Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 8 8 9
Users Today : 4
Users Yesterday : 41
Total Users : 11889
Views Today : 4
Views Yesterday : 67
Ямар ч дадал зуршил гучаас дөчин хоногийн дотор хэвшил болдог.

Аливаа үйлийг дадал хэвшил болгоход бүр хамгийн энгийн нь байлаа ч цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Өглөө эрт босч сурах дадал зуршил нь амар биш зуршлуудын нэг. Яагаад гэвэл энэ нь хэд хэдэн зуршлаас хамаарна. Тиймээс эрт босохын тулд: 1) эрт унтаж сурах, 2) шөнө унтахдаа шингэц удаан хүнд хоол идэхгүй байж сурах (эсрэг тохиолдолд нойр сайн авахад амаргүй), 3) ухаан санаагаа аль болох өдөөхгүй байж сурах, хамгийн багадаа л унтахаасаа нэг цагийн өмнө. Жишээ нь компьютер дээр ажиллахгүй байх, интернет орохгүй байх, болж өгвөл зурагт үзэхгүй байх. Эс тэгвээс ухаан санаа тайвширч, түргэн унтаж чадахгүй.

Гэвч нэг сайн тал бий. Өглөө эрт босох нь бидний өөрсдийн байгалийн мөн чанартай зохицдог. Бидэнд түүнийг шинээр бий болгон цогцлоох шаардлагагүй бөгөөд зүгээр л бид жам ёсны хэмнэлийг мэдрэх болно. Энэ хэмнэлээр бол бидний бие махбодь, уураг тархи нарны хөдөлгөөнөөс хамаарч оршин амьдарч байдаг. Ийм учраас бага зэрэг хүч чармайлт гаргавал ямар ч хүн маш хурднаар энэ дадал зуршлаа буцаан сэргээж чадна.

 

Эх үүсвэр: Бхакти Вигьяна Госвами лекцээс

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу?

ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь  хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх ёстой талаар сургахаар зааварлагдсан багш нарыг дахин дахин илгээн шинэ бурханлаг эрч хүчээр сэлбэсээр байдаг.

АСУУЛТ: Их эрдмийг эзэмшиж, мэдээлэл сайн авдаг хүний хувьд та өөртөө “шашин бол ард түмний тархийг мунхруулагч хар тамхи” гэмээх ойлголт болон шүтлэгтэй хүн гэдэг ойлголтыг хэрхэн хүлээж авдаг вэ?

ХАРИУЛТ: Миний хувьд би шашны гэхээсээ илүүтэй бурханлаг(spiritual) хүн. Миний бүх лекцүүд хүмүүнийг шашны баригдмал хүрээнээс гаргахад чиглэгдсэн байдаг. Олонхи шашнууд Бурханд итгэх нийтлэг ямар ч итгэлгүй байдаг гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй. Жишээ нь, олон хүмүүс шашныг мансуурсан дэмийрэл, рок-н-ролл, спортын нэвтрүүлэг үзэж байгаа мэтээр авч үздэг. Би хүмүүсийг зугаацуулах гэж оролдоогүй юм шүү. Шашин шүтлэгийн гол проблем нь хагарал болон үзэл бодлын зөрөлдөөнийг бий болгодог бөгөөд ийм байдалтай тэмцэхэд туйлын хүнд. Орчин үеийн дэлхий дахины зөрчил хагаралдааны шалтгаанд дүн шинжилгээ хийгээд үзвэл тэдгээрийн цаана шашны хэт үзэл нуугдаж байдаг. Тиймээс өнөө цагт шашны баригдмал цар хүрээнээс гарч, бурханлаг буюу сүнслэг (spiritual) байдалд анхаарал хандуулах онцгой шаардлага үүсэн бий болжээ.

Шашин шүтлэг нь ихэнхидээ ритуал буюу зан үйл, хэлбэрдэл, гадаад дүр байдалтайгаа өөрсдийгөө адилтгадаг. Гэвч ямар ч жинхэнэ шашны уламжлалын гүн рүү нэвтрээд үзэхээр бид орчлон ертөнцийн универсаль үнэнтэй нүүр тулдаг. ..

Хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл рүү сайтар өнгийн харж чадвал тэндээс бүх шашны гайхамшигтай эх үүсвэрийг олж чадах болно. Нэгэн цагт эрдэмтэд түүх, биологи, гүн ухааны салбарын мэдлэгийг эзэмшиж, дэлхийн хэд хэдэн орны хэлийг мэддэг дээр нь бас бус олон зүйлийн талаар мэддэг байх ёстой тийм цаг үе байсан. Харин одоо дэлхий дахинд мэргэшихүйн эрин эхлэжээ. Ийм учраас бид мэдлэг ухааны нарийн нарийн салбарт төгс болохоор тэмүүлэх ёстой болж. Тэр ч бүү хэл бид үхэхийн өмнөх үедээ шоргоолжны сарвууны траекторын хөдөлгөөнийг судладаг, жоомны мөлхөлтийн механизмыг эсвэл эрвээхэйний гуужилтын арга гэх мэтийг судлах сэдвээр эрдмийн зэрэг хүртдэг боллоо. Бид хамгийн дэмий балай зүйлсийг судласаар л. Орчин үеийн судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн сайжруулах шаардлагатай хэн ч маргахгүй гэлээ ч заримдаа бид хүний амьдралын өөр бусад салбарт ач тустай байж үл чадах өөрийн дутагдлыг нуухын тулд хамгийн өчүүхэн жаахан ач холбогдол бүхий зүйлийг судлах ажлын эксперт болох тохиолдол бий.

… Ийм учраас алхам тутамдаа “би-математикч”, “би- палеонтологч” гэж зарлахын оронд бид бусдадаа туслаж сурах ёстой. Гэхдээ энэ нь биднээс мэдлэгийн бүх салбарын хоорондын уялдаа холбоог нэг нэгэн рүү нь сэлгүүлэх чадварыг шаардана.

АСУУЛТ: Бид хэрхэн яаж өөрсдийгөө хорт муу нөлөөллөөс хамгаалах вэ?

ХАРИУЛТ: Бид өнгөрсөн цаг үеийн аугаа багш нарын тогтоож өгсөн зарчмыг даган баримтлаж амьдарч эхлэвэл бид хамгаалалтанд орно. Хэрэв та ямар нэг байдлаар өөрөөр амьдраад эхлэх аваас та зовлон  зүдгүүрийн  зүй ёсны зууш болох болно. Ийм учраас бид бурханлаг дайчны зарчмаар амьдрах ёстой. Яг л дайчид шиг бид, бидний өмнө олдоод байгаа бурханлаг мэдлэгтэй анхааралтайгаар танилцах ёстой. Бид, бидэнд зам зааж өгч буй Бурхан, биднийг энэ замаараа улам цаашаа яваасай хэмээн хүсэж байгааг ойлгохыг хичээх ёстой.

Та бурханлаг аз жаргалын тодорхой аргыг мэдэхийг хүсэж байна уу? Бидний хэн нь ч хийж чадах бага биш чухал алхам бол Бурханы нэрийн давтан дуудахуйн хүч дээр төвлөрөх явдал. Энэ бол ангижралын аугаа аргачлал юм. Танд хамгийн ойр санагдах Бурханы нэрийг давтан дууд, энэ нэрийг маш сэрэл мэдрэмжтэйгээр, итгэл үнэмшилтэйгээр давтан дууд.

Ихэнхи шашны системүүд Бурханы нэрийг давтан дуудах энэ практикыг даган баримтлахаа больсон. Эсвэл Бурханы нэрийг дуудлаа гэхэд тэд оронд нь Түүний өөдөөс баахан бараа бүтээгдэхүүний хүсэлт жагсаалт өргөн барьдаг: “Надад шинэ машин хэрэгтэй байна”, “Надад байшин хэрэгтэй байна”, “Би жаахан карьер ахимаар байна”, “Миний найз охиныг битгий мартчихаж үзээрэй” гэх мэтээр.

Таныхаар бол Бурханд иймэрхүү хандлага таалагдана гэж бодож байна уу? Тэр биднээс, бидний өөрчлөгдөхийг бас биднийг,  эцэг, эхийнхээ хайр, халамж, анхаарал, энхрийллээс аз жаргалыг мэдэрч буй хүүхэд шиг байхыг л хүсдэг. Бурханы нэрийг дуудсанаараа бид Түүнийг Өөрийг нь ирэхийг гуйж байгаа хэрэг юм. ..

..Товчхондоо хэлвэл бидний хийх ёстой зүйл бол өөрийн дотоод руу өнгийн харах явдал. .. Бид дан ганц материаллаг зүйл дээр, гадаад зүйл дээр төвлөрдгөө болих ёстой. Бид цаг ямагт, бид бол материаллаг бие махбодид төрчихсөн бурханлаг бодгалиуд юм шүү, бидний мөнхийн гэр орон биднийг бурханлаг ертөнцөд хүлээж буй юм шүү гэдгийг санаж байх ёстой.

 

БХАКТИ ТИРТХА СВАМИ БУРХАНЛАГ ДАЙЧИН НОМЫН АСУУЛТ, ХАРИУЛТ ХЭСГЭЭС

 

Шива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна.

Цэтань-Доньжубын хэлж байгаагаар сүм оршин байсан энэ баримт нь Төвд болон эртний Торгоны зам хоёрын хооронд гүн гүнзгий түүхийн холбоо байгааг илтгэж байна гэжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

2008 оны  гуравдугаар сарын 18нд  Лондонгийн  шүтлэгтний гишүүн Шри Махешбхай Дхокья над руу утасдаж, түүний эхнэр Шримати Жаяшри Дхокья нилээд хурц, савны хорт хавдраар шаналж байгаа тухай мэдэгдээд,  Лондонгоос Франкфурт руу эцсийн шатны мэс засалд орохоор явах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Махешбхай надаас Шри Маяпурын бишрэлтнүүд түүний эхнэрийн төлөө Бурханд залбирч болох болов уу хэмээн асуусан билээ. Лондонгийн эмч нарын найдвар горьдлого хэдийнээ тасарсан бөгөөд эхнэрийг нь гурван сараас илүүтэй амьдарч чадахгүй, хавдар биеийн доод хэсэг, хэвлийн хөндий зэргээр хэдийнээ тархсан байна гэж мэдэгдсэн байна.  Маргааш өглөө нь би энэ бүх байдлыг Панкажангхри прабхуд танилцуулж тайлбарласан бөгөөд түүнийг Шри Нримсхадева Бурханд залбирал өргөж, пужа хийж өгөхийг сэтгэлээсээ гуйсан билээ.

Бид хоёул Шри Шри Радха Мадхавын шүтээний өрөөний ойролцоох пужаригийн өрөөнд байрлацгаадаг байлаа. Тэр үед би Шри Чаитанья Махапрабхугийн хувцсыг өмсгөдөг байсан ба харин Панкажангхри прабху Нрисимхадевад зориулсан абхишекийн хамгийн эцсийн бэлтгэлийг базаадаг байсан юм. Тэрээр надаас мөнөөхь өвдсөн эмэгтэйн нэрийг асуулаа. Би ч түүний нэрийг цаасан дээр бичээд түүнд өгсөн юм. Яг энэ үед Германд Шримати Жаяшри матажийн амийг аврах мэс засал хийгдэж байлаа.

Мэс засал хийгдэж дууссаны дараа Жаяшри матажи дөнгөж ухаан ормогцоо Маяпурын Нрисимхадева Шүтээнийг зүүдлэсэн тухайгаа нөхөртөө хэлсэн байна…

MN

Эмэгтэй нөхөртөө өөрийгөө цоо шинэ хүн болсон мэтээр мэдэрч байгаагаа болон ямар нэг таагүй муу зүйл түүний биеэс гарч явсан юм шиг санагдаж байгаа тухайгаа ч ярьжээ. Лондонд буцаж ирээд тэрээр өмнө нь эмчилж байсан эмч нар дээрээ эргэн ирэв. Үзлэг оношлогооны явцад цацраг туяаны мэргэжилтнүүд түүний бүх биенд хорт хавдрын ямар ч шинж тэмдэг үзэгдэхгүй байсанд маш ихээр цочирдон гайхацгаасан юм. Тэд Германы эмнэлэг рүү утасдаж өвчтөний эмчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг лавлан асуусан байлаа. Түүнд мэс засал хийсэн Герман мэс засалч нар ч Лондонгийн цацраг туяаны мэргэжилтнүүдээс сонссон зүйлдээ итгэж чадахгүй гайхацгааж байв. Хавдрын ямар ч шинж тэмдэг байгаагүйд бүгд алмайран гайхацгаасан юм. Германы анагаах ухааны судалгааны нэгдэл одоо ч энэ асуудлыг гүн гүнзгий ул суурьтай судласаар байгаа билээ.

Махешбхай болон түүний эхнэр Шримати Жаяшри нар Шри Маяпурт эргэн ирж, чухам юу болсон тухай бүгдийг сонсож дуулсны дараа Шримати Жаяшри, Нрисимхадев Шүтээний өмнө зөндөө их уйлсан байна. Жананивас Прабху хосуудыг адислаж, энэ бүх трансцендентал үйл явдлыг “Бурхан Нрисимхадева Өөрийн трансцендент хумсаар мэс засал хийсэн бөгөөд бишрэлтнүүд нь ийнхүү аз жаргалыг мэдэрч байгаа хэрэг” хэмээн  дүгнэн хэлж байв.

Жаяшри одоо Харе Кришна маха мантра 16 тойрог уншиж, Кришна ухамсрын шинэ амьдралаар амьдарч буйн зэрэгцээ  ИСККОНы бүх бишрэлтнүүдэд талархаж явдаг ба Шрила Прабхупадын бурханлаг гэр бүлд нэгдсэндээ туйлын бахархалтай байдаг ажээ. Тэрээр Шри Нрисимхадевад бараалхахын тулд жил бүр Маяпурт ирж байх ам тангараг тавьсан байна.

 Түүхийг ярьсан: Нанда Кишори дас

Эх үүсвэр: http://shrinarasimha.com/iskcon_mayapur.html

Орчуулсан: Балабхадра дас

.. Миний уур цухал хөдлөв. Шеллигийн өмнөөс энэ нь надад аймшигтай байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин тэр…тэр бүгдийн анхаарлыг татсандаа нилээд баяртай байгаа бололтой  байв. Тэр хөмсөг өргөн энэ саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь алга нижигнэтэл ташлаа. Охин босч, миний түүнд зориулан дөнгөж бэлдэж амжсан, тайзны төвд байрлуулсан сандлыг чиглэв.

Энэ бол түүний хувьд хэт хөнгөн хийсвэр зүйл байсан юм. Модны сүүдэр дэхь тайван амгалан торон орон дээр өнгөрснөө санах нэг хэрэг, 200 гаран үзэгчдийн нүдэн дээр, олон нийтийг хамарсан ийм лекцэн дээр өөр хэрэг. Түүнчлэн өөр нэг оюутан танхимд эргэн орж ирсэн нь байдлыг улам дордуулав. Тэрээр өрөө рүүгээ гүйн очоод Вольфганг Амадейн захидлуудын бүрэн цуглуулгыг авч ирсэн юм. Тэгээд номоо таамгаар нээгээд залуу бүсгүй рүү тохуурхсан янзтай ширтэн байж хүсэв:

“Хэрэв та чадвал түүнийг энэ үед нь аваач”  – гэж хэлээд тэрээр над руу дэлгээтэй номоо сунгалаа. Тэнд захидлыг бичсэн, он, сар өдөр байлаа. “Баярлалаа” гэж би тэр чөтгөрийн ухаантай залууд хандан шүдэн завсраа сийгүүлэн хэлэв.

Ингээд бид эхлэлээ дээ. Би түүнийг Моцартын амьдралын тодорхой нэг мөчлөг рүү илгээлээ. Дараа нь түүнийг захидал дурдсан байсан цаг хугацаа руу илгээсэн юм. Тэр захидал түүний үеэл эгч Мари-Анна Теклад хаяглагдсан байлаа. Энэ нэрийг Шелли надад хэзээ ч дурсаж байгаагүй.

-Чи одоо юу хийж байна ?

-Би өөрийн үеэл Мари-Анна Текла эгчид захидал бичиж байна.

Би мөнөөхь ухаалаг оюутан залуу руу харахгүй байж чадсангүй.

“Чи тэнд юу бичиж байх юм бэ дээ?”  – гэж мөнөөхь оюутан залуу ихэмсгээр асуулаа.

-Моцарт чи юу бичиж байна?

“Моцарт” инээснээсээ болж бүр чичрэв. Бүр улам, улмаа хүчтэй инээн хөхрөнө. Гэнэт тэрээр гэдсээ барьж авсан бөгөөд бараг л сандлаасаа унан алдан ёолов. Би ч гүйн очиж Шеллигийн гараас барьж авлаа. Түүнийг жаахан тайвширмагц би түүнээс асуулаа:

-Моцарт ? Тэр захианд юун тухай бичсэн юм бэ дээ?

Нэг хором өнгөрөв. “Моцарт” шийдэж ядсан байдалтай, ичингүйрэн байж хариуллаа:

-Би үеэл эгчдээ ариун цэврийн өрөө рүү яаж орох тухай хэд хэдэн аргыг бичиж байна.

Энэ удаад танхим дүүрэн инээд болов. “Моцарт” үүнд огтоос анхаарсан шинжгүй тайван суусаар байлаа.

-Өөр юун тухай бичив дээ, Вольфганг? Бидэнтэй хуваалцчихмаар юм чамд байна уу?

-Одоо би бидний бяцхан гуанзанд болсон үйл явдлын  тухай ярьж өгч байна. Бид зоорийн давхарт сууж байлаа. Бидний ууж байсан дарс бүгд дууслаа… (Моцарт дахиад л инээв.) Бид хоосон шилнүүд рүүгээ шээж, түүнийг тэнд байдаг архичдад үлдээж орхисон юм.

Танхимд нижигнэтэл хөхрөх дуулдав. Би Шеллиг буцаан өнөөдрийнх нь ухамсарт авч ирсэн юм. Энэ үнэхээр гайхамшигтай зүйл байсан юм! Яагаад гэвэл яг энэ тухай тэр захидалд бичсэн байлаа.

Надаас бусад нь бүгд алмайран гайхсан нь мэдээж хэрэг.

Захидал бүхий ном авч ирсэн залуу хүү номоо ихэмсгээр хаагаад: “Нэг бол Шелли эрдмийн дээд зэрэг цолтой байх, нэг бол чөтгөр ав, тэр бол Моцарт өөрөө байж таарна!” гэлээ.

Танхимд алга нижигнүүлэн ташсан бөгөөд Шеллиг буцаан энэ төлөвт нь оруулсан юм.

Ведүүд Моцартын үхлийн нууцыг тайлахад надад тусласан билээ. Би өвчтөнүүдийг асардаг ялангуяа амьдралынх нь сүүлийн өдрүүдэд асран сувилдаг сувилагчидтай уулзаж ярилцаж байсан. Тэд, нас нөгчиж байгаа хүн ихэвчлэн дэргэд нь ямар нэг биет байгаа аятай аашилдаг хэмээн ярьсан юм. Түүнчлэн тэдгээр биетүүд хамгийн эцсийн мөчид илэрч харагддаг аж. Ведийн судар шаструуд үхлийн мөчийн тухай мөн л дэлгэрэнгүй тайлбарладаг. Өөрийгөө эцсээ хүртэл таньж чадаагүй болон зүрх сэтгэлд нь энэ ертөнцөд үргэлжлүүлэн жаргах хүсэл үлдэгсэд үхлийнхөө төгсгөлд Ямадут буюу энэ орчлонгийн ерөнхий шүүгч Ямагийн элч нартай учирдаг. Тэрээр тухайн сүнсний цаашдын хувь тавиланг тодорхойлон түүнд шинэ төрлийг олгодог.  Нэгэн сеансын үед Шелли Моцартын амьдралын сүүлийн мөчүүдийн тухай ярьсан юм: “Үзэшгүй муухай царайтай хагас эрэгтэй, хагас мангас төрхтэй бодгалиуд намайг хоромхон зуурын дотор биеэс минь сугалан гаргаад миний бүх хуруунуудыг хугалсан. Дараа нь үсийг минь нэг нэгээр нь зулгаан биеийг маань цусан бөөм болгож орхисон”.

Намайг тэрхүү цуст төгсгөл туйлын ихээр гайхашруулсан билээ. Тэгээд чухам яагаад Моцартын биеийн энэ хэсэг “сансрын цагдаа нарын” довтлох объект болсныг ойлгох гэж оролдсон юм. Би дахиад л түүнтэй холбоотой номууд руу шунган орсон ба түүний гадаад байдлын тухай өгүүлэмжийг олж уншлаа. Гадаад байдал нь тун ч энгийн нэгэн байсан авч Моцарт маш гайхамшигтай гартай, долгилсон шаргал үстэй байжээ. Моцарт тэдгээрээрээ тун ч их бардамнан гайхуулдаг байж. Чухамхүү ийм учраас Ямадутуудын анхаарылг эдгээр зүйлс татсан бөгөөд тэдний зорилго болвоос сүнсийг хэт их материаллаг уягдал татагдлаас салгахад оршдог билээ.

Түүнчлэн Ведүүд энэхүү гайхамшигт сүнсийг дэлхийн хамгийн алдар суут хөгжмийн зохиолч болон төрсний нууцыг тайлбарлаж чадна. “Бхагавад-гитад” Кришна, Аржунад хандан өгүүлсэн нэг шүлэг байдаг: “Сахиулсан тэнгэр нарт мөргөгч нь сахиулсан тэнгэрүүдийн хаант улсад төрдөг, өвөг дээдэст мөргөгч нар нь өвөг дээдсий гаригт төрөх ба ад, тотгор, буг, хий үзэгдэл гэх мэтэд мөргөгсөд тэдний дунд төрдөг” гээд төгсгөлд нь Кришна: “Харин хэн бээр Надад мөргөнө вэ Тэрээр над руу, гэртээ бүрмөсөн эргэж ирдэг” хэмээн нэмэн өгүүлсэн байдаг.

Шеллигийн сүнс Моцарт болж төрөхөөс хоёр төрлийн өмнө тэрээр Энэтхэгт амьдардаг нэгэн байсан агаад Наранд мөргөдөг байжээ. Энэ төрөлд нь түүний нэрийг Нараян гэдэг байж. Би түүнийг энэ амьдралынхаа хамгийн гайхалтай хэсэг рүү аялахыг хүссэн юм.  Тэрээр шуудхан л, өөрийгөө модны орой дээр суугаад Ганга мөрнийг ширтэхийн хамт өөрийн хайрт алтлаг шаргал өнгөт Бурханыг(Нар) ширтэн байгаагаа дүрсэлсэн юм. Тэрхүү бурхан нь өөрийнхөө араас үдшийн бүрэнхийг даллан дуудаж, тэнгэрийн хаяа руу хээнцрээр уусан шингэж байлаа. Гэнэт түүний амнаас санскрит хэлээр бололтой  залбирал мөргөл урсан гарсан юм. Тэр үед би тэрхүү залбирлыг нь бичиж авч байсан бөгөөд харамсалтай нь би тэрхүү бичсэн зүйлээ хаа нэгтээ алга болгож орхижээ. Хэзээ нэгэнтээ энэ тухай ном бичнэ гэж бодож ч байсангүй! Гэхдээ миний санахад тэрхүү залбирал нь: “ОМ ВИВАСВАН, ТАТТВА ТАТТВА, ПРЕМА ДАРШАН ВИВАСВАН СВАХА” гэсэн үгтэй байсан санагдаж байна. Би мөнөөхь “Нараяна”-гаас энэхүү уншлагаа надад болон эхнэрт маань зориулан орчуулж өгнө үү хэмээн хүсэхэд түүний орчуулгын ур дуй, гоё сайхан нь намайг бүр алмайруулж орхисон билээ!

Бурхан Кришна “Гитад” өгүүлсэн ёсоор нас нөгчих үедээ Нараян өөрийн бүхий л амьдралын туршид мөргөн биширч байсан Нарны хаант улс тийш төрөхөөр одсон байна…

Таны нүүрэнд “Та ямар Нарны тухай яриад байна? Гадаргуу нь хэдэн мянган градусын температуртай улайдсан бөмбөлөг Нарны тухай ярьж байгаа юм биш биз? Хэн нэг нь тийм Наран дээр амьдарч чадна гэж үү дээ?” гэсэн шоолсон инээмсэглэл тодорч байгааг би харж байна. Тиймээ, энэ яриа чухамхүү тэр л Нарны тухай юм. Нар бол материаллаг ертөнцийн хил хязгаарт оршин байдаг олон олон диваажингийн гаригуудын нэг. Тэнд төсөөлөхийн аргагүй эд баялаг, цэнгэл жаргал бий. Тийшээ халин одсон сүнс нь тэнгэрийн оршин суугчийн гайхамшигт үзэсгэлэнт биеийг авдаг. Энэ бүхнийг газар дэлхийнхний нүдээр харах боломжгүй л дээ. Гэвч Ведүүд, буянт сайн үйлийг үйлдсэнээр хүн дараагийн төрөлдөө өөр хэмжээст гаригс дээр төрөх боломжтой хэмээн тайлбарлан өгүүлдэг…

Тэнд Шелли,  Наран дээрхи нилээд алдартай бодгалиудын нэгний гурав дахь эхнэр болсон байсан агаад тав тух, тансаг хээнцэр байдал, ёслол хүндлэлээр дүүрэн баян чинээлэг ордны амьдрал дунд амьдарч байлаа. Хэд хэдэн эхнэртэй түүний нөхөр нь түүнд онцгой анхаарал халамж тавьдаг байв. Энэ төрөлдөө тэрээр үнэндээ нилээд дураараа зантай нэгэн байж. Олон олон жил тэр Нараянын биед байхдаа хураан хуримтлуулсан сайн хувь тавилангаа эдлэн цэнгэн жаргасан бөгөөд энэ бүх буянаа дуусан дуустал амьдарсан юм…Дараа нь тэрээр дахиад л газар дэлхийдээ буцах хэрэгтэй болсон ба Фрау Моцартын хэвлийд орсон байна. Энэ үедээ тэрээр нөгөөхь наран дээрхи амьдралын бурханлаг хөг аялгууг үргэлжлүүлэн сонссоор л байлаа…

Моцарт өөрийн зохиосон хөгжмүүдээс юуг нь ч арчиж арилгаж байгаагүй. Тэр зүгээр л дотоод сэтгэлдээ сонссон бүгдийг бичдэг байлаа. Жаахан дэгсдүүлж хэлвэл, тэр хөгжмийг хэзээ ч өөрөө зохиож байгаагүй. Тэр зөвхөн Бурханы дотроос нь бэлэглэсэн хөг айзмыг бичиж, буулгаж байсан юм.

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

Орчуулсан: Балабхадра дас

Scroll to Top