан байшингийнхаа дээд давхарт туйлын ганцаардмал байдлаар нас нөгчих тэр үед нь аваачсан.

-Тэгэхээр та өөрийн үхэлдээ бэлдэж байв уу? Тэр үед таны бодож байсан зүйлийн талаар мэдэхийг би маш их хүсэж байна. Таныг өөрийн эрхэлж байсан ажлаа маш ихээр үзэн яддаг байсныг би мэднэ. Та тун ч их сэтгэл санаагаар унаж, дарамтанд байсан байх даа?

-Үгүй шүү, огтхон ч тийм биш, – хэмээн тэрээр гайхсан янзаар хариу өчлөө. –Би тийм мэт шоронгоос суллагдаж байгаадаа харин ч аз жаргалтай байсан юм. Би тэр үед өөрийн төрсөн, амьдрал минь эхэлсэн  тэр тосгоноо бодож байлаа. Бас тэрхүү гайхамшигтай хилэн хар морины талаар бодож байлаа. .. гэв.

Би бүр мэгдэж гүйцэв. Миний нотолгоо энэ дээ. Ийм юм гэж байж болох уу? Гүн ухааны хийгээд бурханлаг чиглэлийн нэг ч ном уншаагүй дунд зэргийн ухаантай ийм эмэгтэй Ведүүдийн батлан айлдаж байдаг  шиг ийм мэдлэгийг над өгч чадлаа гэж үү?

Эртний судар бичгүүдэд бидний дурлан татагдал биднийг энэ материйн ертөнцөд дахин дахин буцаан төрүүлдэг гэж олонтоо сургасан байдаг. Жишээ нь Махараджа Бхарата эхээсээ хаягдсан хөөрхий янзаганд санаа тавьж байснаасаа болж зээр гөрөөсний хэвлийд төрөх болсон түүх  бий. ..

Тоо томшгүй олон маргаан мэтгэлцээн энэ сэдвээр үргэлжилж болох л юм. Догшин хэрцгий Бурхан биднийг хүсээгүй биемахбодид төрүүлж шийтгэж байгаа хэрэг биш гэдгийг би мэднээ. Зөвхөн бидний ухамсар л аз жаргалыг, эрх чөлөөг, тусгаар байдлыг, ханамж таашаалыг эрэх аянд мордуулдаг  ажээ. Өнөөдрийн бидний хүлээн авсан энэ биемахбодь болвоос урьдны амьдралын маань ухаан ухамсраар бүтээгдсэн билээ.

Морины биемахбодь нь нас нөгчисний дараа тэр эмэгтэй дахин хүний биеийг хүлээн авсан ажээ.

Яг үүнтэй адил түүх Шримад-Бхагаватамд бий. Түүнийг Махараджа Бхарата гэдэг байсан ба тэрээр нэг амьдралын туршид адгуус амьтны төрөл тийш унасан агаад эцэст нь тэр амьдралынхаа төгсгөлд дахин хүний биеийг олж авдаг. Өөрийгөө таньж гэгээрсэн аугаа сүнс байсны хувьд Махараджа Бхарата өөрийн урьд төрлийг дурсан санаж чадаж байсан юм. Тэр чухам яагаад буга болоод төрчихвөө гэдгийхнээ учир шалтгааныг ч мэдэж байсан. Дахин хүний биеийг олж авсныхаа дараа тэрээр өөрийн бурханлаг хөгжил дэвшилд туйлын няхуур хандаж байсан ба энэ ертөнцийн элдэв хэрэгцээгүй зүйлс хийгээд уягдал татагдал зэргээс холхон байхыг хичээж байсан юм. Ингээд насны эцэст тэрээр амьдралын дээд төгс төгөлдөрт хүрч бурханлаг ертөнц тийш буцаж чадсан байдаг.

 

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top