(Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас)
“Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь олон тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй.Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож байна уу? Гэтэл хүмүүст энэ бүх тав тухыг олголоо ч түгшүүр айдас нь үргэлжилсээр байх ба тэд дотооддоо сүнслэг ханамжийг авах хүртэл энэ байдал нь үргэлжилнэ. Энх тайван, амар амгалангийн нууц энэ. Ядуу зүдүү байдал гэдэг бол мэдлэгийн хомсдол юм. Ерөнхий сайд Чанакья өвсөн урцанд амьдардаг байсан ч чухамхүү тэр л, Чандра Гуптын цаг үед бүх Энэтхэгийг удирдан захирч байсан. Махатма Ганди өөрийн сайн дураар ядуу гэж нэрлэгдэх амьдралын хэв маягийг сонгосон. Гэвч Энэтхэгийн хувь тавилан мөн л түүний гарт байсан. Харин тэр үнэхээрийн ядуу гуйлгачин байсан гэж үү? Тэр өөрийн бурханлаг мэдлэгээр л бардамнаж байсан юм. Бурханлаг мэдлэг л хүнийг жинхэнээсээ баян болгодог бөгөөд харин радио хүлээн авагч эсвэл автомашин биш”. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас |