Эртээ урьдын цагт нэгэн томоо номын сан галд автаж гэнээ. Харин тэр олон ном бичмэлүүд дотроос ганц гар бичмэл л шаталгүй үлдэж гэнэ. Он удаан жилийг тэрхүү гар бичмэл номын мухлагийн тэртээ буланд хэвтэж өнгөрүүлжээ. Түүнийг тоож анзаардаг нэг ч хүн байсангүй. Нэгэнтээ тэрхүү мухлагийн эзэн өөрчлөгдөж гэнэ.
Шинэ мухлагийн эзэн ганц нэг хуудас цаас, номууд, гар бичмэлүүдийг эмхэлж цэгцэлж эхлэв. Тэгээд мөнөөхь хуучин гар бичмэлийг гаргаж хаяв гэнэ. Тэрхүү гар бичмэл хажуугаар өнгөрч явсан нэгэн тэнүүлчийн гар дээр санамсаргүйгээр ойчжээ. Тэнүүлч эр түүдэг асаах гэж нөгөө гар бичмэлээ гаргаж ирээд юуны өмнө түүн дээр бичсэн зүйлийг сонирхов. Гар бичмэл дээр: “Тэнгисийн эрэг дээрээс халуун чулуу олсон хүн амьдралдаа мөрөөдөж байсан бүхнээ олох болно” хэмээн бичсэн байв гэнэ. Тэнүүлч эр, үүнээс алдаад байх юм юу ч байхгүй болохыг ойлгож, тэнгисийг зүглэв. Тэрээр эрэг дээр таарсан чулуу болгоныг авч үзсэн боловч бүгд л хүйтэн байж. Тэгээд тэрээр тэрхүү чулуу болгоноо тэнгисийн давалгаан руу чулуудах болжээ. Ийм маягаар өдөр хоногууд, сар жилүүд ар араасаа урсан одсоор байлаа…

Гэтэл нэг удаа тэнүүлчийн гарт үнэхээр хав халуун чулуу баригдав гэнэ.. Тэрээр мөнөөхь чулууг газраас авснаа, сурсан зангаараа тэнгисийн давалгаа руу шидэж орхижээ.
Бидний амьдрал яг л энэхүү тэнгисийн эрэгтэй адил ба өдөр бүр бид өөрсдийн азтай хувь тавиланг эрж хайж байдаг. Гэвч эрсэн зүйлтэйгээ тааралддаг ч бид ердөө эрж хайж л сурсан болохоос жинхэнээсээ олж сураагүй учраас эрсэн зүйлийнхээ хажуугаар жишимгүй өнгөрдөг ажгуу.
Бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 27
Users Yesterday : 36
Total Users : 30507
Views Today : 30
Views Yesterday : 44