Бурхан Вишну айлдсан нь: “Эрхэм хайрт Лакшми минь ээ, одоо Би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийн яруу алдрын тухай өгүүлье”.
Ганга мөрний эрэг дээр Каси(Бенарас) хотод Вишванатхийн сүмд Бхарата нэрт аугаа мэргэн амьдардаг байжээ. Тэрээр өдөр бүр маш их бишрэл сүсэгтэйгээр “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншдаг байв. Эрт дээр нэгэн цагт тэрээр ариун мөргөлийн газар орноор аялан явахдаа Бурхан Кришнагийн Дүр Шүтээнийг харахаар Таподан хотод хүрчээ. Хотыг дайран гарч яваад тэрээр үр жимс нь сагсайсан хоёр байер модтой таарав. Сүүдэрт нь амарч тухлая гэж шийдээд тэрээр нэг модны үндсийг дэрлэн, нөгөө модны үндэс дээр хөлөө тавин хэвтэв гэнэ.
Бхарата тэдгээр моддыг орхин явсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө модод хатан хувхайрч эхлэжээ. Тав, зургаа хоногийн дараагаар бүр хатан гандаж, эцэс сүүлд нь бүр үхэж гэнэ. Үүний дараагаар энэ хоёр модонд шингэн амьдарч байсан хоёр сүнс дараагийн төрөлдөө нэн их буянт брахманы охид болон төржээ. Нэгэн удаа долоон настай ахуйдаа тэд мөргөл үйлдэхээр Каси(Бенарас) хотын зүгт явж байв. Замдаа тэд мөнөөхь аугаа мэргэн Бхараттай учрах аз тохиожээ. Бхаратыг хармагц тэд түүний өлмийд мөргөн унаж, баяр талархлын үгээ хэлэв: “Ай Махаража Бхарата минь ээ, таны ачаар бид модны биед орших зовлонт ахуйгаас ангижирсан билээ”. Тэдний үгийг сонсоод Бхарата Махаража ихэд гайхав. Тэрээр асуусан нь: “Эрхэм хайрт охид минь ээ, бид хэзээ, хаана учирч, хэрхэн яаж та нарыг аварсан билээ. Чухам яагаад та нар мод болж төрөв? Энэ талаар би юу ч мэдэхгүй шүү дээ”. Үүний дараагаар охид, хэрхэн яагаад мод болон төрсөн тухай түүхээ Бхарата Махаражид ярьж өгчээ.
“Ай Махаража минь ээ, Годавари голын эрэг дээр Чиннапаап нэрт нэгэн ариун газар буй. Тэнд Сачапата нэрт арш амьдардаг байлаа. Тэр олон янзын хүнд бэрх тэвчил хатуужлыг үйлддэг байв. Халуун, дулааны улиралд тэрээр олон түүдэг галын дунд суудаг байсан хийгээд хүйтэн сэрүүн үед нь мөстэй усан дотор зогсдог байв. Цаг мөч өнгөрөхийн хирээр тэр мэргэн бүрэн төгс ариуссан хийгээд өөрийн мэдрэхүйнүүдээ бүрнээ эзэмшин чадаад Дээд Бурханы Бодгаль, Бурхан Кришнагийн бадамлянхуан өлмийд аажмаар хүрчээ. Өдөр бүр түүн дээр Брахма Тэнгэр хүрэлцэн ирж, түүнтэй уулзахын ялдамд, Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэхүйн тухай асуултуудыг тавидаг байв. Чингэвч Сачапатийн энэхүү өндөр байр суурийг хараад Индра Тэнгэр ихэд эмээн болгоомжлов. Учир нь нэгэн цагт тэрээр түүний тэнгэрийн хааны байр суурийг булаан авах вий хэмээн айжээ. Ингээд Индра Тэнгэр биднийг урисан билээ. Тэр үед бид тэнгэрийн хаант улсад апсар буюу тэнгэрийн бүжигчид байлаа. Тэгээд Индра бидэнд: “Сачапати миний байр суурийг булаан авахгүй байх боломжит бүхнийг хий, түүний оршин буй тэр газар тийш даруй явцгаагтун” хэмээн зарлиг буулгасан билээ”.
Индра Тэнгэрийн заавар тушаалыг аваад бид түүнээс салан шууд Сачапатиийн тэвчил наминчлалаа үйлдэн буй Годавари голын эрэгт хүрэв. Тэнд бид дуулан, Сачапатийг ухаан санааг сарниулах, түүний бэлгийн дур хүслийг өдөөхийн тулд түүний тун ойрхонтой бүжиглэлээ. Бүжиглэж байх үест бидний хувцас хунар доош гулсан унаж цээжин биес маань нүцгэрэн ил гарсан билээ. Тэгмэгц мэргэн гартаа ус утган авч: “Эндээс үтэр зайлцгаа. Гангын эрэг дээр мод орших модод болцгоогтун” хэмээн хараасан юм. Түүний хараалыг сонсмогцоо бид түүний өлмийд сөхрөн унаж өршөөл авралыг хүсэн: “Эрхэм мэргэн минь ээ, биднийг өршөөн хайрлаж болгоогооч. Бид бол ердөө зараалаар яваа Индра тэнгэрийн үйлчлэгчид билээ” хэмээн өгүүлэхүйд бидний хүлцэнгүй байдлыг хараад мэргэний байдал зөөлөрч, биднийг Махаража Бхарататай учрах хүртэл мод хэвээр байх болно хэмээсэн билээ. Мөн тэрээр бидэнд өөрсдийн урьдны амьдралаа дурсан санаж байх адислалыг мөн хайрласан юм.
Эрхэм Махаража Бхарата минь ээ, Таподан зүг зочлон явах үедээ бидний оршин байсан модны дор амран ахуйдаа та “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншсан билээ. Энэхүү уншлагыг тань сонсоод бид мод хэмээх бие маходид оршин байх ахуйгаас ангижран чөлөөлөгдсөн төдийгүй Бурханы чин бишрэлтний гэр бүлд төрсөн. Түүнчлэн бид материаллаг ертөнцөд цэнгэн жаргах бүхий л дур сонирхлоосоо эгнэгт ангижирсан юм”.
Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Охид энэ түүхийг Махаража Бхаратад ярьж өгөхөд тэрээр маш ихэд сэтгэл ханан баясаад өөрийн ашрамын зүгт явж одов. Харин тэр хоёр охин хоёул бүхий л амьдралынхаа туршид “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншин байсан хийгээд Миний бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэх өмөг түшгийг олсон билээ”.
“Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийн магтаал
Бурхан Вишну айлдсан нь: “Одоо би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийн суу алдрын талаар ярьж өгье. Анхааралтайгаар сонсогтун”.
Мадра улсад Пуру Кутсапур хэмээх хот бий бөлгөө. Тэнд Пингала хэмээх нэрт нэгэн брахман амьдардаг байв. Хүүхэд ахуйд нь түүнийг Ведийн эрдэм ухаан, элдэв төрлийн брахманы үйл хэрэгт сургажээ. Гэвч энэ бүгд түүний сонирхлыг огт татсангүй. Өсч эрийн цээнд хүрээд тэрээр брахманы үйлээ орхиж харин дуулж, бүжиглэж, хөгжмийн зэмсэг дээр тоглож сурчээ. Аажмаар тэрээр энэ урлагт гаргуун нэгэн болж бүр тэр улсын хаан өөрөө түүнийг ордондоо амьдрахыг урьж гэнэ. Ордонд тэрээр нүгэлт амьдралын гүн рүү улам улмаар живжээ. Хааны нэн ойрын шадар хүрээлэлд багтсан тэрээр их л бардам зантай болов. Ялангуяа түүнд хаантай хоёулхнаа байж түүнд хов зөөж, алтан хошуу өргөх нь юу юунаас таалагддаг байв. Пингалын эхнэр Аруна доод гарлын гэр бүлд төрсөн нэгэн байлаа. Тэрээр шунал тачаал маш ихтэй байсан хийгээд олон ч эртэй цэнгэл эдлэж байжээ. Энэ тухайг нь нөхөр нь мэдсэн тул тэрээр нөхрөө хорлохоор шийдэв гэнэ. Нэгэн удаа шөнө дөл болсон хойно тэрээр нөхрийнхөө толгойг унтаж байхад тасдан хаяад биеийг нь цэцэрлэгт булж орхив. Үхсэнийхээ дараагаар Пингала тамын хамгийн гүнд унаж удаан хугацаагаар зовж тарчилсны дараа дэлт бүргэд шувуу болон төржээ. Аруна эрх дураараа эрчүүдтэй цэнгэл эдлэж байсаар айхтар хөнөөлтэй арьс өнгөний өвчнөөр өвдөж тун ч удалгүй түүний бие үзэшгүй муухай, ой гутам болж гэнэ. Ингэсээр тэрээр удалгүй үхэж мөн л там руу одов. Удаан хугацаанд тэнд зовлон эдэлсний дараагаар нэгэн эм тотины биеийг авч төрөв.
Нэгэн удаа тэрээр идэш хоол хайн явж байтал түүнийг, урьд нь Пингала байсан нөгөөх дэлт бүргэд харчихаж гэнэ. Өөрийн урьдны амьдралаа эргэн санаад, энэ тоть нь түүний эхнэр байсан гэдгийг мэдмэгц түүнийг тэр даруй хурц хошуугаараа тоншин егүүтгэв. Тоть доош унахдаа усаар дүүрсэн хүний гавлын ясан дээр унаад, түүнд живж гэнэ. Гэнэт нэгэн анчин гарч ирээд дэлт бүргэдийг харваж алав. Дэлт бүргэд ч мөн газар унаж толгой нь мөнөөх гавлын ясан дээр цохигдон дотор нь байсан усыг залгиж орхиод үхжээ.
Ингээд дараа нь Йамаражийн элч нар хүрч ирээд тэднийг үхлийн орны зүгт авч одов. Энэ мөчид тэд өөрсдийн урьдны нүгэлт амьдралыг бодон маш ихээр айн түгшиж байлаа.
Тэднийг Йамаражийн өмнө авч ирэхэд тэрээр хэлсэн нь: “Та нар одоо өөрсдийн нүгэл хилэнцээс ангижирсан бөгөөд Вайкунтхийн гаригс тийш одож болно”. Пингала, Аруна хоёр үүнийг сонсоод ихэд гайхан ямар учраас ийм нүгэлт хоёр сүнс Вайкунтхийн гаригт хүрэх эрхийг олж авсныг асуув.
Йамаража хариулсан нь: “Ганга мөрний эрэг дээр Ват нэрт Бурхан Вишнугийн аугаа их чин бишрэлтэн амьдарч байв. Тэрээр шунал тачаал хийгээд сувдаг хомхой сэтгэлээс ангид нэгэн байлаа. Тэрээр өдөр бүр “Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийг уншдаг байсан юм. Тийн нас нөгчөөд тэрээр шууд л Вайкунтхийн гариг тийш зорин одсон билээ. Өдөр бүр “Шримад Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийг давтан уншдаг байсны ачаар түүний бие махбодь туйлын цэвэр ариун болсон ба энэ чин бишрэлтний гавлын ясанд шүргэн хүрэлцсэнээр та хоёр ч Вайкунтхид хүрэх боломжийг оллоо. Үүнд “Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийн яруу алдар орших бөлгөө.
Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Йамаражаас “Бхагавад гита”-гийн гайхам алдрыг сонсоод тэд маш их аз жаргалыг мэдэрч тэднийг Вайкунтхийн зүгт авч одох цэцгэн хөлөг онгоцонд суув.
“Бхагавад гита”-гийн Тавдугаар Бүлгийг сонссон ямар ч хүн тэр ч атугай тэрээр хамгийн их нүгэлтэн байлаа ч Вайкунтхийн гаригт гарцаагүй хүрэх болно”.