Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 9 2 3
Users Today : 38
Users Yesterday : 41
Total Users : 11923
Views Today : 54
Views Yesterday : 67

Жон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ.

Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ.

1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна.

1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ.

2001 онд Жон орчлон доторхи бүхий л амьд бодгалиудын зүрхэнд орших ариун гэгээн Бурханд зориулсан “Дээд Сүнсний йог” нэртэй алдарт  төслөө эхлүүлэв.

Жоны дуу хөгжмийн гайхамшигт авьяас түүний эмчлэн анагаах увьдис авьяастай эн тэнцүүхнээр, дан ганц Их Британи төдийгүй Европ, Энэтхэг даяар түүний алдар нэрийг түгээжээ.

Ингээд Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос авсан зарим нэг сонирхолтой түүхийг хүргэж байна.

Сүмийн орлогч

Тринити коллеж дээр хийсэн миний лекцэнд 250 орчим хүн ирсэн байлаа. Лекц арайхан дуусаагүй байх үед нэгэн залуу суудлаасаа ухасхийн босч ирээд чангаар:

-Энэ бүхэн тэр чигтээ шал дэмий зүйл! – хэмээн хашгирлаа.

Тэр өөрийгөө эрдэмтэн гэж их л бардмаар мэдэгдэв.

-Эрдэмтэд тэгээд чухам юу хийдэг юм бэ дээ?  Шинжлэх ухааны туршилт судлагаа хийхдээ тэд туйлын дуртай байдаг, – гэж би сорьсон янзаар асуулаа.

-Мэдээжийн хэрэг тэд үүнд дургүй биш, – хэмээн тэр хариулав. Түүний царай төрхийг харахад тэр намайг дүүрсэн тэнэг гэж тооцож байгаа шинж тодхон байлаа.

-Тэгвэл та бидний өмнө гарч ирээд бидэнтэй хамт дургүйцэлгүйгээр туршилт хийж болох уу.

Би ч бага зэрэг түгшиж байлаа. Учир нь регресс хийх үед сонсогчид дундаас трансд хялбархан орж чадах тийм хүмүүсийг сонгохыг хичээдэг юм. Энэ нь миний ажлыг нилээд хөнгөлдөг билээ. Мэдээжийн хэрэг би энэ залуу хархүү үүнд тохирч чадах эсэхийг огтхон ч төсөөлөхгүй байлаа. Хэрэв энэ бүхэн амжилтгүй болвол энэ оройн бүх ажил салхинд хийсэх байв.

Ингээд эвэр, эврээрээ туллаа даа. Халз тулаан миний найруулгаар явагдах ёстой билээ. Хоромхон зуурын дараа гэхэд манай эрдэмтний толгой  гулжийн тонгойсон байвай. Тэр миний удирдлаган дор саадгүйгээр гүн трансад орж чадсан юм.

Уур амьсгал бараг л цахилгаанжих шахсан тийм хязгаарт хүрсэн байлаа. Би түүнийг  өөрийнх нь өнгөрсөн амьдралууд тийш аваачсан юм. Тэр маш хялбархнаар нэг төрлөөс нөгөө төрөлд дамжсаар байсан ба энэ нь миний анхаарлыг татах тэр нэг зүйл хүртэл үргэлжилсэн билээ.

-За одоо та хаана байна ?

-Би одоо Йоркширт Аскригг хэмээх тосгонд амьдарч байна.

-Өө тун ч гайхалтай! – хэмээн би дуу алдаад, – Та тэгээд тэнд юу хийж байх юм бэ дээ? Та ямар нэг ажил эрхэлж байна уу ? – гэж би асуулаа.

-Сүмийн орлогч, – гэж тэрээр тун саяхан өөрийгөө эрдэмтэн гэж бардам тунхаглаж байсан шигтэйгээ туйлын адилхан хариулав.

-Эрхмээ, та магадгүй их л ном үзсэн байж таараа даа? – гэж би сонирхов.

-Өө, тэр ойлгомжтой! – хэмээн, хэлж буй аялгуунаас нь чи ч ёстой дүүрсэн тэнэг байна даа гэж ойлгогдохоор хариу өчлөө.

-Тэгэхээр та магадгүй сүнс шилжин төрөх буюу дахин төрөхүйн талын ойлголтыг хэдийнээ мэддэг байх даа ?

Түүний хариулт яг л өлмийдөө наалдсан өтгөнтэйгөө ярьж байгаа мэт чимээгүйхэн, дуулдах төдий сонсогдсон билээ.

-Би тэр талаар арайхан мэдээгүй л байна!

-Үүнтэй ижил төстэй зүйлд та итгэж байв уу?

-Энэ бол чөтгөрийн л бодож олсон тоглоом. Энэ тухай ярилцаад байх огтын хэрэг байхгүй. Мэдээжийн хэрэг би үүнд чинь огтхон ч итгэхгүй!

Танхим тэр аяараа нирхийтэл инээв. Бүгдийн нүдэн дээр тэрээр тодорхой нэг итгэл үнэмшлээ нотлон тунхаглаж байгаа ч энэ үед нөхцөл байдал энэ байдлаас нь 100 хувь эсрэг байгаа болохоор  арга ч үгүй бизээ. Энэ нь трансын төлөвт болж байгаа ч гэсэн.

Би тэрхэн даруйд танхимд байгаа хүмүүсийг инээдээ зогсоохыг хүсэв. Яагаад гэвэл өөрийн оролцогчоо түгшээж, цочоохыг огтоос хүсээгүй юм. Тэр одоо ямаршуу онцгой төлөвт байгаа билээ дээ. Хэдийгээр яг тэр үед инээдээ барина гэдэг хэдий хэцүү байх нь ойлгомжтой ч гэлээ.

Түүнийг өнөөдрийнхөө өдөрт эргэн ирэх үед би түүн тийш туйлын хүлцэнгүйгээр түүнийг өнөөдрийн энэ туршилтын  үр дүнд Бурханыг тооцоололдоо авахыг хүссэн юм. Учир нь гэвэл чухамхүү Тэр л бидний тооцоолох гээд байгаа тодорхойлох гээд байгаа тэр үл мэдэгдэх аугаа зүйл юм шүү дээ.

Тэгээд би танхимд байгсдад хандаж:

-Тэр бүхий л оршин буй бүхний эх үндэс. Ийм болохоор Түүнийг танин мэднэ гэдэг бүгдийг мэднэ гэсэн үг юм. Энэ тухай над мэтийн таны дуулгавартай мунхаг албат төдийгүй Эйнштейн, Декарт, Эмерсон, Сократ, Платон болон өөр бусад олон олон яруу найрагчид, зөнч мэргэд зарлан тунхаглаж байсан билээ     гэж өгүүлэв.

Миний үгийг анхааралтай сонсоод тэрээр, энэ өдрөөс эхлэн номыг дан ганц хавтсаар нь дүгнэхээ больж, аливаа зүйлийн бүр гүн рүү нэвтэрч ойлгохыг хичээж байх болно хэмээн амлав.

Танхимд алга ташилт нижигнэсэн ба энэ нь түүний хэлсэн үгийг халуунаар дэмжиж байгаагийн шинж байлаа. Энэ бол олон олон хүмүүсийг эргэцүүлж бодоход хүргэсэн ээлжит оройн лекцүүдийн эхлэл нь байсан юм.

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас

“Би бүх амьдралаа алдар нэрийн дунд энэхүү хоосон хуурмаг алдар нэрийн дунд өнгөрөөсөндөө харамсаж байна. Би жинхэнэ үнэ цэнэтэй зүйл юу болохыг мартжээ. Би энэ бие биш, харин сүнс юм ”

Поп хөгжмийн хаан Майкл Жексон залуусын жирийн нэг шүтээн байсангүй харин ч бүр гайхалтай бодгаль байжээ. Олон хүүхэдтэй хар арьст гэр бүлд төрсөн(тэрээр есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь байжээ) ядуу жаал хүү материаллаг байдлын хувьд мөрөөдөж болох бүх зүйлд хүрсэн: алдар нэр, эд баялаг, амжилт гээд л. Тэр ч байтугай тэрээр өөрийн гадаад төрхөө өөрчилж европ төрхтэй цагаан арьстан болсон билээ. Тэрээр анагаах ухааны ололт амжилтын ач тусаар хэзээ ч үхэхгүй хэмээн үхлийн эсрэг зоримог уриа дуудлагыг хийж байсан юм.

 Жексоны үй олон шүтэн бишрэгчид яг л түүн шиг хувцаслан түүний алдартай “сарны алхалтыг” хийж, түүний дуунуудыг дуулж, үхэлгүй мөнхийг мөрөөддөг байв.

Гэвч дэлхий ертөнц попын хааныг өршөөсөнгүй. Амьдралынхаа төгсгөлд тэрээр шударга бус гүтгэлэг, шүүх үйл ажиллагаа, үгүйрэл хоосролын заналхийлэл, өвчин эмгэг, үхлээс айх айдастай нүүр тулгарсан юм. Энэ бүхэн түүнд өөрийнхөө амьдралын үнэ цэнийг эргэн харах боломжийг олгожээ. Нас нөгчихөөсөө өмнөхөн буюу 2009 онд Майкл нэгэн онцгой захидлыг өөрийн шүтэн бишрэгчиддээ бичиж үлдээсэн байдаг. Энэ захидалдаа тэрээр амьдралаа чухам юунд зориулах ёстой вэ гэдэг талаар өгүүлжээ.

“Би та бүгдийн миний төлөө санаа зовниж байгаад талархаж байна. Миний бүх зүйл сайн байгаа. Одоо би бүхнийг илүү зөв талаас нь, огт өөр өнцгөөс нь харж чаддаг болоод байна.

Энэ амьдралынхаа туршид би Бурханы бишрэлтнүүдтэй бат бөх холбоо тогтоож амжаагүйдээ туйлаас харамсаж байна. Би өөрийн алдар нэр, ахуйн сайн сайхны төлөө хэт татагдаж явжээ. Тэд над дээр миний урьд урьдны амьдралын ач гавьяаны минь тусаар ирсэн л дээ. Гэсэн ч миний маш ихээр харамсах зүйл гэвээс би зөвхөн өөрийн ашиг тусын талаар илүүтэй их бодож байж.

Хэрэв би энэ амьдралаараа дахин амьдарч болдогсон бол өөрийн бүх нэр алдар, эд баялагаа Бурханы ариун нэр алдар болоод хэнийг ч үхэх, төрөхийн тойргоос аварч чадах аугаа ариун гэгээнтнүүдийг магтан алдаршуулахад зориулахсан. Би өөрийн материаллаг ололт амжилтад нүд минь сохорч, өөрийн зөв сайхан жишээг ертөнц дахинаа харуулан, өөрийнхөө жинхэнэ сонирхлыг ашиглаж чадаагүйдээ маш ихээр харамсаж байна. Үүний оронд би өөрийн хүсэл сонирхлыг хангахын төлөө амьдарч байсан нь надад цаг зуурхны ашиг тус, зугаа цэнгэлийг л авч ирж байжээ.

Та бүхэн миний төлөө бүү харамсаарай. Харин миний амьдралаас сургамж авч Бурханд үнэхээр ашиг тустайгаар үйлчлэн зүтгээрэй. Харин өөрийн ашиг сонирхлын тулд биш шүү. Дэлхийд түгсэн алдар нэр, магтаал ерөөл эрт, орой хэзээ нэгтээ төгсдөг. Харин өөрийгөө Бурханд үнэн сэтгэлээсээ зориулсан хүнийг алдар нэр мөнхөд дагах бөгөөд бүгдэд төгсгөлгүй, байнгад өсөн нэмэгдэх ач тусыг авч ирдэг.

Ингээд одоохондоо гүйцлээ. Миний эрхэм шүтэн бишрэгчид, надад сайн сайхныг хүсэгчид минь түр баяртай!

Та бүхэн хамаг анхаарлаа та нарт чухам үнэндээ надаас хамаагүй, гүн гүнзгий ихээр туслаж чадах үхэлгүй мөнх бодгалиуд болох ариун гэгээнтнүүд, номын багш нар, ариун судар шаструуд, Гаурангаг* хүндэтгэн бишрэхэд хандуулах цаг иржээ. Миний хувьд энэ нь мөн л таных шиг шинэ зүйл юм.

Бүгдийг нь хайрлаж, хүндэтгэн ёсолсон

Жеки чинь”                                                                           

*Гауранга – вайшнавын уламжлалын Бурханы нэгэн хувилгаан бөгөөд Бурханы ариун нэр алдар болох Харе Кришна маха-мантраг дуулах санкиртан хөдөлгөөнийг үндэслэгч.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Майкл Жексон Нью-Йорк дахь Кришнагийн сүмийн вайшнавууд буюу бишрэлтнүүдтэй уулздаг байсан бөгөөд Бхагавад-гитаг гэх мэт олон  номыг нь уншдаг байжээ. Тэрээр тэдэнтэй карма буюу үйлийн үрийн тухай, дахин төрлийн тухай урт удаан хугацааны туршид ярилцдаг байсан байна. Тэр өөрийн жинхэнэ мөн чанараа, хүслээ үгүйсгэж явсандаа маш гашуунаар харамсдаг байв. Тэндэхийн вайшнавууд ярихдаа, Майкл Жексон нөхөрлөхөд туйлын зөөлөн,  найзархаг нэгэн байсныг тэмдэглэн хэлдэг бөгөөд тэрээр тэднийг өөртэй нь халуун дотноор харьцаж, түүнд эгэл бус эрдэм мэдлэгийг өгч байгаад нь туйлаас талархдаг байсан гэжээ.

Энэхүү зурган дээр Майкл Жексон, Сатья деви дасийн хамт авахуулжээ.

1999 онд Сатья деви даси Майклтай биечлэн уулздаг байсан ба хоёр ч удаа түүнийг Нью-Йоркийн Шри Шри Радха-Говинда Шүтээний маха-прасадаар дайлсан байна. Түүнчлэн тэрээр түүнд “Бхагавад-гита” судрыг бэлэглэхийг хүссэн ч тэрээр энэ ном түүнд аль хэдийнээ байгаа гэжээ. Тиймээс түүнд “Кришна Арт” номыг бэлэглэсэн ба энэ ном түүнд маш ихээр таалагдсан байдаг. Мөн оройн хоолны  үеэр карма болон дахин төрлийн талаар олон асуултуудыг түүнд тавьсан байна.

Бишрэлтнүүдтэй харьцаж, “Бхагавад-гитаг” уншсаны дараагаар Майклд ямар ойлголт ухамсар төрснийг хэн мэдэх билээ. Гэвч түүний дуунуудад бүх дэлхийг эв найртай, эерэг сайхан болгох, бүтээх хүсээл нэвт шингэсэн байдаг.

Түүний зөв зүйтэй амьдрах тухай, анхаарлаа ариун гэгээнтнүүд хийгээд ариун судар номуудыг хүндлэх, итгэл үнэмшлээ хадгалах, хөгжүүлэх тухай уриа дуудлагыг бүх дэлхий нийтээрээ сонсох болтугай!

Дэлхий ертөнцөө анагаая

…Сүнс маань хэзээ ч нөгчихгүй

Тийм өндөрт бүгд нисэж очихсон

Зүрх сэтгэлдээ та бид ахан дүүс

Тийм мэдрэмж надад төрсөн

Айдас хүйдэсгүй орчлонг цогцлооё

Аз жаргалын нулимсаа хамтдаа унагая

Үндэстэн ястнууд ирт сэлмээ

Үр тарианы анжис болгохыг харцгаая

Үнэхээр та амьдралд санаа зовох сэтгэлтэй бол

Өөрчилж чадна бас хүрч чадна түүнд

Өчүүхэн жаахан газрыг ч гэсэн

Өгүүлшгүй сайхан болгож хувиргацгаая

Энэ дэлхийг эмчил

Хамгийн сайхан газар болго

Энэ нь миний ч, таны ч, бас

Хамаг хүн төрөлхтний тулд юм

Хүмүүс үхэж байна, нас нөгчиж байна

Хүж дэлхийн амьдралд санаа зовж байгаа бол

Өөрийнхөө төлөө, миний төлөө

Өөр хаа ч байхгүй газрыг цогцлоо

 

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

11р боть, 15р бүлэг

2011 оны 4 сарын 7

Өвлийн ихэнхи цаг хугацааг би мантра унших, судар шастир судлахад зориулан Вриндаванд өнгөрөөв. Дараа нь хаврын эхээр Дурбанд болох Ратха-ятра баярыг оролцуулан хэд хэдэн номлолын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Африкийг зорилоо.

Би мөн өөрийн Өдрийн тэмдэглэлд шинэ бүлэг нэмэхсэн гэж ч бодож байлаа. Вриндаванд би  нэг газраа л байсан болохоор номондоо  шинэ бүлэг бий болгочих материал надад багахан байсан юм. Хэд хэдэн бишрэлтэн над руу захидал бичиж бичин туурвих ажлаа зогсоогоо юу хэмээн асууж билээ. “Бичиж туурвих нь надад хэдий таалагддаг гэлээ ч ямар нэг сонирхолтой зүйл тохиолдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээн би хариулдаг байв.

Энэтхэгийг орхин одоод тун ч удаагүй байтал сонин учралтай учрах учралыг удаан хүлээх шаардлага гарсангүй.

Йоханснесбургт буугаад Дурбан хүрэхээр дараагийн онгоцонд суулаа. Онгоцонд суусан зорчигчдын олон төрөл анги надад их сэтгэгдэл төрүүлэв.

“Мусульманууд, энэтхэгчүүд, христ шүтлэгтнүүд, иудеи нар гээд л  африкчуудын, европчуудын, хятдуудын үр удмууд байна даа. Бүгд энд байна. Алаг солонгын өнгөтэй ард түмний оронд эргэн ирсэндээ баяртай байна” – хэмээн би өөрийн суудлыг зүглэн алхаж явахдаа бодож амжив.

Цаг агаар Өмнөд Африкт дөрөвдүгээр сард байдаг шигээ ердийнхөөрөө л тун ч сайхан байлаа. Бид эрэг дагуух аятай таатай нислэгийн замд тухтай жаргалтай явлаа. Гэвч Дурбанаас умар зүгт хориод километр орчимд шинэ нисэх буудал дээгүүр эргэлт хийсний дараахнаар салхины хүчит урсгал манай онгоцыг сэгсчиж эхлэв.

“Өө! Энэ ч муу шинж тэмдэг шүү” –гэж би дотроо бодлоо.
Бас энд тэнд хэд хэдэн ч хүн таагүйгээр уулга алдахыг би сонсов. Эргэн тойрон харлаа. Зарим зорчигч нар түгшингүйгээр өөр хоорондоо ярилцах ба зарим нь хамаг биеэ чангалан нугдайн суужээ. Хэн нэг эрэгтэйн духнаас нь хөлс чийхарсан харагдав.

“Тэд мөн л түгшиж” – хэмээн би бодлоо.

Хэдэн секунд өнгөрсний дараагаар бид буухаар оролдож эхлэлээ. Хэдийчинээ доошлоно, төдийчинээ салхи хүчтэй болж байв. Гэнэтхэн онгоц маш хүчтэй доргин чичирлээ. Би ч эрхиэ шүүрэн аваад мантрагаа уншиж эхлэв. Эхлээд зөөлхөн, чимээгүйхэн уншиж байсан бол сүүлдээ салхи хүчтэй болох тусам чанга, улам чанга уншиж эхлэв. Гэнэтхэн миний хажууд  сууж байсан эрэгтэй надтай ярьж гарав.

-Та үнэхээр залбирал таныг аврана гэж бодож байна уу? – хэмээн тэр асууж байна.

Би түүн рүү эргэж харлаа.

-Тиймээ, ноёнтон. Тэгж бодож байна – хэмээн би хариуллаа.

Тэрээр хамраа бага зэрэг шантайлгав.

-Хмм, Өөрөөр хэлбэл тэр дээр, хаа нэгэнтээ, тэнгэрт Бурхан таныг сонсож байгаа байх нь ээ, дээ, тийм үү?

– Яг тийм. – гэж би хариуллаа.

-Тэр таныг хэзээ нэгэнтээ аварч байсан хэрэг үү? – гэж тэр асууж байна.

-Олон удаа. Амазонкын шугуйд хоёр удаа, Сараевод нэг удаа, Польшийн гудамжинд хэд хэдэн удаа, ер нь цааш нь хэлвэл олон бий дээ, – гэж би хариуллаа.

-Яасан их тэнэглэл вэ! Танд зүгээр л аз таарч байж. Бурхан гэдэг чинь зүгээр л төсөөлөл, таны бодол эргэцүүллийн үр дүн, – хэмээн тэр эсэргүүцлээ.

Бид ч газарт улам ойртсоор, салхины урсгал ч онгоцыг сэгсэрсээр, зорчигчдын зарим нь суудалдаа хөшсөн мэт шигдсэн харагдана. Гэнэт салхины догшин урсгал онгоцыг маань аймшигтай хүчтэйгээр доргион цохилоо.

-Харе Кришна! – хэмээн би хашгирч орхив.

-Иисус минь! –гэж цаад эгнээнээс нэг эр хашгирч байна.

-Аллах Акбар! – хэмээн миний ард нэг эмэгтэй хашгирлаа.

-Ээ Бурхан минь! Бүхнийг чадагч Бурхан минь! – гэж онгоцны хойд хэсэгт байгаа хүмүүс хашгирч байв.

-Хараал идсэн өлөгчний хүү! – хэмээн миний хажууд сууж байсан нөгөө эрэгтэй хашгираад араас нь бөөн хараал урсгалаа.

Нисэгч онгоцоо огцом огцомхон дээш нь, хажуу тийш нь залж байлаа. Хэдэн хором өнгөрсний дараагаар бид аль хэдийнээ салхины дээд талд гарсан байв.

Зэрэгцэн суугч маань хүндээр санаа алдаж байна.

-Дээсэн дөрөөн дээр дэнжигнэлээ дээ, – хэмээн тэр өгүүлэв.

Би хариуд нь инээмсэглэв.

-Тиймээ. Аз хийморийн бурхан биднийг аварлаа даа, – гэж би хэллээ.

-Их инээдтэй байна, – гэж тэрээр егөөтэйхөн хариулав.

Бид газардах боломж хайн нисэх онгоцны буудлын дээгүүр эргэлдэж байхуйд мөнөөхь эрэгтэй дахиад л над руу эргэлээ.

-Залбирал биш, харин шинжлэх ухаан, анагаах ухаан хүмүүсийг өвчин зовлонгоос, шаналал зүдгүүрээс нь авардаг юм, – гэж тэр өгүүлэв.

-Гэвч эцсийн эцэст бүгд л үхдэг. Шинжлэх ухаан энэ процессыг жаахан л уртасгаж чадна. Харин бурханлаг ертөнцөд буцан эргэсэн цагт бид энэ зовлонгуудаас нэгмөсөн ангижирч чадна- хэмээн би хариу хэллээ.
Хэдэн минутын дараагаар нисэгч буухаар эргэлт хийх үеэр би дахиад д мантрагаа давтаж эхэлсэн бөгөөд энэ удаад бүр ч чангаар уншиж эхлэв.

-Хайран ч хүч чадал, – гэж мөнөөхь эрэгтэй бувтнаж байна.

Биднийг буухаар эргэлт хиймэгц салхи дахиад л бидэн рүү довтолсон бөгөөд онгоц маань бас дахин хүчтэй чичрэн донслов.

Би ч дотроо нисэгч хэтэрхий аз сорьсон үйлдэл хийгээд байгаа юм биш байгаа даа хэмээн бодлоо. Буух талбарын бетон тавцан хүрэхэд нэг метр гучин сантиметр орчим зайтай байх үед гэнэтхэн салхины аймшигтай хүчтэй урсгал онгоцыг маань хайр найргүй нүдсэн бөгөөд хүмүүсийн хашгираан шуугиан дахин хүчтэй оволзож ирлээ.

-Харе Кришна! – хэмээн би дахиад л хашгирав.

Нисэгч онгоцоо дахиад л дээш хөөргөлөө. Би зэрэгцэн суугч руугаа харлаа. Түүний хамаг хүч чадал нь үнс адил хийсэн алга болжээ. Тэр яг л хий үзэгдэл мэт сүүмийсэн цагаан амьтан болсон байв. Тэр гараараа миний гараас зуурсан байлаа.

-Танд бөөлжихөд өгдөг ….. нөгөө уут байна уу?- хэмээн чичирсэн хоолойгоор өгүүлж байна.

Би халааснаасаа уут гарган түүнд өгөв. Тэр түүнийг өмнөө бариад таг дуугүй сандалдаа шигдэв.

“Экипажийн ахлагч байна. Тайван байцгаана уу. Санаа зовсны хэрэггүй. Бид дахин нэг буух оролдлого хийнэ. Хэрэв амжилтгүй болвол бид буцаад Йоханнесбург рүүгээ буцна” – хэмээн чанга яригчаар зарлах нь сонсдлоо.

Хүмүүс ч суудал суудалдаа дуугүйхэн шигдэцгээнэ. Арван минут орчмын дараагаар онгоц газардахаар дахин доошиллоо. Нөгөө хөрш эрэгтэйн маань хөлс нь цутгажээ. Тэрээр толгойгоо сэгсрэн духаа арчина.

-О кей, – хэмээн тэрээр бууж өгсөн маягтай дуугараад, -Бурханыг юу гэж нэрлэвэл зүгээр вэ? гэв.

-Хэн ч гэсэн болно. Түүнд зориулагдсан нэрүүд бүгд туйлын, – гэж би хариулав.

-Тийм, тийм, – гэж тэр өгүүлээд, -Гэвч та ямрыг нь зөвлөхөөр байна? Танд нэг бус удаа тусласан гэсэн дээ, -хэмээв.

-Өө, энэ бол “Харе Кришна юм” –хэмээн би өгүүллээ.

-Зүгээр л “Харе Кришна” юу ? – хэмээн тэр асуув.

-Ерөнхийдөө арай урт байдаг л даа. Гэхдээ ердөө гучин хоёр авиатай л, – гэж би дуугарав.
Салхи дахиад л онгоцыг маань сэгсчиж эхлэлээ.

-Хурдхан шиг хэлээд өгч болохгүй юу. Бүтнээр нь надад хэлж өгөөч, – гэж тэр өгүүлэв.

-Тэгье ээ, Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе… –гээд уншиж өгч байтал,

-Хүлээж байгаарай! Би энэ бүгдийг чинь цээжилж амжина гэж бодож байна уу? – хэмээн тэр үг таслав.

-Тэгвэл зүгээр л “Харе Кришна” гэж уншиж болно, – хэмээн би өгүүлээд, Тэгээд…, хэмээн намайг үгээ дуусгаж амжаагүй байтал маш хүчтэй салхины урсгал манай онгоцыг цохилоо.

-Харе Кришна! – хэмээн нөгөө эрэгтэй муухай хашгирав.

Бусад хүмүүс ч мөн хашгирлаа. Гэвч гэнэтхэн бид газардсан бөгөөд бүгд тайвширцгаалаа. Хэдхэн хормын дараагаар бидний онгоц буух талбайн дээгүүр хар хурдаараа өнхөрч байлаа.

“Дурбанд тавтай морилно уу. Хүнд хэцүү нислэг болсонд хүлцэл өчиж байна” – хэмээн онгоцны багийн ахлагч чанга яригчаар өгүүлж байна.

Би онгоцыг бүрэн зогстол хүлээж байгаад дараа нь хөрш рүүгээ эргэв.

-Харж байна уу? Энэ үйлчилж байгаа биз дээ, – хэмээн инээмсэглэн байж би өгүүлэв.

Тэр юу ч хариулсангүй, зүгээр л цонх руу ширтэнэ. Би хэдэн секунд хүлээлээ.

-Ямар байна? Бурхан гэж хаа нэгтээ байдаг гэдэгт та итгэв үү? – хэмээн би асуув.

-Магадгүй л юм, – хэмээн тэр цонх руу харсан чигээрээ дуугарлаа.

-Яахав дээ, “магадгүй” гэдэг чинь “үгүй” гэснээс дээр сонсогдож байна, -гэж би хэлэв.

-Би энэ талаар нилээд нухацтай бодох болно, – гэж тэр гарах хаалгыг зүглэн алхаж байхдаа надад хэллээ.

-Энэ хотод би айлчилж байгаа юм. Хэрвээ ярилцахыг хүсвэл дуртай цагтаа залгаарай, – гэж түүнд хандаж өгүүлэв.

-Тэгье. Би залгаж магадгүй шүү. Энэ нислэг үнэндээ их сэтгэлд үлдэм боллоо шүү, – тэр хариуллаа.

Би түүний мөрөн дээр гараа тавиад

-Нуувч нүхэнд(окоп) бурхангүй үзэлтнүүд байдаггүй юм гэж цэргүүд ярьдгийг санаж яваарай, – гээд би түүн рүү нүд ирмэлээ.


“Аялан номлогчийн өдрийн тэмдэглэл”

номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра  дас

 

“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ:

“Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ.

 

Бхагиратха-Ганга

“Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ.Харамсалтай нь эдгээр гэрэл цацраасан ханхүү нар Дээд Эзэн Кришнагийн хувилгаан Капиладевад алдас хийсэн учраас үнс нурам болон шатаж орхисон байна. Ах дүүсдээ ангижралыг хайрлахын тулд Шайбья хатны хүү Асаманасья Ганга мөрнийг дэлхийд буун морилохыг урин дуудаж хатуу хэцүү тэвчил наминчлалыг үйлдэж гэнэ. Гэсэн ч тэрээр өөрийн тавьсан зорилгодоо хүрч чадалгүй насыг эцэслэжээ. Түүний энэхүү үйл хэргийг түүний Амсуман үргэлжлүүлэв. Дараа нь түүний ач Дилипа мөн үргэлжлүүлсэн байна. Гэвч тэд Гангадевийн адис ивээлийг хүртэж чадалгүй энэ ертөнцийг орхисоор байв. Ингээд Амсуманы жич хүү(ачийн хүү),  Бурхан Кришнад итгэх гуйвашгүй итгэлтэй, вайшнавын бүхий л шинжүүдийг өөртөө шингээсэн аугаа бишрэлтэн Бхагиратхагийн хатуу чанга тэвчил үйлдэх ээлж ирсэн байна.  Урт удаан хугацааны тэвчил хатуужилд нь сэтгэл ханасан Бурхан Кришна түүнд илэрч харагджээ. Түүний мөргөл залбирлыг хүлээн аваад Бурхан Кришна бээр хаанд хандан түүний жаран мянган өвөг дээдэс ах нь ангижралыг хүлээн авах ба тэрээр өөрөө ч Бурханы өлмийд үйлчлэн зүтгэх тэр түвшинд хүрнэ гэдгийг амлав. Дараа нь тэнд биелсэн Ганга өөрөө илрэн заларсан байна. Эзэн Кришна түүнд хандан. “Ай Сурешвари, ай тэнгэрүүдийн дундах хатан минь ээ! Сарасвати охин тэнгэрийн хараалаас болж чи Бхарата-варшад буун очиж, Махараджа Сагарын хөвгүүдийн сүнсийг ангижралд хүргэх ёстой бөлгөө. Чи ганц хүрэлт л тэднийг Миний гариг орон өөд авчран хүргэх чадалтай бөгөөд тэдний бие махбодь ч Минийхтэй адил болох болно. Тэд тэнгэрийн хөлгөөр аялах ба Би тэдэнд Миний хүрээлэлд байх дээд адис ерөөлийг хайрлах болно. Тэд материаллаг зовлонгийн гав гинжнээс бүрнээ ангижрах ба урьд урьдны амьдралууддаа үйлдэж байсан нүгэлт үйлүүдийнх нь үр дагавар ор мөргүй угаагдан арчигдах болно. Смрити судруудад Бхарата-варша дахь хүмүүсийн бүх нүгэл гагц чамд хүрэлцсэнээр арилан устах болно гэдгийг зарлан тунхаглана” хэмээн өгүүлэв.

Бхагиратхад хандан Гангад хэрхэн яаж хайр ба  итгэл бишрэлтэйгээр мөргөл үйлдэх тухай сургаалыг хайрлаад Дээд Эзэн  гэнэт алга болжээ.  Махараджа Бхагиратха хамаг л анхаарал, бишрэл сүсгээ төвлөрүүлэн саад бэрхшээлийг арилгахын тулд Ганешад мөргөх зан үйлийг гүйцэтгэв, сайн сайхан эрүүл мэндтэй байхыг бодож Сурьяд мөргөл ёслол үйлдэв, ариусал цэвэршлийн тулд Агнид мөргөл үйлдэв, аливааг нэвт ойлгох оюуныг олохын тулд Парватид мөргөл ёслол үйлдэв, ангижрал гэгээрлийг олохын тулд Вишнуд хандан мөргөл ёслолыг үйлдэв. Ингэж байж тэрээр Гангад мөргөвөл зохих чанаруудыг олж авсан ба  түүний гоо үзэсгэлэнг, Бурханд ойрыг нь, хүмүүнд Дээд Эзэнд үйлчлэн зүтгэх боломж олгох чадвар ба түүнийг материйн ертөнцөөс ангижруулан суллах чадварыг нь магтан алдаршуулж мөргөл залбирлаа өргөв.

Дараа нь Махараджа Бхагиратха Гангыг мөнөөхь Сагара хааны жаран мянган хөвгүүний бие цогцос орших газарт аваачжээ. Ганга тэдний үнс чандарт дөнгөж хүрмэгц тэд бүгд Вайкунтха буюу бурханы мөнхийн орныг зүглэн одов. Ганга мөрнийг Дэлхий дээр буулган авчрахын тулд Махараджа Бхагиратхагийн үйлдсэн хатуу чанга тэвчлийнх нь дурсгалд зориулаад Ганга мөрнийг түүний том охин буюу Бхагиратхи хэмээн нэрлэх болжээ”.

Үргэлжлэл бий.

Дараагийн удаад бид Гаутама-ганга мөрний түүхийг хүргэх болно.

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ.

Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог.

Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал:

Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал

Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл

Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар

Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу

Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны амар амгалан байдал, эр зориг, тогтвортой байдал, хайр, харилцаа

Маргад (Буд)– Хүсэл мөрөөдлийн биелэлт, бурханлаг сэргэл, хөгжил, хайр, бусдыг энэрэн хайрлах сэтгэл

Муурын нүд(Кету) – Чөлөөт сэтгэлгээ, тэвчил наминчлал, аз хийморь, хамгаалалт, эмчлэн анагаах чадвар, гэгээрэл

Гомед(Раху)– Аз хийморь, хүч чадал, амжилт, бурханлаг адислал

Алмааз(Сугар)– Эд баялаг, бүтээлч чанар, амжилт, гэрлэлт, хайр сэтгэл, өрөвдөн энэрэх сэтгэл

 

Чулууд хэрхэн үйлчилдэг вэ?

Эртний эрдэмтэн мэргэдийн өгүүлснээр, үнэт чулууд нь гаригсын сөрөг энергийг саармагжуулж, эерэг сайнынх нь хүчийг нэмэгдүүлдэг. Тэдгээрийн өнгө ба гаргах тодорхой чичирхийлэл, долгион нь чакра буюу хүрдүүдийн үйл ажиллагаа, өнгө, чичирхийлэл долгионтой харгалзан тохирдог.

Тодорхой хуруунд үнэт чулууг арьсанд үл ялиг хүрч байхаар зүүх нь тухайн гаригаас цацарч буй сансрын гэрэл туяаг ихэсгэн ингэснээрээ бие дэхь харгалзах чакруудад нөлөөллөө үзүүлдэг байна. Ингэснээр тухайн чакра буюу хүрдтэй холбоотой асуудлууд эерэгээр засран сайжрах боломжтой болно.

Үүнийг хүснэгтээр үзүүлвэл:

Сансрын өнгө Гариг Чакра Үнэт чулуу
Бүх өнгө

Буюу цагаан

Сугар Хрит падма

Буюу зүрхний

Алмаз буюу очир эрдэнэ
Хэт ягаан Раху  Ажна Гессонит
Ягаан   Сахасрара Ягаан болор буюу аметист
Индиго Санчир Ажна Цэнхэр индранил
Цэнхэр Бархасвадь Вишуддха Шар индранил
Ногоон Буд Зүрхний Маргад
Шар Нар Манипура Бадмаараг, шар молор
Улбар шар Сар Сватхистхана Сувд
Улаан Ангараг Муладхара Шүр
Хэт улаан Кету  Муладхара Муурын нүд

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

Scroll to Top