Дөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. ..
Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно…
Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? ..
Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь түүхийн нотолгоон дээр суурилж батлан нотлох арга юм. Олон олон түүх судлаачид томоохон судалгааны ажлыг хийсний дүнд ийм тийм дүгнэлтэнд хүрлээ гэж ярьдаг. Жишээ нь тэд: “Явуулсан судалгааны үр дүнд бид энэхүү соёл иргэншил нь манай эриний өмнөх 500-гаад оны үеийнх болохыг тогтоолоо” гэх мэтчилэн өгүүлдэг. Хүмүүс хэлэхдээ, эрдэмтэд л ингэж хэлж байгаа хойно тэдний үг бол прамана буюу нотолгоо гэж үздэг. Гэвч өөр зарим түүх судлаачид тэдний дэвшүүлсэн онолыг хүлээн зөвшөөрдөггүй…
Хэдийгээр аитихья нь нотолгооны нэг хэлбэр хэдий ч бид түүнийг хүлээн авдаггүй. Ингэснээр шрути прамана буюу Ведүүдийн өгүүлж буй нотолгоо нь үндсэн нотолгоо болж хувирч буй юм. Бид тэдгээр нь шрути праманатай нийцэж буй тохиолдолд л пратьякша, аитихья, анумана нотолгоонуудад итгэж чадна. Эсрэг тохиолдолд бид түүнийг үнэн баттай гэж хүлээн авч чадахгүй…
Ведүүд батлахдаа, амьтны ялгадас болон үхсэн амьтны ясыг ариун бус хэмээдэг. Гэвч үүний сацуу Ведүүд айлдахдаа, амьтны ялгадас болох үхрийн баасыг, амьтны яс болох дунг ариун гэж үздэг. Бид дунг сүмд байлгаж, арати хийхийн өмнө болон ямар нэг баярт үйл явдлын үед үлээдэг. Үүнийг тааламжтай сайн зүйл гэж тооцдог. Энд ямар нэг нотолгоо шаардлагагүй бөгөөд учир нь Ведүүд ийнхүү айлдсан. Хэдийгээр амьтны ялгадас нь цэвэр бус авч үхрийн баасыг цэвэр хэмээн тооцож байна. Энэ тохиолдолд эрдэмтэд бидэнд юу хэлж чадах бол? Үхрийн баасыг авч, лабораторид шинжлээд үз. Та юу олж мэдэх вэ? Тэр бол маш төгс бактери эсэргүүцэгч болохыг олж мэднэ. Гэтэл Ведүүд энэ талаар аль хэдийнээ хэлчихсэн. Тийм атал бид юуны тулд ийн толгойгоо өвтгөх ёстой гэж? Ведүүдийн хэлснийг зүгээр л хүлээн авах хэрэгтэй!
ШРИ ШРИМАД ГОУР ГОВИНДА СВАМИ “РАШААНЫ ЦУТГАЛАН” НОМООС
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас