Ведийн зурхайн ухаан нь орчин үеийн хүмүүсийн хувьд цоо шинэ эрдэм ухаан юм. Гэвч энэ мэдлэг нь гайхамшигтай шинжлэх ухаан бөгөөд түүнийг судлан шинжлэх, амьдрал ахуйдаа хэрэглэвэл нэн үр дүнтэй ба ихээхэн урам итгэлийг өгөх болно. Үнэт чулуудыг бид ердийн амьдралдаа гоёж гангарах, сайндаа сахиус болгон зүүхээс хэтэрдэгүй. Харин 5000 гаруй жилийн өмнө өгүүлэгдсэн анхдагч эртний чулуу судлалын ухаан нь үнэт чулууг зүүхийн арай өөр утга учрыг нээн өгнө. Үнэт чулуудыг хувь тавилангаа сайжруулах, орон гэрээ хамгаалах, таагүй тохиолдлоос сэргийлэх, аз хийморь, эд баялагаа нэмэгдүүлэх гэх мэтэд талисман буюу сахиус болгон зүүж хэрэглэж болдог. Эдгээрээс гадна үнэт эрдэнийн чулуудыг эмчилгээний зурхайн ухаанд эмчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь маш инээдтэй санагдаж болох юм. Ялангуяа орчин үеийн эмнэл зүйн ухааныг баримтлагчдын хувьд. Гэвч бодит байдал баримт нотолгоо хэвээрээ үлддэг. Чулууд нь эмчилдэг бөгөөд тэр ч байтугай орчин үеийн эмнэлгийн эмчилж чадахгүй байгаа өвчнийг ч эмчилдэг. Доор үнэт эрдэнийн чулуудын нөлөөллийн тухай бодит жишээг толилууллаа. Энэхүү түүхүүд нь бодит амьдрал дээр тохиолдсон жишээнүүд юм. Заримдаа хүмүүс орчин үеийн эмч нарын эмчилж оношилж чаддаггүй бие махбодийн болон сэтгэл зүйн өвчнөөр өвддөг. Үүний үндсэн шалтгаан нь хүний аура буюу гэрлэн бие дэхь гаригсын эрчмийн хурц дутагдал эсвэл хэт их байдал буюу тэнцвэр алдагдсанаас болдог. Мэргэжсэн, дурын ведийн зурхайч нь “эрдэнийн чулуугаар хүний аз хийморь, эрүүл мэндийг сэргээх ” аргыг мэддэг ба тухайн хүнд хамгийн сайн нөлөөлөх үнэт эрдэнийн чулууг сонгоход баттай туслаж чадна.
Түүх 1: Хэдэн жилийн өмнө Бомбейн нэртэй бизнесмэн гэнэт маш өндөр температураар халуурдаг хурц чичрэг өвчнөөр өвдөж нилээд олон хоногийн туршид хэвтэрт орсон байна. Хотын аль л шилдэг гэсэн эмч домч нар түүн дээр очиж эмчилгээ, оношилгоог хийсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Тэд барууны болон энэтхэгийн уламжлалт эмчилгээний аргуудыг цөмийг нь л хэрэглэж үзсэн ч түүний эрүүл мэндийн байдал өдрөөс өдөрт дордсоор хагас саажсан байдалд орж орондоо хадаатай мэт болжээ. Эмчилгээний бүхий л оролдлого амжилтгүй болсны дараагаар эцсийн горьдлого болгож нэртэй ведийн зурхайчийг залсан байна. Өвчтөний төөргийн картыг зурсны дараагаар зурхайч тэрээр өөрийн амьдралынхаа Нарны үеийн гол мөчлөгт орсон болохыг олж харав. Мөн тэрээр санамсаргүйгээр түүний баруун гарын хуруунд маш том улаан бадмаараг шигтгээтэй бөгж гялалзахыг олж үзсэн байна. Зурхайч, түүний төөрөг дээрхи Нарны байршил нь экзальтаци буюу энергижих ордонд байрлаж буй ба тухайн мөчид Нарны үндсэн мөчлөг дөнгөж эхэлсэн болохыг хэлээд түүний гартаа зүүсэн бадмаараг нь Нарны эрчмийг хурцаар нэмэгдүүлж буйг мөн тайлбарлав. Нарны халуун, цацармал эрчим нь гартаа зүүсэн өө сэвгүй бадмааргаар дамжин тухайн хүний оргнаизмд нөлөөлж, түүнийг салдаггүй чичрэг өвчнөөр өвдөхөд хүргэсэн байна. Өвчтөн ч тэр даруй бөгжөө авсан бөгөөд ямар нэг эмчилгээ, заслын тусламжгүйгээр тун удалгүй бүрэн эрүүлжжээ.
Түүх 2: Энэтхэгийн Канпур хотноо нэгэн их сургуулийн эрдэмтэн амьдардаг байжээ. Түүний нүүрээр нь маш өвчтэй яр шарх гарч ихээр зовоодог байв. Тэрээр эмчилгээний янз бүрийн арга хэрэглэсэн авч түүний зовлон зүдгүүрийг хэн ч нимгэлж чадсангүй. Хожим нь ведийн зурхайч түүний төөргийг хянуур судалсны эцэст бие организм нь түүний төөргөн дээр таагүй байрласан Ангарагийн сөрөг эрчмээс болж өвдсөнийг тодорхойлов. Ангараг нь гал махбодийг удирддаг ба ялангуяа яр шархтай ихээхэн холбоотой байдаг. Түүнд мөнгөн бөгжинд шигтгэсэн сувдыг зүүж Сарны нөлөөг батжуулахыг санал болгосон байна. Тэр хэдийгээр тийм төрлийн уламжлалт астро-эмчилгээнд дургүй байсан боловч энэ нь түүний сүүлчийн найдвар байсан тул эрдэнийн чулуун эмчилгээг туршаад үзэхээр шийджээ. Мөнгөлсөн сувдыг зүүж сар болсны дараагаар өвчин нь аажмаар намдаж, нүүрэн дээрхи яр шарх нь үгүй болсон бөгөөд эрүүл мэнд нь бүрэн сэргэсэн байдаг.
Түүх 3: Энэтхэгийн нэгэн нөхөрт гарсан эмэгтэй нөхрөө орхин оджээ. Учир нь тэрээр нөхөр нь түүнийг ер хайрлахгүй байгааг мэдэрсэн байна. Эцгийнхээ гэрт буцсаныхаа дараа өөрийн гэр бүийн асуудлыг зөвшилцөхөөр нэртэй нэгэн зурхайч дээр очжээ. Түүний төөргийн картыг зурж, няхуур харсныхаа дараагаар зурхайч түүнд асуудал бэрхшээлийн шалтгаан нь түүний төөргийн картан дээрхи Бархасвадийн сул дорой байршлаас хамаарч буйг тайлбарласан байна. Бархасвадийг эрчимжүүлэх, түүний тааламжит эрчмийг организмд нэвтрүүлэхийн тулд зурхайч түүнд гурван каратаас багагүй жинтэй шар молрыг зүүхийг зөвлөв. Эцэг эх нь ч тэр даруй тэрхүү үнэт чулууг худалдан авч алтан бөгжинд шигтгэн түүнд зүүлгэсэн байна. Энэ бөгжөө зүүж, тэрээр буцаад нөхөр дээрээ очив. Бөгжинд шингэсэн Бархасвадийн тааламжит эрчмийн ачаар тэрээр нөхрийнхөө хайр сэтгэлийг эргэн сэргээж чадсан ба удалгүй түүнд хоёр сайхан хүүхэд төрүүлж өгчээ.
Түүх 4: Гаригс эрхсийн тохирсон чулуу хүнийг цаг бусын үхлээс хамгаалдаг гэж тооцдог.
Энэтхэгийн Уттар Прадеш мужид нэгэн жентльмен амьдардаг байв. Тэрээр өөрийн хувийн зурхайчийн зөвлөгөөг дагаж сайн чанарын маргад чулууг байнга зүүдэг байжээ. Нэг удаа тэрээр Бомбей орох болсон байна. Нисэх онгоцны билет худалдан авч байх үедээ санамсаргүйгээр маргад үл мэдэгхэн цуурсан байхыг олж харжээ. Үүнийг хараад, энэ нь муу зөн совин байж болзошгүй хэмээн бодож тэр даруй нисэх онгоцныхоо билетийг буцаасан байна. Онгоц ч түүнийг орхиод нисэн одов. Харамсалтай нь тэр онгоц сүйрсэн бөгөөд энэ онгоцонд зорчиж байсан бүх хүмүүс нас нөгчсөн байдаг.
Түүх5: Нэгэн шөнийн клубын эзэн эмэгтэй Бангкок дахь үнэт чулуудын Талисманы үзүүлэнгийн залыг сонирхохоор иржээ. Өөрийн төөргөө гаргахыг хүлээж байх зуурт тэрээр шилэн лангуун доторхи том улаан шүр бүхий ангарагийн бугуйвчийг харав. Эмэгтэй бугуйвчийг тэр даруйд авч зүүн, үнийг нь төлөхөөр буцан ирнэ гээд дэлгүүрээс гарчээ. 10 минут ч болоогүй байтал тэрээр бугуйвчийг буцаан авч ирж өгөв. Улаан шүр зүүх нь таалагдаагүй найз залуутайгаа ихээр муудалцсан гэж учир шалтгаанаа тайлбарласан байна. Төөргийг нь зурсны дараагаар түүний төөргийн картан дээрхи Ангараг нь Арслангийн ордонд маш хүчтэй, галан махбодитой төлөвт оршин буй хийгээд энэ нь хайр сэтгэлийн зөрчил дагуулж болохыг илтгэн байрлаж буйг бүгд харжээ. Улаан шүр зүүн Ангарагийн эрчмийг нэмэгдүүлсэн нь тэр даруй маш хүчтэй үр дагаврыг үзүүлсэн болох нь энэ жишээн дээр тодорхой байна.
Бэлтгэсэн:Балабхадра дас