Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө эртийн нэгэн цагт газар дэлхийг живэхээс аврахаар бодон гахайн трансценденталь дүрээр илэрч тодорсон Бурхан Вишнугийн таалалд нийцүүлэхээр залбиран гуйж эхэллээ. Ведийн мантра-нуудын дунд Пуруша-сукта гэж нэрлэгддэг нэгэн онцгой мантра байдаг. Ер нь энгүүндээ бол сахиулсан тэнгэрүүд Бурханы Дээд Бодьгал Вишнуд энэхүү мантра-г уншин бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг. Үүнтэй холбогдуулан гариг бүр дээрх түүнийг захиран байдаг сахиулсан тэнгэр нь тухайн гариг дээр тайван бус байдал газар авах үед энэ орчлонгийн дээд захирагч Брахма тэнгэрт хандаж болдог гэж ойлгох хэрэгтэй. Харин Брахма тэнгэр өөрөө Бүхний Дээд Бурхан Вишнуд ханддаг, гэхдээ шууд бус байдлаар, сүүн далайн эрэг дээрээс залбиран гуйж дуудаж. Энэ орчлонд Шветадвипа гэж нэрлэгддэг нэгэн гариг байдаг бөгөөд түүн дээр сүүн далай оршдог. Манай гариг дээр давстай усан далай байдагтай төстэйгөөр бусад гаригууд дээр янз бүрийн төрлийн далайнууд байдаг гэж ведийн бичээсүүдэд өгүүлдэг. Жишээ нь, нэгэн дээр нь сүүн далай байхад өөр нэгэн дээр нь тосон далай, өөр хаа нэгтээ бас нэгэн дээр нь архин далай гэх мэт болон өөр бусад далайнууд байдаг. Тэгэхлээр Бурханы Дээд Бодьгал Кширодакашайи Вишнугийн таалалд нийцэж өршөөл нигүүлслийг нь хүртэхийн тулд сахиулсан тэнгэрүүд ер нь бол Пуруша-сукта залбиралыг уншдаг байна. Тэрээр сүүн далайн мандал дээр залран хажуулж байдаг болохоор Түүнийг Кширодакашайи Вишну гэж нэрлэдэг. Тэр бол Бурханы Дээд Бодьгал бөгөөд энэ орчлон дахь бүхий л хувилгаан дүрүүдийн эх булаг юм. Тэгээд сахиулсан тэнгэрүүд бүгдээрээ Пуруша-сукта залбиралыг уншсан, гэвч тэд ямар ч хариу соёрхол хүртсэнгүй. Тиймээс Брахма тэнгэр өөрөө бясалгалд автан умбасан бөгөөд ингэснээр тэр Вишну Бурханы айлдвар илгээлтийг хүлээн авсан. Дараа нь тэр түүнийг бусад сахиулсан тэнгэрүүдэд дамжуулав. Энэ бол ведийн мэдлэгийг хүртдэг систем. Бурханы Дээд Бодьгал ведийн мэдлэгийг эхлээд Брахмад зүрхээр нь дамжуулан нээн хүртээсэн. Энэ талаар Шримад Бхагаватамын эхэнд дурьдсан байдаг: тене брахма хрида- ведийн трансценденталь мэдлэгийг Брахма зүрхээрээ хүртсэн. Мөн энэ тохиолдолд ч гэсэн, Бурхан Вишнугийн илгээсэн айлдварыг зөвхөн Брахма л ойлгож хүртэж чадсан, тэгээд дараа нь сахиулсан тэнгэрүүдийг тэр айлдварын дагуу үйл ажиллагаанд нь даруйхан оруулахын тулд түүнийг тэдэнд дамжуулсан. Бурханы айлдвар илгээлт нь дараахь зүйлийг агуулж байлаа: Бурханы Дээд Бодьгал Өөрийн дээд хүчирхэг эрчмийн хамтаар газар дэлхий дээр нэн даруйхан морилон бууж ирэх бөгөөд демонуудыг хөнөөн дарах хийгээд чин бишрэлтэнгүүдээ авран хамгаалах үүргээ биелүүлэхээр уг гариг дээр залран байх үед нь сахиулсан тэнгэрүүд Өөрт нь туслахаар мөн тэнд байх ёстой. Бурханы тун удахгүй зохих цаг хугацаанд төрөх Йаду удмынхны дунд тэд мөн төрөхөөр одооноос шууд бэлтгэж эхлэх ёстой. Бурханы Дээд Бодьгал Шри Кришна Өөрөө Васудевагийн хүү болон морилон бууж ирсэн билээ, харин үүний өмнө нь Бурханыг миссээ буюу үүрэг зорилгоо биелүүлэхэд нь дэмжиж туслахаар бүхий л сахиулсан тэнгэрүүд эхнэрүүдийн хамтаар газар дэлхий дээр ач буянтай янз бүрийн гэр бүлүүдийн удам угсаанд төрөхөөр бууж ирцгээсэн. Энд хэрэглэгдэж байгаа тат-прийартхам гэдэг үг нь сахиулсан тэнгэрүүд Бурханыг цэнгүүлэхээр газар дэлхий дээр бууж ирцгээх ёстой гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, амьдралаа зөвхөн Бурханыг цэнгүүлж баясгахын төлөөнөө л зориулж байгаа амьд оршнол бол сахиулсан тэнгэр юм. Түүнээс гадна, Кришнагийн бүрэн хувилгаан дүр—сая сая толгой тэргүүнүүдээ сунган дэлгэж орчлонгийн бүхий л гаригуудыг тогтоон барьж байдаг Ананта Бурхан Кришнаг морилон залрахаас өмнө мөн л морилон залрана гэдгийг сахиулсан тэнгэрүүдэд айлдсан байв. Мөн бүхий л болзолт сүнснүүдийг илбэдэгч майа буюу Бурханы гадаад эрчим нь Бүхний Дээд Бурхан Кришнагийн таалал хүслийг биелүүлэхээр газар дэлхий дээр илэрч тодрох болно гэдгийг мэдэгдсэн байв. Бурхан Вишнугийн энэхүү айлдвар илгээлтийг бүх сахиулсан тэнгэрүүд болон Бхуми-д дамжуулсан хийгээд тэднийг таатай ялдам үгсээрээ тайтгаруулсаныхаа дараагаар орчлонгийн бүх хүн амын дээд өвөг болох бүхий л праджапати нарын эцэг Брахма тэнгэр өөрийн залран суудаг орон дээдийн дээд материаллаг гариг— Брахмалока тийшээ буцан одлоо. Йаду удмынхны тэргүүн Шурасена хаан Матхура орныг (Матхура дүүргийг), мөн Шурасена гэсэн нэрээр алдаршсан нутгийг захирдаг байв. Шурасена хаан Матхурад засаг төрийнхөө хэргийг захиран явуулдаг байсан учраас энэ хот бүхий л Йаду удмын хаадын нийслэл болсон. Мөн энэ удмынхан маш их ач тустай, буянтайгаараа ялгардаг байсан хийгээд тэд Шри Кришна Дварака-д мөнхөд залран байдаг шигээ Матхура-д мөнхөд залран байдаг гэдгийг мэддэг байсан учраас энэхүү хот Матхура нь Йаду удмынхны нийслэл болсон. Шурасенагийн хүү Васудева Девакитай гэрлэлээ. Хурим найрын ёслол өндөрлөмөгц Васудева залуу эхнэрийн хамтаар гэртээ харихаар сүйх тэргэндээ суулаа. Девакигийн эцэг Девака охиндоо маш их хайртай байсан бөгөөд түүнд ихээхэн хэмжээний инж өгч мордуулсан. Түүний инжинд тухайлбал, алтан чимэглэл бүхий хэдэн зуун сүйх тэрэг орсон байв. Уграсенагийн хүү Камса охин дүү Девакигаа баярлуулах гэж Васудевагийн тэрэгний жолоог өөрөө авч залан гэрлэсэн хосыг гэрт нь хүргэж өгөхөөр замдаа гарав. Ведийн уламжлалаар бол бүсгүйг нөхөрт гарах үед нь ах нь охин дүүгээ болон хүргэнээ гэрт нь хүргэж өгдөг заншилтай. Шинэхэн гэрлэсэн охин төрсөн эцгийн гэр орноо орхин явахдаа бүү гуниглаасай гэж ах нь түүнийг хадам эцгийн нь гэрт хүргэж өгдөг. Девакагийн охиндоо өгсөн инжинд алтан гирляндаар чимэглэсэн дөрвөн зуун заан, тансаг гоёл чимэглэл бүхий арван таван мянган морьд болон нэг мянга найман зуун сүйх тэрэг орсон байлаа. Түүнээс гадна, охиныг нь дагалдан очих ёстой үзэсгэлэн гоо хоёр зуун охидыг тэр шилж сонгосон байв. Энэтхэгт одоог хүртэл уламжлагдан мөрдөгддөг дүрэм журмаар бол кшатрийа хүн гэрлэхэд эхнэр нь болж байгаа бүсгүйгээс нь гадна түүний найз нар болох хэдэн арван охид хааны гэрт хамт шилжин очдог. Хатныг дагалдагч эдгээр охидыг хэдийгээр албат үйлчлэгчид гэж нэрлэдэг ч үнэн хэрэгтээ тэд бол түүний найз нар юм. Энэ тогтолцоо буюу журмыг өнө эртний цагаас хэрэглэж заншсан бөгөөд наад зах нь 5000 жилийн өмнө Шри Кришнаг морилон залрахын өмнөх цаг үе хүртэл уламжлалтай. Иймд Васудева эхнэрийн хамтаар мөн үзэсгэлэн гоо хоёр зуун охидыг гэртээ авчиржээ. Баярт үйл явдлыг нь хөгжөөн сүйх тэргэндээ суугаад явж байгаа хосод зориулан хөгжмийн янз бүрийн зэмсгээр тоглолт хийж байв. Дун, бүрээ, бөмбөр болон их бөмбөрийн дуу сонсогдож байсан бөгөөд тэд бүгдээрээ нэгдэн нийлээд таатай сайхан ая эгшгийг гаргаж байлаа. Хурим найранд оролцогсод баяр хөөр дүүрэн байв. Ингээд Камса сүйх тэргийг залан, тэнгэрээс гэнэт нэгэн нууцлагдмал дуу хоолой өөрт нь хандан: “Камса! Чи бол жинхэнэ тэнэг хүн байна. Чи охин дүү болон хүргэнийхээ сүйх тэргийг тэдний найм дахь хүүхэд нь чамайг хөнөөнө гэдгийг мэдэхгүйгээр жолоодон явж байна.” гэж хэлэх хүртэл нь хөгжилтэй хийгээд эвтэй найрсагаар явж байлаа. Камса Бходжа удмын Уграсенагийн хүү. Түүнийг Бходжа удмын бүх хаадын дундаас демоны шинжийг хамгийн ихээр агуулсан нь гэдэг. Тэнгэрээс зөгнөж хэлэхийг сонсмогцоо л тэр шууд л Девакийг үсдэж аваад цавчин алахаар илдээ суга татан гаргалаа. Камсагийн үйлдлийг хараад Васудева хирдхийн цочсон боловч харгис хэрцгий, ичгүүр сонжуургүй хадмаа зөөлрүүлэхийн тулд үнэмшилтэй хийгээд бодлоготойгоор: “Эрхэм хадам Камса минь ээ, та бол Бходжа удмынхны хамгийн алдартай хаан билээ. Таныг эрэлхэг зоригтой дайчин хийгээд аугаа хаан гэдгийг хэн бүхэн мэднэ. Өөртэйгөө төрсөн дүүгийн холбоотой эмэгтэйг, тэр тусмаа хуримын нь өдөр хөнөөхөд ч бэлнээр ингэж их уурлаж яаж чадаж байнаа? Үхэхээс та юунд нь ингэж их айгаа вэ? Таныг төрөхтэй хамт үхэл чинь мөн хамт төрсөн. Та төрсөн тэр өдрөөсөө л үхэж эхэлсэн шүү дээ. Та одоо хорин таван настай байх. Энэ чинь та хэдийнээ хорин таван жилийн туршид үхэж байгаа гэсэн үг. Минут тутамд, секунд тутамд та үхэж байгаа. Тэгэхлээр, үхлээс юунд нь ингэж их айгаад байгаа юм бэ? Эцсийн эцэст, үхэл бол зайлшгүй зүйл. Та өнөөдөр эсвэл зуун жилийн дараа ч үхэж мэднэ. Гэхдээ л үхлээс тойрч мултарч чадахгүй. Түүнээс айхын хэрэг байна уу? Үнэндээ бол энэхүү бие махбодийн мөхөл устлыг л үхэл гэдэг. Таны одоогийн энэ бие махбодь үйл хөдлөл хийхээ болин зогсож материаллаг мөн чанарын таван махбодьтой холилдон нийлмэгц энэхүү бие махбодийн доторх амьд оршнол өөр бие махбодийг авдаг. Авч байгаа тэрхүү шинэ бие махбодийн хэлбэр нь хүний эдүгээгийн амьдралдаа үйлдсэн хийгээд тэдгээрээс шалтгаалан гарах үр дагавруудаас хамаардаг. Үүнийг нэг хөлөө урагш нь зөөж тавингаа хөл нь бат бөх газар гишгэсэн байна гэдэгт итгэлтэй болсон үедээ нөгөө хөлөө өргөн байгаа хүнтэй зүйрлүүлж болохуйц. Сүнс үүнтэй адил төстэй байдлаар нэг бие махбодиос нөгөөд шилжин ордог. Эсвэл нэг мөчрөөс нөгөө мөчир тийш болгоомжтойгоор мөлхөн гарч байгаа төөлүүр хорхойг хар л даа. Амьд оршнол яг ингэж л дараагийн удаад авах бие махбодийн нь тухай асуудлыг дээд хүчний зүгээс шийдвэрлэсэн зөвхөн тэр цагт л бие махбодио сольдог. Амьд оршнол материаллаг ертөнцөд болзолдож нөхцөлдсөн байдалд оршин байгаа цагт материаллаг бие махбодийг дахин дахин аван төрөх ёстой болдог. Түүний авах дараагийн бие махбодь нь түүний энэ амьдралдаа үйлдсэн үйлүүд хийгээд тэдгээрийн үр дагавруудад таарч нийцэн байгалийн хуулиудын дагуу олгогддог. Бидний одоогийн бие махбодь бол бидний зүүдэндээ авдаг бие махбодьтой төстэй юм. Унтаж байх үедээ зүүдэндээ бид ухаандаа янз бүрийн бие махбодиудыг бүтээж бий болгодог. Урд өмнө нь үзэж харсан, жишээ нь алт, уул нурууд гэх мэт олон зүйлийн зураг дүрсүүд бидний дурсамжинд хадгалагдан үлдсэн байдаг болохоор зүүдэндээ эдгээр хоёр зураг дүрсүүдийг нийлүүлэн алтан уулыг бүтээж бий болгодог. Заримдаа бид тэнгэрт нисэж байна гэж зүүдэлдэг. Энэ үедээ бид өөрсдийн жинхэнэ бие махбодийнхоо талаар бүрмөсөн мартдаг. Бид материаллаг бие махбодиудаа яг л ингэж сольдог. Бид шинэ бие махбодь авахаараа хуучин бие махбодийнхоо тухай мартдаг. Зүүдэндээ бид янз бүрийн хэлбэрийн бие махбодиудыг бүтээж тэдэнтэйгээ холбогддог боловч сэрэнгүүтээ л тэдгээрийг бүгдийг нь мартчихдаг. Үнэндээ бол материаллаг бие махбодиуд нь бидний ухааны л бүтээл болохоос өөр юу ч биш юм. Гэхдээ одоо бол бид урьд өмнөх бие махбодиудынхаа талаар санадаггүй. Бидний ухаан маш тогтворгүй мөн чанартай. Заримдаа тэр ямар нэгэн зүйлийг хүлээж авсанаа хэсэгхэн хугацааны дараагаар түүнийгээ хэрэгсэхээ больдог. Мэдрэхүйн таашаал ханамжийн таван объект буюу өөрөөр хэлбэл хэлбэр, амт, үнэр, дуу чимээ болон хүртэхүйн объекттой холбогдсон ухаан үргэлж л ямар нэгэн зүйлийг нэг бол хүлээн зөвшөөрч эсвэл үл хэрэгсэн голж байдаг. Ухаан ийм байдлаар мэдрэхүйн таашаал ханамжийн объектуудтай харилцан холбоонд ордог бөгөөд амьд оршнол ямар нэгэн тодорхой хэлбэрийн бие махбодийг авахыг хүсэх аваас түүнийгээ дараа нь авдаг. Тэгэхлээр, бие махбодь бол материаллаг мөн чанарын хуулийн дагуу олгогддог бэлэг юм. Амьд оршнол нь материаллаг бие махбодийг авдаг ба энэхүү бие махбодийнхоо хэлбэрээс хамаарсан таашаал ханамж эдлэх эсвэл зовж шаналахаар материаллаг ертөнцөд дахин төрдөг хэрэг. Ямар нэгэн тодорхой хэлбэрийн бие махбодьгүй л бол бид өмнөх амьдралаасаа өвлөн авсан ухааны дур хүсэл хандлагадаа таарч тохирсон байдлаар таашаал ханамж ч эдэлж чадахгүй, зовж шаналж ч чадахгүй. Авч байгаа бие махбодийн маань хэлбэр нь үхэх цаг үе дэх бидний ухааны төлөв байдлаас хамаардаг. Нар, сар, одод зэрэг гэрэлтэгч гаригууд нь гхи буюу шар тосон эсвэл усан далайнуудад тусдаг. Тусгал дүр зураг нь шингэний хөдөлгөөнөөс хамааран мөн хөдөлдөг. Сарны дүрс туссан ус хөдлөх үед сар мөн хөдөлж байгаа юм шиг санагддаг, гэвч үнэн хэрэгтээ бол хөдөлгөөнгүй байгаа билээ. Үүнтэй төстэй байдлаар амьд оршнол нь ухааныхаа үйл ажиллагааны улмаас бие махбодийн янз бүрийн хэлбэрүүдийг авдаг. Гэхдээ үнэндээ бол тэрээр тэдгээр авч байгаа бие махбодиудтай ямар ч холбоо хамааралгүй. Гэвч майа-д илбэдэгдэн хий хуурмаг байдлын нөлөөн доор оршин байгаа амьд оршнол нь өөрийгөө тэрхүү тодорхой хэлбэр бүхий бие махбодьтой холбоотой гэж боддог. Сүнс ийм л байдлаар болзолт оршихуйд баригдан үлддэг. Амьд оршнол, жишээлбэл хүний бие махбодид оршин байх үедээ тэрээр хүний нийгэмд хамаарагддаг, тодорхой нэгэн улс оронд харьяалагддаг, эсвэл тодорхой нэгэн газар нутагтай холбоотой гэж боддог. Тэрээр өөрийгөө энэ бүгдтэй ийнхүү адилтган үздэг бөгөөд ингэснээрээ өөрт нь угтаа бол огтхон ч хэрэггүй дараагийн бие махбодийг авахаар бэлтгэдэг хэрэг. Иймэрхүү дур хүслүүд хийгээд ойлголт төсөөлөлүүд нь янз бүрийн бие махбодийг авахын учир шалтгаан болдог. Гэвч материаллаг мөн чанарын хий хуурмаг нөлөөлөл нь амьд оршнолыг авч байгаа ямар ч бие махбодьдоо ханамжтай хийгээд өөрийгөө түүнтэй машид дуртайгаар адилтган үздэг байхаар тийм хүчтэй билээ. Иймээс би таныг ухаан хийгээд бие махбодийнхоо тулгалт тушаалд дийлдэн автахгүй байхыг гуйж байна!” Ийнхүү Васудева шинэхэн гэрлэсэн охин дүүдээ атаат зан авио бүү гаргаач, түүнийг бүү үзэн ядаач хэмээн Камсагаас гуйж байна. Хүн бусдад атаат зан авир гаргах ёсгүй. Атаат зан бол, хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа Йамараджагийн (үхлийн дараа шийтгэл оноодог сахиулсан тэнгэр, эрлэгийн хаан) өмнө очин шүүгдэх үедээ ч тэр аймшигтай айдас хүйдсийг эдэлж туулахын учир шалтгаан болдог. Васудева Девакигийн нэрийн өмнөөс Камсад хандан, тэр бол түүний охин дүү хийгээд мөн энэ бүхэн түүний хуримын өдөр— онцгой баяр хөөр аз жаргалтай өдөр нь болж байна гэдгийг сануулсан. Дүү нараа өөрийн төрсөн хүүхдүүд лугаа анхааран санаа тавьдаг байх ёстой. “Түүнээс гадна ийм үйл үйлдэх нь маш аюултай.” хэмээн Васудева хадам ахдаа анхааруулахын зэрэгцээ “Хэрвээ та түүнийг хөнөөх аваас эрхэм дээд нэр төрөө гутаан алдах болно.” гэж хэлсэн. Васудева Камсаг сургаал номлолын үгээр ч, мөн философийн учир баримтаар ч нотлон тайвшруулахыг оролдож байсан ч Камса демонуудтай нөхөрлөдөг учраас түүнийг зөөлрүүлж чадахгүй байлаа. Тэр маш дээд байр суурьтай хааны гэр бүлд төрсөн хэдий ч демонуудтай нөхөрлөдөг учраас ямагт демоны шинжтэй хэвээр байв. Демонууд сайн зөвлөгөөг огтхон ч сонсдоггүй. Тэрээр ёс суртахууны сургаал зааврыг хичнээн ч ярьж хэлж өгч байсан ямар ч ач тус болдоггүй засаршгүй хулгайчтай төстэй юм. Яг л үүн шиг, демоны эсвэл атейст мөн чанартай хүн сайн сургаал номлолыг, ямар ч эх сурвалж үндэслэл нотолгоотой байсан ялгаагүй ойлгож хүлээн авна гэж үү? Сахиулсан тэнгэрүүд болон демонуудын ялгаа үүнд оршдог. Ач тустай сайн сургаал номлолыг дуртайяа хүлээн аван түүний дагуу амьдрал үйлээ зохион явуулахаар чармайн байгаа хүнийг тэнгэрлэг хүн буюу сахиулсан тэнгэр гэж нэрлэдэг. Харин ийм сургаал зааврыг даган баримтлах чадваргүй хүн бол демон юм. Камсаг тайвшруулах гэсэн оролдлого чармайлт нь бүтэлгүй болсоны дараагаар Васудева эхнэр Девакигаа яаж хамгаалах талаар өөрөөсөө асууж байлаа. Ямар нэгэн аюул шууд нүүрлэж тулгараад байгаа үед оюунлаг хүн тэрхүү аюулаас аль болохоор зайлсхийж мултран гарахыг чармайх ёстой. Бүхий л оюунлаг хичээл чармайлтаа дайчлаад ч аюултай нөхцөл байдлаас гарч чадахгүй байх аваас үүнд түүний буруу гэж байхгүй. Өөрт оноогдсон үүргээ биелүүлэхийн төлөөнөө хүн боломжтой бүхнээ хийх ёстой, гэхдээ түүний оролдлого чармайлтууд бүтэмжтэй болж чадахгүй байх аваас энэ нь түүний буруу биш. Васудева эхнэрийнхээ тухайд ингэж бодсон: “Ямар ч л гэсэн эхлээд Девакигийн амийг л аврах нь нэн чухал. Харин хожим хүүхдүүд төрөх аваас тэднийг яаж аврахаа сүүлд бодъё.” Тэр мөн цааш нь: “Дээд хүчний таалал, хүчийг ойлгож ухаарахын аргагүй байдаг болохоор ирээдүйд бидний дундаас Камсагийн бодож байгаачлан түүнийг хөнөөх хүүхэд гарах аваас тэр цагт Деваки ч тэр, мөн хүүхэд ч тэр аврагдах болно. Харин одоо бол Девакигийн амийг л яаж ийж байгаад аврах хэрэгтэй.” гэж бодож байлаа. Ойн түймрийн дүрэлзэн асаж байгаа галын дөл дараагийн удаад аль модыг бүрхэн ноцож яаж шатаахыг хэлэх аргагүй байдаг шиг амьд оршнол тодорхой нэгэн бие махбодьтой ямархуу байдлаар харьцаанд орж холбогддогийг яг таг тодорхой хэлэх аргагүй. Түймэр гарах үед заримдаа галын дөл салхинд хөөгдөн нэг модыг алгасан өнгөрч дараагийн модыг ноцож авах нь ажиглагддаг. Үүнтэй адилаар хүн өөрт оноогдсон үүргээ маш нягт нямбай, сүжиг бишрэлтэйгээр биелүүлж байж болох ч дараагийн амьдралдаа ямар хэлбэрийн бие махбодийг авахаа мэдэх нь түүний хувьд маш хүнд бэрх байдаг. Махараджа Бхарата өөрийгөө бүрэн нээж танин мэдэхүйд хүрэхэд зориулагдсан үүргээ үнэнчээр биелүүлж байсан ч янзаганд түр зуурхан төдий хугацаанд татагдсаны улмаас дараагийн амьдралдаа бугын бие махбодийг аван төрөх ёстой болсон билээ. Эхнэрийнхээ амийг хэрхэн аврах талаар бодож боловсруулаад Васудева хэдийгээр Камса нүгэлтнүүдийн дундаас хамгийн их нүгэлтэн нь байсан хэдий ч түүнд маш их хүндэтгэлтэйгээр хандлаа. Васудева шиг хамгийн их ач тустай, зөв үйлтэй хүн зарим үед Камса шиг тийм их гэм нүгэлтэй, буруу явдалтай хүнд найр тавих хэрэг гардаг. Ийм зүйл дипломат яриа хэлэлцээний үед гарч байж болно. Васудева сэтгэл гүнээ зовж байсан хэдий ч гаднаа бол хөгжилтэй царай гаргаж байв. Тэрээр Камсагийн харгис хэрцгий, догшин зан авирыг мэддэг байсан учраас ичгүүрээ алдсан түүнд ингэж хандсан хэрэг. Васудева Камсад: “Эрхэм хүндэт хадам ах минь ээ, дүүгийн чинь зүгээс танд ямар ч аюул занал учруулаагүй гэдгийг тунгааж бодож үзэхийг гуйя. Та тэнгэрээс зөгнөж хэлсэн дуу хоолойг сонссон болохоор айж эмээж байна. Гэхдээ танд тэрхүү аюул заналыг дүүгийн чинь одоохондоо төрүүлээгүй байгаа хүүгийн зүгээс учруулах ёстой гэсэн. Бидний дундаас ирээдүйд хүү төрөх эсэхийг хэн мэдэх билээ. Энэ бүгдийг анхааран үзэх аваас одоохондоо бол аюулгүй байна гэдгийг та ойлгож мэдэх болно. Дүүгээсээ бол та айж эмээх ямар ч шалтгаан байхгүй. Түүнээс хөвгүүд төрөх аваас тэд бүгдийг би танд өгөхөө амлаж байна. Тэр үед нь та шаардлагатай арга хэмжээгээ аваарай.” гэж хэлэв. Камса Васудевагийн тангараглан хэлж байгаа үгийн үнэ цэнийг мэдэж байлаа. Түүнээс гадна тэр Васудевагийн гаргаж өгүүлсэн учир баримтанд итгэж үнэмшсэн учраас төрсөн охин дүүгээ юун түрүүн хөнөөхөө болихоор шийдсэн. Васудевагийн санаа маш ихээр амарч хөнгөрөн Камсагийн гаргасан шийдвэрийг магтав. Ийм байдалтайгаар тэр гэртээ буцаж харьлаа. Цаг хугацааны явцад Васудева болон Деваки нарын дундаас найман хүү нэг охин төрсөн. Эхний хүүгээ төрсөний дараагаар Васудева хэлсэн үгэндээ үнэнч байж тэр даруйд нь Камсад аваачиж өгсөн. Васудева бурханлаг дээд шинж чанар болон үнэнч байдлаараа алдартай байсан бөгөөд тэрээр энэхүү нэр алдраа хадгалахыг хүссэн. Шинэ төрсөн хүүгээ өгөх нь Васудевад маш хүнд хэцүү байсан бол Камса харин түүнийг баяртайгаар авч байлаа. Гэхдээ Васудевагийн байдлыг хараад өрөвдөх сэтгэл түүнд бага ч гэсэн төрж байв. Энэхүү үйл явдал нь маш их үлгэр жишээ болохуйц. Васудева шиг аугаа сүнсний хувьд үүргээ үл биелүүлэхээс өөр тийм хүнд хэцүү, эмзэг хөндүүр зүйл гэж байдаггүй. Васудева шиг номч мэргэн хүн өөрийн үүргээ тээнэгэлзэлгүйгээр биелүүлдэг. Нөгөө талаас Камса мэтийн демон ямар нэгэн жигшүүрт булай үйл үйлдэхээ хэзээ ч орхиж, умартдаггүй. Ийм учраас ариун гэгээн хүн амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөл байдлыг тэсвэрлэж чаддаг; номч мэргэн хүн таатай нөхцөл байдлыг хүлээлгүйгээр өөрийн үүргээ биелүүлдэг; Камса мэтийн адгийн хүн ямар ч нүгэлт үйлийг үйлдэж чаддаг; харин чин бишрэлтэн бол Бурханы Дээд Бодьгалыг цэнгүүлэхийн төлөөнөө бүхнээ зориулахад бэлэн байдаг гэж ярьдаг. Васудевагийн хийсэн үйлд Камса сэтгэл ханамжтай байв. Васудеваг хэлсэн үгэндээ хүрсэнд тэр маш их гайхсан. Таатай байдал хийгээд өрөвч сэтгэлийг хослуулан байж тэрээр дараахь үгийг хэлсэн: “Миний эрхэм Васудева минь ээ, надад энэ хүүгээ өгөхийн хэрэггүй. Түүний зүгээс надад аюул занал учруулахгүй. Деваки та хоёрын дундаас төрөх найм дахь хүү л намайг ална гэж би сонссон. Ямар ч шаардлагагүй байж энэ хүүхдийг авч салгахын хэрэг надад байхгүй. Чи хүүгээ аваад явж болно.” Ингээд Васудева эхний хүүгийнхээ хамтаар гэртээ буцаж харив. Васудева Камсагийн үйлдэлд баярлаж байсан ч түүнд нэг л итгэж өгөхгүй байлаа. Учир нь Камса бол мэдрэхүйгээ эзэмдэн захирч чаддаггүй буюу тогтворгүй, туйлбаргүй нэгэн билээ. Итгэл бишрэлгүй хүн хэлсэн үгэндээ үнэнч байж чаддаггүй. Мэдрэхүйгээ эзэмдэн захирч удирдан залж чаддаггүй хүн өөрийн гаргасан шийдвэртээ баттай байж чаддаггүй. Аугаа улс төрч Чанакйа Пандит: “Дипломат хүн болон эмэгтэй хүнд хэзээ ч бүү итгэж найд.” гэж хэлсэн байдаг. Мэдрэхүйн таашаал ханамж эдлэхэд тэсгэлгүйгээр автах хүн хэзээ ч үнэнч шудрага байж чаддаггүй, түүнд итгэж огтхон ч болохгүй. Энэ үед аугаа мэргэн Нарада Камсагийнд ирсэн. Васудеваг өрөвдөх сэтгэл Камсад төрсөн хийгээд эхний хүүг нь буцааж өгсөн гэдгийг Нарада мэдсэн байлаа. Нарада Бурхан Кришнагийн морилон залрахуйг аль болох хурдасгахыг хүссэн. Тэрээр Камсад: “Вриндаванагийн бүхий л оршин суугчид— Нанда Махараджа, бүх малчид болон тэдний эхнэрүүд, малчин охид, мөн нөгөөтэйгүүр Васудева, түүний эцэг Шурасена болон Йаду удмын Вришнигийн гэр бүлийн бүх гишүүд Бурханы морилон залрахуйд бэлтгэж байна.” гэж мэдээлсэн. Эдгээр гэр бүлүүдэд төрсөн байгаа сахиулсан тэнгэрүүд болон сайныг хүсэгчид, найз нөхдүүдээсээ бүгдээс нь болгоомжтой байж тэднийг анхааралдаа авахыг Нарада Камсад сануулсан. Камса, мөн түүний найз нөхөд болон зөвлөгчид нь бүгд демонууд байв. Демонууд сахиулсан тэнгэрүүдээс үргэлж айж эмээдэг. Сахиулсан тэнгэрүүдийг янз бүрийн гэр бүлүүдэд төрсөн гэдгийг Нарадагаас ийнхүү дуулж мэдээд Камса маш их сонор сэрэмжтэй боллоо. Сахиулсан тэнгэрүүд хэдийнээ бууж ирээд төрсөн болохоор Бурхан Вишну мөн тун удахгүй морилон бууж ирэх ёстой гэдгийг тэр ойлгосон. Тэгээд тэр хүргэн Васудева болон охин дүү Деваки хоёрыгоо тэр даруйдаа барьж аван шоронд хорив. Энэ шоронд, төмөр гинжээр гинжлэгдсэн Васудева Деваки хоёр жил бүр хүү төрүүлж байсан ба Камса тэдний шинээр төрсөн хүү бүрийг Вишнугийн хувилгаан дүр гэж бодон хөнөөж байв. Тэр найм дахь хүүгээс онцгой ихээр айж байсан ч Нарадаг ирсэний дараагаар хүүхдүүдийн хэн нь ч Кришна байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Иймээс Васудева Деваки нараас төрсөн бүх хүүхдүүдийг хөнөөх нь зүйтэй гэж үзсэн. Камсагийн энэ үйлдлийг ойлгох нь хүнд бэрх биш. Хааны гэр бүлийн хүмүүс эрх мэдэлд шунан дурлах хүсэл зорилгоо биелүүлэх үүднээс эцгээ, ах дүү нараа эсвэл гэр бүлийнхнээ бүгдийг нь, мөн найз нөхдөө хөнөөж байсан жишээ дэлхийн түүхэнд олонтоо байдаг. Демонууд эрх мэдлийн төлөөх жигшүүрт булай шунал хүслээсээ болж хэнийг ч алж хөнөөж чаддаг болохоор үүнд гайхаад байх зүйл огт байхгүй. Нарадагийн өршөөл нигүүлслээр өмнөх амьдралынхаа тухай мэдэх завшаан Камсад олдсон. Тэрээр өмнөх амьдралдаа Каланеми нэртэй демон байсан хийгээд түүнийг Шри Вишну хөнөөсөн гэдгийг сонсож мэдсэн. Бходжа угсааны гэр бүлд төрсөн тэрээр Йаду удмынханд үхэл сүйрэл учруулах дайсан нь болохоор шийдсэн. Кришна энэ удамд төрөхөөр болсон учраас Камса Кришна өөрийг нь урьдах амьдралд нь хөнөөсөн шигээ хөнөөх байх гэдгээс маш ихээр айж байлаа. Түүний эцэг Уграсена бол Йаду, Бходжа болон Андхака удмынхны хамгийн хүчирхэг хаан учраас тэр юун түрүүнд эцгээ шоронд хорьсон. Мөн дараа нь Васудевагийн эцэг Шурасенагийн эзэнт гүрнийг эзлэн авсан. Тэгээд өөрийгөө энэ бүх улс гүрнүүдийг захирагч хаан хэмээн өргөмжлөн зарлав.
“Мөнхийн цэнгэл жаргалын эх булаг” номын “Бурхан Кришнагийн морилон залрахуй” нэртэй нэгдүгээр бүлэгт Бхактиведантагийн хийсэн тайлбар ийнхүү өндөрлөлөө. |