Бурханы Дээд Бодгаль маш олон хүү, охинтой эцэг хүнтэй адил. Жишээ нь, нэг хүү нь бизнестээ их амжилттай явж байгаа бол эцэг нь түүнд тэгтлээ санаа зовниод байдаггүй. Тэрээр заримдаа, “Ажил хэрэг нь ямаршуу байна даа? ” хэмээн асуугаад, – “Болж байна, сайн байна” хэмээдэг.
Өөр нэг хүү нь магадгүй сурж байж болох юм. Эцэг нь түүнд зарим үед санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлнэ. Гэтэл бас өөр нэг хүү байна. Тэр хүү нь тун залуухан, бараг л жаахан хүүхэд шиг. Дээр нь маш маш хүнд өвчтэй. Тэрээр орондоо хэвтэх ба эцэг нь тэр хүүгийнхээ орны дэргэд үргэлж суух ба түүний биеийн байдлыг ажиглана. Түүний энэхүү хүнд хэцүү нөхцөл байдлаас болоод эцэг нь цаг ямагт түүнд уягдан татагдаж байдаг.
Кали юга нь үүнтэй адил. Энэ эринд бид бүгдээрээ тийм хүүтэй адил. Бид өвчтэй, мөн өрөвдөлтэй нөхцөл байдалд оршин буй. Бурханлаг амьдралын тухайд гэвэл бидэнд ямар ч зүй зохистой шинж чанар гэж үгүй.
Ийм учраас л Дээд Эзэн Кришна, бүхий л амьд бодгалиудыг хайрлан энэрэгч эцгийн хувьд Кали эриний амьд бодгалиудад онцгой анхаарал хандуулдаг ба тэднийг авч явахаар биечлэн Өөрөө ирдэг.
Шрила Бхактивайбхава Свами, “Ведийн мэргэн ухааны өв” лекцээс, 2003 он.
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас