Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг.Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа.
Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад гүйж очих энэ байдал бяцхан Шраванд үнэхээр сайхан байв. “Өвөө, та Кришна бурхан шөнө ирээд энэ бүх хоолыг иднэ гэсэн үү?” Ээж Рагини нь нойтон будааны гурилаар урд хаалганаас эхлээд пуужаны өрөө хүртэл зам татуулсан байв. “Тийм ээ, Шраван” “Би түүнийг харж болох болов уу? .. . Кришна бурхныг?” “Болно оо… Хэрвээ чи жинхнээсээ хүсээд сайн залбирч чадвал” Хүү тавган дээр атга дүүрэн сийдай, жаахан цөцгийн тос, хэдэн жимс аваад орныхоо хажууд аваачиж тавив. “Өвөө, Кришна үнэхээр эднийг идэх болов уу?” “Тэгэлгүй яахав… Хэрвээ чи чин сэтгэлээсээ хүсээд залбирвал” Тэр эмээ өвөөгийнхөө дэргэд унтаж байжээ. Өхөөрдөм царайн дээр нь инээмсэглэл доторч байлаа. Шөнө дунд хэн нэгэн биед нь хүрч сэрээв. Булцгар гараараа нүдээ нухаад хартал шар торгон хувцас өмсч, гартаа лимбэ барьсан, толгойн дахь титмэн дээрээ тогосны өдтэй Кришна бурхан инээмсэглэн зогсож байлаа. “Хөөх! Та үнэхээр Кришна юу?” “Тэгэлгүй яахав” Хүү хөөр баяраар бялхав. “Та миний чийдайнаас авах уу?” “Мэдээж” Кришна, Шраван хоёр бүх амттанаа хуваагаад идчихэв. Бас олон сайхан зүйлс ярилцжээ. Тэгээд Кришна түүнд “Би одоо явах ёстой Шраван. Илүү сайн хүү байх хэрэгтэй шүү, би чамайг үргэлж хайрлах болно. Тэгээд намайг энд ирсэн гэдгийг хэнд ч бүү хэлээрэй” гээд салах ёс гүйцэтгэлээ. Бяцхан хүү Кришнаг тэврээд “Баяртай, баяртай” гэж шивнэв. Кришна хаалгаар гарч одов. Шраван унтахаар хөнжлөө нөмөрч байхдаа Кришнагийн лимбийг харлаа. “Өө, тэр лимбээ мартчихаж!” Хүү чимээгүйхэн босч тасалгааны буланд очоод Винни Пүүхийн үүргэвчиндээ лимбийг хийлээ. Орондоо буцаад ороход нь царай нь аз жаргалаар гэрэлтэж байлаа. Энэ үед өглөөний зургаан цаг болж байв. Вишванатан кофегоо уугаад алхахаар гарлаа. Тэр замын эсрэг талын байшин руу очив. Байшин дээр “Сенгалипурам Наатя, Наатака Сабха” гэж бичсэн байлаа. Хаалгыг тогштол нэг залуу үүд тайлав. “Өө, Вишу ээж. Ор, ор. Ийм эрт юу авчраа вэ?” “Ганеша! Чи шинэ лимбэ авах хэрэгтэй болох нь. Урд шөнө өөрийнхийгөө үлдээчихсэн байна лээ. Харин шинийг авахаараа тооцооныхоо хуудсыг надад өгчихнө биз. Хүү минь үнэхээр баяртай байгаа. Чамд их баярлалаа!” Вишванатан цааш алхлаа.
http://ushasuryamani.sulekha.com/blog/post/2007/12/lord-krishna-and-little-shravan.htm
Орчуулж бэлдсэн: Хишигээ
|