Майк Робинсон(Лондонгийн радиогийн сурвалжлагч): .. Тэгэхээр ямар нэг шашныг шүтэх ёстой гэж үү? Хүн заавал Кришнагийн бишрэлтэн болох ёстой юу?
Шрила Прабхупада: Хэргийн учир шашинд биш. Энэ бол шинжлэх ухаанч зүйл. Та сүнсний мөн чанартай амьд бодгаль. Гэвч материаллаг болзолт байдлаас болж материаллаг байгалийн хуулиудын нөлөөнд автсан. Ийм учраас та христийн шашинд, би индуизмд итгэж болох ч энэ нь та өтлөж хөгшрөөд би өтлөж хөгшрөхгүй гэсэн үг биш. Бид өтлөж хөгшрөхүйн ухааны талаар ярьж байна. Энэ бол байгалийн хууль. Та христ шүтлэгтэн болохоор өтлөнө, харин намайг индуизм шүтлэгтэн болохоор өтлөхгүй гэж бодох хэрэггүй. Бүгд л өтлөж хөгширнө. Үүн шиг байгалийн хууль хэн ямар шашныг шүтэж байгаагаас үл хамаарч бүгдэд нь адилхан үйлчилдгээрээ үйлчилсээр байх болно.
Майк Робинсон: Тэгэхээр та, бид бүгдийг удирдан залж байдаг зөвхөн нэг л Бурхан байдаг гэж батлан хэлэхийг хүсээд байна уу?
Шрила Прабхупада: Ганц л Бурхан бий ба ганцхан л байгалийн хууль бий. Бид бүгд энэхүү байгалийн хуулийн нөлөөн дор оршдог. Биднийг Бүхний Дээд удирдан залж байдаг. Ийм ч учраас бид өөрсдийгөө эрх чөлөөтэй, юу санаснаа л хийж чадна гэж бодвол эндүүрэл бөгөөд бидний тэнэглэлийн илрэл юм.
Майк Робинсон: Таны гол санаа тавих зүйл бол тэдэнд, амьдралын сүнслэг хэмжээс оршин байдаг тухай ярих явдал юмаа даа?
Шрила Прабхупада: Бидний гол санаа тавих зүйл бол та бүхэнд, та бол энэ биемахбодь биш, бие махбодь бол таны зөвхөн бүрхүүл, өмсгөл(цамц, пальто шиг) юм шүү гэдгийг хэлэх явдал. Харин та өөрөө тэр биеийн дотор амьдарч буй.
Майк Робинсон: Тиймээ, одоо л би ойлгож эхлэж байх шиг байна. Таны ярьж байсан тэр сэдвээс яриагаа үргэлжлүүлье л дээ. Та одоогийн бидний амьдралын хэлбэр маяг нас нөгчисний дараах бидний амьдралыг тодорхойлдог ба байгалийн хууль бидний дараагийн амьдралыг тодорхойлж өгдөг гэж ярьж байсан. Тэгэхээр сүнс хэрхэн шилждэг байж таарах вэ?
Шрила Прабхупада: Энэ бол маш нарийн үйл явц. Бурханлаг сүнс нь бидний материаллаг нүдэнд үл харагдам. Тэрээр атомын хэмжээтэй жаахан. Мэдрэхүй, цус, яс, мах, өөх тос гэх мэтээс тогтох бүдүүлэг бие махбодь устан үгүй болсны дараа ухаан, оюун ухаан, хуурмаг би – гээс тогтох нарийн бие үргэлжлүүлэн үйл хөдлөлөө хийсээр байдаг. Үхэх мөчид энэхүү нарийн бие нь мөнөөх өчүүхэн жаахан сүнсний очийг өөр нэгэн бүдүүлэг бие махбодь руу хөтлөн оруулдаг. Энэ процесс нь яг л агаар үнэрийг зөөдөгтэй адилхан. Сарнайн үнэр хэрхэн дамжиж байгааг хэн ч харж чадахгүй боловч түүнийг агаар дамжуулж байгаа гэдгийг бид мэднэ. Үүний хэрхэн явагдаж байгааг нь бид харж чаддаггүй ч энэ процесс явагдаж л байдаг. Сүнс шилжих процесс нь яг үүн шиг маш нарийн. Үхэх үеийн ухааны төлвөөс хамаарч өчүүхэн жаахан сүнсний оч нь эцгийн үртэй хамт эхийн хэвлийд орж, дараа нь ээжийнх нь түүнд хайрлах тодорхой нэг төрлийн биед сууж, бие нь өсч томордог. Энэ нь хүн эсвэл муур, нохой эсвэл өөр юуны ч бие байх боломжтой.
А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада
“Өөрийгөө ухаарахуй эрдэм ухаан” номоос
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас