Олон тооны үзэл онолоос цагаан хоолны ашиг тусын тухай хамгийн чухал аргумент бол ёс суртахууны үзэл юм. Ийм ёс суртахууны үзлээр цагаан хоолтон бологсод нь, өөр бусад амьд амьтад нь хүнийхтэй адил эмоцитой, мэдрэмжтэй гэдэг нотолгоог үндэс болгодог. Ийм итгэл үнэмшил нь хүнийг өөрийн үйл хэрэгтээ илүү анхаарал болгоомжтой байлгаж, өөр бусад амьд амьтдад зовлон зүдгүүрийг учруулахгүй байхыг хичээдэг.
Эртний нэрт математикч Пифагор: “Ах дүүс минь ээ, өөрийн бие махбодио нүгэлт хоол ундаар бүү бохирдуулаач. Бидэнд улаан буудай байна, бидэнд алим байна. Тэдний хүнд, жинтэйгээс болж алимны мод хүртэл бөхийн унжсан байдаг. Мөн сайхан амтат усан үзэм байна. Мөн гал дээр бэлтгээд идэж болох цэвэр шинэхэн ургамал, хүнсний ногоод байна. Үнэр танар нь анхилан үнэртэх сүү, зөгийн балыг ч хэлэх хэрэгтэй. Дэлхий маань бидэнд цэвэр сайхан хоолыг өргөн барьж, өөрийн эрдэнэсээ харамгүйгээр өргөн барьж, биднийг цусны үнэр үл шингэсэн тансаг сайхан найранд урьж байна. Зөвхөн адгуус амьтас л өөрсдийн өлсгөлөнг мах цусаар хангана. Гэвч тэд бүгд бишээ. Морь, үнээ, хонь гэх мэт амьтас өвсөөр хооллодог шүү дээ” гэжээ.
Римийн түүхч Плутарх “Махан хоолтны тухай өгүүлэх нь” бүтээлдээ: “Яагаад Пифагор махнаас татгалзаа вэ? гэдгийг асуух хэрэгтэй. Миний хувьд бол анх эхлээд цус үнэртсэн маханд амаа хүргэсэн, үхдлийг амталсан хүний ухаан ямар байх талаар асуудал их сонирхол татдаг. Ямар нөхцөл байдал түүнийг махаар чимэглэсэн хоолны ширээний өмнө суулгаж, саяхан мөөрч, янцгааж, амьсгалж хөдөлж байсан хоолыг хоол гэж нэрлэнэ вэ? … Яагаад бид бидний амь насанд заналхийлж байдаг чоно, арслан гээч амьтдыг үл идэж, харин үүний оронд бидэнд ямар ч хор хохирол учруулдаггүй дуулгавартай, хөөрхий амьтдыг хорооно вэ? Учир нь тэдэнд хурц хумс ч, соёо ч байдаггүй. Хэрчим махны төлөө бид, биднийх шиг яг бидэн шиг эрхтэй тэдний амь нас, гэрэл гэгээ, нарыг устган сүйтгэж байна”.
Дараа нь Плутарх, мах идэгч бүгдэд хандан уриалсан байна: “Хэрэв та бүгд адгуус амьтад нь таны хоол хүнсэнд зориулагдсан гэдэгт итгэлтэй байгаа бол та эхлээд махыг нь идэхийг хүсэж байгаа тэр амьтныгаа өөрөө эхлээд хороо. Гэвч та түүнийг өөрийн гараараа болон шүдээрээ л устган хороох ёстой шүү. Харин хутга, бороохой, сүх зэргийг хэрэглэх ёсгүй” гэжээ.
Английн яруу найрагч Шелли, Жорж Бернард Шоу, Лев Толстой, Леоанардо да Винчи, Махатма Ганди гэх мэт алдар нэртэй хүмүүс бүгд ёс суртахуун, өрөвч энэрэнгүй зүрх сэтгэлийн үүднээс цагаан хоол иддэг байжээ.
Леонардо да Винчи: “Яг үнэндээ бол хүн гээч амьтан араатны хаан нь юм. Учир нь тэрээр өөрийн догшин хэрцгийгээрээ бүхнийг хол илүү тэргүүлнэ. Бид бусдын амьдралын үнээр амьдарч байна. Бидний бие махбодь зүгээр л явдаг оршуулгын газар! ” гээд цааш нь тэрээр: “Гэхдээ, амьтныг алахыг одоогийн хүн алахтай адил тэнцүү харах цаг ирнэ” гэж хэлж байжээ.
Махатма Ганди хэлэхдээ: “Улс орны аугаа байдал, түүний ёс суртахууны төлөв байдлыг тэр оронд адгуус амьтадтай хэрхэн харьцаж байгаагаар нь цэгнэж болно” гэсэн байдаг.
“Ведийн хоолны урлаг” номоос орчуулсан: Балабхадра дас