Судаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь, гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана.
ЛАКШМИ-МАНТРА
Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе намах
Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг, чихэрлэг буяны гунын хоол хүнсээр тайлна. Бүх вратын туршид цагаан хоолны дэглэмийг хатуу баримтлах ёстой. Эс тэгвээс врата үр дүнгүй болно. Мөн Лакшми охин тэнгэрийн хажууд Шри Нарайана Бурханы хөргийг залж байрлуулах нь их сайн нөлөөтэй. Нарайаны гэргий Шри Лакшми нь Түүний дэргэдээс хэзээ ч холддоггүй.
Судаша вратын эхлэх өдөр өглөө эртлэн босоод гэр орноо цэвэрлэн, шүдээ сайтар угааж, угаал үйлдсэнээр врата эхлэнэ. Лакшми ба Шри Ганешийн тэмдгийг орох үүдэндээ зур. Долоон ширхэг свастик буюу хас тэмдгийг мөнгөө хадгалдаг сейф эсвэл мөнгө хадгалдаг газартаа зурах хэрэгтэй. (Свастикагууд нь хурц шулуун байх ёстой ба Гитлерийнх шиг мохоо байх ёсгүй. Тэдгээрийг зөв зурах тал дээр их анхаар. Шугам нь маш тэгш байх ёстой ба хөндлөн, босоо шугамууд мөн тэгш байх ёстой. Мөн хас тэмдгийн өнцгүүд цагийн зүүний дагуу нугарсан байх нь чухал).
Зарим хүмүүс бөс даавуун дээр түүнийгээ зураад энэ даавуугаа түрийвчиндээ хийдэг. Ерөнхийдөө синдур буюу улаан өнгийн нунтгаар зурдаг боловч энэ нь олдохгүй бол энгийн шохой зэргийг ашиглаж болно. Шүтээн эсвэл Лакшмийн зураг хөргийг зүүн зүгтээ байрлуулаад вратын туршид өдөр бүр тэрхүү зургийн өмнө шар тосоор хийсэн зул өргөх хэрэгтэй ба түүний хажууд мөнгөн зоосны зураг эсвэл өөр ямар нэг зүйлийг байрлуулах хэрэгтэй. Учир нь Лакшми нь эд баялаг, хөгжил цэцэглэлтийг бэлэгддэг.
- Гартаа цэцэг бариад(шар өнгийн цэцэг байвал бүр сайн) түүнийгээ өргөл болгож буй мэтээр барин, мөргөл залбирлаа унших хэрэгтэй. Дараа нь хэрэв та чадах бол панчапара пужа хий.
- Залбирлыг хамгийн багадаа 108 удаа унших ёстой. Үүний тулд Лакшми охин тэнгэрийн ивээл дор байдаг бадамлянхуа цэцгийн үрээр хийсэн эрхийг ашиглах нь их тохиромжтой.
Зарим үгийн тайлбар:
Свастика- Хөгжин цэцэглэхийн бэлэгдэл хас тэмдэг
Панчапара –пужа – Тусгай зан үйл
Врата-Хатуу ам тангараг
Орчуулсан: Балабхадра дас