“Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг.
Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа. Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар амгалан, хөгжил цэцэглэлийн уур амьсгал ноёлож байсан юм. Тэнгэрт од эрхсийн тааламжтай хослолууд харагдаж байсан ба газарт, бүхий л хот тосгод, малын бэлчээр, хүмүүний ухаан бодолд аз жаргал дуурьсан ноёлож байлаа. Гол горхи нь эргээ бялхан урсаж, нуур цөөрөмд нь гайхамшигтай үзэмжит бадамлянхуа цэцэг дэлбээлсэн байв. Ойд нь үзэмж төгс шувууд, тогос зэрэг гоёмсог шувууд дүүрэн байхын зэрэгцээ ойн дууч шувууд цөмөөр уран тансаг хоолойгоор дуулан жиргэцгээнэ. Тогосууд өөрийн хосын хамтаар гоёхноор бүжиглэх бөгөөд цэцэгсийн анхилуун үнэрийг тээсэн зөөлөн салхи үлээнэ. Тэр салхины биед хүрэх нь туйлаас тааламжтай санагдаж байлаа. … Гандхарва(тэнгэрийн орны дуучид), Киннара гаригийн оршин суугчид дуугаа дуулцгаах бөгөөд Сиддхалока гаригийн оршин суугчид болон чаран гаригийнхан Бурханы Бодгальд зориулан мөргөл залбирлыг өргөж эхлэв. Диваажингийн гаригууд дээр сахиулсан тэнгэрүүд өөрийн хань ижлүүдтэй апсаруудыг(тэнгэрийн орны бүжигчид) дагуулан бүжиглэж эхлэцгээв. Аугаа мэргэд сахиулсан тэнгэрүүд нь баярлан хөөрцгөөж доош нь газар дэлхий рүү цэцгээр хур оруулав. Далайн тэнгисийн эргээр давалгаа зөөлнөөр хуйлран давалгаалах ба тэнгисийн дээрхи тэнгэрт тааламжтайяа хүнгэнэн дуугарах хурын үүлс хуралдаж эхлэв. Бүх зүйл ийм байдлаар бэлтгэгдэх үед амьд бодгаль бүрийн зүрхэнд орших Бурхан Вишну шөнө дундын харанхуйд Бурханы Дээд Бодгаль дүрээрээ сахиулсан дарь эхүүдийн нэг болох Девакийн өмнө илрэн залрав. Бурхан Вишнугийн төрөлт буюу илрэлийг дорноос мандах тэргэл сартай зүйрлэж болох билээ. … Васудева өөрийн дөрвөн мутартаа дун, шийдэм, галт хүрд, бадамлянхуа цэцэг барьсан эгэл бус хүүг гайхан харав. Түүний биеийг шриватса тэмдэг чимж байсан ба хүзүүнд нь каустубха үнэт чулуу бүхий зүүлт зүүсэн байв. Тэрээр яг л бараан үүл мэт гэрэл цацруулж байлаа. Түүний тэргүүнд нь вайдурья чулуугаар чимэглэсэн дуулга байх агаад дээр нь Тэрээр маш олон тооны бугуйвч, ээмэг, олон олон янзын үнэт чулуудаар гоёсон байлаа. Түүний үс нь үгээр хэлэхийн аргагүй тансаг хээнцэр харагдах ажээ. Жаалхүүгийн энэхүү эгэл бус байдал Васудеваг гүн гүнзгий цочирдуулсан юм. Дөнгөж төрсөн хүүхэд хэрхэн ийм байдлаар гоёж чимж болох билээ? Энэ үед л тэрээр тэднийд Бурхан Кришна мэндэлжээ гэдгийг ухаарч ойлгосон юм…
“МӨНХИЙН ЦЭНГЭЛИЙН ҮНДЭС” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас |