Эхийн хэвлийдээ залран байгаа Бурхан Кришнад хандан
сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь Камса хаан зөвхөн Йаду, Бходжа болон Андхака удмынхныг болон Шурасена хааны эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлсэн төдийгүй бусад бүхий л демон хаад Праламба, Бака, Чанура, Тринаварта, Агхасура, Муштика, Аришта, Двивида, Кеша, Дхенука болон Путана шуламтай холбоо сүлбээ тогтоосон. Тэр цаг үед Джарасандха Магадха (одоогийн Бихар муж улс) мужийн хаан байв. Ийнхүү Камса Джарасандхагийн ивээлийн доор өөрийн чадварлаг бодлогын ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хаант улсыг байгуулан бэхжүүлэв. Тэрээр хамгийн хүчирхэг нь болох хүртлээ Банасура болон Бхаумасура зэрэг хаадтай холбоотой болж хэлхээ сүлбээгээ өргөжүүлэн тэлсэн. Тэгээд дараа нь Кришнагийн төрөх ёстой Йаду удмынхны эсрэг ихээхэн дайсагнасан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Камсагийн мөрдөлт мөшгөлтөнд нэрвэгдсэн Йаду, Бходжа болон Андхака удмын хаад Куругийн, Панчалагийн болон Кекайа, Шалва, Видарбха, Ниршадха, Видеха болон Кошала зэрэг янз бүрийн улс орнууд руу аврал эрэн зугатахаас өөр аргагүй болсон. Ийнхүү Камса Йадугийн хаант улс, мөн тэрчлэн Бходжа болон Андхакагийн улс гүрнүүдийн нэгдэл нягтралыг эвдэн бутраасан бөгөөд тэгснээрээ тухайн цаг үедээ Бхарата-варша гэж нэрлэгдэж байсан өргөн уудам газар нутгийн хэмжээнд хамгийн хүчирхэг байр суурьтай болсон. Камсаг Деваки болон Васудева нарын зургаан хүүхдийг бүгдийг нь дараалан хөнөөх үед түүний олон найз нөхөд хийгээд төрөл төрөгсөд нь энэхүү аймшигт үйлээ зогсоон болихыг гуйж байв. Гэсэн ч эцэстээ тэд бүгдээрээ Камсагийн хамсаатан болцгоосон. Девакиг долоо дахь удаагаа жирэмслэхэд Кришнагийн бүрэн хувилгаан дэлгэрэл дүр Ананта түүний хэвлийд орсон. Деваки баяр хөөр болон энэлэл шаналалаар дүүрэв. Хэвлийд нь Бурхан Вишну залран байгааг ойлгосон болохоор тэр баяр хөөрөөр дүүрч байв. Гэвч үүний зэрэгцээ хүүхдийг нь хорвоод мэндлэнгүүт л Камса хөнөөнө гэдгээс болж тэр гашуудан шаналж байлаа. Камсагийн зүгээс учруулж байгаа хэрцгийлэл харгислалын уршгаар Йадугийнхан эмгэнэлт байдалд орсон учраас Бурханы Дээд Бодьгалын энэрэл нигүүлсэл оргилон бялхаж Өөрийн Йогамайа буюу дотоод эрчимдээ илрэн тодрохыг зарлиг болов. Кришна бол орчлонгийн Эзэн, ялангуяа онцгойлон Йаду удмынхны Эзэн билээ. Йогамайа бол Бурханы Бодьгалын дээд эрчим. Бурханы Дээд Бодьгал янз бүрийн эрчмүүдтэй гэж Ведэд өгүүлдэг. Парасйа шактир вивидхаива шруйате. Энэ бүх янз бүрийн эрчмүүд нь гадаад болон дотоод үйл хөдлөл хийдэг бөгөөд Йогамайа энэ бүх эрчмүүдийн дээдийн дээд нь. Кришна Йогамайадаа, үргэлжид баярын гоёл чимэглэлээ зүүсэн байдаг хийгээд мянга мянган сайхан үнээд бэлчээрлэн байдаг Враджабхумийн газар нутаг Вриндаванад илрэн тодрохыг зарлигдсан. Вриндаванад, Нанда хаан хийгээд Йашода хатны гэрт Васудевагийн эхнэрүүдийн нэг болох Рохини амьдардаг байв. Зөвхөн Рохини ч биш, мөн Йаду удмынхны өөр олон гишүүд Камсагийн харгис хэрцгий зан авираас айж эмээн зугатаж бүхий л орон даяар сарнин нуугдсан байв. Тэр бүү хэл тэдний зарим нь уулын агуйд хүртэл орогнон амьдарч байлаа. Иймээс Бурхан Йогамайад: “Деваки, Васудева хоёр Камсагийн шоронд хоригдож байгаа. Одоо Миний нэг бүрэн хувилгаан дэлгэрэл дүр Шеша Девакигийн хэвлийд орон заларсан байгаа. Шеша-г Девакигийн хэвлийгээс Рохинигийн хэвлийд шилжүүлэн байршуул. Үүнийг гүйцэтгэсний чинь дараа Би Өөрөө бүхий л эрчмүүдийнхээ хамтаар Девакигийн хэвлийд залран орох болно. Тэгээд Би Деваки болон Васудева нарын хүү нь болон мэндлэнэ. Харин чи Вриндаванад Нанда болон Йашода нарын охин нь болон төрөх хэрэгтэй.” гэж айлдсан. Чи Надтай нас чацуу, дүү минь болон төрөх учраас газар дэлхийн бүх хүмүүс чамд хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж хүж, зул, цэцэг болон янз бүрийн бэлэг өргөлүүд өргөж байх болно. Ингэснийх нь хариуд чи мэдрэхүйн таашаал ханамж эдлэх гэсэн тэдний хүслийг шууд биелүүлж байх хэрэгтэй. Материаллаг дур сонирхол бүхий хүмүүс чамд Дурга, Бхадра-кали, Виджайа, Вайшнави, Кумуда, Чандика, Кришнаа, Мадхави, Канйака, Майа, Нарайани, Ишани, Шарада болон Амбика гэж нэрлэгдэх янз бүрийн хувилгаан дэлгэрэл дүрүүдэд чинь хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байх болно.” Кришна Йогамайа нар газар дэлхий дээр ах дүү хоёрын дүрээр буюу дээдийн дээд засгийг Баригч хийгээд дээдийн дээд засаг байдлаар илрэн тодорсон. Хэдийгээр засгийг баригч болон засаг хоёрын хооронд хурц тодоор илрэх ялгаа байдаггүй ч засаг нь засгийг агуулж, түүний эрхийг Баригч-д үргэлжид захирагдаж байдаг. Материалистууд засагт буюу эрчимд хүндэтгэл үзүүлдэг бол трансценденталистууд засгийг буюу эрчмийг Агуулагч буюу Баригчийг бишрэн хүндэтгэдэг. Кришна бол дээдийн дээд засгийг Баригч буюу эрчмийн Эх булаг, харин Дурга бол энэхүү материаллаг ертөнцийн хүрээ хязгаарын доторх дээдийн дээдийн засаг. Гэхдээ ведийн цаг үед хүмүүс засгийг Баригч-д ч тэр, мөн засагт өөрт нь ч тэр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг байсан. Вишну болон Дургад, тэр бүү хэл заримдаа хоёуланд нь хамтад нь бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг мянга мянган сүмүүд байдаг. Засагт, өөрөөр хэлбэл Дургад буюу Кришнагийн гадаад эрчимд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа хүн материаллаг янз бүрийн үр дүнд маш амархан хүрч байж болох ч трансценденталь түвшинд дээшлэн хүрэхийг хүсэж байгаа хүн бол Кришнагийн ухамсарт, засаг Баригч—Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхэд өөрийгөө зориулах ёстой. Бурхан мөн Йогамайд Өөрийн бүрэн хувилгаан дэлгэрэл дүр Ананта Шеша-г Девакигийн хэвлийд залран байгаа талаар айлдсан. Тэрээр Рохинид маш ихээр татагдаж түүний хэвлийд шилжигдэн залрах учраас Түүнийг Санкаршана гэж нэрлэх бөгөөд Тэрээр бүхий л бурханлаг хүчний эх булаг (бала) байх болно. Түүний ач тусаар амьдралын дээдийн дээд баяр баясалд (рамана) хүрч болно. Иймээс энэхүү бүрэн хувилгаан дэлгэрэл дүр Ананта мэндэлснийхээ буюу илэрч тодорсоныхоо дараагаар Санкаршана эсвэл Баларама гэж нэрлэгдэх болно. Упанишад-уудад найам атма бала-хинена лабхйах гэж өгүүлдэг. Энэ шүлэг нь: “Баларамагийн өршөөл нигүүлслийг хүртэж чадаагүй хүн өөрийгөө бүрэн нээж танин мэдэхүйн дээдийн дээд түвшинд хүрч чадахгүй.” гэсэн утгыг агуулдаг. Бала гэдэг нь бие махбодийн хүч тэнхээ гэсэн үг биш. Бие махбодийн хүч тамирын тусламжтайгаар бурханлаг төгс төгөлдөрт хэн ч хүрч чадахгүй. Баларамагийн буюу Санкаршанагийн цутган хүртээх бурханлаг хүчийг хүртсэн байх хэрэгтэй. Ананта буюу Шеша бол бүхий л гаригуудыг янз бүрийн байрлалд тогтоон барьж байдаг хүч юм. Материалистууд энэхүү тогтоон баригч хүчийг таталцлын (гравитацын) хууль гэж нэрлэдэг. Гэвч үнэндээ бол энэ нь Санкаршанагийн эрчмийн илрэл тодрол юм. Баларама буюу Санкаршана бол бурханлаг хүч буюу бурханлаг номын анхдагч багш. Тийм учраас мөн Баларамагийн хувилгаан дүр Нитйананда Прабху бол бурханлаг номын анхдагч багш юм. Бурханлаг номын багш бол бурханлаг хүчийг хүртээгч—Бурханы Дээд Бодьгал Баларамагийн элч төлөөлөгч. Бурханлаг номын багш бол Кришнагийн өршөөл нигүүлслийн илрэл тодрол юм гэж Чаитанйа-чаритамрита-д батлан өгүүлдэг. Бурханы Дээд Бодьгалын айлдвар зарлигийг сонсоод Йогамайа Түүнийг баяр цэнгэл, цог жавхлантайгаар тойрсон ба дараа нь Түүний айлдвар зарлиг ёсоор энэхүү материаллаг хорвоод мэндэлсэн. Бурханы бүхийг чадагч, төгс хүчит Бодьгал Шешаг Девакигийн хэвлийгээс Рохинигийн хэвлийд шилжүүлэн зөөж оруулах үед хоёр эмэгтэй мөн йога-нидра гэж нэрлэгддэг Йогамайагийн ид шидэт нөлөөн доор орсон байлаа. Энэ явдал болж өнгөрөхөд хүмүүс Девакигийн долоо дахь жирэмслэлт зулбачихлаа гэж бодсон. Баларама эхлээд Девакигийн хүү байдлаар илрэн тодорсон боловч Рохинигийн хүү байдлаар төрөхөөр түүний хэвлийд ийнхүү шилжигдэн заларсан. Энэ явдал болсоны дараагаар цэвэр чин бишрэлтэнгүүддээ Өөрийн бүхий л эрч хүчээ хайрлан хүртээхэд хэзээ ямагт бэлэн байдаг Бурханы Дээд Бодьгал Кришна бүхий л бүтээлийн Эзэн дүрээрээ Васудевагийн ухаанд морилон орлоо. Үүнтэй холбогдуулан, Бурхан Кришна эхлээд Васудевагийн цэвэр ариун зүрхэнд илэрч тодорсон хийгээд дараа нь Девакигийн зүрхэнд шилжин заларсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр Девакигийн хэвлийд бэлгийн хавьтлын замаар үр хөврөл хэлбэрээр ороогүй. Бурханы Дээд Бодьгал Шри Кришна Өөрийн ойлгож ухаарахын аргагүй эрчмийн хүчээр Өөрийн таалж байгаа тэр л байдлаараа илэрч тодорч чаддаг. Тийм учраас Түүний хувьд илрэн тодрохын тулд ердийн материаллаг замаар, бэлгийн хавьтлын үр дүнд эмэгтэйн хэвлийд орж үр тогтон жирэмслүүлэхийн шаардлага байхгүй. Бурханы Дээд Бодьгалын дүрийг зүрхэндээ тээж байх үедээ Васудева эгэл жирийн хүн тэсвэрлэхийн аргагүй хийгээд түлж шатаам туяа цацруулан байгаа нар лугаа туяаран байлаа. Васудевагийн цэвэр ариун зүрхэнд морилон заларсан Бурханы дүр бол Кришнагийн анхдагч дүрээс ялгаагүй. Бурханы дүр хаана ч илэрч тодорсон байсан тэр газар орон бүрийг, ялангуяа зүрхийг дхама гэж нэрлэдэг. Дхама нь Кришнагийн зөвхөн дүрүүдэд төдийгүй, мөн Түүний нэр алдарууд, Түүний шинж чанарууд болон Түүний Өөрийн нь (Бодьгалын) зүйлсэд ч гэсэн хамааралтай. Учир нь юу вэ гэвэл, энэ бүгд нэгэн зэрэг илрэн тодордог. Тэгээд Бурханы Дээд Бодьгалын мөнхийн дүр бүхий л эрчмийнхээ хамтаар Васудевагийн ухаанаас Девакигийн ухаанд яг л жаргаж байгаа нарны туяа цацраг дорно зүгээс урган гарч байгаа тэргэл саранд шилжин ордог шиг орон заларлаа. Бурханы Дээд Бодьгал Шри Кришна Васудевагийн биеэс Девакигийн биед морилон орсон. Тэрээр эгэл жирийн амьд оршнолуудын хязгаарлагдмал оршихуйн чанадад оршдог. Кришна хаана залран байна, тэнд Түүнтэй хамт Нарайана зэрэг бүрэн хувилгаан дэлгэрэл дүрүүд, мөн Нрисимха, Вараха зэрэг өөр бусад хувилгаан дүрүүд нь залран байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд бүгдээрээ материаллаг оршихуйн нөхцөл байдалд үл захирагдан, түүний чанадад оршдог. Деваки ийнхүү бүхий л бүтээлийн учир шалтгаан, хэн ч үл эн зэрэгцэх буюу үл давтагдах цорын ганц Бурханы Дээд Бодгалын залрах өргөө боллоо. Девакигийн дотор Үнэмлэхүй Үнэн залран байлаа, гэвч тэр Камсагийн шоронд хоригдож байгаа учраас түүнийг халхлагдан далдлагдсан гал эсвэл буруугаар ашиглагдсан мэдлэгтэй зүйрлүүлж болох байв. Эргэн тойрон нь ханаар хүрээлэгдэх эсвэл хувин саван дотор асаж байгаа гал төдийлөн сайн харагддаггүй. Үүнтэй адилаар, хортой буруугаар ашиглагдсанаасаа болоод хүн төрөлхтөнд ач тус үл үзүүлэх мэдлэгийг үнэ цэнэтэйд тооцдоггүй. Деваки Камсагийн ордны шоронгийн хананы цаана хоригдож байсан болохоор түүний трансценденталь гоо сайхныг хэн ч харж чадахгүй байв. Тэрхүү трансценденталь гоо сайхны эх булаг нь түүний хүлээн авч хэвлийдээ тээн яваа Бурханы Дээд Бодьгал билээ. Гэхдээ Камса охин дүүгийнхээ трансценденталь гоо сайхныг анзаарч мэдсэн бөгөөд Бурханы Дээд Бодьгал Шри Кришна түүний хэвлийд морилон оржээ гэсэн дүгнэлтэнд шууд хүрсэн. Тэр урьд өмнө нь хэзээ ч тийм гайхамшигтай үзэсгэлэн гоо төгөлдөр харагдаж байгаагүй. Ямар нэгэн онцгой гайхамшигтай зүйл түүний хэвлийд байна гэдэг нь Камсад тодорхой болсон. Тэгээд Камса тайван бус болж айдас хүйдсээр дүүрлээ. Түүнийг ирээдүйд хөнөөх ёстой Бурханы Дээд Бодьгал одоо ирчихсэн байна гэдгийг лавтай мэдсэн. Тэгээд Камса бодож эхэлсэн: “Девакиг одоо яах вэ?Тэр хэвлийдээ Вишну буюу Кришнаг тээж яваа нь эргэлзээгүй хэрэг. Тэгэхлээр Кришна сахиулсан тэнгэрүүдийн гуйлтыг биелүүлэхээр ирсэн нь тодорхой болж байна. Би одоо шууд Девакиг хөнөөлөө ч гэсэн Түүнийг зогсоож чадахгүй.” Вишнугийн таалал төлөвлөгөөнд хэн ч хориг саад тавьж чадахгүй гэдгийг Камса маш сайн мэдэж байв. Бурханы хуулийг гажуудуулж өөрчлөх нь боломжгүй гэдгийг оюунлаг хүн бүр ойлгодог. Демонуудын зүгээс ямар ч хориг саад тавьж байсан Түүний таалал төлөвлөгөө биелэгдэх л болно. Камса цааш үргэлжлүүлэн: “Хэрвээ би Девакиг одоо алах аваас Вишну дээдийн дээд тааллаа бүр ч догшин ширүүнээр биелүүлэх болно. Девакиг яг одоо ална гэдэг хамгийн адгийн үйлдэл болно. Хэн ч өөрийн нэр алдараа гутаахыг хүсдэггүй, ийм хүнд хэцүү аюултай нөхцөл байдалд орсон байсан ч тэр ялгаагүй. Хэрвээ би Девакиг одоо хөнөөх аваас энэ нь миний нэр төрд хор хүргэх болно. Деваки бол эмэгтэй хүн, миний ивээл дор байдаг. Түүнээс гадна тэр жирэмсэн. Би түүнийг хөнөөх аваас миний сайн нэр алдар, миний сайн үйлүүдийн үр дагавар болон амьдрах нас минь бүгд үгүй болно.” хэмээн бодсон. Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн эрэгцүүлэн бодсон нь: “Хэтэрхий харгис хэрцгий хүн бол амьд ахуй үедээ ч үхсэнтэй адил байдаг. Харгис догшин, зэрлэг балмад хүнийг амьд ахуй үед нь ч гэсэн хэн ч хайрладаггүй, мөн үхсэнийх нь дараа ч гэсэн түүнийг бүгд л харааж зүхдэг. Тэр өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үздэгээсээ болоод уналт доройтолд орж тамын хамгийн түнэр харанхуй хэсэгт унадаг.” Девакиг хөнөөх эсэхээ Камса иймэрхүү байдлаар тунгаан бодож бүхий л сайн муу талуудыг нь нягт нямбайгаар дэнсэлж үзэв. Эцэст нь Камса Девакийг шууд хөнөөлгүй гарцаагүй ирэх ирээдүйг хүлээхээр шийдсэн. Гэхдээ л түүний ухаан Бурханы Бодьгалын эсрэг үзэн ядалт, дайсагнасан бодолд автсан байлаа. Тэрээр хүүхдийг гармагц л Девакийн бусад хүүхдүүдийг хөнөөж байсан шигээ шууд хөнөөнө гэж найдан бодсоор төрөхийг нь тэсвэртэйгээр хүлээв. Ийнхүү Бурханы Дээд Бодьгалыг үзэн ядахын далайд живсэн тэрээр сууж, зогсож, явж, унтаж, идэж, ажиллаж, амарч ер нь юу ч хийж байсан Кришнаг болон Кришнагийн тухай бодож эхэлсэн. Түүний ухаан Бурханы Дээд Бодьгалын тухай бодлоор, тэр зөвхөн Кришнаг буюу Вишнуг өөрийнхөө эргэн тойронд шууд бус байдлаар харж чадахаар тэгж дүүрсэн байлаа. Түүний ухаан Вишнугийн тухай бодолд ийнхүү автан умбаж байсан хэдий ч харамсалтай нь түүнийг чин бишрэлтэн гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь, тэр Кришнагийн тухай дайсан байдлаар бодож байсан. Аугаа чин бишрэлтэнгүүд мөн л Кришнагийн тухай бодолд байнгад автан умбадаг, гэхдээ тэд Кришнагийн тухай үзэн ядалтаар биш, харин хайр дүүрэн боддог. Кришнагийн тухай эерэгээр буюу хайр дүүрэн бодно гэдэг бол Кришнагийн ухамсар, харин Түүний тухай сөргөөр буюу үзэн ядсан байдлаар бодно гэдэг Кришнагийн ухамсар биш. Энэ үед Нарада зэрэг аугаа мэргэд хийгээд өөр бусад олон сахиулсан тэнгэрүүдийг дагалдуулан Брахма бурхан болон Шива бурхан нар Камсагийн ордонд үзэгдэж харагдалгүйгээр нэвтрэн орлоо. Тэд, чин бишрэлтэнгүүдийг баяр хөөрөөр дүүрэн бялхуулдаг хийгээд хүсэл эрмэлзлийг нь биелүүлдэг шилдэг сонгомол залбиралуудаа өргөн Бурханы Дээд Бодьгалыг магтан алдаршуулж байлаа. Юуны түрүүнд тэд, Бурхан Өөрийн амлалт айлдвараа үргэлж биелүүлдэг тухайд баяр хөөрөө дуу шуутайгаар илэрхийлсэн. Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, Кришна энэхүү материаллаг ертөнцөд зөвхөн, зөв үйлтэнгүүдийг хамгаалах хийгээд нүгэлтэнгүүдийг цээрлүүлэхээр морилон бууж ирдэг. Тэр ингэж амладаг. Бурхан энэхүү амлалтаа биелүүлэхээр морилон бууж ирэн Девакигийн хэвлийд заларсан байгаа гэдгийг сахиулсан тэнгэрүүд ойлгож мэдсэн байв. Бурхан энэхүү зорилгоор морилон бууж ирсэнд тэд маш их баяр хөөр болж байсан учраас Түүнийг сатйам парам буюу дээдийн дээд Үнэмлэхүй Үнэн гэж магтан нэрлэж байв. Хэн бүхэн л үнэний хойноос эрэл хайгуул хийдэг. Энэ бол амьдралын гүн ухааны хэлбэр. Дээдийн дээд Үнэмлэхүй Үнэн бол Кришна гэдгийг сахиулсан тэнгэрүүд бидэнд мэдэгдэж байна. Кришнаг бүрнээ ухамсарласан хүн Үнэмлэхүй Үнэнийг таньж мэдэж чадна. Кришна бол Үнэмлэхүй Үнэн. Харьцангуй үнэн нь мөнхийн цаг хугацааны бүхий л үе шатуудад үргэлж үнэн байж чаддаггүй. Цаг хугацаа нь өнгөрсөн, одоо болон ирээдүй гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Кришна бол өнгөрсөн, одоо болон ирээдүй үед үргэлж үнэн байдаг. Дээдийн дээд цаг хугацааны удирдлага захиргаанд байдаг материаллаг ертөнц дэх бүх зүйлс нь өнгөрсөн, одоо болон ирээдүй үеийн эрхшээл доор оршдог. Харин Кришна бүтээлийн өмнө угийн л оршин байсан. Бүтээл илэрч тодорсон үедээ Түүний дотор, Түүнд тулгуурлан оршдог. Харин энэхүү бүтээл устаж сүйрэн төгсгөл болох цагт Кришна цаашид хэвээр оршсоор байна. Иймээс Тэр бол ямар ч нөхцөл байдлын үед Үнэмлэхүй Үнэн. Хэрвээ энэхүү материаллаг ертөнцөд ямар нэгэн үнэн байх аваас тэр нь дээдийн дээд Үнэн Кришнагаас гаралтай. Энэхүү материаллаг ертөнцөд ямар нэгэн эрхэм сайхан зүйл оршин байх аваас түүний эх булаг нь Кришна. Энэхүү материаллаг ертөнцөд ямар нэгэн алдар цуу байх аваас түүний эх булаг нь Кришна. Энэхүү материаллаг ертөнцөд ямар нэгэн хүч байх аваас түүний эх булаг нь Кришна. Энэхүү материаллаг ертөнцөд ямар нэгэн цэцэн мэргэн ухаан хийгээд мэдлэг байх аваас тэрхүү мэдлэг хийгээд эрдэм ухааны эх булаг нь Кришна болой. Иймээс Кришна бол бүхий л харьцангуй үнэний эх булаг. Энэхүү материаллаг ертөнц нь шороо, ус, гал, хий болон огторгуй гэсэн үндсэн таван элементүүдээс тогтдог бөгөөд тэд бүгдээрээ Кришнагаас гаралтай. Материалист эрдэмтэд эдгээр таван элементүүдийг материаллаг илрэл тодролуудын учир шалтгаан гэж үздэг. Гэхдээ эдгээр элементүүдийг бүдүүн хийгээд нарийн төлөв байдалд нь Кришна бүтээдэг гэдгийг тэд мэддэггүй. Энэхүү материаллаг ертөнцийн хүрээ хязгаарын дотор оршин байгаа амьд оршнолууд нь Кришнагийн хязгаарын эрчимд хамаарагддаг. Илэрч тодорсон бүхэн бол Кришнагийн дээд болон доод гэсэн хоёр эрчмийн хослол гэж Бхагавад Гита-гийн долоодугаар бүлэгт тодорхой өгүүлдэг. Амьд оршнол бол Түүний дээд эрчим, харин үхмэл материаллаг элементүүд нь Түүний доод эрчим. Илэрч тодроогүй, идэвхгүй төлөв байдалдаа бол бүгд Кришнагийн дотор оршдог. Сахиулсан тэнгэрүүд материаллаг илрэл тодролуудын чанар, учир утгын талаар хэлэлцэнгээ Бурханы Бодьгалын дээдийн дээд дүр Кришнад бишрэл хүндэтгэл дүүрэн залбиралуудаа үргэлжлүүлэн өргөж байлаа. Материаллаг илрэл тодрол гэж юу вэ? Тэр бол модтой төстэй юм. Мод хөрс шорооноос ургадаг. Үүнтэй төстэйгөөр, материаллаг илрэл тодролын мод нь материаллаг мөн чанарын хөрс шороонд ургадаг. Цаг нь болохоор модыг огтлон унагадаг учраас материаллаг илрэл тодролыг мөн модтой зүйрлүүлдэг. Модыг санскрит хэл дээр врикша гэдэг. Врикша гэдэг үг нь эцэстээ огтлогдон унагагддаг тэр гэсэн утгатай үг. Ийм учраас материаллаг илрэл тодролын энэхүү модыг Үнэмлэхүй Үнэн гэж үзэж болохгүй юм. Цаг хугацаа материаллаг илрэл тодролд нөлөөлдөг, тэгвэл Кришнагийн бие мөнх. Кришна энэхүү илрэл тодролын өмнө нь ч оршин байсан, Тэрээр түүний оршин байгаа үед мөн л оршиж байна, түүнийг устаж үгүй болсоны дараа ч Тэрээр мөн л оршсон хэвээр байх болно. Материаллаг мөн чанарын хөрсөнд үндэслэж ургасан материаллаг илрэл тодролын модны жишээг мөн Катха-упанишадад өгүүлдэг. Энэхүү мод нь аз жаргал болон зовлон шаналал гэсэн хоёр хэлбэрийн үр жимсийг өгдөг. Бие махбодийн модон дээр амьдрагсад нь хоёр шувуутай төстэй юм. Нэг шувуу нь бол Кришнагийн тухайн газар буюу бие махбодид залрах төлөв—Дээд Сүнс (Параматма гэж нэрлэдэг), харин нөгөө шувуу нь тухайн бие махбодийг аван төрсөн амьд оршнол буюу сүнс. Амьд оршнол нь материаллаг илрэл тодролын үр жимсүүдийг иддэг. Тэр заримдаа аз жаргалын үр жимсийг, заримдаа зовлон шаналалын үр жимсийг иддэг. Харин нөгөө шувуу нь өөрөө өөртөө дүүрэн ханамжтай байдаг тул аз жаргалын эсвэл зовлон шаналалын эдгээр үр жимсийг идэхийг сонирхдоггүй. Бие махбодийн модон дээрх нэг шувуу нь үр жимсийг тоншин идэж байхад нөгөө нь зүгээр л түүнийг ажиглаж суудаг гэж мөн Катха-упанишадад өгүүлдэг. Энэ модны үндэс гурван тийшээ салаалан сунан үргэлжилдэг. Энэ нь модны үндэс материаллаг мөн чанарын цэвэр ариун, хүсэл тачаал болон харанхуй мунхагийн гэсэн гурван гуна-д оршдог гэсэн үг юм. Үндэс нь тархаж сунаснаар мод ургаж том болдог шиг хүн материаллаг мөн чанарын гурван гунуудтай шүргэлцэн холбогдсоныхоо үр уршгаар материаллаг оршихуйд оршин байх хугацаагаа ихэсгэж уртасгадаг. Энэ модны үр жимснүүд нь шашин ном, материаллаг хөгжил цэцэглэл, мэдрэхүйн таашаал ханамж эдлэхүй болон эцэст нь ангижрахуй гэсэн дөрвөн янзын амттай байж болно. Амьд оршнол материаллаг мөн чанарын гурван гунуудтай яаж холбогдсоноосоо хамаараад шашин номын янз бүрийн төрлүүдийн, материаллаг хөгжил цэцэглэлийн янз бүрийн төрлүүдийн, мэдрэхүйн таашаал ханамжийн янз бүрийн төрлүүдийн болон ангижралын янз бүрийн төрлүүдийн амтыг амталж мэдэрдэг. Үнэндээ бол материаллаг ертөнц дэх аливаа үйл бүр нь харанхуй мунхаг байдалд үйлдэгддэг. Гэхдээ гурван янзын гунууд байдаг болохоор зарим үед харанхуй мунхагийн гуна нь цэвэр ариун эсвэл хүсэл тачаалтай холилддог. Эдгээр материаллаг үр жимсний амтыг таван мэдрэхүйгээрээ амталж мэдэрдэг. Бидний мэдлэг хүртдэг мэдрэхүйн таван эрхтэн нь зовж шаналах, хий хуурмаг байдалд автах, доройтон муудах, үхэх, өлсөх болон цангах гэсэн зургаан янзын саваа модоор цохиулж саваадуулж байдаг. Энэ материаллаг бие махбодь буюу материаллаг илрэл тодрол нь арьс, булчин, мах, чөмөг, яс, өөх болон салай гэсэн долоон давхаргаар бүрхэгдэн хучигддаг. Энэ мод нь шороо, ус, гал, хий, огторгуй, ухаан, оюун болон эго гэсэн найман салаа мөчиртэй. Бие махбодид есөн хаалга үүд байдаг: хоёр нүд, хамрын хоёр нүх, хоёр чих, ам, бэлгийн эрхтэн болон шулуун гэдэс. Мөн бие махбодид прана, апана, удана, вйана, самана болон өөр бусад гэсэн хийн арван урсгал байдаг. Модон дээр суугаа хоёр шувуу нь дээр тайлбарласанчлан, хэрэг дээрээ бол амьд оршнол болон тухайн бие махбодид залран байгаа Бурханы Дээд Бодьгал юм. Бурханы Дээд Бодьгал Кришна бол энд тодорхойлон өгүүлсэн материаллаг илрэл тодролын анхдагч учир шалтгаан, үндэс юм. Бурханы Дээд Бодьгал Өөрийгөө өргөжүүлэн дэлгэрүүлж материаллаг мөн чанарын гурван гунуудыг удирдан залдаг: Вишну цэвэр ариуны гуна-г, Брахма хүсэл тачаалын гуна-г, Шива харанхуй мунхагийн гуна-г тус тус хариуцан удирдан залдаг. Брахма бурхан энэ илрэл тодролыг хүсэл тачаалын гунаар бүтээдэг бол Бурхан Вишну түүнийг цэвэр ариуны гунаар тогтоон барьдаг, харин Шива бурхан энэ илрэл тодролыг харанхуй мунхагийн гунагийн тусламжтайгаар устгадаг. Бүхий л бүтээл нь эцсийн дүндээ бол Бүхний Дээд Бурханы дотор амирлан байдаг буюу Түүнд тулгуурлан оршин байдаг билээ. Тэр бол бүтээхүйн, тогтоон барихуйн болон устган сөнөөхүйн учир шалтгаан. Бүхий л илрэл тодрол устан үгүй болохдоо нарийн хэлбэртээ орж Бурханы эрчим байдлаар Бүхний Дээдийн бие дотор амирлангуйг олдог. Сахиулсан тэнгэрүүд залбиралаа: “Харин одоо, Бүхний Дээд Бурхан Кришна энэ илрэл тодролыг тэтгэж, тогтоон барихын төлөөнөө илэрч тодрохоор зэхэж байна.” хэмээн үргэлжлүүлэв. Үнэндээ бол ганц л, дээдийн дээд учир шалтгаан байдаг. Гэвч материаллаг мөн чанарын гурван гунад төөрөлдөн мунхарсан төдийлөн оюунлаг бус хүмүүс нь материаллаг ертөнцийн илрэл тодролын янз бүрийн шалтгаанууд байдаг гэж боддог. Тэгвэл оюунлаг хүмүүс нэг л учир шалтгаан байдаг, тэр нь бол Кришна гэдгийг мэддэг. Үүнийг Брахма-самхита-д: сарва карана каранам буюу “Бурханы Дээд Бодьгал Кришна бол бүх учир шалтгааны учир шалтгаан.” гэж батлан өгүүлдэг. Бүтээхүйн бүрэн эрхт хариуцагч нь Брахма, харин Кришнагийн хувилгаан дэлгэрэл дүр Вишну тогтоон барихыг, харин устгаж сүйрүүлэх үйл явцыг мөн л Кришнагийн дэлгэрэл дүр болох Шива хариуцдаг. “Ай Бурхан минь ээ” хэмээснээ сахиулсан тэнгэрүүд цааш үргэлжлүүлсэн нь: “Таны мөнхийн бодьгал дүрийг ойлгоно гэдэг бол маш хүнд бэрх билээ. Ер нь бол хүмүүс Таны жинхэнэ дүрийг ойлгох чадваргүй байдаг, иймээс л анхдагч, жинхэнэ, мөнхийн дүрээ ямар байдгийг нээн харуулахаар Та Өөрөө морилон бууж ирдэг билээ. Хүмүүс Таны янз бүрийн хувилгаан дүрүүдийг ямар нэг байдлаар ойлгодог боловч өөрсдийнхөө дунд яг л тэдний нэгэн лугаа байх хоёр мутар бүхий Кришна—мөнхийн дүрийг тань ойлгож ухаарах нь тэдэнд маш хүнд бэрх болой. Таны энэхүү мөнхийн дүр чин бишрэлтэнгүүдэд үргэлж өсөж нэмэгдэх трансценденталь баяр хөөрийг бэлэглэж хүртээж байдаг бол чин бишрэлтэн бусчуудын хувьд маш аюултай билээ.” Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, Кришнагийн дүр садху нарын хувьд бүхий л баяр цэнгэлийн нь эх булаг, паритранайа садхунам. Харин тэр л Кришна демонуудын хувьд маш аюултай. Учир нь, Тэрээр тэднийг хөнөөн дарахаар морилон бууж ирдэг. Иймээс Кришна нэгэн зэрэг чин бишрэлтэнгүүдийнхээ аугаа их баяр цэнгэлийн учир шалтгаан, мөн демонуудын аймшигт айдас хүйдсийн учир шалтгаан болж байдаг. “Ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, Та бол цэвэр— цэвэр ариуны эх булаг. Самадхи түвшинд хүрсэнээр буюу өөрөөр хэлбэл Таны бадамлянхуа өлмийг бясалгасан хийгээд тэгснээрээ Таны тухай бодолд гүн автан умбаснаар материаллаг мөн чанарын бүтээсэн харанхуй мунхагийн өргөн их далайг тугалын турууны мөрний хонхорт тунасан усны хэмжээтэй адил болгон багасгасан аугаа мэргэд олон байдаг. Бясалгалын зорилго бол ухаанаа Бурханы Бодьгалын бадамлянхуа өлмийнөөс эхлүүлэн Түүнд хандуулахад оршдог. Бурханы бадамлянхуа өлмийн талаар зүгээр л бясалгаснаар олон аугаа мэргэд материаллаг оршихуйн зах хязгааргүй өргөн их далайг хүндрэл бэрхшээлгүйгээр гэтлэн туулсан. “Ай Өөрөөсөө Гэрэлтэгч минь ээ, Таны бадамлянхуа өлмийн трансценденталь завин дээр суун харанхуй мунхагийн далайг туулан гаталсан аугаа гэгээнтэнгүүд тэр завийг аваад явдаггүй билээ. Завь эрэг дээрээ хэвээр байсаар байна.” Сахиулсан тэнгэрүүд энд маш сайхан зүйрлэлийг ашиглаж байна: “Завь хэрэглэн гол гаталж байгаа хүнийг нөгөө эрэгт хүрэхэд завь мөн л түүний хамт тэр эрэгт очсон байна. Тэрээр завийг хэрэглэн зорьсон эрэгтээ хүрсэн байхад нөгөө эрэг дээр үлдэгсэд яг тэр л завиар голыг мөн гатлана гэж яаж байж болох юм бэ? Энэхүү хүнд хэцүү асуултын хариулт болгон сахиулсан тэнгэрүүд залбиралдаа, завийг ерөөсөө авч яваагүй, түүнийг огт хэрэглээгүй, завь эрэг дээрээ урьдын хэвээр үлдсэн гэж өгүүлж байна. Иймээс нөгөө эрэг дээр зогсож байгаа чин бишрэлтэнгүүд материаллаг мөн чанарын далайг мөн туулан гаталж болно. Учир нь, цэвэр чин бишрэлтэнгүүд далайг гатлахдаа завийг авч явдаггүй билээ. Цэвэр ариун чин бишрэлтэнг завинд ойртон ирэхэд л материаллаг харанхуй мунхагийн өргөн их далай тугалын турууны мөрний хонхорхой дахь шалбаагийн төдий хэмжээтэй болтлоо багасан жижгэрдэг. Иймээс чин бишрэлтэнгүүд нөгөө эрэгт хүрч очихдоо завийг хэрэглэдэггүй, тэд ганцхан жижигхэн алхам хийгээд л далайг гаталдаг. Ариун гэгээнтэнгүүд бүх болзолт сүнснүүдийг бүрнээ энэрэн нигүүлсэж байдаг учраас завь Бурханы бадамлянхуа өлмийн дэргэд үргэлжид хэвээр үлддэг. Түүний бадамлянхуа өлмийн талаар ямар ч цагт бясалгаж болох бөгөөд материаллаг оршихуйн аврага том далайг ингэж л гаталдаг. Бясалгал гэж ухаан бодлоо Бурханы бадамлянхуа өлмийд төвлөрүүлэхийг хэлдэг. Бадамлянхуа өлмийнүүд нь Бурханы Дээд Бодьгалыг заадаг. Имперсоналистууд Бурханы бадамлянхуа өлмийг хүлээн зөвшөөрдөггүй учраас тэд бясалгалынхаа объектоор ямар нэгэн бодьгал бус зүйлийг сонгодог. Хоосон эсвэл бодьгал бус зүйлийн талаар бясалгагчид нь мунхагийн харанхуйг гэтэлж чадахгүй гэж сахиулсан тэнгэрүүд тов тодорхой тайлбарлаж байна. Тийм хүмүүс өөрсдийгөө ангижралд хүрсэн гэж зүгээр л хийсвэрлэн боддог. “Ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, Таны бадамлянхуа өлмийг үл бясалгацгаах учраас тэдний оюун нь цэвэр ариун бус.” гэж сахиулсан тэнгэрүүд хэлж байлаа. Бодьгал бусыг баримтлагчид нь хэдийгээр бодьгал бус Брахманыг ухаарах түвшинд түр зууртаа дээшлэн хүрэх боломжтой ч иймэрхүү эс тоомсорлож үл хайхрах байдлынхаа уршгаар материаллаг болзолт амьдралд дахиад л унацгаадаг. Бодьгал бусыг баримтлагчид хүнд бэрх тэвчил хатамжлалыг үйлдсэний дүнд Брахманы туяанд, өөрөөр хэлбэл бодьгал бус Брахманы оршихуйд уусан ордог. Гэхдээ тэдний ухаан нь материаллаг бузраас ангид биш. Тэд зүгээр л бодол сэтгэхүйн материаллаг хэлбэрийг үгүйсгэхийг оролдсон хэрэг. Энэ нь тэднийг ангижиралд хүрсэн гэсэн үг хараахан биш. Энэ л учраас тэд унацгаадаг. Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, бодьгал бусыг баримтлагч нь эцсийн зорилгоо ухаарахаас өмнө хүнд хэцүү тэвчил хатамжлалыг туулах ёстой. Мөн Шримад Бхагаватамын эхэнд өгүүлсэнчлэн, Бурханы Дээд Бодьгалын чин бишрэлийн албанд зүтгэлгүйгээр кармын үйлийн хүлээснээс чөлөөлөгдөн ангижирах нь боломжгүй юм. Бурхан Кришна Бхагавад Гита-д ингэж л айлддаг, үүнийг аугаа мэргэн Нарада Муни Шримад Бхагаватамд баталдаг, энд үүнийг сахиулсан тэнгэрүүд мөн л хэлж баталж байна: “Таны чин бишрэлийн албанд хайр дүүрэн үл зүтгэх аваас танин мэдэхүйн дээдийн дээд зорилгыг ойлгохгүй, мөн Таны өршөөл нигүүлслийг ч хүртэж чадахгүй билээ.” Бодьгал бусыг баримтлагчид нь өөрсдийгөө ангижиралд хүрсэн гэж зүгээр л хийсвэрлэн бодож байдаг. Үнэндээ бол Бурханы Бодьгалын талаар өчүүхэн ч мэдрэмж, ойлголт төсөөлөл тэдэнд байдаггүй. Кришна материаллаг ертөнцөд морилон бууж ирэх үедээ материаллаг бие махбодийг авдаг гэж тэд боддог. Өөрөөр хэлбэл тэд Кришнагийн трансценденталь биеийг анхаарч ажиглаж мэддэггүй. Бхагавад Гита-д мөн энэ талаар батлан өгүүлдэг: аваджананти мам мудхах. Бодьгал бусыг баримтлагчид нь материаллаг хүсэл тачаалаа ялан дийлсэн хийгээд ангижралын түвшинд дээшлэн хүрсэн байлаа ч дахин унадаг. Тэд зөвхөн мэдлэгийн төлөөнөө л мэдлэг хүртэхэд өөрсдийгөө зориулаад, Бурханы чин бишрэлийн албанд үл зүтгэх аваас хүссэн зорилго, үр дүндээ хүрч чадахгүй. Тэдний хүрэх зүйл нь гэвэл тэдний өөрсдийн нь гаргаж байгаа хүчин чармайлт, туулж эдэлж байгаа хүндрэл бэрхшээл нь л байхаас өөр юу ч биш. Бхагавад Гита-д тодорхой өгүүлсэнчлэн, Брахманыг ухаарах явдал бол бүх зүйл биш. Брахманыг ухаарах явдал нь материаллаг дурлан татагдахуй болон эс дурлан татагдахуйгаас ангижирахуйн баяр хөөрийг олох хийгээд санаа зовиургүй, амгалан тайван төлөв байдалд хүрэхэд л тус нэмэр болно. Гэхдээ энэ түвшингөөсөө цааш ахиц дэвшил гарган чин бишрэлийн албанд хандан зүтгэж эхлэх хэрэгтэй. Брахманыг ухаарахуйн түвшинд дээшлэн хүрсэнийхээ дараа чин бишрэлийн албанд зүтгэж байгаа хүн Бурханы Дээд Бодьгалтай үргэлжид хамт байхаар бурханлаг оронд хүрч очиж болдог. Энэ бол чин бишрэлийн алба зүтгэлийн үр шим, ач тус. Бурханы Дээд Бодьгалын чин бишрэлтэнд бодьгал бусыг баримтлагчдад тохиолддог шиг материаллаг түвшинд буцаад доошлон унах аюул хэзээ ч нүүрлэдэггүй. Чин бишрэлтэн нь бүдэрсэн байлаа ч гэсэн Бүхний Дээд Бурхантай хайрын холбоогоор холбогдсон хэвээр үлддэг. Чин бишрэлийн албанд зүтгэх зам мөр дээр нь түүнд янз бүрийн саад тотгор учирч тохиолдож байж болох ч тэрээр тиймэрхүү саад тотгорыг айдас хүйдэсгүй, чөлөөтэйгээр даван гарч чаддаг. Тэрээр Кришнаг бишрэн Түүнд өөрийгөө даатгасан болохоор Кришна түүнийг үргэлж хамгаалдаг гэдэгт итгэлтэй байдаг. “Миний чин бишрэлтэн хэзээ ч ялагддаггүй.” гэж Кришна Бхагавад Гита-д амлан айлддаг. “Ай Бурхан минь ээ, Та энэхүү материаллаг ертөнц дэх бүхий л амьд оршнолуудын ач тус, сайн сайхны төлөө анхдагч, мөнхийн хийгээд цэвэр— цэвэр ариуны дүрээрээ морилон бууж ирж байгаа билээ. Таныг ийнхүү морилон заларч илрэн тодорч байгаагийн ач тус, ивээлийг ашиглан Бурханы Дээд Бодьгалын буюу Таны мөн чанар хийгээд Таны дүрийг амархан ойлгох боломж тэдэнд бүгдэд нь олдож байна. Нийгмийн амьдралын дөрвөн хэвшилд хамаарагдагчид (брахмачари, грихастха, ванапрастха болон санньяси нар) нь Таны илрэн тодрохуйгаас ач тусыг хүртэж болох билээ. Ай аз жаргалын охин тэнгэрийн эр нөхөр Бурхан минь ээ, Танд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэж байгаа чин бишрэлтэнгүүдэд бодьгал бусыг баримтлагчдад тохиолддог шиг хүрсэн дээд байр сууринаасаа тэгж унах аюул нүүрлэдэггүй. Таны өмгөөлөл хамгаалалын доор оршин байгаа Таны чин бишрэлтэнгүүд ангижралд хүрэх зам мөр дээр нь байнгад саад тотгор учруулахаар майа-гийн зүгээс илгээгдэгчдийн толгой дээгүүр даван гарч чаддаг. Ай Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолууд Тантай нүүр нүүрээрээ учран золгож Таныг шууд харж, Танд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж, бичээсүүдэд зааж зөвлөсөн байдгийн дагуу ведийн зан үйл, ид шидийн бясалгал болон чин бишрэлийн алба зүтгэлийн тусламжтайгаар Танд өргөл өргөж байгаасай хэмээн тэдний сайн сайхан, ач тусын тулд л Та Өөрийн трансценденталь дүрээрээ морилон буун ирж илрэн тодордог билээ. Ай Бурхан минь ээ, Та, Таны талаарх мунхаг ойлголт төсөөллийн аливаа хэлбэрийг ул үндсээр нь зайлуулж чадах хийгээд мэдлэг болон цэнгэл жаргалаар дүүрэн бялхах мөнхийн трансценденталь дүрээрээ морилон заларч илрэн тодордоггүй бол хүмүүс бүгдээрээ л Таны талаар өөрсдөө эрхшээл нөлөөн доор нь оршин байгаа материаллаг мөн чанарын тухайн тэр л гуна-даа таарч нийцсэн байдлаар цэцэрхэцгээх байх байсан.” Кришнагийн илрэл тодрол нь Бурханы Дээд Бодьгалыг санаанаасаа хийсвэрлэн зохиож бодох хийгээд дүрслэх гэсэн бүхий л оролдлогод хариулт өгдөг. Хүн бүр эрхшээл нөлөөлөл доор нь оршин байгаа материаллаг мөн чанарын тэр л гунадаа таарч нийцсэн тийм л байдлаар Бурханы Дээд Бодгалыг ойлгож төсөөлдөг. Брахма-самхита-д өгүүлсэнчлэн, Бурхан бол хамгийн ахмад бодьгал. Иймээс шашны зарим бүлэглэлүүдэд Бурхан бол маш хөгширсөн байх ёстой гэсэн ойлголт байдаг бөгөөд, тэгээд ч тэд Түүнийг маш их өтөлж хөгширсөн байдлаар дүрсэлдэг. Гэхдээ мөн тэр л Брахма-самхита-д үүнийг яг эсрэг байдлаар тайлбарладаг: Тэрээр бүхий л амьд оршнолуудаас ахмад хэдий ч цэцэглэн өсөж байгаа залуугийн мөнхийн дүртэй. Үүнтэй холбогдон Шримад Бхагаватамд хэрэглэгддэг яг тухайлсан үг нь: вигйанам агйанабхидапамарджанам. Вигйанам гэдэг үг нь “Бурханы Бодьгалын трансценденталь мэдлэг” гэсэн утгыг агуулдаг. Вигйанам нь мөн “бодитойгоор бүрэн нээж танин мэдсэн мэдлэг”-т хамаарагддаг. Трансценденталь мэдлэгийг багш шавийн барилдлагааны залгамж холбооны дээрээс доош уламжлан дамжих замаар хүртэх хэрэгтэй. Яг л Брахма бурхан Брахма-самхита-гаар Кришнагийн тухай мэдлэгийг цааш уламжлуулсан шиг. Брахма-самхита бол вигйанам. Учир нь, түүнийг Брахма трансценденталь туршлага, арга замаар бүрэн нээж таньж мэдсэн бөгөөд ийнхүү бүрэн нээж таньж мэдсэнээрээ тэр трансценденталь орон дахь Кришнагийн цэнгээн наадам хийгээд дүрийг тодорхойлон өгүүлж чадсан. Агйанабхида гэж “ямар ч төрлийн цэцэрхийллийг няцааж болох тэр зүйл” гэсэн утгатай үг. Харанхуй мунхагт оршин байгаа хүмүүс Бурханыг өөрийнхөө санаагаар төсөөлж боддог. Тэдний янз бүрийн ойлголт төсөөллөөс хамаараад заримдаа Түүнд дүр байдаг, заримдаа дүр байдаггүй. Гэхдээ Брахма-самхита дахь Кришнагийн тодорхойлолт бол вигйанам— Брахма бурханы цааш дамжуулсан хийгээд Шри Чаитанйагийн хүлээн зөвшөөрсөн, эрдэм ухааны, бодитойгоор хэрэгжсэн буюу бүрэн нээж танин мэдсэн мэдлэг. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Шри Кришнагийн дүр хэлбэр, Шри Кришнагийн лимбэ, Шри Кришнагийн биеийн өнгө— энэ бүгд цөм үнэн бодитой. Вигйанам нь хийсвэр, цэцэрхийллийн мэдлэгийн бүхий л хэлбэрийг үргэлжид ялдаг гэж энд өгүүлж байна. Иймээс Та Өөрийн жинхэнэ дүр төрхөөрөө, Кришна дүрээрээ морилон заларч илрэн тодордоггүй байсан бол агйанабхида (хийсвэр цэцэрхийллийн мэдлэгийн мунхаг байдал)-г ч тэр, мөн вигйанам-ыг ч тэр ойлгож ухаарах нь боломжгүй хэрэг байх байсан. Агйана-бхидапамарджана— Таны илрэл тодролын ач тусаар л харанхуй мунхаг хүмүүсийн хийсвэр цэцэрхийллийн мэдлэг няцаагдан дарагдаж, Брахма бурхан зэрэг эх сурвалжуудаас хүртсэн бодитойгоор хэрэгжүүлсэн жинхэнэ мэдлэг түгэн дэлгэрэх болно. Материаллаг мөн чанарын гурван гунуудын эрхшээл нөлөөн доор оршин байгаа хүмүүс нь эдгээр гунууддаа таарч тохирсон байдалтайгаар өөрсдийн Бурханыг дүрслэн бодож бий болгодог. Энэ л учраас Бурханы тухай янз бүрийн ойлголт төсөөллүүд байдаг. Гэхдээ Та морилон заларч илэрч тодорсоноороо Бурханы жинхэнэ дүрийг нээн хүртээдэг.” Бодьгал бусыг баримтлагчдын гаргадаг хамгийн том алдаа нь тэд, Бурханы хувилгаан дүр илэрч тодрохдоо цэвэр ариуны гуна дахь материаллаг бие махбодийг авдаг гэж үздэгт оршдог. Үнэн хэрэгтээ бол Кришнагийн буюу Нарайанагийн дүр нь аливаа материаллаг ойлголт төсөөлөлд трансценденталь байдаг. Тэр бүү хэл, бодьгал бусын онол номлолын хамгийн аугаа төлөөлөгч Шанкарачарйа: нарайанах паро `вйактат буюу материаллаг бүтээл нь материйн бодьгал бус илрэл тодрол— авйакта-гаар буюу илэрч тодроогүй төлөв байдалдаа байгаа материйн цогцоор өдөөгддөг, гэхдээ Кришна ямар ч үед энэхүү материаллаг ойлголт үзэл бодолд трансценденталь байдаг гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ нь Шримад Бхагаватамд шудха-саттва (трансцендент) гэсэн үгээр илэрхийлэгддэг. Тэр цэвэр ариуны гунад хамаарагддаггүй, харин түүний дээр оршдог. Тэр бол трансценденталь— мэдлэг хийгээд цэнгэл жаргалаар дүүрэн, трансценденталь мөнх төлөвт оршдог. “Ай Бурхан минь ээ, Та янз бүрийн хувилгаан дүрүүдээрээ илэрч тодрохдоо янз бүрийн нөхцөл байдлаас хамаараад янз бүрийн нэр алдар хийгээд дүр төрхийг авдаг. Та бүхнийг татдаг учраас Кришна— энэ бол Таны нэр. Мөн трансценденталь гуа сайхнаас тань болж Таныг мөн Шйамасундара гэж нэрлэдэг. Шйама гэж “бараг хар гэмээр бараан” гэсэн утгатай үг, гэхдээ Таныг мянга мянган хайрын бурхдаас илүү гуа үзэсгэлэн төгөлдөр буюу кандарпа-коти-каманийа гэж ярьдаг. Таны арьсны өнгийг бараан үүлтэй зүйрлүүлдэг ч гэсэн Та трансценденталь хийгээд үнэмлэхүй учраас Таны гуа сайхан хайрын бурхан Купидоны сэтгэл татсан дүрээс хэмжээлшгүй илүү хүчтэйгээр татдаг. Говардхана толгойг өргөсөн болохоор Таныг заримдаа Гиридхари гэж нэрлэдэг. Нанда Махараджа, Васудева, Деваки нарын хүү нь болж илэрч тодорсон учраас Таныг мөн заримдаа Нанданандана, Ваасудева эсвэл Девакинандана гэж нэрлэдэг. Бодьгал бусыг баримтлагчид нь Таныг материаллаг ажиглагчийн байр сууринаас авч үздэг учраас Таны олон нэр алдар хийгээд дүр хэлбэрүүд нь тус бүрдээ үйл ажиллагааны хийгээд шинж чанарын тодорхой нэгэн хэлбэрт таарч тохирсон байдлаар өгөгддөг гэж үздэг. Ай Бурхан минь ээ, Таны үнэмлэхүй мөн чанар, Таны үнэмлэхүй дүр хэлбэр хийгээд Таны үнэмлэхүй үйлүүдийг ухаан бодлын цэцэрхийллийн замаар хэн ч ойлгож чадахгүй. Чин бишрэл дүүрэн бялхах албанд тань зүтгэхэд л өөрийгөө зориулах хэрэгтэй, зөвхөн тэгсэн цагт л Таны үнэмлэхүй мөн чанар, трансценденталь дүр хэлбэр, нэр алдар болон шинж чанарыг тань жинхэнээр нь ойлгож ухааран танин мэдэж болно. Үнэндээ бол Таны бадамлянхуа өлмийд үйлчлэн зүтгэхийн зарим нэгэн амтыг амталж мэдэрсэн зөвхөн тийм хүн л Таны трансценденталь мөн чанар, хэлбэр дүр болон шинж чанарыг ойлгож чадна. Бусад нь бол сая сая жилийн туршид үргэлжлүүлэн цэцэрхийлж байсан ч Таны жинхэнэ байдлыг тун өчүүхэн төдий хэмжээгээр ч ойлгож чадахгүй билээ.” Өөрөөр хэлбэл, Бурханы чин бишрэлтэн бусчууд нь Бурханы Дээд Бодьгалыг ойлгож чадахгүй. Учир нь юу вэ гэвэл, йогамайа-гийн хаалт гивлүүр Түүний жинхэнэ дүрийг тэдний хараанаас далдалдаг. Бурхан үүнийг Бхагавад Гита-д батлан айлддаг: нахам пракашах сарвасйа. “Би Өөрийгөө бүгдэд хийгээд хэн бүхэнд харуулдаггүй.” Кришна газар дэлхийд морилон илэрч тодрох үедээ Курукештрагийн тулааны талбар дээр заларсан хийгээд Түүнийг хэн бүхэн харж байсан ч Тэр бол Бурханы Дээд Бодьгал гэдгийг хүн бүр ойлгоогүй билээ. Гэхдээ Түүнийг тэнд залран байх үед тулаанд амь эрсэдсэн хэн бүхэн материаллаг боолчлолын уяа хүлээснээс бүрэн ангижирч бурханлаг ертөнцөд дээшлэн хүрч очсон. “Ай Бурхан минь ээ, бодьгал бусыг баримтлагчид болон чин бишрэлтэн бусчууд нь Таны нэр алдар болон Таны дүрийн утга, чанар нэг буюу Таны нэр алдар болон дүр адил гэдгийг ойлгодоггүй.” Бурхан үнэмлэхүй учраас Түүний нэр алдар болон Түүний жинхэнэ дүр хоёрын хооронд ялгаа байдаггүй. Харин материаллаг ертөнцөд бол ямар нэгэн зүйл хийгээд түүний нэр хоёр нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Манго жимс “манго” гэдэг үгнээс ялгаатай. “Манго манго манго” гэж зүгээр л давтан хэлснээр манго жимсний амтыг мэдэрч чадахгүй. Тэгвэл Бурханы нэр алдар болон дүрийн хооронд ялгаа байдаггүй гэдгийг мэддэг чин бишрэлтэн Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-г давтан хэлдэг буюу уншдаг бөгөөд ингэснээрээ Кришна үргэлж түүнтэй хамт байгааг ухаардаг. Бүхний Дээдийн тухай үнэмлэхүй мэдлэгт ахиц дэвшлийг төдийлөн гаргаж амжаагүй байгаа хүмүүст зориулан Бурхан Кришна Өөрийн трансценденталь цэнгээн наадмаа нээн дэлгэрүүлдэг. Бурханы тоглоом наадмын тухай зүгээр л бодсоноороо тэд түүнээс боломжтой бүхий л ач тусыг хүртэж чадна. Бурханы трансценденталь нэр алдар болон дүрийн хооронд ялгаа байдаггүй учраас Түүний трансценденталь цэнгээн наадам нь Түүний дүрээс мөн л ялгаагүй. Төдийлөн оюунлаг бус хүмүүст (эмэгтэйчүүд, ажилчид болон худалдаачид зэрэг) зориулан аугаа мэргэн Вйасадева Махабхарата-г туурвисан. Энэ бүтээлд Кришнаг болон Түүний янз бүрийн үйлүүдийг тодорхойлон өгүүлдэг. Махабхарата-д түүхэн үйл явдлуудыг өгүүлдэг бөгөөд Кришнагийн трансценденталь цэнгээн наадмуудыг үзэж судалснаар, тэдний тухай сонссоноор, мөн тэдний тухай бодож дурссанаар төдийлөн оюунлаг бус хүмүүс ч гэсэн аажмаар цэвэр чин бишрэлтэнгийн түвшинд мөн дээшлэн хүрч болдог. Кришнагийн трансценденталь бадамлянхуа өлмийн тухай бодолд үргэлжид автан байдаг хийгээд Кришнагийн бүрэн ухамсартайгаар чин бишрэлийн албанд тасралтгүйгээр зүтгэж байгаа цэвэр чин бишрэлтэнгүүдийн тухай, тэд материаллаг ертөнцөд оршсоор байна гэж огт бодох ёсгүй. Бие махбодь, ухаан болон үйлээрээ Кришнагийн ухамсарт үргэлжид зүтгэн байгаа хүнийг одоогийн энэ бие махбодидоо оршин байгаа ч гэсэн ангижирсан гэж үзэх хэрэгтэй гэж Шрила Рупа Госвами тайлбарласан. Үүнийг мөн Бхагавад Гита-д батлан өгүүлдэг: Бурханы чин бишрэл дүүрэн албанд зүтгэж байгаа хүн материаллаг ертөнцийг хэдийнээ ардаа орхисон буюу материаллаг түвшингээс хэдийнээ дээшлэн гарсан байдаг. Кришна чин бишрэлтэнгүүддээ, мөн чин бишрэлтэн бусчуудад ч гэсэн амьдралын жинхэнэ зорилгыг ухаарч танин мэдэх боломжийг хүртээх гэж илрэн тодордог. Чин бишрэлтэнгүүд нь Түүнийг шууд харах хийгээд Түүнд бишрэл хүндэтгэлээ итлэрхийлэх боломжийг хүртдэг. Энэ түвшинд хараахан хүрч амжаагүйчүүд нь бүгдээрээ Түүний өрнүүлдэг цэнгээн наадмыг таньж мэдэж авах хийгээд тэгснээрээ мөн тэр түвшинд дээшлэн хүрэх боломжийг хүртдэг. “Ай Бурхан минь ээ, ай дээдийн дээд Удирдан залагч минь ээ, Таныг газар дэлхий дээр морилон заларч илрэн тодрох цагт Камса болон Джарасандха мэтийн демонууд бүгд дарагдан аз жаргал хийгээд амар амгалан байдал эргэн тогтох болно. Таныг газар дэлхий дээгүүр алхахад Таны улан дээр байдаг далбаа, сэрээ болон аянгын дүрс бүхий мөрийг бадамлянхуа өлмий тань үлдээх болно. Ингэснээрээ Та газар дэлхийд ч, мөн эдгээр мөрүүдийг харж байгаа тэнгэрийн гаригуудын бидэнд ч ивээлээ хайрлан хүртээж байгаа хэрэг болно.” “Ай Бурхан минь ээ,” хэмээснээ сахиулсан тэнгэрүүд залбиралаа цааш үргэлжлүүлэв: “Та бол төрдөггүй, иймээс Та Өөрийгөө трансценденталь цэнгээн наадмаараа баясгах гэж л ирдэг гэдгээс өөр Таны илрэн тодрохуйн учир шалтгааныг бид олохгүй байна.” Бурханы илрэн тодрохуйн учир шалтгааныг Бхагавад Гита-д тайлбарласан байдаг ч (Тэрээр чин бишрэлтэнгүүдээ хамгаалах хийгээд демонуудыг дарах гэж морилон бууж ирдэг) угтаа бол Тэр чин бишрэлтэнгүүдтэйгээ баяр хөөр дүүрэн учран золгох гэж л морилон бууж ирдэг болохоос биш демонуудыг хөнөөн дарах гэж биш. Материаллаг мөн чанар өөрөө ч гэсэн демонуудыг хөнөөн дарж чадна.” Материаллаг мөн чанарын үйлдэл хийгээд хариу үйлдэл нь (бүтээл, өрнөл болон устал) өөрөө л аяндаа болж явагддаг. Харин Таны чин бишрэлтэнгүүдийн хувьд гэвэл тэд зүгээр л Таны ариун гэгээн нэр алдраас аврал ивээлийг олсноор хангалттай хэмжээгээр хамгаалагдсан байдаг. Учир нь Таны ариун гэгээн нэр алдар болон Таны Бодьгал хоёр нь өөр хоорондоо ялгаагүй билээ.” Чин бишрэлтэнгүүдээ хамгаалах болон демонуудыг хөнөөхийн төлөөнөө Бурханы Дээд Бодьгал Өөрөө заавал морилон бууж ирэхийн хэрэггүй билээ. Тэр бол Түүний гол үйл хэрэг биш. Тэр зөвхөн Өөрийн трансценденталь баяр хөөр, цэнгэл жаргалын улмаас л морилон бууж ирдэг. Түүний илрэн тодрохуйд өөр учир шалтгаан гэж байж чадахгүй. “Ай Бурхан минь ээ, Та Йаду удмынхны шилдэг нь болон илрэн тодорч байна. Бид Таны бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэл дүүрэн хийгээд хүлцэнгүйгээр залбиран мөргөнөм. Та Өөрийн энэ дүрдээ илрэн тодрохоосоо өмнө мөн загасны, бодонгийн, морины, яст мэлхийн, хунгийн дүрээр, бас Рамачандра хаан, Парашурама болон өөр бусад олон дүрээр илрэн тодорсон билээ. Та зөвхөн, чин бишрэлтэнгүүдээ хамгаалах гэж л илрэн тодорч байсан билээ. Иймээс Бурханы Дээд Бодьгал дүрээрээ илрэн тодорч байгаа одоогийн энэ илрэл тодролын үедээ мөн л биднийг гурван ертөнцийн хаана ч гэсэн дээрх дүрүүдтэйгээ адилаар хамгаалах хийгээд амар амгалан амьдрахад минь саад тотгор болж байгаа бүхнийг зайлуулж өгөөсэй гэж Танаас хүсэн гуйнам. Эрхэм Деваки ээж минь ээ, таны хэвлийд Бурханы Дээд Бодьгал Кришна Өөрийн бүхий л бүрэн хувилгаан дэлгэрэл дүрүүдийн хамтаар залран байна. Тэр бол бидний сайн сайхны төлөө морилон бууж ирэн илрэн тодорч байгаа Бурханы анхдагч Бодьгал билээ. Иймээс та Бходжагийн хаан—ахаасаа айж эмээхийн хэрэг байхгүй. Таны хүү— Бурханы анхдагч Бодьгал Кришна зөв сайн үйлтэй Йаду удмынхныг хамгаалахаар ирж байна. Бурхан зөвхөн Өөрөө морилон бууж ирж байгаа юм биш, Түүнийг мөн Түүний шууд бүрэн хувилгаан дэлгэрэл дүр Баларама дагалдаж байна.” Камса бүх хүүхдүүдийг нь хөнөөсөн учраас Деваки ахаасаа маш их айж байлаа. Тэр Кришнагийн тухайд сэтгэл маш их зовж байв. Вишну Пурана-д өгүүлсэнчлэн, Девакиг тайвшруулахаар бүхий л сахиулсан тэнгэрүүд эхнэрүүдийн хамтаар түүн дээр байнгад зочлон ирж Камса хүүгий нь хөнөөнө гэж айхын хэрэггүй гэж хэлж ярин сэтгэлийг нь засаж байв. Түүний хэвлийд заларч байгаа Кришна зөвхөн газар дэлхийг нөмөрсөн хүнд хэцүү зовлонгоос нь ангижруулах гэж биш, харин юуны өмнө онцгойлон Йаду удмынхны хүсэл сонирхолыг хамгаалах, мөн мэдээжийн хэрэг Деваки болон Васудева нарыг аврахаар морилон бууж ирсэн. Кришна Васудевагийн ухаанаас Девакигийн ухаанд шилжин орсоны дараагаар одоо түүний хэвлийд заларч байна. Иймээс бүхий л сахиулсан тэнгэрүүд Кришнагийн ээж Девакид хүндэтгэлээ илэхийлж байна. Бурханы трансценденталь дүрд ийнхүү бишрэл хүндэтгэлээ илэрхийлсэнийхээ дараагаар Брахма болон Шива тэргүүтэй сахиулсан тэнгэрүүд бүгд тэнгэрийн гаригууд дээрх өөр өөрсдийн орон тийш одоцгоолоо.
Мөнхийн цэнгэл жаргалын эх булаг номын “Эхийнхээ хэвлийд залран байгаа Бурхан Кришнад сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь.” нэртэй хоёрдугаар бүлэгт Бхактиведантын хийсэн тайлбар ийнхүү өндөрлөлөө. |