Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]
Юдхиштира Махаража айлтгасан нь: Ай Бурхан минь ээ, Та надад Пауша (12-1) сарын харанхуй хагаст тохиодог өршөөл ивээлт Шапхала экадашийн яруу алдрыг гайхамшигтай сайхнаар тодорхойлон айлдан соёрхлоо. Харин одоо Та надад энэ сарын гэрэлтэй хагасын экадашийн талаар айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар шүтээнд мөргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх ёстой вэ? Ай Пурушоттама минь ээ, ай Хришикеша минь ээ, энэ өдөр Таныг хэрхэн цэнгүүлж болохыг надад мөн айлдана уу.
Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би бүх хүмүүсийн ач тусын төлөө Пауша-шукла экадашид мацгийг хэрхэн яаж барьдаг талаар чамд айлдъя. Би урьд өмнө айлдсанчлан, экадашид хүн бүр тодорхой журам дүрмүүдийг даган баримтлах ёстой байдаг билээ. Энэ нь хүний бүх нүглийг арилган түүнийг бурханлаг оронд буцаан хүргэдэг Путрада гэж нэрлэгдэх энэ экадашид ч мөн хамаардаг болно. Энэ экадашид Бүхний Дээд Бурхан, анхдагч Бодьгал-Шри Нараянад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Тэр өөрийн цэвэр чин бишрэлтэнгийн бүхий л хүслийг биелүүлдэг бөгөөд түүнд бүрэн төгс төгөлдрийг хайрлан хүртээдэг. Иймээс гурван ертөнцөд, хөдлөгч болон үл хөдлөгч оршнолуудын дунд Бурхан Нараянагаас илүү дээд бодьгал байдаггүй билээ.
Ай хаан минь ээ, Би чамд одоо бүхий л нүглийг арилган зайлуулдаг хийгээд хүнд алдар цуу болон эрдэм мэдлэгийг соёрхон хүртээгч Путрада экадашийн түүхийг айлдъя. Энэ явдал Сукутуман хааны захирдаг Бхадравати улсад болсон юм. Түүний хатан нь эрхэм хүндэтгэлт Шайбья байлаа. Харин эзэн хаан хүүгүй байсан учир тэр байнгад л: “Надад хүү заяахгүй нь ээ, миний удам угсааг хэн залгамжлан үргэлжлүүлэх болж байна вэ?” гэж бодож үргэлж тайван бус, тавгүй байдаг байлаа. Сүсэг бишрэлт ухаан бодолдоо автсан тэрээр: “Хаашаа явж хэн дээр очих вэ? Юу хийх нь зүйтэй вэ? Яаж хүүтэй болох вэ?” гэж удаанаар бодлого болон суудаг байв. Сукутман хаанд түүний улс гүрэн, хаант төр нь ямар ч баяр хөөр авчрахаа больсон бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр ордноосоо гадуур, хатнаасаа тусдаа улам бүр их цагийг өнгөрөөж, яаж хүүтэй болох тухай бодолд автан гунихардаг болсон.
Ийнхүү, Сукутман хаан болон түүний хатан Шайбья нар маш их тавгүй байдалд орсон байлаа. Тэднийг тарпана буюу өвөг дээдэстээ зориулж ус өргөж байх үед ч тэдний гэр бүлийн энэхүү аз жаргалгүй байдал нь уг өргөлийг өвөг дээдэст нь буцалмал халуун ус мэт таарч тохирохооргүй болгож байв. Тэд, өөрсдийг нь үхсэний дараагаар тэдэнд зориулан тарпана өргөх үр удамгүй байгаа тухайгаа л боддог байв. Тэдний өвөг дээдэс нь тун удалгүй тэдэнд тарпана өргөх хэн ч байхгүй болох нь гэдгээс болж мөн л түгшин үймэрч байгааг мэдээд бүр ч ихээр гунихардаг болов.
Өөрсдийн өвөг дээдсийн зовуурь түгшүүрийн талаар бодсоноор хаан хатан хоёр улам бүр ихээр зовон шаналах болов. Сайд түшмэд нь ч тэр, найз нөхөд нь ч тэр, тэр ч бүү хэл тэдний хамгийн ихээр хайрладаг ойр дотнын хүмүүс нь ч тэднийг тайтгаруулж, тайвшруулж чадахгүй байлаа. Хаанд заан ч тэр, хүлэг морьд ч тэр, явган цэрэг ч тэр огтхон ч сонирхолгүй болсон бөгөөд эцэстээ тэр ямар ч идэвхгүй болж, бүрмөсөн арчаагүй сул дорой, үхээнц байдалтай болсон. Хаан: “Хүүгүй гэр бүл бол гэр бүл биш гэж ярьдаг. Хүү заяагаагүй гэр бүлтэй хүний зүрх нь хичнээн тансаг, гоё сайхан гэр оронтой байсан ч хөндий хоосон гэр оронтойгоо нэгэн адил хоосон бөгөөд хөөрхийлөлтэй болж үлддэг. Хүүгүй бол тэр өвөг дээдэстээ ч, хагас бурхдад ч, өөр бусад хүмүүст ч өрөө эргүүлэн өгч чадахгүй болдог билээ. Иймээс гэр бүлтэй хүн бүр хүүтэй болох ёстой. Ингэж байж л тэр алдар хүндийг олох бөгөөд хожим нь тэнгэрийн гаригуудад хүрдэг. Хүү бол хүний өнгөрсөн зуу зуун амьдралууддаа үйлдсэн ач тустай үйлсийн гэрчилгээ байдаг бөгөөд ийм хүн эрүүл саруул, элбэг дэлбэг, урт удаан амьдардаг. Хүнд, энэ амьдралд нь хүү болон ач хүү заяаж байгаа нь тэрээр урьд өмнөх амьдралууддаа Бурханы Дээд Бодьгал, Вишну Бурханыг бишрэн шүтэж байсан гэдгийг нь гэрчилж байгаа юм. Хүү болон мөн эд баялаг, хурц ухаантай болох дээдийн дээд адислалыг Бүхний Дээд Бурхан, Шри Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирч мөргөснөөр хүртэх болно. Миний бодлоор бол ийм л байдаг билээ.” гэж бодон байсан.
Ийнхүү бодол болсоор хаан өөрийгөө бүр ч тайван бус, тавгүй байдалд оруулж байв. Тэр өдөр шөнөгүй, өглөөнөөс орой болтол тавгүй, тайван бус байдаг байлаа. Унтахаар хэвтэх оройноос өглөө болж нар мандах хүртэл түүний нойр нь түгшүүр зовиураар тасралтгүй дүүрэн байлаа. Тавгүй байдал, түгшүүр зовиураас болж тасралтгүй шаналж байсан Сукутуман хаан амиа егүүтгэснээр өөрийн зовлон шаналалаа эцэс болгохыг шийдсэн боловч амиа хорлосон хүн дараагийн төрөлдөө тамд унадаг гэдгийг мэдэх учир энэ бодлоо таягдан хаясан.
Өөрийг нь бүрэн эзэмдсэн тайван бус, таагүй байдал түүнийг аажим аажмаар сүйтгэн хөнөөж байгаад цөхөрсөн хаан мориндоо мордон өтгөн ойн зүг ганцаар давхин одсон. Ордон дотор хэн ч, гэгээнтнүүд болоод брахманууд хүртэл түүнийг хаашаа явсныг мэдсэнгүй. Янз бүрийн жигүүртэн шувууд хийгээд амьтан араатангууд дүүрэн хөлхөлдөх ой дундуур хаан тилака, тиндука, саптапарна, бакула, пальм, финик, белын жимс, фич модод болон үр жимсээ дааж ядсан бут сөөгүүд, мөн шала, тала, тамала, сарла, хингота, аржуна, лабхера, бахеда, саллака, каронда, патала, кхайра, шака болон палаша зэрэг моддыг ажиглан ямар ч зорилгогүйгээр хэрэн тэнүүчилж явав. Тэд бүгдээрээ л цэцэгс хийгээд үр жимсээрээ гайхалтай сайхнаар чимэглэгдсэн байлаа. Хаан мөн ойрхон яваа буга, бар, зэрлэг гахай, арслан, сармагчин, аврага том заан, тугалаа дагуулсан эмэгчин заан болон эмэгчинтэйгээ хамт байгаа дөрвөн соёот заануудыг харсан. Тэнд мөн үхэр, чоно, туулай, ирвэс, бегометууд байв. Эмэгчид хийгээд үр зулзагануудаараа хүрээлүүлж дагуулсан эдгээр амьтдыг хараад хаан өөрийн амьтны хүрээлэнгээ, ялангуяа ордныхоо заануудыг дурсан санасан бөгөөд гунигласнаасаа болж тэрээр араатан амьтдад маш ойрхон, бараг хажуу дэргэд нь очсон байлаа.
Хаан гэнэт хажууханд нь цөөвөр чонын улихыг сонссон. Айж цочсон тэр зүг зүгт харангаа цааш үргэлжлүүлэн гэлдрэв. Ингэсээр байтал үд болж хаан ядарч байгаагаа мэдрэв. Түүнийг өлсөж цангах явдал мөн зовоож эхлэв. Тэрээр: “Аагим халуун хийгээд хоолой ам аргаж хатахаас болж ингэж зовж шаналахаар ямар нүгэл би үйлдсэн юм бол доо? Би хагас бурхдад олон удаа галан тахилга үйлдэж өргөл өргөн, бишрэл хүндэтгэлээ маш элбэг дэлбэг байдалтайгаар илэрхийлж байсан билээ. Мөн зохистой брахмануудад олонтаа бэлэг өгч байсан билээ. Би албат иргэддээ өөрийн хүүхдүүд мэт санаа тавьж байсан. Би яагаад ингэж зовж шаналах ёстой гэж? Ямар учир нь үл мэдэгдэх нүгэлт үйл намайг ингэж тамлан зовоогоод байна вэ?” гэж бодсон.
Ийнхүү бодолдоо автсан Сукутуман хаан дэмийрэн урагш явсаар, магадгүй өөрийн сайн үйлийн ач тусаар алдар цуутай Манасаровара нууртай төстэй нэгэн гайхамшигтай цөөрөмд тулж ирсэн. Энэ цөөрөмд амьдарч байгаа матар, янз бүрийн загас жараахайнууд болон хун, тогоруу, нугас зэрэг шувууд бүгд л аз жаргалаар дүүрэн байлаа. Мөн тэр цөөрөм наранд дэлбээгээ дэлгэн байгаа үзэсгэлэнт сайхан бадамлянхуа болон сараана цэцгүүдээр чимэглэгдсэн байв. Цөөрмийн эргэн тойронд олон тооны ашрамууд байх бөгөөд тэдгээрт хэн бүхний хүслийг биелүүлэхэд бэлэн байх гэгээнтэн мэргэд амьдарч байв. Тэд, бүгдэд сайн сайхныг хүсэж байлаа.
Хаан энэхүү үзэсгэлэн төгөлдөр газрыг хармагц л баруун гар болоод нүд нь ямар нэгэн таатай зүйл болохын дохио тэмдэг болон чичигнэн татахыг мэдэрсэн. Хаан мориноосоо буугаад, цөөрмийн эрэг дээр суугаад эрхин дээрээ Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж байгаа мэргэдэд ойртон очсон. Тэрээр алгаа хавсран, мэргэдийг магтан тэдэнд гүн хүндэтгэлтэйгээр мөргөлөө. Тэдэнтэй уулзсандаа тэр маш их баяртай байв. Хүндэтгэл үзүүлсний дараагаар хаан өөрийгөө тэдэнд танилцуулсан. Мэргэд: “Хаан минь ээ, чамайг ирсэнд бид маш их баяртай байна. Ямар учраас энд ирэв? Хэрэг зорилго юу болохоо хэлээч.” хэмээн хэллээ. Хаан хариулсан нь: “Ай аугаа мэргэд минь ээ, Та нар хэн бэ? Ай гэгээнтэнгүүд минь ээ, Та бүхний алдар нэрсийг хэн гэдэгсэн бол? Энэ үзэсгэлэнт сайхан газар та бүхэн юу хийж байгаа юм бэ? Энэ тухайгаа та бүхэнд надад ярьж өгөөч.”
Мэргэд түүнд хариу болгон өгүүлсэн нь: “Ай хаан минь ээ, Бид бол Вишведева1 нар билээ. Бид энд, энэ үзэсгэлэнт сайхан цөөрөмд угаал үйлдэхээр ирсэн билээ. Таван өдрийн дараа Магха сар эхэлнэ. Харин өнөөдрийн энэ өдөр бол Путрада экадаши гэж алдаршсан өдөр билээ. Хүүтэй болохыг хүссэн хэн бүхэн энэ экадашийг2 нарийн чанд баримтлах хэрэгтэй байдаг.” Хаан: “Би хүүтэй болохыг маш ихээр хүсэж байна. Аугаа мэргэд минь ээ, надад сайн хүү хайрлаж өгөөч.” гэж бахдан дуу алдав.
“Путрадын жинхэнэ учир утга бол– хэмээн эхэлсэнээ, мэргэд цааш нь үргэлжлүүлэн- тэрээр хүү заяахад оршдог. Иймээс, экадашийн энэ өдөр бүтэн мацаг барь. Хэрвээ чи ингэх аваас бидний адислал болон Кешава Бурханы өршөөл нигүүлслээр хүүтэй болох нь эргэлзээгүй.” гэж өгүүлэв.
Вишведевагуудын зөвлөснөөр хаан Путрада экадашийн өршөөл ивээлтэй энэхүү өдөр тогтоогдсон бүхий л дүрэм журмуудын дагуу мацаг барьсан. Двадашид мацгаа тайлаад тэрээр мэргэдэд хүндэтгэл бишрэлээ дахин дахин илэрхийлж байлаа.
Сукутуман хааныг ордондоо буцаж ирсний дараагаар тун удалгүй Шайбья хатан жирэмсэлсэн бөгөөд Вишведева нарын урьдчилан хэлсэнчлэн, тэд нар лугаа туяаран гэрэлтэх царайтай үзэсгэлэн төгөлдөр хүүтэй болсон. Хүү өсөж том болоод баатар-хан хүү гэж алдаршсан бөгөөд хаан түүнийг өөрийн залгамжлагчаар баяртайгаар өргөмжилсөн. Сукутуманы хүү үнэнч шудрага бөгөөд албат иргэддээ өөрийн төрсөн хүүхдүүд мэт санаа тавьдаг байлаа.
Ай Юдхиштхира минь ээ, иймд хүслээ биелүүлэхийг хүсэж байгаа хэн бүхэн Путрада экадашийг нарийн чанд баримтлах хэрэгтэй. Энэ гариг дээр оршиж байгаа хэн бүхэн энэхүү экадашийг нарийн чанд баримтлах аваас хүүтэй болох нь гарцаагүй бөгөөд бие махбодио орхисны дараагаар ангижралд хүрэх болно. Путрада экадашийн яруу алдрын тухай уншсан эсвэл сонссон хэн бүхэн мориор тахилга өргөл үйлдсэнтэй адил хэмжээний ач тусыг хүртэх болно. Бүх хүн төрөлхтний тусын тулд Би чамд энэ бүхнийг айлдлаа.
Путрада экадаши буюу Пауша-шукла экадашийн яруу алдрын тухай Бхавишья Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.
Тайлбар:
- Арван Вишведева буюу Вишвагийн хөвгүүд: Васу, Сатья, Краду, Дакша, Кала, Кама, Дхрити, Пурурава, Мадрава болон Куру нар.
- Хүү гэдэг үгийг санскрит хэл дээр путра гэдэг. Тамын нэгэн хэсгийг Пу гэж нэрлэдэг, харин тра гэдэг үг нь ангижруулах, аврах гэсэн утгатай. Иймээс путра гэдэг үг нь“Пу нэртэй тамаас ангижруулагч” гэсэн утгыг илэрхийлдэг. Иймээс эхнэр авсан хүн бүр ядаж нэг хүү төрүүлж түүнийгээ зохих ёсоор хүмүүжүүлэх ёстой байдаг. Тэгсэн цагт тэр эцэг тамд зовохгүй болдог. Гэхдээ энэ журам Вишну буюу Кришна Бурханы цэвэр чин бишрэлтэнгүүдэд үл хамаардаг. Учир нь Бурхан Өөрөө түүний хүү нь, эцэг нь, мөн эх нь болдог билээ.
Чанакья Пандитын хэлсэнчлэн: “Үнэн- энэ бол миний эх, мэдлэг- энэ бол миний эцэг, оноогдсон үүрэг- энэ миний ах, амар амгалан-миний эхнэр, харин бүхнийг өршөөн уучлахуй- энэ бол миний хүү. Энэ бүгд- миний гэр бүлийн гишүүд.” Бурханы чин бишрэлтэнгийн 26 гол шинжүүдийн дунд уучлан хэлтрүүлэх шинж нь хамгийн чухал байдаг. Иймээс чин бишрэлтэнгүүд энэхүү шинжийг өөртөө хөгжүүлэхийг бүхий л хүчээрээ хичээн чармайх хэрэгтэй. Энд Чанакья Пандитын хэлсэнчлэн: “Бүгдийг өршөөн уучлахуй- миний хүү.” бөгөөд иймээс Бурханы чин бишрэлтэн нь гэр бүлгүйн амьдралын хэвшлийн сахилыг баримталж байгаа байсан ч Путрада экадашид мацаг барихдаа бүхнийг уучлан өршөөхүйн-“ийм хүүтэй” болохыг залбиран гуйж болно.