1973 оны арван хоёр сарын 3.
Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.
Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор В.Г.Вольф-Ротткей болон бусад шавь нар дагалдан явна.
Гариг хоорондын хийн үүсэл
Д-р Сингх: Эрдэмтэд, Дэлхий нь тодорхой шатанд хийн төлөвт орчинд хөвж байдаг тоосонцруудын ширхгээс тогтдог гэж ярьдаг. Дараа нь цаг хугацааны аясаар ээнхүү коллоид нэгдэл хуримтлагдан бөөгнөрч, Дэлхий ертөнц үүссэн гэдэг.
Шрила Прабхупада: Магадгүй юм. Гэвч хий хаанаас бий болсон байх вэ?
Д-р Сингх: Тэр зүгээр л оршин байсан гэж ярьдаг!
Шрила Прабхупада: Кришна “Бхагавад-гита”-д /7.4/ өгүүлэхдээ:
бхумир апо анало вайух
кхам мано буддхир эва ча
аханкара итийам ме
бхинна пракритир аштадха
“Шороо, ус, гал, огторгуй, хий, ухаан, оюун ухаан, хуурмаг би – энэ найман махбодь нь Миний тусгай эрчмийг бүрдүүлдэг” гэжээ. Кришна энд, Тэрээр вайу(хий)-н хийн эх үүсвэр хэмээн тайлбарлажээ. Вайугаас кхам(огторгуй) нарийн, огторгуйгаас ухаан нарийн, ухаанаас оюун ухаан нарийн, оюун ухаанаас хуурмаг би нарийн, хуурмаг би-гээс сүнс нарийн. Гэвч эрдэмтэд үүнийг мэддэггүй. Тэд бүдүүн барагхан илрэл тодролыг л танин ойлгодог. Тэд хий гэдгийг ойлгоод байгаа ч тэрээр хаанаас үүсэн бий болсныг мэддэггүй.
Д-р Сингх: Үүнд тэд хариулж чадахгүй.
Шрила Прабхупада: Харин бид чадна. “Шримад-Бхагаватам”-аас бид, хий нь кхам буюу огторгуйгаас, огторгуй нь ухаанаас, ухаан нь оюун ухаанаас, оюун ухаан нь хуурмаг би-гээс харин хуурмаг би нь сүнснээс үүсэн бий болдог гэдгийг мэднэ.
Д-р Сингх: Эрдэмтэд, Дарвины биофизикийн хувьслаас нилээд өмнө тэдний нэрлэдэгчлэн добиологи хими буюу химийн хувьсал байсан хэмээн баталцгаадаг. Шрила Прабхупада: Тиймээ. “Химийн хувьсал” хэмээх онол нь химийн бодис нь эх үүсвэртэй ба харин энэ эх үүсвэр нь сүнс буюу амьдрал гэсэн үг. Нимбэгнээс нимбэгний хүчил боловсрон бий болдог. Харин бидний бие махбодиас шээс, цус, шүүрэл зэрэг олон төрлийн химийн бодис боловсрон бий болдог. Энэ нь химийн бодис нь амьдралыг биш амьдрал нь химийн бодисыг бий болгодог гэдгийн баталгаа.
Д-р Сингх: Эрдэмтэд, амьдралын үр эсэд нэвтэрсний дараагаар амьд бодгаль нь өөрөө өөрөө хөгжин, үйл хийдэг гэж ярьдаг.
Шрила Прабхупада:Тиймээ. Гэвч хэн үрийг хайрладаг билээ? Бхагавад-гитад /7.10/ Кришна энэ асуултанд хариу өгсөн. Бижам мам сарва-бхутанам виддхи партха санатанам: “Ай Притхийн хүү минь ээ, Би бол бүх оршнолын анхдагч үр билээ” гэсэн байна. Цааш нь/14.4/:
сарва-йонишу каунтейа
муртайах самбхаванти йах
тасам брахма махад йонир
ахам бижа-прадах пита
“Материаллаг байгаль нь амьдралын бүхий л төрлийн хэлбэрийг үүсэн болох боломжийг олгодог хийгээд харин Би бол үрээ хайрлагч эцэг гэдгийг ойлгох хэрэгтэй”.
Анхдагч Бүтээгчид магтаал өргөхүй
Д-р Вольф-Ротткей: Гэхдээ Шрила Прабхупада, би бүрнээ хүлцэнгүй номхноор танд нэг асуулт тавихыг хүсэж байна. Жишээ нь, эрдэмтэд жинхэнэдээ хиймэл аргаар амьд эсийг бий болгосон гэж бодъё. Энэ тухайд та юу хэлэх вэ?
Шрила Прабхупада: Тэдний гавъяа нь юунд орших вэ? Тэд байгаль дээр аль хэдийнээ оршин байгаа тэр зүйлийг л хуулбарлан дууриадаг. Хүмүүст янз бүрийн хуулбарлан дуурайх байдал их таалагддаг. Хэрэв шөнийн клубт хэн нэг хүн нохойг дуурайвал хүмүүс түүнийг харахын тулд түүнд мөнгө төлдөг. Гэвч жинхэнэ нохойг хуцвал тэд түүнд ямар ч анхаарал хандуулдаггүй.
Д-р Сингх: Шрила Прабхупада, химийн хувьслын тухай үзэл санааг 1920 онд оросын биологч дэвшүүлэн тавьсан. Тэрээр биохимийн хувьслын өмнө Дэлхийн агаар мандал дахин сэргэх процесс явагдсан гэдгийг харуулсан. Өөрөөр хэлбэл тэр нь жаахан хүчилтөрөгчийн хольцтой устөрөгчөөс тогтдог. Дараа нь тодорхой хугацааны дараагаар нарны цацраг нь устөрөгчийн молекулууд олон янзын химийн нэгдлүүд болоход хүргэнэ.
Шрила Прабхупада: Энэ бол судалгааны шат. Юуны өмнө хаанаас устөрөгч үүсээд байна вэ ? Эрдэмтэд энэ асуудыг дундаас нь судладаг. Тэд эх үүсвэрт анхаарал хандуулдаггүй. Эхлээд юу байсныг бид мэдэх ёстой. Энэ онгоцыг хар даа.(Дээр нисэж буй онгоцыг заав). Энэ машин нь тэнгисээс үүсэн бий болсон гэж батлаж чадах уу? Холч бус ухаантай хүн гэнэт тэнгисээс гэрэл гарч ирээд, онгоц бий болчихсон гэж хэлж болох юм. Гэвч энэ нь шинжлэх ухааны тайлбар мөн үү? Эрдэмтдийн тайлбар иймэрхүү л юм байдаг. Тэд: “Эхлээд иймэрхүү л нэг юм байлаа. Дараа нь гэнэт тохиолдлоор түүнээс ийм зүйл бий болсон” гэж ярьдаг. Энэ бол шинжлэх ухаан биш. Шинжлэх ухаан нь анхдагч шалтгааныг тайлбарлах ёстой.
Эрдэмтэд байгаль дээр хэдийнээ байгаа ямар нэг зүйлийг бүтээн бий болгож чадах ч энэ түүнийг даван гарж чадна гэх шалтаг биш. Бид анхдагч бүтээгч, Бурханд магтаал өргөх ёстой. Үүнд л бидний гүн ухаан оршино.
Д-р Сингх: Байгалийн ямар нэг хуулийг нээгээд эрдэмтэн ерөнхийдөө түүнийг өөрсдийн нэрээр нэрлэдэг.
Шрила Прабхупада: Яг тийм. Хууль байгальд оршдог ч энэ мэхлэгчид магтаал хүндэтгэлийг өөрсөд дээрээ авахыг хүсдэг.
Геронтологи: Зовлон зүдгүүрийг уртасгадаг
Д-р Сингх: Тэд чухамдаа байгалийн хуультай тэмцэж байдаг ч энэ нь ихэвчлэн тэдэнд ханамж таашаал өгдөг.
Шрила Прабхупада: Энэ бол хүүхдийн л таашаал ханамж. Жишээ нь, жаахан хүүхэд хүч үл хайрлан далайн эрэг дээр элсээр шилтгээн барьжээ гэж бодъё. Энэ нь түүнд таашаал ханамж авч ирж болох ч энэ бол ердөө хүүхдийн таашаал, баяр баясал. Материалистууд нь хуурмаг аз жаргалын стандартыг бий болгосон. Тэд гайхамшигтай нөхцлийг бүтээн бий болгосон авч энэ бүгд нь хуурмаг. Ийм учраас тэд тэнд цэнгэн жаргаж чадах нөхцөл байдлыг бүтээн бий болгож чадахгүй. Дурын цаг мөчид үхэл хүрээд ирж магад бөгөөд түүний жаргал цэнгэл нь ингээд л дуусна.
Д-р Сингх: Тэд, Бурхан бидэнд бүхнийг өгөөгүй. Тийм ч учраас бид мөнхөд амьдарч чадахгүй байна гэж ярьцгаадаг.
Шрила Прабхупада:Гэвч биднийг энэ ертөнцөд амьдрахад шаардагдах болон Түүнийг танин ухамсарлахад шаардлагатай бүхнийг өгсөн. Яагаад тэд Түүний танин ойлгохыг үл хүснэ вэ? Үүний оронд харин тэд Түүнийг мартах бүхнийг хийдэг.
Д-р Сингх: Орчин үеийн эрдэмтэд, амьдралыг уртасгах асуудлыг судалдаг геронтлоги гэж нэрлэгдэх шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар ухааныг бий болгосон.
Шрила Прабхупада: Тэдний жинхэнэ зорилго зовлон шаналлыг таслахад орших ёстой. Жишээ авъя л даа. Олон янзын өвчинд нэрвэгдсэн хөгшин настай хүн байж. Гэтэл гэнэт эмч нар түүний амьдрах хугацааг уртасгачихжээ. Үүний ашиг тус нь юунд байна?
Д-р Сингх: Зүрхийг шилжүүлэн суулгаад, чухамхүү үүнийг л тэд хийдэг.
Шрила Прабхупада: Энэ бол дэмий зүйл! Тэд үхэлд төгсгөл тавиг л дээ. Энэ нь тэдний ололт амжилт байг. Тэд бүх өвчинг ялаг. Энэ нь тэдний ололт амжилт байг. Гэвч тэд ингэж чадахгүй. Ийм учраас л тэдний энэ бүх судалгаа шинжилгээ нь ердөө л оршихуйн төлөөх тэмцэл гэж хэлээд байгаа юм. Кришна, “Бхагавад-гита”д/15.7/:
мамаивамшо жива-локе
жива-бхутах санатанах
манах-шаштханиндрийани
пракрити-стхани каршати
“Энэ болзолт ертөнц дээрхи амьд оршнолууд нь Миний мөнхийн өчүүхэн жижиг хэсгүүд. Болзолт амьдралын уршгаар тэд ухааныг оролцуулсан зургаан мэдрэхүйтэйгээ хатуу ширүүн тэмцэл хийх хэрэгтэй болдог”.
Шавь: Одоо энэ цаг үед газрын тосны хомсдол дэлхий ертөнцөд нүүрлэж байгаа.
Шрила Прабхупада: Тиймээ. Бид газрын тосноос хамааралтай байх тийм соёл иргэншлийг бүтээсэн. Энэ нь байгалийн хуулийг зөрчдөг. Ийм ч учраас газрын тос хүрэлцэхгүй байгаа юм. Байгалийн хуулиар бол одоо өвөл ойртож байна. Эрдэмтэд энэ процессыг зогсоож, өвлийг зун болгочихож чадахгүй. Тэд, байгалийг удирдаж байна гэж санан төөрөгдөлд орсон байдаг. “Бхагавад-гита”-д Кришна, амьд бодгаль нь үйлийг өөрөө үйлдэж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ тэднийг байгаль үйлдэж байгаа юм. Одоо нар гарч байна. Харанхуй болгох тийм зүйлийг тэд хийж чадах уу? Харанхуй болмогц тэд нарыг захиран: “Манд” гэж хэлж чадах уу?
Хэрвээ тэд үнэхээр байгалийг ялахыг хүсч байгаа бол тэд төрөлт, үхэл, өвдөх, өтлөхийг ялахыг оролдох хэрэгтэй гэдгээ ойлгодоггүй. “Бхагавад-гита”-д/7.14/ Кришна:
даиви хи эша гунамайи
мама майа дуратйайа
мам эва йе прападйанте
майам этам таранти те
“Материаллаг байгалийн гурван гунаас тогтох Миний бурханлаг эрчмийг даван гарахад их хэцүү. Гэвч Надад өөрийгөө даатгагсад маш хялбараар түүний нөлөөллөөс гармуй” гэсэн байдаг.
Д-р Сингх: Энэ нь байгалийн хуулийг ялна гэдэг их хэцүү гэсэн үг үү?
Шрила Прабхупада: Материалист үзэлт хүмүүсийн хувьд энэ нь боломжгүй. Гэвч Кришнад өөрийгөө даатгасан хүнд энэ нь тийм ч хэцүү биш.
Олон янз байдлын жинхэнэ эх үндэс
Д-р Сингх: Амьд бодгалиудын олон янз байдлыг эрдэмтэд, хувьслын тодорхой шатанд дараагийн үе удмыг бий болгохдоо эсийн генүүд нь заримдаа байнгад хэвлэх үйл ажиллагаа явуулдаг хэвлэх төхөөрөмж шиг өөрийгөө хуулбарлан алдаа гаргадаг хэмээн тайлбарладаг. Зарим тохиололд энэ алдаанууд нь буюу мутаци нь батжин бэхжих ба ингэж генийн ялгаатай байдлаас олон янзын амьд бодгалиуд үүсэн бий болдог гэдэг.
Шрила Прабхупада: Гэвч энэ “алдааг” аль эрт цагаас хийсээр ирсэн. Ийм болохоор амьд бодгалиудын бүх төрөл зүйл нь цаг үргэлжид байсаар байсан гэдэгт итгэн үнэмшихэд хэцүү биш. Гэвч “алдааг” байнгад давтаад байвал энэ нь алдаа биш харин оюун ухааны илрэл болно.
Д-р Сингх: Гэвч эрдэмтэд, хэрвээ мутаци байгаагүй бол орчлон дээр зөвхөн нэг л төрлийн амьд бодгаль байх байлаа гэж тайлбарладаг.
Шрила Прабхупада: Үгүй. Бүх амьд бодгалиудын ухаан нь нэг нэгнээсээ ялгаатай. Ийм учраас ухааны олон янзын байдлыг илрэх боломж олгохын тулд ийм олон янзын амьд бодгалиуд шаардлагатай. Жишээ нь, бид энд зугаалж явна. Гэвч хүмүүсийн ихэнхи нь бидэнтэй нэгдэхгүй байна. Яагаад гэвэл тэдний ухааны байдал өөр. Энэхүү ялгааны шалтгаан нь юу вэ?
Д-р Сингх: Энэ нь магадгүй алдаа байх.
Шрила Прабхупада: Үгүй, алдаа биш. Энэ бол тэдний хүсэл. Үхэл ирэх бүрийд амьд бодгаль бүхэн хүсэлтэйгээ тохирсон бие махбодийг хүлээн авдаг. “Бхагавад-гита”-д /8.6/ Кришна өгүүлэхдээ:
йам йам вапи смаран бхавам
тйажати анте калеварам
там там эваити каунтейа
сада тад-бхава-бхавитах
“Бие махбодио орхихдоо хүмүүн ямар ахуйг дурсан сананам бэ энэ төлөвтөө тэрээр зайлшгүйгээр хүрмүй”. Үхэх цаг мөчдөө та юу бодсон бэ тэр нь та дараа нь ямар биед хувилан төрөхийг шууд тодорхойлно. Байгаль танд бие махбодийг өгсөн ба чухам ямар вэ гэдэг нь танаас бус байгалиас хамаарах бөгөөд тэрээр Бурханы удирдлаган дор хөдөлгөөнд орж байдаг.
Д-р Сингх: Гэвч шинжлэх ухаанд, биологийн олон янзын төрөл зүйлүүд нь алдааны улмаас үүсэн бий болсон мэт баталгаа байдаг.
Шрила Прабхупада: Энэ бол тэдний алдаа. Байгалийн хуулинд алдаа үгүй. Төмөр замын вагонд нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлийн купе бий. Хэрэв та гуравдугаар зэрэглэлийн билет худалдан аваад алдаа болж нэгдүгээр зэрэглэлийн купед суулаа гэж бодоход таныг тэнд байхыг зөвшөөрөхгүй. Олон янзын купенд оршин байх нь алдаа биш. Энэ бол зүгээр л бодож олсон зүйл. Энэ бол өөрийн купегээ олоогүй таны л алдаа. Бурхан аливаа зүйлийг маш сайн урьдаас төлөвлөн хардаг. Тэрээр үйлдэж болох бүх алдааг урьдаас мэдэж байдаг. Ийм учраас үйлдсэн алдаанаасаа хамаараад та тодорхой хэлбэрийн биеийг хүлээн авна: “Нааш ир. Танд тохирох бие энд хэдийнээ байна” гэж. 8400 000 амьд бодгалиудын дүр хэлбэр бий бөгөөд бие махбодийг хуваарилахдаа байгаль математикийн маш оновчтой байдлаар үйл хөдлөлөө хийдэг. Засаг төр хотыг байгуулахад тэрээр хотыг бүрэн баригдаж дуусахаас өмнө шоронг барьж байгуулдаг. Яагаад гэвэл хожмоо шоронд илгээгдэх олон гэмт хэрэгтэн бий болно гэдгийг мэднэ. Энэ болл засаг төрийн буруу биш харин гэмт хэрэгтнүүдийн л буруу. Тэд гэмт хэрэгтнүүд болсон болохоор тэднийг тийш илгээх нь зүйн хэрэг. Энэ бол тэдний л алдаа.
Байгальд алдаа гэж үгүй. Кришна:
майадхйакшена пракритих
суйате са чарачарам
хетунанена каунтейа
жагад випаривартате
“Энэ материаллаг байгаль нь бүхий л хөдлөх ба үл хөдлөх амьд бодгалиудыг бий болгон Миний удирдлаган дор үйл хөдлөлөө хийж байдаг юм, ай Кунтийн хүү минь ээ”/Б.г., 9.10/ хэмээн өгүүлжээ. Байгаль нь Бурхан буюу Кришнагийн хяналтан дор ажиллаж байдаг. Ийм учраас тэр хэрхэн алдах билээ? Харин бид л алддаг бөгөөд учир нь бид хоосон хуурмагийн нөлөөн дор оршино. Бидний мэдрэхүй төгс бус ба бид хууртагдан мэхлэгдэх тавилантай. Үүнд л Бурхан ба хүмүүний ялгаа байгаа юм. Бурхан бол төгс бус мэдэрхүйгүй. Түүний бүх мэдрэхүйнүүд нь төгс төгөлдөр юм.
Ханаж цадсан адгуус амьтад
Д-р Вольф-Ротткей: Бидний мэдрэхүйнүүд төгс бус болохоор бидний мэдрэхүйнүүдийн техник “хүч нэмэгдүүлэгчид” мөн л төгс бус гэсэн үг байх нь ээ.
Д-р Сингх: Микроертөнцийг судладаг бидний микроскоп нь мөн л төгс бус байх ёстой болох нь.
Шрила Прабхупада: Материаллаг ахуй гэдэг нь төгс бус ахуй гэсэн утгатай. Хэрэв та төгс мэдлэг, төгс мэдрэхүйг шингээлгүйгээр ямар нэг зүйлийг барилаа гэхэд та юу ч барьсан энэ нь төгс бус болох учиртай.
Д-р Сингх: Хэрэв эрдэмтэд төгс төгөлдөр микроскоп бүтээсэн ч ялгаагүй түүнийг төгс бус нүдээр харна.
Шрила Прабхупада: Тиймээ. Үнэн. Эндээс бид эрдэмтдийн ярьсан бүхэн төгс бус гэсэн дүгнэлт хийж байна.
Д-р Сингх: Гэвч тэд өөрсөддөө их л сэтгэл хангалуун байгаа юм шиг санагддаг.
Шрила Прабхупада: Илжиг ч мөн л сэтгэл ханамжтай байдаг. Тэрээр угаагчийн ачааг тээвэрлэж яваадаа сэтгэл ихэд хангалуун явдаг. Бүгд сэтгэл хангалуун байдаг. Тэр ч байтугай баасны өт хүртэл. Энэ бол байгалийн хууль.
Д-р Вольф-Ротткей: Гуйлгачин хүн өөрийн ганц зоосоор бардамнан сайрхдаг гэж ярьдаг шиг л юм.
Шрила Прабхупада: Тиймээ. Энэтхэгийн зарим нутагт үхэтлээ өлссөн нохдыг харж болно. Гэвч тэрээр жингэртэй учруут тэр даруй түүнтэй үржилд орж, тун ч сэтгэл хангалуун болдог. Энэ ханамж гэж үү? Тэр хөөрхий нохойхныг өлсгөлөн зовоож байгаа ч үржилд орсноор бүрэн ханамжтай болдог.
Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада
“Life comes from life”номоос орчуулан сийрүүлсэн:
Балабхадра дас