Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос

Хорьдугаар бүлэг  (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15)

 

Indradyumna Swami.jpg

Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм.

“Тэгвэл ч  гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв.

“Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа.   “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни Кали-югад зурхайчдын дийлэнхи нь үнэн зөв зөгнөлийг хэлэх хангалттай мэргэшсэн бус болох учраас тэрээр хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг оролцуулсан төөргүүдийг бичиж үлдээсэн гэдэг. Эдгээр төөргүүдийн хуулбарууд нь Энэтхэгийн дөрвөн газарт найдвартай хадгалагдаж байдаг. Та Бхригугийнд зочлон очихдоо чухам энэ өдөр л тийш очих ёстой байсныгаа өөрийн зурхайн картан дээрээс харах болно” гэв.

“Яг энэ өдрөө?” гэж би гайхан асуулаа. “Зөвхөн энэ өдөр ч биш, энэ цагт” гэж Шри Прахлад хариуллаа.        Би өрөөндөө орж Шрила Прабхупадын номууд болон лекцүүд дотор хайлт хийж эхлэв. Гайхалтай нь би тэдэн дотроос дараахь ишлэлийг олсон билээ: “Бид хэрхэн өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чадах вэ? Шаструудаас.. Энэтхэгт өнөөг хүртэл Бхригу-самхита гэж нэрлэгдэх зурхайн тооцоолол байдаг. Хэрэв та нар тэрхүү “Бхригу-самхита”-д хандах аваас тэд танд таны өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлж өгнө. Тэд үүнийг хоромхон зуурын дотор л танд үзүүлнэ. Ямар гайхалтай зурхайн ухаан бэ? Та урьд нь хэн байсан, одоо хэн, ирээдүйд хэн болох – энэ гурван зүйлийг мэдэж болно” /Шрила Прабхупада, Шримад Бхагаватамын лекц, Даллас, 1975 оны долоон сарын 29/.     Орой нь би дахиад Шри Прахладатай уулзав. “Би чамтай хамт Бхригу дээр очдог юм билүү гэж бодлоо” гэж түүнд хэллээ. “Нээрэн гэж үү?” хэмээн Шри Прахлад ч гайхав.

“Тиймээ,  ирэх он жил биднийг чин бишрэл зүтгэлийн ямар боломжууд хүлээж буйг мэдэх нь сонин байна” гэж би хариуллаа.       Хоёр өдрийн дараагаар би Бимал Прасад даса, Дхрува дасын хамтаар Удайпурыг зорив. Шинэ газартаа байрласныхаа дараагаар шуудхан бид Натхажийн сүм байрладаг Натхдварийн тосгон хүрэхээр ойролцоохь толгодыг дамжин такси хөлөглөн давхилаа.    Сүмд очигсод таван жилийн өмнө миний очиж байсан үеийнхээс цөөн байв. Бид ч гайхамшигтай даршанаар цэнгэл эдлэв.     Үдийн хоолны дараагаар бид такси авч, элсэн цөлийг зүглэв. Дөрвөн цагийн дараагаар бид хуучны,  тоосонд дарагдсан тосгонорхуу, шоглож хэлбэл хаа нэгэнтээ алга болсон мэт тийм газарт хүрэлцэн ирлээ.   “Тэгэхээр бид энэ газраас Бхригуг олох болов уу?” гэж би асуулаа. “Энд гудамжны нэр хаяг ч алга байна шүү дээ. Гэрийн хаягийн талаар яриад ч яахав” хэмээн цааш үргэлжлүүлэв.

“Нутгийнхан түүнийг мэдэх л ёстой” гэж Шри Прахлад хариуллаа. Тэр цонх онгойлгож, замын хажуугаар явж буй нэгэн хүнээс хинди хэлээр нэгэн зүйлийг асуув.    “Бхригугийн гэр тэр өнцөгт бий. Хоёр гудамжны цаанатай гэж байна” хэмээн Шри Прахлад өгүүлээд цонхыг хаав.      Бид цааш явж байгаад дээвэр дээрээ зогсоод бидний зүгт харж буй дхоти өмссөн хижээл насны нэгэн хүнийг олж харцгаалаа.    “Тэднийх энд байх ёстой” гэж Шри Прахлад хэллээ.  “Чи яагаад ийм итгэлтэй байна?” би асуув.   “Яагаад гэвэл Бхригу аль хэдийнээ биднийг хүлээж байна” гэж тэр хариуллаа. “Биднийг хүлээж байгаа гэнээ?” хэмээн намайг асуухад тэрээр“Тиймээ. Бидний төөргөн дээр бид өнөө өглөө энд ирнэ гэдгийг хэдийнээ бичсэн байгаа” гэв.    Бие минь дагжин чичрэв. Бид ч байшингийн эсрэг талд зогсоод машинаасаа гарцгаалаа. Нөгөө хижээл эр бидэн рүү дөхөн ирээд бидэнтэй мэнчилэв.   “Та нар ч цагтаа ирлээ шүү” хэмээн тэрээр инээмсэглэн өгүүллээ.   Би ч Шри Прахлад руу хараад “Цагтаа гэнээ?” хэмээн асуув. Шри Прахлад ч толгой дохив.     Настан биднийг гэртээ урьж, жижигхэн керосин дэнгээр гэрэлтүүлсэн өрөөнд орууллаа. Би ч ханан дээрхи ариун гэгээд, мэргэдүүдийн зургийг хараад Шри Прахладаас, нүдэнд хамгийн ихээр тусах асар том ном өвдгөн дээрээ тавьсан цагаан сахалтай садхугийн зургийн тухай асуув.    “Энэ бол Бхригу Муни” гэж Шри Прахлад шивгэнэв. “Өөрийнхөө төрсөн он, сар, өдөр, цаг минутаа, төрсөн газартайгаа бичнэ үү” гэж настан асуулаа.

Дараа нь тэрээр эртний модон авдар луу гараа явуулж, тэндээс хэдэн хуудас цаас авлаа. Тэднийхээ нэгийг миний өмнө тавив.   “Нүдээ ань, – гэж тэр өгүүлээд, – энэ цаасан дээрхи диаграммын нэгэн дээр долоовор хуруугаа тавь” гэлээ.    Жаахан аажууран байж, би нүдээ аниад хуруугаа цаасан дээр тавилаа. Нүдээ нээгээд би ойролцоогоор 20 орчим хүрээлсэн хэсгүүдийн нэгнийх нь төвд аваачиж хуруугаа тависнаа харлаа. Тойрог болгоны төвд янз бүрийн тэмдгүүд, цифртэй адилавтар зүйлүүд харагдана.

Өвгөн ч хурднаар цаасаа авч, ханан дахь цагтай цагаа тулгав. Дараа нь жижигхэн  самбар, шохой авч өөрийн тооцооллоо хийж гарав. Гараа ар нуруу руугаа явуулан нэгэн боодолтой юм гарган өөр нэг багц цаасыг авч, тэднээс нэгийг нь маш нямбай сугалж авлаа.

Дараа нь тэрээр биеэ эгцэлж, эртний нэгэн цаасыг уншиж эхлэв.

“Та Америкт төрсөн байна”, – гэж тэрээр чангаар хэллээ. “Юу гэнээ? Үүнийг чинь би дөнгөж бичиж өгөөд байгаа шүү” , – гэж дотроо бодов. “Эцэг тань таныг 17 настай байхад, эх тань таныг 47 настай байхад үхсэн” , – гэж тэр үргэлжлүүллээ.

Би ч гайхан түүнийг харлаа. “Та их залуу байхдаа өөрийн төрсөн нутгаа орхиод одоог хүртэл энэ дэлхийгээр өөрийн гуру, номын багшийнхаа даалгаврыг биелүүлэхээр аялан хэсэж байгаа. Танд амьдарч болох олон газар бий ч хаана ч үл саатах бөгөөд байнга л аялаж байдаг. Та гэрлэсэн бол нэг хүүтэй байх байжээ. Гэвч та санньяси болохын тулд гэр бүлээ орхисон” гэв.   Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч: “Та санньяи болсноор гэр бүлтэй байснаас хамаагүй илүү жаргалтай байх юм байна” гэлээ.

Түүний байдал дахиад л няхуур болов. “Таны ахын амьдрал маш хүнд бэрх байсан. Одоо тэр нэг эмэгтэйтэй амьдардаг ч түүнтэй гэр бүл болохгүй. Тэр таны амьдралд томоохон ач тус авч ирэхгүй ч та харин ахдаа асар их сайн сайхныг өгнө” гэлээ.

Би ярих чадвараа алдан нүдээ байдгаараа том болгоод зурхайчийг харж байлаа. “Та өдөр бүр Кришнагийн нэрийг давтан унших бөгөөд өөрийн Шүтээндээ мөргөж байх болно. Та хамгийн багадаа таван ном бичих бөгөөд түүнээс ч илүүг бичих болно” гэв.     Би сүүлчийн хэлсэн үгийг сайн дуулаагүй болохоор “Түүнээс ч илүү гэнээ?” хэмээн лавлалаа.

“Тиймээ, – гэж тэр батлаад, – таны бичсэн бүхэн хоёр удаа хэвлэгдэх болно” гэв. “Хоёр дахин гэнээ?” гэж би давтав.Би Шри Прахлад руу харлаа. Тэр хоромхон зуур бодсоноо инээмсэглэв.

“Интернет. Та өөрийн номынхоо бүлгүүдийг Интернетэд илгээдэг. Жилийн эцсээр тэд ном болж хэвлэгддэг” гэлээ.   “Гайхалтай” гэж би хариуллаа.

“Таны эрүүл мэнд ерөнхийдөө Таны эгэл жирийн хоол иддэгийн ачаар хэвийн байна. Гэвч та хэтэрхий их чихэрлэг амттай зүйл иддэг”  гэж Бхригу хэлэв.

Тэрээр толгойгоо өргөн “Та амттай зүйл хэт их иддэгээ болигтун” гэж хатуу хэллээ.

“Тэр таныг сургах гээгүй байна шүү. Зүгээр л Бхригу Мунигийн бичсэнийг уншиж байна” хэмээн Шри Прахлад шивгэнэлээ.

“Та машинаар аялах явцдаа болгоомжтой байх хэрэгтэй. Нэгэнтээ таныг машин дайрч, та үхэх дөхсөн. Энэ үнэн үү?”.    “Тийм, – гэж би аажуухан хариулав. Үнэхээр тийм явдал болсон. Өмнөд Африкт 1992 онд би машинд дайруулж, олон сар эмнэлэгт хэвтсэн”.

Тэр дахин уншиж эхлэв. “Өнгөрсөн жил таны хамгийн нандин зүйлийг хулгай авсан байна”.

Би Шри Прахлад руу эргэж: “Минийхээр бол энэ удаад эндүүрлээ дээ” гэв. Шри Прахлад миний эргэлзээнээс ихэд залхсан бололтой. “2004 оны зургаан сард таны Шүтээнд зориулсан бүхий л параферналиудыг Польшид хулгай аваа биз дээ” гэж тэр хариуллаа.

“Пөөх нээрэн тийм” гэж би ч дуу алдав.

Энэ үгүүд намайг улам итгүүллээ. Ингээд би цааш анхааралтай сонсохоор эргэж харан суув.

Өвгөн харцаа өргөн намайг хараад, дахин бичсэн зүйлдээ автав. “Мянган жилийн өмнө та Карнатакын хаан байжээ. Та маш их баян байсан хийгээд асар их мөнгө хөрөнгийг эмнэлэг, сургууль, сүм барихад зарцуулж байсан байна. Амьдралынхаа төгсгөлд та ойг зорьжээ” .

“Өмнөх төрөлдөө та хоёр эхнэртэй байж. Ингээд насныхаа эцэст та: “Хэрэв би дахин төрдөг л юм бол лавтай грихастха буюу гэр бүлтэн л болохгүй байх болтугай. Би санньяси болж, амьдралаа тэр чигээр нь Бурханд зориулахыг хүсч байна” гэж залбирч байжээ. Иймээс ч энэ амьдралдаа та 29 насандаа санньяси болсон. Энэ үнэн үү?”.

“Тиймээ, ноёнтон” гэж би ч батлав.

“Энэ бол Таны урьдны үйл хийгээд хүслийн үр дүн. Энэ амьдралдаа та хязгааргүй их адислалыг номын багшаасаа хүртжээ. Та бхактийн замыг сонгосон юм байна. Иймээс ч Та дахин төрөхгүй. Энэ амьдралынхаа төгсгөлд та ангижралд хүрнэ. Насан өндөр болтлоо та амьдрах агаад эгэл жирийн үхлээр үхэх болно. Таны үхэл үргэлжилсэн өвчний үр дүн байхгүй” хэмээн тэр өгүүлэв.    Би ч Шри Прахлад руу эргэн: “Хэрэв үнэхээр ийм юм болдог л юм бол энэ их аз хийморио Бурханд үйлчлэн зүтгэхэд зориулахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно” гэж хэллээ.

“Таны найз нөхөд их сайн хүмүүс байх болно”   гэж Бхригу үргэлжлүүллээ. “Миний сайн хувь тавилангийн л үр энэ шүү дээ” гэж инээмсэглэн байж Шри Прахладад хэлэв.

“Энд бичсэнээс харахад Таны боломж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, цаашдаа та Радха, Кришнагийн том сүм барих болно. Мөргөл нь маш аугаа гайхамшигтай байх болно. Хэрэв засгийн газар Таны хүчин чармайлтыг эсэргүүцэх аваас Та тэднийг ялан дийлэх болно. Тэр газартаа та үхэрт зориулсан том  гошал барина. Мөн тэнд гурукула бий болох ба магадгүй хүүхэд асрах газар ч байгуулагдаж болох юм” гэв.

Тэрээр инээмсэглэн: “Тан дээр маш олон хүүхэд ирэх болно” гэхэд нь “хэрхэн яаж би энэ бүхнийг амжуулах болж байна” гэсэн үг өөрийн эрхгүй амнаас минь урсан гарлаа. Тэр бичсэн зүйлээ хянуур харснаа “Танд шавь нар тань туслана. Тэд танд хэрэгтэй хөрөнгийн эх үссвэрийг цуглуулах бөгөөд хилийн чанадаас бүтээгдэхүүн нийлүүлдэг бизнес эрхлэх болно” гэв.

Би ч бага зэрэг гайхсан харагдсан байх л даа.

“Бхригу ингэж бичсэн байна” гэж зурхайч итгэлтэйгээр хэллээ.

“Хожмоо та анагаах ухааны буюу Аюурведийн салбарт ажиллах болно. Та шинэ  эм бүтээж өвдсөн, зүдэрсэн хүмүүст өгөх ба тэд эдгэн илаарших болно. Насан өндөр болох цагт тань энэ нь танд ихээхэн нэр алдрыг авч ирнэ” гэлээ. Хөмсгөө өргөн би Шри Прахладыг харлаа.

Зурхайч ч дахин таблицаа хараад толгойгоо дохин: “Таныг өөрийн үйлчлэлээ дөрвөн оронд өргөжүүлэн хөгжүүлэх болно гэжээ, – гээд, – тэрээр: -Та ямар үйлчлэл зүтгэл үйлдэж байсан бэ?” хэмээн асуув.

 “Би томоохон фестивалийг Польшид явуулдаг юм л даа” гэж би хариуллаа. “Та түүнийгээ дахин өөр гурван оронд шилжүүлэн явуулах болно” гэж тэр хэлэв. “Ийм байж болох уу?” гэж Шри Прахладад шивнэлээ. “Ингэж л од гариг өгүүлж байна” хэмээн Шри Прахлад өгүүлээд, – нэгэн цагт та энэ бүхэн биелсэн байхыг харах болноо” гэлээ.

 “За бид хэдийнээ унших ёстой зүйлээ дуусах дөхөж байна, – гэж настан өгүүлээд, – Энд таныг Вриндаван, Матхурт өөрийн цагаа өнгөрөөх болно гэжээ. Энэ газруудыг та мэдэх үү?”.

 “Тиймээ, тийм. Мэдэлгүй яахав” гэж би хариуллаа.

“66 нас хүрмэгц та тэнд суурьших болно. Тэгээд ариун гэгээн нэрийг давтан унших болно. Ингээд л гүйцээ. Та юунд ч сэтгэл үл зовних ба хоол идэх, эс идэх зэрэг нь танд ямар ч ач холбогдолгүй болно. Үйлчлэл зүтгэлийнхээ төлөө та өөр бусад газар орнуудад очих ч ямагт буцан тэр газраа ирсээр байна. Ямар нэг асуулт байна уу? ”. Би түүний оновчтой зөгнөлд алмайрч гүйцсэн байлаа. Хэсэг хугацаанд би дотроо эргэцүүлэн бодлоо. “Шри Прахлад бид хоёр хэдий удаан хугацаагаар хамт байх бол?” гэж би асуув.

Тэрээр цаас руугаа хараад: “Үхэх хүртлээ, – хэмээн тэр хариулаад, -заримдаа тэрээр өөр ямар нэг үйлчлэл хийхээр танаас салах болно. Тооцооллын хэлж буйгаар бол та нар дөрвүүлээ шинийн арван дөрвөнд, даваа гаригт нааш хүрэлцэн ирнэ гэжээ. Тэгээд таны төөргийг өдрийн хоёр цагаас уншиж эхлээд гурван цагт дуусна гэсэн байна” гэв.

Би ч Шри Прахладыг цаас руу харахыг дохив. Тэрээр түүнийг хараад, тэнд бичигдсэн санскрит үгүүдийг хянуур уншив. “Миний ойлгосноор хэлсэнтэй тохирч байна” хэмээн тэр өгүүлэв.

 “Дараагийнх нь хэн бэ?” хэмээн Бхригу асуулаа. “Шри Прахлад” гэж хэлээд би хажуу тийш болов. Дөрвөн цагийн дараа бид бүгдийн хувь заяаг уншиж дууссаны дараагаар бид буцан таксиндаа сууцгаав.

 “Төсөөлөхөд бэрх л юм, – гэж би таксины хаалгыг хааж байхдаа хэллээ. – Энэ зуны фестиваль. Долоо, найман сард хоёр оронд фестиваль явуулахад цаг хугацаа хүрэлцэхгүй. Дөрвөн орны тухай яриад ч яахав” гэв.

… Дараахан нь би өөрийн өрөөндөө байхдаа ахмад чин бишрэлтнүүдийн нэгнээс аргентины ятра баяр ёслолын тухай ярьж өгөхийг гуйв. Түүнийг ярих тусам би энд Кришнагийн ухамсрыг дэлгэрүүлэх ямар их боломж байгаад гайхан алмайрав. Энэ орон бидний хөдөлгөөнд байнга саад учруулдаг Польшоос ялгаатай мэт санагдлаа. Римийн Католик сүм бидэнд тоо томшгүй асуудлыг учруулдаг билээ.

   “Бид хотын захад фермтэй, – гэж тэр өгүүлээд, – “Амьдралын хүнс” хөтөлбөрийг бид байнга явуулдаг. Мөн бид “Кришна” нэртэй ресторантай, бас бид өдөр бүр Буэнос-Айресын төв гудамжинд харинам хийдэг, мөн олон тооны нама-хатта байдаг. Одоо бид йогийн төв нээх, шинэ сүмдээ сургалт явуулахаар төлөвлөж байна” гэв.

    “Та нарын цорын ганц алдаж буй зүйл бол аялан явагч фестивалийн хөтөлбөр л байгаа бололтой” гэж би хэллээ.

    Би уг нь түүнийг тоглоом шоглоом болгон хэлэх гэж оролдсон ч эдгээр үгс амнаас минь урсан гармагц би чухам юу хэлснээ ухаарав.

   Чин бишрэлтэн ч энэ боломжийг шүүрэн авч: “Тиймээ, – энэ л бидэнд их хэрэгтэй байгаа юмаа, Махараж. Та яагаад нааш ирж, үүнийг хийж болохгүй гэж? Аргентин-фестиваль явуулж болох туйлын тохиромжтой газар шүү, Та ч мөн түүнийг зохион байгуулах туйлын тохиромжтой хүн шүү дээ” гэж өгүүлээ.

    Би ч үл зөвшөрөн толгой сэгсрэв.

“Зун ганц, тийм ч удаан үргэлжилдэггүй…” хэмээн намайг эхлэхэд тэрээр  “Махараж, та ч нисч явахаас залхжээ дээ. Польшид зун болж байхад энд өвөл, Польшид өвөл болж байхад энд зун болдог ” гэлээ.

  “Энэ үнэн” хэмээн би өгүүлэв.

  …. Өглөө нь би өөрийн Ведийн материалууд дотроос дараахь ярилцлагыг олов:

  Грахам Хилл: “Өөрийгөө ажиглаад бид урьд нь хэн байснаа мэдэж болох уу?”

  Прабхупада: “Тиймээ, болно. Бхригу-самхита хэмээх зурхайн тооцоолол байдаг. Та түүнээс өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралыг мэдэж болно. Бхригу-самхита- энэ бол онцгой систем” .

  /Шрила Прабхупадагийн Граха Хиллтэй хийсэн ярилцлага, 1973 оны найман сарын 26, Лондон/

Зарим үгийн тайлбар:

Бхригу- Зурхайн ухааныг үндэслэгчдийн нэг,  их мэргэн

Даршан- Сүмд залсан Шүтээнийг тольдон харах

Дхоти- Энэтхэг эрэгтэйчүүдийн өмсгөл

Садху-Ариун гэгээн хүн

Гошал-Үнээний ферм

Санньяси- Орчлонгоос огоорогчийн амьдралын хэв маяг

Грихастха-Гэр бүлтэн

Гурукула-Хүүхдийг ведийн ёсоор сургах сургууль

Бхакти-Буррханд өөрийгөө даатган зориулах чин бишрэлийн зам мөр  

Аюурвед-Ведийн эмчилгээний ухаан

Ятра-Кришнагийн ухамсрын онцгой баяр ёслол

Харинама-Гудамжинд Бурханы ариун нэрийг хамтаар дуулан явах

Нама-хатта-Чин бишрэлтнүүдийн жижиг бүлгэм

Орчуулсан: Балабхадра дас

Уг өгүүллийн эх хувийг үзэхийг хүсвэл:  www.gurudeva.ru сайтанд хандана уу.

Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос Хорьдугаар бүлэг  (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15)   Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм. “Тэгвэл ч  гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв. “Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа.   “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни Кали-югад зурхайчдын дийлэнхи нь үнэн зөв зөгнөлийг хэлэх хангалттай мэргэшсэн бус болох учраас тэрээр хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг оролцуулсан төөргүүдийг бичиж үлдээсэн гэдэг. Эдгээр төөргүүдийн хуулбарууд нь Энэтхэгийн дөрвөн газарт найдвартай хадгалагдаж байдаг. Та Бхригугийнд зочлон очихдоо чухам энэ өдөр л тийш очих ёстой байсныгаа өөрийн зурхайн картан дээрээс харах болно” гэв. “Яг энэ өдрөө?” гэж би гайхан асуулаа. “Зөвхөн энэ өдөр ч биш, энэ цагт” гэж Шри Прахлад хариуллаа.        Би өрөөндөө орж Шрила Прабхупадын номууд болон лекцүүд дотор хайлт хийж эхлэв. Гайхалтай нь би тэдэн дотроос дараахь ишлэлийг олсон билээ: “Бид хэрхэн өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чадах вэ? Шаструудаас.. Энэтхэгт өнөөг хүртэл Бхригу-самхита гэж нэрлэгдэх зурхайн тооцоолол байдаг. Хэрэв та нар тэрхүү “Бхригу-самхита”-д хандах аваас тэд танд таны өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлж өгнө. Тэд үүнийг хоромхон зуурын дотор л танд үзүүлнэ. Ямар гайхалтай зурхайн ухаан бэ? Та урьд нь хэн байсан, одоо хэн, ирээдүйд хэн болох – энэ гурван зүйлийг мэдэж болно” /Шрила Прабхупада, Шримад Бхагаватамын лекц, Даллас, 1975 оны долоон сарын 29/.     Орой нь би дахиад Шри Прахладатай уулзав. “Би чамтай хамт Бхригу дээр очдог юм билүү гэж бодлоо” гэж түүнд хэллээ. “Нээрэн гэж үү?” хэмээн Шри Прахлад ч гайхав. “Тиймээ,  ирэх он жил биднийг чин бишрэл зүтгэлийн ямар боломжууд хүлээж буйг мэдэх нь сонин байна” гэж би хариуллаа.       Хоёр өдрийн дараагаар би Бимал Прасад даса, Дхрува дасын хамтаар Удайпурыг зорив. Шинэ газартаа байрласныхаа дараагаар шуудхан бид Натхажийн сүм байрладаг Натхдварийн тосгон хүрэхээр ойролцоохь толгодыг дамжин такси хөлөглөн давхилаа.    Сүмд очигсод таван жилийн өмнө миний очиж байсан үеийнхээс цөөн байв. Бид ч гайхамшигтай даршанаар цэнгэл эдлэв.     Үдийн хоолны дараагаар бид такси авч, элсэн цөлийг зүглэв. Дөрвөн цагийн дараагаар бид хуучны,  тоосонд дарагдсан тосгонорхуу, шоглож хэлбэл хаа нэгэнтээ алга болсон мэт тийм газарт хүрэлцэн ирлээ.   “Тэгэхээр бид энэ газраас Бхригуг олох болов уу?” гэж би асуулаа. “Энд гудамжны нэр хаяг ч алга байна шүү дээ. Гэрийн хаягийн талаар яриад ч яахав” хэмээн цааш үргэлжлүүлэв. “Нутгийнхан түүнийг мэдэх л ёстой” гэж Шри Прахлад хариуллаа. Тэр цонх онгойлгож, замын хажуугаар явж буй нэгэн хүнээс хинди хэлээр нэгэн зүйлийг асуув.   
Scroll to Top