Өвөл болох цагаар
Үхлийн элч нар баярлацгаана
Үхэр, хонь тэргүүтнээр
Тахилын ширээгээ чимцгээнэ
Буудуулахаар туугдсан ялтнууд шиг
Бөөвийсөн хэдэн амьтнууд
Муулуулахаар нядлах газраад
Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө
Дайн болж байгаа шиг
Даанч их цус
Цаана нь үлдэх үрс
Цангинаж мөөрөөд хоцроно
Зажлахын төлөө хийх
Дайсангүй хар дайн
Замбуулинд адил тавилантай ч
Амьтдын ялагдлаар дуусна
Хонгор гэнэхэн амьтдыг
Ходоодондоо оршуулахын тулд
Хожим нь хийсэн нүглээ
Буцааж төлөхийн тулд
Тоо, шунал хоёр
Толгойд нь ноцолдох хүмүүс
Тонгорог, хутга тэргүүтнийг
Тоймгүй сайнаар хурцлана
Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг
Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг
Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг
Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг
Балабхадра дас