Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 4
Users Today : 26
Users Yesterday : 51
Total Users : 15654
Views Today : 40
Views Yesterday : 155

Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм  хийдийг дэлхий даяар нээх болно”  хэмээн зөгнөсөн.

    Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ.

  Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор яг далан насандаа багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр, түүнчлэн материализмын гялбаанд нүд нь сохорсон барууны оронд Шри Чаитаньягийн сургаал номлолыг түгээхээр гадаад далайг ачааны хөлөг онгоцоор туулсан байдаг. Далайн аяллын үед түүнд далайн өвчин, зүрхний шигдээс гэх мэт хүнд хэцүү асуудлууд тулгарч байсан ч, дараа нь Америкт ирээд олон хүнд хэцүү бэрхшээлүүдийг тэр өндөр настай үедээ даван туулж гарсан бөгөөд арав хүрэхгүй жилийн дотор бүх таван тивээр тойрон номлол сургаалаа айлдаж, олон тооны ном, соёлын төвүүд, Кришна ухамсрын сүмүүдийг барьж байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтөнд  үлдээсэн түүний хамгийн чухал өв нь түүний орчуулсан ведийн гүн ухаан, утга зохиолын ном бүтээлүүд юм.

Түүнийг энэ ертөнцөд залран ирэх тухай Брахма-вайварта Пуран болон Чаитанья-мангала судруудад зөгнөсөн байдаг.

эбе нама санкиртана тикшна кхадаха лайа
антара асура дживера пхелибе катийа

яди папи чхади дхарма дуре деше йайа
мора сенапати-бхакта йаибе татхайа

 Чаитанья-мангалад, Бүхний Дээд хэлэхдээ: “Би бүх дэлхий ертөнцийг ариун нэрийн авиа дуулалд автуулан уусгахыг хүсэж байна. Тийм учраас би эхлээд Өөрөө залран ирж харинама-санктиртаны хүчит илдээр бүгдийн зүрхэнд байх  шулмын хүслийг даран устгаж, Кали эриний нүгэлт үйлэнд төгсгөл тавих болно. Харин дараа нь Миний сенапати-бхакта залран ирж  алс холын орнууд болон бүх дэлхий даяар хари-нама дхарма буюу Ариун нэрийг давтан дуулах дхармаг түгээн дэлгэрүүлэх болно” гэсэн байна.

“Нарны гэрэлтэй нүүр тулгарсан хүн харанхуйд үлддэггүй шиг Бүхний Дээдэд үйлчлэх шийдвэр төгс хийгээд Түүний тааллыг үг дуугүй даган биелүүлэгч бишрэлтэн буюу садхутай учран таарсан хэн хүн аль хэдийнээ материйн боолчлолд оршин байхаа болисон байдаг”.

Шримад-Бхагаватам. 10.10.41

Бэлтгэсэн:Балабхадра дас

Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна.

Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна.

Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ.

Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа.

ХУУРМАГ ОРЧЛОН

 

Гаурокишора дас Бабаджийн хараа муудаж байгаа нь тодорхой болсон тул Шрила Сарасвати Тхакур түүнийг Калькутта орж, эмчид үзүүлэхийг зөвлөв. Бхактивинода Тхакур ч түүнийг нэг бус удаа тийш явахыг хүсэж байв. Гэвч Шрила Гаурокишора: “Би тэр хуурмаг орчлон, Калькутта руу хэзээ ч явахгүй” хэмээн хариулж байжээ. Нэгэн удаа Шрила Бхактивинода Тхакур Бабаджи Махараджид, түүний албат Шрила Сарасвати Тхакур түүнтэй хамт Калькуттад амьдрах болно. Тийм болохоор Бабаджи Махараджа тэнд ямар ч тав тухгүй байдлыг мэдрэхгүй гэж хэлсэн байна. Үүнд нь хариу болгож Шрила Гаурокишора:

–         Би хэзээ ч Прабхуг надад үйлчлэхийг зөвшөөрөхгүй. Үүний оронд живж үхсэн нь дээр. Гэхдээ хэрвээ би Гангад живбэл хий үзэгдэл болно. Иймээс Сарасватид живнэ гэсэн байна.

Энэ үгээ дахин давтаад  Шрила Гаурокишора Свананда-кунджагаас холгүй урсах Сарасвати тийш яаран гүйв. Шрила Сарасвати Тхакур түүний араас гүйж, хүлцэнгүйгээр түүнийг буцан явахыг хүссэн. Энэ явдлаас хойш тэрээр  дөчин таван хоногийн турш харагдаагүй байна. Дараа нь тэрээр гэнэт Свананда-кунджад үзэгдэж эхэлсэн багөөд:

–         Амиа хорлосноор би Шри Кришнад хүрч чадахгүй. Гэвч ялгаагүй би хэн нэг нь надад үйлчлэн зүтгэхийг тэвчиж чадахгүй

гэж мэдэгдсэн байна.

Олон зуун удаа түүнийг эм уухыг гуйсан боловч тэрээр зөвшөөрөөгүй юм. Шрила Гаурокишора цаг үргэлж экадашийн мацгийг маш хатуу барьдаг байсан бөгөөд ус ч уухаас татгалздаг байжээ. Тэгээд дараагийн өдөр нь тэрээр усанд дэвтээж, хатаасан будааг чиллитэй иддэг байсан бөгөөд заримдаа зүгээр л Гангийн эрэг дээрхи шороог иддэг байжээ. Гэвч түүний огоорлын төлөв байдал ямар нэг хиймэл зүйл байгаагүй бөгөөд энэ бол түүний материаллаг, эгэл амьдралыг бүрэн дүүрэн үл хэрэгсдийн шинж тэмдэг байсан юм.

 

Үргэлжлэл бий…

 

“Хоёрдмолын хил хязгаарын чанадад орших хоёр” номоос орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас

abhupada_japa.jpgБурханы өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада энэхүү хорвоод 1896 онд Калькутта /Энэтхэг/ хотноо мэндэлжээ. Анх удаагаа тэр өөрийн номын багштан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвамитай Калькуттад 1922 онд учрав. Шашны салбарын гарамгай эрдэмтэн, жаран дөрвөн Гаудийа Матхыг /Ведийн нийгэмлэг / үндэслэсэн Бхактисидханта Сарасвати танаа ухаалаг боловсролтой залуу таалагдсан дээрээс тэрвээр ведийн мэдлэг ухааныг түгээхэд өөрийн амьдралаа зориулахыг түүнд хэлж итгэл үнэмшлийг төрүүлвэй.

Чингэснээр тэрвээр Шрила Прабхупадагийн номын багш болсон бөгөөд арван нэгэн жилийн дараа тэр залуу хөвүүн шавийн ёсны сахилыг хүртсэн байнам. Анхныхаа уулзалтын үеэс л Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур гуай, Шрила Прабхупадыг ведийн мэдлэг ухааныг англи хэл дээр дэлгэрүүлэхийг гуйн болгоожээ. Дараагийн улиран одсон он жилүүдэд, Шрила Прабхупада Гаудийа Матхын ажилд бишгүй туслан мөн “Бхагавад-Гита”-д зоиулсан тайлбар бичиж, 1944 онд хоёр долоо хоногт нэг удаа гардаг “Бэк ту Годхед”/ “Бурхан зүг буцахуй”/ гэсэн нэртэй сэтгүүлийг англи хэл дээр гаргаж эхэлсэн байна. Орчин үед түүний шавь нар эл сэтгүүлийг гуч гаруй хэл дээр хэвлэн гаргаж байнам.

1947 онд түүний эрдмийн чадал хийгээд Бурханд үнэнч бишрэл зүтгэлийг нь болон гүн ухааных нь мэдлэгийг өндөр үнэлж Гаудийа-вайшнавуудын Нийгэмлэг, Шрила Прабхупадад “Бхактиведанта” хэмээх эрдмийн цол өргөмжлөв. 1950 онд 54 насандаа Шрила Прабхупада гэр бүлийн амьдралаас татгалзаж ванапрастха маягийн амьдралын хэв ёсыг мөрдөх болж, чингэснээр өөрийгөө эрдмийн ажил утга зохиолын ажилд бүрнээ зориулжээ. Шрила Прабхупада ариун дагшин Вриндавана хотноо дундад зууны Радха-Дамодарын сүмд ирж тэнд оршин амьдрах болов. Нилээд олон жилийн туршид тэрээр эрдэм ухааны болон утга зохиолын үйлээр завгүй ажиллажээ. 1959 онд тэрвээр саннйасын сахил санваар хүртэн тааламжтай бүхнээс татгалзлаа.Тэнд Радха-Дамодарын сүмд өөрийн сонгодог бүтээл болох – олон боть”Шримад –Бхагаватамын ” /Бхагавата –пуран/ орчуулган дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь арван найман мянган шүлэг болон тайлбараас бүрдэх ажээ. Тэр вээр мөн тэнд “Харь гариг дээр хөнгөн аялахуй” номоо бүтээжээ.

1965 онд “Шримад-Бхагаватам”-ын эхний гурван ботийг хэвлүүлчихээд Шрила Прабхупада номын багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ариун үйлийг бүтээхээр Америкийн Нэгдсэн Улсад одов. Түүнээс хойшхи он жилүүдэд тэрвээр жар илүү боть: Энэтхэгийн шашин, гүн ухааны олон сонгодог бүтээлүүд, найрууллын тойм, тайлбарууд ба орчуулгуудыг гаргажээ.

1965 онд Шрила Прабхупада ачааны усан онгоцоор Нью-Йорк хотноо иржээ. Түүнд үнэндээ амьдрах өчүүхэн ч бэл бэнчин байсангүй. Бараг жил шахам гачигдан зовж баймааж, 1966 оны 7 сард тэрвээр Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг /ИСККОН/ үндэслэн байгуулсан билээ. Тэрвээр энэхүү хорвоог орхисон 1977 оны 11 сарын 14-ны мөчийг хүртэл, түүний өршөөн нигүүлсэж үндэслэсэн нийгэмлэг нь зуу гаруй ашрамууд, сургууль, сүм хийд, дээд сургууль болон хөдөө аж ахуйн хамтлагуудаас бүрэлдэн тогтсон дэлхий дахины томоохон холбоо болон өргөжин хөгжлөө.

1972 онд тэрвээр Далласт гурукула нээснээр Баруунд бага болон дунд боловсролын ведийн системийг нэвтрүүлжээ. Багшийнхаа эхэлсэн уламжлалыг шавь нар нь үргэлжлүүлэн шууд түүний удирдлаган дор олон оронд тийм сургуулиуд нээсэн бөгөөд /ИСККОН/ боловсролын системийн төв нь одоо Вриндаванад болон Майапурт / Энэтхэг / буй.

Шрила Прабхупада болбаас мөн Энэтхэгт байгуулсан олон улсын хэд хэдэн соёлын томоохон төвүүдийг барьж байгуулахад сэтгэлийн дэм өгсөн хүн билээ. Шридхама Майапурд /Баруун Бенгалид/ байгаа төвийн эргэн тойронд ариун хот байгуулахаар төсөл зураг хийсэн бөгөөд – тэрхүү гайхамшигт төслийг хэрэгжүүлэхэд арав илүү жил хэрэгтэй билээ. Вриндаванад мөн Кришна-Баларамагийн сүрлэг сайхан сүм болоод дэлхийн өнцөг булан бүрээс мөргөхөөр ирэгчдэд зориулсан зочид буудлыг бүтээжээ. Бомбей болон Энэтхэгийн халуун тивийн бусад томоохон хотуудад ИСККОН хэмээх томоохон соёлын ба боловсролын төвүүд ажиллаж байна.

Харин Шрила Прабхупадын бүтээсэн хамгийн чухал нь – түүний номууд мөн. Буурь суурь, утга тод, гүнзгийг нь эрдэмтэд өндөр үнэлсэн номууд нь олон тооны колледжийн сурах бичиг болж байна. Түүний бүтээлүүд дэлхийн дөч гаруй орны хэл дээр орчуулагджээ. “Бхактиведанта Бук Траст” хэвлэлийн газар /1972 онд түүний үндэслэсэн/ болбаас энэтхэгийн гүн ухаан, шашны бүтээлийг хэвлэн гаргадаг дэлхийн хамгийн том хэвлэлийн газар билээ.
Насан өндөр болсноо эс хайхран Шрила Прабхупада арван хоёр жилийн дотор арван дөрвөн удаа дэлхийг тойрон явж бүх таван тивд лекц уншсан билээ. Туйлын завгүйгээ үл харгалзан Шрила Прабхупада өөрийнхөө номуудыг бүтээх явдлаа хэзээ ч алгуурлаагүй бүлгээ. Түүний бүтээлүүд нь ведийн гүн ухаан, шашин, утга зохиол болон соёлын үнэнхүү нэвтэрхий толь бичгийг бүрдүүлж байна.

 

Шрила Прабхупадагийн пранама мантра

нама ом вишну-падайа

кришна-прештхайа бху-тале

шримате-бхактиведанта-

свамин ити намине

намас те сарасвате деве

гаура-вани-прачарине

нирвешеша-шунйавади-

пашчатйа-деша-тарине

“Би вээр, Түүний бадам лянхуан өлмийд өмөг түшиг олсны учир Бурхан Кришнад машид эрхэм Шри Шримад А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада танаа бишрэл хүндэтгэл бүхнээ өргөн мөргөмү”.

“Ай Сарасвати Госвамийн шавь, номын багш танаа сөгдөн биширч мөргөмү. Та бээр Бурхан Чаитанйадевын сургаалыг өршөөнгүйгээр номлож имперсонализм болон хоосон чанарын гүн ухаан халдварласан барууны орнуудад ангижралын үйлийг бүтээнэм”

Бидний хайрт номын багш Шрила Бхактивайбхава Свами 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлжээ. Тэрээр хүүхэд ахуй нас болон залуу насаа Германы Гамбург хотноо өнгөрөөсөн байна. Гамбург нь 60-аад оны сүүлчээр Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэг/ИСККОН/-ийн Герман дахь цорын ганц сүм нээгдэж байсан анхны хот юм. Тэнд л анх тэрээр чин бишрэлтэнгүүдтэй учирч байжээ.

Тэдний хэн нэг нь гудамжинд түүнд Шрила Прабхупадагийн лекц бүхий(тэр үед герман хэл дээр номууд хараахан хэвлэгдэн гараагүй байв) хуудсыг өгсөн байна.

Лекцэнд варнашрама-дхармын талаар үл ойлгогдох ямар нэгэн зүйл өгүүлсэн байлаа. Тэр хуудас нь янз бүрийн санскрит нэр томъёогоор дүүрэн байсан ба түүн доторхи нэг мөр түүнийг гүн цочролд оруулжээ. Шрила Прабхупада лекцийнхээ төгсгөлд: “Кришнагийн ухамсар нь бидний бүхий л ахуйг ариусгах тийм гайхамшигтай зүйл юм” гэсэн байв. Хожим хойно Бхактивайбхава Свами энэ тухайгаа, тэр үед мянган жил бүгчимдэн бачуурч байгаад арай гэж агаар амьсгалсантай адил байлаа гэсэн байдаг.

1970 оны хавар нэгэн хиппийн бүлгэмийн гишүүн байхдаа тэрээр « С ruinthens» хамтлагийн концертыг үзжээ. Тэр хамтлаг тайзан дээр Харе Кришна маха мантраг дуулж байв. Мантранд маш их дур сонирхол татагдсан тэрээр хамтлагийн ахлагчаас Америкд тэд Харе Кришнагийн хөдөлгөөнд нэгдэн орсон тухай болон Германд мөн Кришнагийн ухамсрын нэг сүм байдаг тухай дуулж мэдсэн байна. Энэ нь Махаражийн амьдарч байсан тэр хот буюу Гамбург байсан юм. Ингээд тэрээр хагас сайн өдөр сүмд анх удаа очсон бөгөөд бүтэн сайн өдөр бүтэн сайны программд оролцоод нэг дэх өдөр гэхэд өөрийн эд хогшилтойгоо сүмд нүүн ирсэн юм. Ингээд хоёр дахь өдөр гэхэд үсээ хусуулсан ба гурав дахь өдөр гэхэд хэдийнээ харинамад(гудамжинд олуулаа маха-мантра дуулах) оролцож байв. Ийнхүү түүний Кришнагийн ухамсрын зам мөр эхэлсэн юм.

Эхний нэг жил Бхактивайбхава Свами бусад чин бишрэлтэнгүүдийн хамтаар өдөр бүр харинама хийхээр гудамжинд гардаг байв. Энэ нь өдөрт зургаан цаг үргэлжилдэг байжээ. Ингээд жилийн дараагаар тэрээр Кришнагийн ухамсрын төв нээхээр Берлин хотыг зорьсон байна. Түүнээс хойш мөн жилийн дараагаар Гамбург хотноо эргэн ирж “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг герман хэл дээр орчуулах болов. Хагас жилийн дараагаар Шрила Прабхупадагаас шавийн ёсны сахил хүртжээ. Шрила Прабхупада захидлаар түүнд сахил хүртээсэн ба Авинас Чандра буюу Кришна-Мөхөшгүй Саран хэмээх нэрийг хайрласан байна.

Шрила Прабхупадагаас түүний номуудыг тараан түгээх үүрэг аваад Авинас Чандра Дас санкиртан буюу гудамжинд олуулаа хамтран маха-мантра дуулах болсон байна. 1980-аад оны үесд тэрээр Ойрхи Дорнодын мусульман шашинтай улс орнуудад номлол хийж, номоо тараадаг байжээ. Тэр үед мусульман болон христийн шашинтнуудын хооронд үргэлжилсэн тулалдаан тэмцэл өрнөж байв. Чухамхүү ийм нөхцөл байдал дунд Ливанд иргэний дайны гал дүрэлзэн байх тэр үед Кришнагийн ухамсрыг түгээн сурталчилж байсан юм.

1991 онд тэрээр саннъясын сахил хүртсэн бөгөөд ингэснээр шавь авах болж шинэ статусаар номлол үйлдэх болжээ. Одоо Шрила Бхактивайбхава Свами ИСККОН-ы сахил хүртээгч гуру(номын багш), Жи-Би-Си буюу ИСККОН-ы удирдах зөвлөлийн гишүүн, ИСККОН-ы өмнө тулгарсан янз бзрийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох хариуцлагатай гишүүдийн нэг юм. Тэрээр бүх дэлхийгээр аялан Герман, Чех, Словак, Югослав, Орос, Украин, Молдав, Балтийн тэнгис орчмын улсуудад Кришнагийн ухамсрыг номлох болжээ.

2002 оноос А.Ч.Бхактивайбхава Свами Монгол орноо айлчлан ирсэн бөгөөд түүнээс хойш жил бүр тасралтгүйгээр айлчлан ирж Кришнагийн ухамсрын номлол сургаалаа айлдсаар байгаа билээ. Үүний үр дүнд Монголын анхны сахил хүртсэн чин бишрэлтэнгүүд төрөн гарсан юм. Бурханы Өршөөлт А.Ч.Бхактивайбхава Свамигаас 2003 онд Н.Батсайхан анхны сахил хүртэж Чандрабхавана дас хэмээх номын нэр авсан бөгөөд 2004 онд Б.Болдсүх, Алтанхуяг нар тус тус сахил хүртэж Балабхадра дас, Абхиманью дас нэрүүдийг авсан байна. Сахил хүртэх үеийн ёслол, галан тахилга зэргийн зургийг Галерей булангаас үзнэ үү.

 

Бхактивинода Тхакурын бүхий л амьдрал Бурханы Дээд Бодгаль Шри Кришнад үйлчлэн зүтгэхэд чиглэгдсэн байлаа. Дэлхий нийтэд түүний үйл нь ямархан сайн сайхныг авчирсныг Шри Чайтаньягийн аугаа үйл, зургаан Госвамийн үйлтэй адилтган ойлгож болно. Түүний бурханлаг үйл хийгээд бурханлаг судар номууд нь оюун ухааант, боловсрол бүхий хүмүүст томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Бурхан Чайтаньягийн номлол хийгээд эгэлгүй сургаалд нь итгэх итгэлийг бий болгосон юм.

Зуун жилийн цаадтай эргэн өнгийж харахуйд бид Чайтанья Махапрабхугийн цэвэр ариун, гүн гүнзгий, аугаа бурханлаг гүн ухаанаас эхлэлтэй вайшнавын шашин тэр үед ямаршуу уналтын байдалд орсон байсныг гайхан харах болно.

Тэр ч атугай өргөн дэлгэр мэдлэг бүхий эрдэмт пандитууд Бурхан Чайтаньягийн сургаал болсон аугаа гүн ухааныг бүрэн гүйцэд танин ойлгож чадахгүй байв. Боловсрол мэдлэг муухан хүмүүсийн мунхагийн харанхуйгаас үүдэлтэй үл итгэх үзлийн улмаас вайшнавын шашин уналтанд орсон байсан бөгөөд нийтийн мөнгөн дээр амьдардаг гуйлгачдын халхавч мэтээр тооцогддог байлаа. Гэвч Бурханыг хайрлах хайрандаа хөтлөгдсөн Бхактивинода Тхакур Вед, Упанишад, Пуран, “Бхагаватам”-ын хуудаснаа далдлагдсан гүн гүнзгий гүн ухааныг дэлгэрэнгүй тайлбарлан өгүүлсэн юм. Үндсэн зорилго нь Бурханд үйлчлэхэд орших түүний үйлийн ачаар мөн түүний энгийн хийгээд өргөн олон уншигчдад ойлгогдохоор бичигдсэн түүний номууд энэхүү гүн ухааныг дэлхий нийтэд нээн таниулав. Чухамхүү түүний зохиолууд, зүйрлэшгүй бурханлаг чанарынхаа ачаар нийгэмд өндөр боловсрол бүхий бүхэл бүтэн давхаргыг бий болгосон ба тэдгээр хүмүүс нь Шри Чайтаньягийн сургаал дээр суурилсан цэвэр, дэвшилтэт Кришнагийн гүн ухааны бурханлаг мэдлэгийг олж авснаараа болон өөрсдийн вайшнавын итгэл үнэмшлээрээ толгой дээгүүр, бардамхан явах болсон юм.

Тхакур Бхактивинода нь чинээлэг гэр бүлд төрсөн( тэрээр 1838 оны есдүгээр сарын 2-нд төрсөн ба түүнийг төрөхөд нь Кедаранатха Датта гэж нэрлэжээ ) боловч түүний балчир нас бэрхшээл саадаар дүүрэн байв. Тэрээр хүүхэд ахуй насаа өөрийн нагацынд Бирнагарт( Улаграм )-д өнгөрөөсөн бөгөөд тэндээс арвангурван насандаа эцгийгээ нас нөгчисний дараагаар Калькуттад нүүн ирж сургуулиа дүүргэсэн юм. Удалгүй их сургуулиа төгссөний дараахан түүнд авга ах нь үхлийн ирмэг дээр байгаа тухай мэдээ ирэв. Авга ах Ражаваллабха Датта нь Калькуттад тун нэртэй нэгэн агаад өөрийн амьдралынхаа сүүлчийн өдөр хоногуудыг Орисст аглаг буйд газарт даяанч байдлаар өнгөрөөсөн ажээ. Тэрээр ирээдүйг зөгнөн хэлдэг байсны дээр өөрийн үхэх өдрийг тов тодорхой мэддэг байжээ. Учир нь тэрээр дээд төрөлт амьд бодгалиудтай холбоо тогтоох чадварыг эзэмшсэн байв. Өөрийн авгын нас нөгчих тэр чухал цаг мөчид Тхакур Бхактивинода түүнтэй хамт байж түүнээс сургаал зааврыг нь сонссон ба энэхүү аугаа сүнсийг халин одсоны дараа тэрээр Орисс мужийн бүхий л гол гол сүм, ашрамуудаар зочлон очжээ.

Бхактивинода Тхакурын цаашдын үйл гэгээрүүлэх үйлтэй холбоотой байлаа. Тэрээр Орисст англи хэл зах болсон ба энэхүү мужийн бүхий л ашрамын талаар өгүүлсэн жижгэвтэр ном бичжээ. Тэр номондоо тэрээр өөрийн өвөг дээдэст хамаарах газар шороон дээр оршин буй тухайгаа дурьджээ. “Орисс мужийн Чхотимангалпур тосгон надад харъяалагддаг. Энэ тосгонд миний өвөг дээдсийн ариун гэгээн хүмүүст хэсэгхэн газартай нь хамтад нь бэлэглэсэн нэгэн сүм байдаг. Энэ сүмийн хамба лам нь хэрмэл мөргөлчидөд түнэр харанхуй шөнө хоноглох ор дэр гаргаж өгөхөө больсон ажээ. Энэ тухай дуулж мэдээд би хэрэв дахин нэг удаа л зочноо таагүй байдлаар хүлээж авсан тухай гомдол санал дуулдвал газрыг нь хураан авна хэмээн сүрдүүлсэн юм”. Хожим Бхактивинода Тхакур төрийн албанд зүтгэх болж Бенгалид нүүн ирэв. Тэнд тэрээр нэгэн хотод “Шримад Бхагаватам”-ын гүн ухааны тухай түүхэн хүүрнэлээ өгүүлсэн байдаг. Энэ яриа нь мянга мянган хүний анхаарлыг соронздон татжээ. Тэр яриандаа тэрээр “Бхагаватам”-ын хаалттай хуудсан дахь хосгүй үнэт эрдэнийн тухай өгүүлээд энэ бүтээлийг гүн ухаанч сэтгэлгээтэй хүн бүр унших ёстой гэсэн байдаг. Хэдэн жилийн дараагаар тэрээр Чампаран хотод нүүн ирэв. Тэр хотод олон мянган унан доройтсон хүмүүсийн мөргөл үйлддэг брахма-дайтья ( буг шидлийн нэгэн төрөл )орогносон аварга том баньян мод оршдог ажээ. Нэгэн удаа Бхактивинода Тхакур дээр эрдэм мэдлэгээрээ нэрд гарсан нэгэн бүсгүйн эцэг хүрэлцэн ирэв. Тэрээр өргөл хандив цуглуулан явж байсан бөгөөд Бхактивинода тэр даруй түүнийг мөнөөхь хий үзэгдэл орогнодог модны доор “Бхагаватам”-ыг уншуулахаар суулгажээ. Сарын дараагаар, “Бхагаватам”-ыг уншиж дууссан өдөр тэр мод чимээ шуугиантайгаар газарт булгаран унасан бөгөөд хий үзэгдэл ч мөнхөд тэр газрыг орхин оджээ. Хий үзэгдэлд мөргөдөг ариун бус зарим нэг хүмүүсээс бусад хотын бүх иргэд тэднийг дайтьигаас ангижруулж өгсөнд нь Бхактивинодад тун ихээр баярлан талархав.

Бхактивинодын нүүн очсон дараагийн хот бол Пури байлаа. Тэрхүү районы удирдлага мэдэлд нь байдаг комиссар, Бхактивинодаг Пурид ажиллах болсныг мэдээд ихэд баярлаж засаг төрийн төлөөлөл байдлаар Жаганнатхын сүмийн хэв журмыг сахиж байхыг хүсэв. Бхактивинодын зүтгэл чармайлтаар сүмд байсан олон тооны хууль бус үйл ажиллагаа төгсгөл болж Бурхан Шүтээндээ хоол хүнс өргөх цаг хугацаа хатуу тогтсон байна. Дараахантай нь Тхакур Бхактивинода засгийн эсрэг боссон бослогыг дарах үүрэг хүлээсэн бөгөөд тэр бослогыг өөрийгөө Маха-Вишнугийн хувилгаан хэмээн өргөмжилсөн Бишикишена нэрт этгээд өдөөсөн байв. Тхакур Бхактивинодын мөрдөн шалгах явцад энэ хүн нь жирийн нэг хууран мэхлэгч, гэмт хэрэгтэн болох нь тодорхой болсон ба түүнд засаг төрийн тогтоол шийдвэрийг зөрчсөн хэмээн ял тулган буруушаажээ. Шүүх Бишикишенаг хагас жил эрх чөлөөг нь хассан бөгөөд тэрээр шүүх хурлын дараагаар удалгүй шоронд нас нөгчжээ. Тэр хүн үнэхээр эгэл жирийн бус хүч чадалтай нэгэн байсан хэдий ч түүнийгээ харин бурханлаг бус аргаар хөгжүүлсэн байсан хийгээд ийм ч учраас Тхакурын мэдэлд захирагдах хэрэгтэй болсон байна. Бишикишена жирийн хүмүүсийг айлган сүрдүүлдэг байсан тул тэд Шрила Бхактивинодыг шударга шүүхийн нэрийн өмнөөс ч түүнийг хариуцлагад татахгүй байхыг гуйн хүсч байлаа. Учир нь йогч өөрийн ид шидийн хүчийг хэрэглэхвий тэр нь ноцтой үр дагаварт хүргэх вий хэмээн айн болгоомжилсноос үүдэлтэй байв. Гэвч хэзээ ч юуг ч хуурмагаар үйлдэж байгаагүй, хэнд ч өөрийн жинхэнэ чанар, бурханлаг хүч чадлаа нээн харуулж байгаагүй Тхакур, чөтгөрийн хүчийг эзэмшсэн өөрийгөө зарлан тунхаглагчийг хялбараар ялан дийлсэн юм. Бишикишена төгсгөл болсны дараагаар хөрш зэргэлдээ тосгонд Баларама хэмээн өөрийгөө нэрийдэгч нэгэн этгээд гарч ирэв. Энэ этгээдтэй болон өөр бас бус өөрийгөө Бурханы хувилгаан хэмээн нэрлэгчидтэй Бхактивинода Тхакур тулгарч байсан ч Бишикишены адилаар тэдний санаа зорилго нуран унасаар байсан юм.

Жаганнатха-Пурид Тхакур Бхактивинода утга зохиолын үйл болон бурханлаг зохиол бүтээлийг хэлэлцэхэд багагүй цаг хугацааг зориулав. Тэрээр Баладева Видьябхушаны тайлбартайгаар хэвлэгдэн гарсан “Веданта сутрын” тайлбарыг бэлтгэв. Мөн түүнчлэн Нароттама дас Тхакурын гайхамшигт бүтээлүүдтэй эн зэрэгцэх мөнхийн бүтээл “Кальяна калпатару”-г (түүний хэсгээс “Вибхавари Шеша” нэртэйгээр энэ номонд оруулсан)бүтээв. 1877 онд Тхакур Бхактивинода өөр хот руу нүүн шилжиж 1881 онд “Сажжана-тошани”( Цэвэр чин бишрэлтэнгүүдийн баяр баясгалан ) сэтгүүлийг хэвлэн гаргаж эхлэв. Тэр сэтгүүл нь бурханлаг амьдралын асуудлуудад чиглэгдсэн хийгээд хожмоо тун ч их нэр хүндийг олсон юм. Мөн тэрээр Кришнагийн бурханлаг ахуйг нээн таниулсан гүн ухааныг илтгэсэн “Шри Кришна-самхита”-г хэвлэн гаргасан ба боловсрол мэдлэг бүхий хүмүүст тэдний Бурхантай холбоотой жинхэнэ харьцааг нээн харуулсан юм. Энэ бүтээлийг олон олон немец эрдэмтэд баяр хөөртэйгөөр хүлээн авсан бөгөөд учир нь Кришнаг жирийн нэг баатар эр-дурлагч хэмээн тооцдог өргөн олон уншигчдын санаагаар бол яруу найрагчийн төсөөллийн үр дүн хэмээн тооцож байсан ба харин Шрила Бхактивинода Ведийн нотолгоон дээр үндэслэн Кришна бол Парабрахман, Дээд Трансцендент Бодгаль, Туйлын Үнэн гэдгийг үзүүлсэн юм.

Нараил тосгонд байх сүүлчийн өдрүүддээ Бхактивинода Вриндаванд хүрэлцэн очсон бөгөөд тэнд тэрээр Канжхарам гэж нэрлэгдэх бүлэг дээрэмчидтэй тулгарчээ. Энэхүү хүчирхэг дээрэмчид нь ариун мөргөлийн газарт хүргэдэг зам дагуу бүгэн нуугдаж хөөрхий мөргөлчидийг тонон дээрэмдэг байв. Бхактивинода Тхакур энэ тухай төр засагт мэдээлж олон сарын тулалдааны дараагаар дээрэмчдийг Вриндаванаас эгнэгт хөөж чадсан юм. Энэ цаг үеэс эхлэн Тхакур Бхактивинода олон тооны хүн цугласан цуглаан дээр Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе хэмээх ариун нэрийг дуулах санкиртан хөдөлгөөн дээр үндэслэсэн сургаалыг дэлгэрэнгүй тайлбарлаж идэвхитэйгээр номлол үйлдэж эхлэв.

Удалгүйгээр Тхакур Бхактивинодын нүүн очсон Барасатад тэрээр бенгалийн нэртэй зохиолч Банкимчандратай учирчээ. Энэхүү уулзалтаас өмнөхөн энэ роман хийгээд жүжгийн зохиол бичигч нь Кришнагийн тухай номоо дөнгөж дуусгаад байв. Шрила Бхактивинода Кришнагийн тухай сэдвээр нэр хүндтэй мэдлэг бүхий нэгэн гэдгийг мэдсэн тэрээр өөрийн гар бичмэлийг уншиж үзэхийг хүсэв. Анхдагч байдлаараа тэр ном барууны гүн ухааны хэв загварын үнэр ханхалсан элдэв бодол төсөөлөл, олон янзын материаллаг эргэцүүллээр дүүрэн байлаа. Гэвч дөрвөн өдрийн яриа хөөрөөний дараагаар Бхактивинода Банкимчандрыг өөрийн бүтээлээ бүрнээ эргэн харах хийгээд түүнийг Бурхан Чайтаньягийн цэвэр, энэ газар дэлхийн бус сургаалтай тохируулан өөрчлөхийг итгүүлж дөнгөв. Бхактивинодын Барасатад байх сүүлчийн жил дээд шүүхийн нэртэй нэгэн шүүгч түүнийг Шри Вишванатха Чакраварти Тхакурын тайлбартай түүний өөрийнх нь ( Бхактивинодын ) орчуулгатайгаар “Шримад Бхагавад гита”-гийн нэр хүндтэй бүтээлийг хэвлэн гаргах бэлтгэл базаахыг хүсэв. Бүтээлийн өмнөх үгийг Банкимчандар бичсэн бөгөөд тэрээр түүний хөдөлмөр бүтээлийнх нь төлөө Бхактивинодад өөрийн хүндэтгэлээ илэрхийлсэн байв. Ном маш хурднаар борлогдож дууссан ба энэ бүхний дараагаар удалгүйгээр Бхактивинода Тхакур “Шри Чайтанья-шикшамрита”( “Бурхан Чайтаньягийн рашаан мэт сургаал” ) нэртэй өөр нэгэн гайхамшигт бүтээлээ хэвлүүллээ. Энэ номондоо Бурхан Чайтаньягийн теист гүн ухаан ба барууны цэцэрхийлэн мэтгэлцэгч сэтгэгчдийн ном номлолын тухай өгүүлсэн байв. Энэ номондоо Шрила Бхактивинода алхам алхмаар бусад төрлийн гүн ухааныг бут цохисоор Бурхан Чайтаньягийн гүн ухааны давуу байдлыг батлан нотлосон юм.

1885 онд Бхактивинода Тхакур “Шри Вишва-вайшнава-ража-сабха” нийгэмлэгийг үндэслэсэн бөгөөд түүний зорилго нь цэвэр хари-бхактиг номлоход оршиж байлаа. Энэхүү нийгэмлэгт Калькуттын нэр цуутай олон оршин суугч элсэн орсон ба түүний олон талт үүрэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн хороог байгуулжээ.

Бхактивинода Тхакур Бурхан Чайтаньягийн тоглоом наадам болж өнгөрсөн тэр газар нутгийг үзэхийг маш ихээр хүсэж байсан хийгээд нэг бус удаа түүнийг Навадвипын (Майапур)ойролцоо орших дурын ямар нэг хотод илгээж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байв. Шилжин суурьших ажилдаа амжилт олж чадаагүй тэрээр ажлаасаа халагдах албан ёсны өргөдлөө өгсөн авч татгалзсан хариуг авчээ. Гэвч удалгүй түүнийг маш ихээр баярлуулсан мэдээг авав. Тэрээр Навадвипаас гучин таван километрийн зайд орших Кришнанагарт ажиллах шийдвэрийг хүлээн авчээ. Навадвипаас нэг их холгүй газарт суурьшин тэрээр тэнд өөрийн бүхий л зав чөлөөтэй цаг мөчөө өнгөрөөх болов. Тэрээр шууд л Бурхан Чайтанья Өөрийн тоглоом наадмаа өрнүүлж асан газар нутгийн тодорхой байршлын талаарх мэдээллийг цуглуулж эхлэсэн бөгөөд орчин үеийн Навадипа нь ердөө зуун жил л оршин буй юм гэдгийг олж тогтоон Бурханы төрсөн жинхэнэ газар нутгийг олж тогтоохоор шийдсэн байна. Орчин үеийн Навадипа нь Бурхан Чайтаньягийн төрсөн газар нутаг биш гэдэгт гүнээ итгэсэн тэрээр Түүний жинхэнэ мэндэлж төрсөн газар нутгийг олохыг чармайн нутгийн оршин суугчдаас асуун сураглаж эхлэв. Зарим нэг хүн Чайтаньягийн төрсөн газар нь хотын захад оршдог хэмээн итгүүлэхийг оролдож байсан ба эдгээр хүмүүсээс салж холдоход түүнд тийм ч амар биш байлаа. Үнэнийг олж тогтоохын тулд тэрээр оршин суугчдаас дэлгэрэнгүйгээр асуун лавлаж байсан ба үүний үр дүнд тэрээр түүний эрж буй тэр газар одоо урсгалаа өөрчлөн урсаж буй Ганга мөрөн урсдаг болохыг мэдэв. Тийм тайлбарт сэтгэл нь үл ханасан тэрээр өөрөө йога-питхиг ( төрсөн газар ) олох эрэлд гарлаа. Багагүй бэрхшээл саадыг туулан байж тэрээр өөрийгөө танин ухамсарласан олон сүнс Шри Чайтанья Махапрабхугийн жинхэнэ төрсөн газар хэмээн тооцож мөргөл үйлддэг газар нутаг оршин байдаг тухай олж мэдэв. Харин тэр газар нь тухайн үеийн мусульманы газар нутагт харъяалагдах тийм газар байлаа. Нутгийн оршин суугчдаас асууж лавлан тэдний заасныг “Шри Майапур” хэмээн нэрлэгдсэн арван наймдугаар зууны хоёрдугаар хагаст хамаарах хуучны газрын зурагтай тулган үзэж эцэст нь Бурхан Чайтаньягийн жинхэнэ төрсөн газрыг олж тогтоов. Өөрийн энэхүү нээлтийн дараа тэрээр “Навадвипа-дхама-махатмья”( Энэ номын тавдугаар бүлэг нь бенгали хэлээр ИСККОН-ы “Бэк ту Годхед” сэтгүүл дээр хэвлэгдэн гарсан ) нэртэй үнэ цэнтэй бүтээлээ хэвлүүлжээ.

1895 он бол вайшнавизмын түүхэнд хамгийн мартагдашгүй он жил болсон юм. Энэ онд болж өнгөрсөн бүх үйл явдлын гол баатар нь Бхактивинода Тхакур байлаа. Чухамхүү энэ онд тэрээр өргөн олонд Бурханы жинхэнэ төрсөн газрыг олсон тухайгаа болон Түүний төрсөн газар нутгийн жинхэнэ ач холбогдлыг нээн таниулж Шри Чайтаньягийн төрсөн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Бурхан Чайтаньягийн төрсөн газар нутагт болж өнгөрсөн баяр ёслолд мянга мянган зочид гийчид цугласан байв.

Тхакур Бхактивинода түүний энэхүү нээлт мартагдан гээгдэхийг хүсээгүй учраас ажлаасаа огцорсон даруйдаа тэрээр сүм барихаар шийдэж машид хүлцэнгүйгээр нэг айлын хаалганаас нөгөө айлын хаалга дамжин өргөл хандив цуглуулж эхлэлээ. “Амрита базар патрика” сонин 1894 оны 12 сарын 6-ны дугаартаа “Энхтайвны шүүхийн туслах Бабу Кедаранатха Датта саяхан ажлаасаа огцорсон бөгөөд Нийгэмлэгийн хамгийн идэвхитэй гишүүдийн нэг юм. Өөрийн салбар хороог төлөөлөн тэрээр Калькутта болон бусад газар нутгуудаар хандив өргөл цуглуулж яваа бөгөөд ерөөл буянт зорилгын төлөө энэтхэг хүн бүрээс ядаж ганц ширхэг рупи хайрлахыг гуйн айлаас айл дамжин шийдвэр зориг төгс явна. Хэрэв Бабу Кедаранатха Датта гартаа хүүдий барин айл хэсэх санаа зорилгоо орхихгүй л бол өөрийгөө энэтхэг хэмээн үнэлж хүндэтгэдэг хүн бүр, энэхүү буянлаг бхакта өөрийн айлчлалаар хүндэтгэл үзүүлсэн айл бүр хэдий даруу жаахан ч хамаагүй өөрийн өргөл хандиваа Гаура-Вишнуприйгийн сүм барих санд гарцаагүй өргөл болгон хандивлана гэдэгт бид гүнээ итгэж байна ” хэмээсэн байв. Үнэн хэрэгтээ өмнөө тавьсан буянт зорилгодоо хөтлөгдөн Тхакур Бхактивинода маш олон айлаар орсон юм. Бурхан Чайтаньягийн үүрэг даалгаврыг биелүүлэхийг хүсэмжлэн тэрээр урьд өмнө нь хэзээ ч орж байгаагүй айлдаа ч орж байв. Бхактивинода Тхакурын чармайлт талаар болсонгүй: цуглуулсан зүйлсээрээ Бурхан Чайтаньягийн төрсөн буюу илэрсэн газарт байгууламж барьсан юм. Тэр үед Бурханы ариун нэр алдрын тухай номлол сургаал маш өргөн дэлгэр тархсан байсан бөгөөд түүний тухай мэдээлэл дэлхийн бөмбөрцгийн хамгийн алслагдсан өнцөг буланд ч хүрсэн байв. “Гауранга-смарана-мангала-стотра” Шри Чайтаньягийн сургаал хийгээд амьдралын тухай өгүүлсэн англи хэл дээрхи оршилтойгоор хэвлэгдэн гарсан нь Бурхан Чайтаньягийн төрсөн газрыг нээсний дараагаар тун ч удалгүй гарсан Бхактивинодын бүтээл бөгөөд дэлхийн хоёр тал бөмбөрцгийн бүхий л сургалтын танхим дахь номын сангийн тавиуран дээр өөрийн байр сууриа олсон билээ.

Бхактивинода Тхакур, Бурхан Чайтанья хийгээд Бурхан Кришнагийн нэр алдрыг номлох үйл хэдийчинээ идэвхитэй явагдана төдийчинээ баяр баясгаланг амсдаг байв. “Гауранга-смарана-мангала-стотра” хэвлэгдсэний дараагаар тэрээр “Шри Брахма-самхита”, “Шри Кришна-карнамрита” бүтээлүүдэд тайлбар хийсэн бөгөөд мөн түүнчлэн өөрийн үнэ цэнэтэй үхэлгүй мөнхийн бүтээл болох “Шри Хари-нама-чинтамани”, “Бхажан-рахасья” нэртэй хоёр бүтээлээ туурвисан юм. Түүнээс гадна тэрээр вайшнавын гүн ухааныг өгүүлсэн “Шримад Бхагаватам” бүтээлийн бүх шүлэг багтсан “Шримад-бхагаватарка-маричи-мала”-г хянан засварлав. Тэрээр өөрийн утга зохиолын ажил үйлэнд амрахыг үл мэдрэн ажиллан байсан бөгөөд түүний үзэгнээс вайшнавын гүн ухааны тухай өгүүлсэн маш олон бүтээл гарсан юм. Бхактивинода Тхакур өөрийн албаны ажлаа дуусгаад үдэш орой зохиол бичих ажилдаа ордог байлаа. Шөнийн нэг, хоёр цаг хүртэл дуугаа зохиож, номоо бичдэг байв. Түүний зохиол бүтээлийн ихэнхи нь “Сажжана-тошани”сэтгүүлд хэвлэгдэн гардаг байсан юм. Утга зохиолын оволзсон ажлын хажуугаар тэрээр Бенгалийн олон олон район мужаар ариун гэгээн нэр алдрын тухай номлолыг идэвхитэйгээр явуулдаг байсан бөгөөд түүний тосгон сууринд номлол үйлдэн очих нь хүмүүст гайхалтай нөлөөллийг үзүүлдэг байлаа. Надийн төвд ажил үйлээ явуулахын тулд тэрээр Шри Годрума-двипад Шри Свананда-сукхада-кунжа нэртэй байшин сууцыг барьжээ. Энэ газарт хари-намын идэвхитэй номлол одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Хорьдугаар зууны эхээр Бхактивинода Тхакур Пурид суурьшихаар шийдэж тэнд далайн эрэг дээр өөрийн байшингаа барьжээ. Олон олон үнэнч бишрэлт сүнснүүд түүний адислалыг хайн эрж эцэст нь түүнийг олж чадсан юм. 1908 онд тэрээр ертөнцийн амьдралаас огоорч Шрила Гауракишора дас Бабажигаас бабажи сахилыг хүртжээ. Хэдий Бхактивинода Тхакур огоорлын амьдралыг сахиж байсан ч түүн рүү нийгмийн бүхий л давхарга хийгээд олон янзын цол гуншин бүхий хүмүүс тасралтгүй ирсээр байсан хийгээд тэрээр тэдэнд өөрийн бурханлаг сургаал болон адислалаа өгөөмрөөр хайрладаг байв. 1910 онд тэрээр зочид гийчдийг хүлээж авахаа больсон агаад энэ цаг мөчөөс эхлэн Бурханы мөнхийн тоглоом наадамд бүрнээ төвлөрөн төгс самадхийн төлөв байдалд орших болжээ. 1914 онд Шри Гададхарын халин одсон өдөр Бхактивинода Тхакур энэ ертөнцийг орхисон бөгөөд бүрнээ цэнгэл жаргалаар дүүрэн Голокийн орноо одсон юм. 1871 оны орчимд Шрила Бхактивинода Харидас Тхакурын самадхид зориулсан дөрвөн мөрт бичиж байжээ. Түүнд өгүлснээр вайшнав нь энэ ертөнцийг орхисныхоо дараагаар ч ертөнц дахинд нөлөөгөө үзүүлдэг тухай юм:

Вайшнав үхдэг хэмээн тайлбарлагч нь гарцаагүй төөрч будилсан нэгэн юм.

Яагаад гэвэл түүний амьдрал авиан дунд үргэлжилмүй

Үхсэнээрээ вайшнав нь амьдрах бөгөөд харин

Амьдран ахуйдаа вайшнав нь ариун гэгээн нэрийг ертөнц дахинаа хайрламуй.

Шрила Бхактивинода: “Тун удахгүй дэлхий нийтэд Хари Бурханы арин нэрийг номлох бодгаль залрах болно” хэмээн зөгнөн хэлсэн байдаг. Энэ нь Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадагийн тухай болох нь нэн тодорхой билээ. Би, түүний бурханлаг бадамлянхуан өлмийд өөрийгөө даатгасан бүхэнд болон ирээдүйд түүний бадамлянхуан өлмийд өөрийгөө даатгах хэн бүхний өмнө доор мэхийн мөргөмүү. Мөн эцэст нь дахин дахин түүний бадамлянхуан өлмийд хүлцэнгүйгээр мөргөн залбирнам. Тэрээр миний энэхүү анхны орчуулгын оролдлогыг Бурхан Кришна хүлээн авах адис ерөөлөө хайрлах болтугай. Мөн тэрээр намайг Вриндаваны зургаан Госвами, Бурхан Чайтанья хийгээд Радхарани нарт үйлчлэн зүтгүүлэх болтугай.

Ачьютананда Свами

1972 оны наймдугаар сарын 20.

Шрила Рупа Госвамийн одсон өдөр

Ачарья-ваишнавын дуунууд номоос орчуулсан: Балабхадра дас

Scroll to Top