Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 1 9
Users Today : 39
Users Yesterday : 36
Total Users : 30519
Views Today : 51
Views Yesterday : 44

Нэгэн удаа мэлхийнүүд өөр хоорондоо тэмцээн зохиохоор болжээ. Тэд хэн нь нэгэн их өндөр уулын оройд түрүүлж мацан гарж чадахаа үзэх болж гэнэ. Тэмцээнд оролцохыг хүссэн мэлхийнүүд тийм ч цөөнгүй байлаа. Эдгээр мэлхийнүүдийг хэрхэн бүтэлгүйтэхийг үзэх гэж ойн өнцөг булан бүрээс ойн амьтад маш олноороо хуран цуглажээ. Тэдэнд бяцхан мэлхийнүүдээр даажин тохуу хийж инээж хөхрөлдөх нь туйлын тааламжтай байсан хэрэг л дээ. Учир нь тэдэнд өгөдсөн даалгавар нь бараг л боломжгүй зүйл байсан юм.

Ингээд тэмцээн эхлэх болж, “Эхлэ!” гэсэн командтай зэрэгцэн мэлхийнүүд уулын оргил өөд мацацгаалаа.
Мөн үүнтэй зэрэгцэн ойн араатан амьтдын инээлдэн шоглох дуун цуурайтан хадаж эхлэвэй.

-“Та нар харж л байгаарай. Тэд нар одоохон бүгдээрээ унаж ойчицгооно!”

– “Ээ дээ энэ огт боломжгүй дээ. Тэд өөрсдийгөө юу гэж бодоо вэ?”

– “Та нарын оргил дээр гардаг гэж гонжийн жоо доо” гэцгээнэ.
Араатан амьтдын шуугилдан хашгирах дууг мэлхийнүүд сонсоод эхнээсээ нэг хоёроороо, ар араасаа уулнаас унацгааж эхлэв гэнэ.

Үзэгчид хашгирахаа үргэлжлүүлсээр байлаа:

-“За тэр харвуу, та нар өөрсдийгөө хир өндөр авирна гэж бодоо вэ? Та нар өчүүхэн, турьгүй амьтад шүү дээ”.

-“Энэ чинь тийм амар ажил биш хөөе, гэтэл та нар ийм жаахан, савар тань гулгамхай” гээд л.
Энэ шуугиан дундуур улам олон мэлхийнүүд арай гэж хүрсэн газраасаа ховхрон унаж, бууж өгч байлаа.

Багагүй хугацаа өнгөрч, бараг бүх мэлхийнүүд өнхөрч ойчсон ба зорьсон замаасаа буцсан байв.

Гэтэл цор ганц мэлхий л уулын оргил өөд мацахаа үргэлжлүүлсээр байв гэнэ. Инээлдэн хөхрөлдөх, шоолох, дооглон тохуурхах, “Энэ боломжгүй!” гэж чангаар хашгиралдаж байсан ч, зам нь хэдий бартаа саад ихтэй байсан ч тэр мэлхий дээшээ, дээшээ, улам дээшээ мацсаар л байлаа.
Бяцхан мэлхий уулын оргил өөд үргэлжлүүлэн авирсаар, авирсаар эцэст нь зорьсон газраа хүрэв. Тэр уулын оргил дээр гарсан байлаа!

Үүнийг хараад тэнд байсан бүхий л ан амьтад мэл гайхаж, цэл хөхөрцгөөв гэнэ. “Яаж энэ жаахан амьтан тэр өндөр, тэр аварга том уулын оргил дээр гарчихав?” гэцгээн шагшралдана.

Ингээд тэрээр уулнаас бууж ирсэн ба хурсан олон мөнөөхь мэлхий дээр шавааралдан, нэг нэгнийгээ түлхэлцэн байж очоод, “Та үүнийг яаж хийж чадав? Таны амжилтын нууц юунд байв?” хэмээн ам уралдан асууцгаалаа.

Гэвч бүх зүйл маш энгийн байжээ…

Тэр мэлхий таг ДҮЛИЙ нэгэн байсан ажгуу….

Бэлтгэсэн: Балабхадра дас

Эртээ урьдын цагт нэгэн томоо номын сан галд автаж гэнээ. Харин тэр олон ном бичмэлүүд дотроос ганц гар бичмэл л шаталгүй үлдэж гэнэ. Он удаан жилийг тэрхүү гар бичмэл номын мухлагийн тэртээ буланд хэвтэж өнгөрүүлжээ. Түүнийг тоож анзаардаг нэг ч хүн байсангүй. Нэгэнтээ тэрхүү мухлагийн эзэн өөрчлөгдөж гэнэ.

Шинэ мухлагийн эзэн ганц нэг хуудас цаас, номууд, гар бичмэлүүдийг эмхэлж цэгцэлж эхлэв. Тэгээд мөнөөхь хуучин гар бичмэлийг гаргаж хаяв гэнэ. Тэрхүү гар бичмэл хажуугаар өнгөрч явсан нэгэн тэнүүлчийн гар дээр санамсаргүйгээр ойчжээ. Тэнүүлч эр түүдэг асаах гэж нөгөө гар бичмэлээ гаргаж ирээд юуны өмнө түүн дээр бичсэн зүйлийг сонирхов. Гар бичмэл дээр: “Тэнгисийн эрэг дээрээс халуун чулуу олсон хүн амьдралдаа мөрөөдөж байсан бүхнээ олох болно” хэмээн бичсэн байв гэнэ. Тэнүүлч эр, үүнээс алдаад байх юм юу ч байхгүй болохыг ойлгож, тэнгисийг зүглэв. Тэрээр эрэг дээр таарсан чулуу болгоныг авч үзсэн боловч бүгд л хүйтэн байж. Тэгээд тэрээр тэрхүү чулуу болгоноо тэнгисийн давалгаан руу чулуудах болжээ. Ийм маягаар өдөр хоногууд, сар жилүүд ар араасаа урсан одсоор байлаа…

Гэтэл нэг удаа тэнүүлчийн гарт үнэхээр хав халуун чулуу баригдав гэнэ.. Тэрээр мөнөөхь чулууг газраас авснаа, сурсан зангаараа тэнгисийн давалгаа руу шидэж орхижээ.

Бидний амьдрал яг л энэхүү тэнгисийн эрэгтэй адил ба өдөр бүр бид өөрсдийн азтай хувь тавиланг эрж хайж байдаг. Гэвч эрсэн зүйлтэйгээ тааралддаг ч бид ердөө эрж хайж л сурсан болохоос жинхэнээсээ олж сураагүй учраас эрсэн зүйлийнхээ хажуугаар жишимгүй өнгөрдөг ажгуу.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top