Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 5 6 0
Users Today : 22
Users Yesterday : 48
Total Users : 13560
Views Today : 26
Views Yesterday : 70

Үргэлжлэл 2-р хэсэг

Нэгэн зүйл.

Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан:

– Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу?

Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа үргэлжид уншиж, ашдын сайн үйл бүтээхийг хичээж явсан уу?үгүй юу?

Эдгээ би зургаан орны амьтад үхээд эрхээбиш зуурдын сансарыг үзэх энэ хоорондоос буянтай нүгэлтнийг ялтан байцааж аливаа сайн үйл буян үйлдэж ирэгсдийг эрхэм дээд бурхан тэнгэрийн орноо илгээнэ. Эхний дундуур буян үйлдэж ирэгсдийг эрхт хүний төрлийг олгон илгээнэ. Эргүү мунхаг хар нүглээр явж ирэгсдийг элдэв зовлонт гурван муу заяанаа илгээгч Эрлэг номуун хаан гэгч би байна. Аяа чи юу үйлдэж явснаа чин шударгаар мэдүүлэгтүн гэхэд олон эрлэгүүд мэдүүл мэдүүл хэмээн зэрэг зэрэг муухай хашгаралдав. Тэр хүн ийн мэдүүлэв:
Аяа их номун хаан анхааран соёрхоо. Эдгээ би вээр ахуй зан заншлын ёсоор их буяныг үйлдсэн хүн билээ. Хар бага наснаасаа хамаг олон амьтны төлөө сайн санаа үүсгэж бүхий л буяны үйлсийг хичээгээд даган баясан хамаг амьтнаа харш хатуу муу нүгэлийг үйлдсэнгүй. Хэтэрхий их буянт маанийн зургаан үсгийг үргэлжил уншиж хэтийн сайн үйл заяа бүтээхийг бодож хувраг болъё гэтэл эцэг, эх, ах, дүү нар маань эс болговоо. Эцэг эхийн сэтгэлийг хиртүүлэхгүйг хичээж гэргий авч эрхбиш аж төрөхийн үйлийг хийсэн боловч эрхэм хуврагтангуудыг хүндлэж эрдэм төгссөн нэгэн ламыг багш болгон шүтэж, элдэв номын эвшиг хөтөлбөрийг авлаа. Ам авсан тангараг санваарыг алдахгүйг хичээж ашид цаг үргэлж эргэл мөргөл үйлдэв. Авралт зуугийн шүтээнд зул өргөн хатуу цай хоёрыг барьж харамгүй сэтгэлээр залбирч мөргөсөн билээ. Хадны агуйд ном бясалгасан даяанч ламд хамаг юмнаасаа шилж сонгон хорь гаруй жил харамгүй сэтгэлээр хүнс төхөөрч өргөлөө. Нярваан дүрийг үзүүлэхэд нь нимгэн зөөлөн хувцас нэгийг хийж өргөхөд хойтын амгаланг хүсч хутагыг гуйж ерөөл тавиваа. Галсангийн сударын дэвтрийг бүтээж гайхамшиг болгон мянга уншуулж түүний харамжинд сайн алт нэг лан, нэг цэн ба хатиртай тарган морь нэг, хатуу цай хэд хэдийг өргөж хамаг нүгэл хилэнц арилахыг залбирч агуу их ерөөлийг тавьсан.

Мөн нэгэн ламыг залж номын эвшиг хүртээд баясан хүндэлж хайнагийн үхэр нэгийн үнэ бүхий оюу нэгийг өргөж балай нүгэл хилэнцээ наманчилж буян үйлдсэн бөлгөө. Миний буян, нүгэл аливаад холилдон бүхий учир алсан малын махнаас энд тэнд болон өөрийн гэр орноо асар ихийг идвээ. Номын их хаан та нүгэл буяныг минь айлдаж соёрхоно уу хэмээн мэдүүлсэнд Эрлэг номун хаан: Үүний хэлснийг толь, дансандаа үзэгтүн. Тун худал үг биш бололтой хэмээн зарлиг болсонд үхэр тэргүүнт, сармагчин тэргүүнт хоёр тус тусын барьсан толь данснаа үзээд:

Бага насандаа нэг дэвсгэр дээр нүгний \Жанрайсэг бурханы бясалгал\ гурав сахисан. Маанийг тоогүй олон уншсан гэж байна. Бусад хэлсэн үг цөм үнэн амой. Гурван хүн нэг сарлагийн шарыг хулган аваад хэн алах вэ хэмээн шоо орхисонд түүнд тусаж энэ хүн түүнийг алжээ гэж байна хэмээсэнд огторгуйгаас нэгэн цагаан хүн бууж ирээд :

Энэ хүн буяны үйлийг цаглашгүй их үйлдсэн болой. Хилэнцийг ер үйлдсэнгүй. Хураасан буяны хэмжээ нь энэ бөлгөө хэмээн гэрийн чинээ цагаан чулуу овоолоод үүнийг жагалантай Сувадайн орноо илгээнэ үү хэмээсэнд бас нэгэн хар хүн ирээд:

Энэ хүний үйлдсэн нүгэл хилэнц цаглашгүй их билээ. Хэмжээ нь энэ бөлгөө хэмээн аргийн чинээ хар чулуу овоолж үүнд тамаас өөр одох оронгүй хэмээв. Эдгээр хар, цагаан чулууны аль нь олон болохыг тоолж хүнд хөнгөнийг дэнсэн үзэхүй буяны цагаан чулуу олон бөгөөд хүнд, нүгэл хилэнцийн хар чулуу цөөн бөгөөд хөнгөн байв. Эрлэг номун хаан зарлиг болруун:

Аяа чи хүний биеийг олж явахдаа сайн үйл буяныг сайтар үйлдэж бүтээсэн тул хураасан буяныхаа хүчээр амгалантын орноо төрөх боллоо. Тэнгэрийн төрөл дээр гэдэг тул учралт баян хүний хөвгүүн болон төрж дээд буяныг улам шамдан хичээтүгэй хэмээн зарлиг болов. Тэр хүн мөргөл үйлдэн босоод явахынхаа урьд:

Хүний ертөнцөд одогчид буй бөгөөс буяныг хичээж хилэнцийг тэвчээрэй хэмээн захиж хэлээд баярласаар явчихваа. УМ МАНИ БАД МЭ ХУМ.

Хоёр зүйл.

Бас эрлэгийн зардас нэгэн хүнийг хөтлөн авчирж Эрлэг номун хаанд сөгтгөн урьдын ёсоор асуухуй. Тэрээр түгдрэн дуугуй суухуйд олон эрлэг нар маш сүртэйгээр: Мэдүүл мэдүүл хэмээн хашгаралдан бахиралдахуйд тэр хүн чичрэн дагжиж өгүүлрүүн:

Тэнэг мулгуй би ном эрдэм сурч гэгээрсэнгүй. Тэгш буян, нүглийн үрийг тэр нь мөн энэ нь биш гэж ялгаварлаж мэдэхгүй билээ. Мунхаг надад учирсан авааль гэргий минь мугуйдаар идээ, эд юмсыг ямагт харамлах тул ер бусдад өглөг өгсөнгүй. Харин мөшгөн гүжирдэх муу үгээр лайдаж мултаршгүй нүглийг олонтаа хураалгаваа. Манайх идээ, эд, малаар аминдаа зөв боловч илүүчлэх буянтай үйл бүтээе хэмээн бодож явсангүй. Идэх, эдлэх, арвилахын хармын сэтгэлдээ хөтлөгдөн илэрхий нэгэн гуйлгачинд ч өглөг өгч явсангүй. Олон түмнийг дууриан дагалдаж орныг даасан тахилч ламаас номын эвшгийг авсан боловч сахиж чадалгүй осолдсон билээ. Өтөл би ертөнцийн хар хүн тул өмсөх зүүхийг үргэлжид бодож урхи саалийг зүүж загас гөрөөс олныг алав. Бас гэртээ хонь, ямаа хорь гучаадыг гаргав. Нэгэн хүнийг гэгээн өдрөөр дээрэмдэн хүнс юмыг нь булаасан билээ. Энэ мэт хар нүглийг үйлдэж явсан муу хүн би хааш ч гарахгүй үнэнд гүйцэгдэж гэмшин ёолох цаг минь ирлээ. Ээ халаг, яалаа ийлээ хэмээн газар үмхэн хөсөр хөрвөн уйлан орилохуйд эрлэгийн түшмэл урьдын адил тэр хүнийг толь данснаа үзээд:

Чиний үйлдсэн нүгэл тоо томшгүй олон байна. Урхи сааль зүүж загас хядсан нэн их. Басхүү сүсэгтний юмыг дээрэмдэж авсан ба номын сургаалын багш лугаа тангараг эвдэрсэн тэргүүтэн арван хар, таван завсаргүй, дөрвөн хүнд нүгэл цөмийг үйлдсэн байна гэхэд Эдлэг номун хаан зарлиг болоруун: – Энэ хүнийг дахин эдгэрүүлэгч тамаас эхлэн өөрийнх нь насны хэмжээ гүйцтэл халуун, хүйтэн арван найман тамыг хэсүүлээд сүүлд нь Очирт тамд оруултугай хэмээв. Энэхүү дахин эдгэрүүлэгч тамын насны тоо гэдэг нь хүний жилээр нэг сая зургаан живаа, гурван бум, нэг түм, хоёр мянга болно хэмээн Жанчив ламрин чимбээс номлосон бөлгөө. Цааших тамуудын нас нь дахин эдгэрүүлэгч тамаас нэг нэг хувь илүү бөлгөө хэмээн айлдсанд урьдын адил нүгэл, буяны чулуу овоолоход хар чулуу уулын чинээ болж цагаан чулуу буурцгийн төдий ч үгүй байсанд Очирт халуун тамаас өөр одох оронгүй хэмээвээ. Эрлэгүүд хаа хаа хэмээн хашгаралдан ган төмөр дэгээгээр дэгээдэн чирж гал бадарсан төмөр шилбүүрээр тас гуядан авч явахуйд тэр хүн:

Хүний ертөнцөд одогсод байваас над мэт хилэнц нүглийг бүү үйлдэгтүн. Зовлонгоос тонилох цаггүй байна бишүү гэж захиарай хэмээн бархирсаар явчихваа. УМ МАНИ БАД МЭ ХУМ.

 

Гурван зүйл.

Бас эмийн манхаг үүрсэн нэгэн ламыг Эрлэг номун хааны өмнө авчирч сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь:

Хүний оронд алдартай сайн эмч байлаа. Амьд байх цагт мал идээ маань нилээд их болсоон. Алтаар Доржзодов бичүүлэв. Аялгаар сайн унших нэгэн ламыг залж нэг мянга уншуулсан ба бичсэн бичигчийн хамт тарган сарлагийн шар, үнээ хоёр, ахарын сайн эсгий гурван алд, хоёр шуудай арвай буудайтай барьсан билээ. Түүний дараа энэ хойдын буянд зориулан тэнцэлгүй Гүнрэгийн лхого мянга уншуулж төгс сайн ерөөлийг тавьж хайнагийн шар хоёр, сарлагийн үхэр долоог сэтгэл харамгүй өргөснөөс гадна сайн сайн тарианы газар хоёр хэсгийг өргөвөө. Таяг мод бариад тэнэж ирсэн тарчиг ядуу гуйлганч явахад тавтай хооллож тухтай хонуулаад тааламжтай үгээр сэтгэлийг нь баясган гаргадаг байлаа. Өглөө бүр Жамбалсанжид, Базар, Бидэрнаа, хоёр Дар-эх тэргүүтэнийг уншдаг байлаа. Ямар нэгэн өвчтөн хүнийг залахад ямбалж очихгүй хэмээн ихэрхэж байсангүй. Яршиг төвөг удаж барьц өргөл авья гэсэнгүй. Юу байсан хүчит сайн эм тангаа хайргүй өгч явлаа. Атаа өшөөгөөр хорлохыг бодож аливаа эмийг хорын жороор буруу найруулсангүй. Авч идэхийн тул олон нөхөд хуврагууд лугаа харшилсангүй. Орчлонд төрсөн хүний нүгэл, буян холимог бүхий тул оногдсон малаасаа гаргуулж идсэн билээ. Одоо иймийн тул оройн дээд номун хаан миний нүгэл, буяныг ялган айлд хэмээсэнд эрлэгийн түшмэд толь данснаа үзээд:

Хийсэн буян нь цөм үнэн байна. Харин нэг баян хүний хөвгүүн өвдөөд чамайг залжээ. Чи тэдний эд малд шунаж өвдсөн хөвгүүнд нь буруу эм өгч найман сарын турш өвчлүүлээд тэднийг өргөл барьцаа нэмэн өгч дуусахуйд ач тустай эмээ өгч эдгэрүүлсэн боловч мэдсээр байж эд малд шунахайран зориуд буруу эм өгсөн. Гэртээ хонь, үхэр нэг зуун далаадыг алуулж идсэн нүгэл байна гээд урдын ёсоор нүгэл, буяны хар цагаан чулуу овоолж тоолж тэнсэн үзэхэд цагаан чулуу тогоор илүүтэй авч хийсэн хилэнц хар чулууны жин хүнд байжээ. Ингээд Эрлэг номун хаан зарлиг болоруун:

Аяа чи өргөл барьцад шунаагүй бол магад тэнгэр, хүний сайн буяныг олон төрөх билээ. Гагцхүү шуналт нүгэл дийлсэн тул үүний аманд буцламтгай халуун ус цутга. Биенд нь мянган төмөр гадас шаа. Түүгээр энэ хүний нүгэл хөнгөрөхийн цагт тэгш сайн язгуур дор илгээе хэмээхийн сацуу эрлэгийн зардсууд хашгиралдан дайрч дэгээгээд дэгээдэн ал ал хэмээн одохуйд тэр хүн:

Хүний ертөнцөд одогсод бий бөгөөс буруу эмийг хүнд өгч өргөл барьцад бүү шунагтүн хэмээн эмч, оточ нарт захиарай. Тамын зовлон гэтлэшгүй их байдаг байна шүү. Хэмээн гасалсаар одовоо. УМ МА НИ БАД МЭ ХУМ.

 

ДӨРВӨН ЗҮЙЛ

Бас өрмөг дээлтэй нэгэн хүнийг авчирч Эрлэг номун хааны өмнө сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: Хүний ертөнцийн оронд баян хүний хөвгүүн болж явсан билээ. Эцэг эх маань надад үлэмж хайртай тул сайн язгуурт хүний нэгэн гуа сайхан охиныг гуйж гэргий болгож өгөв. Бидэн хоёр эв эвдрэн салж тэр үед мал буян тэгш бүхий хонь мал хоёр зуугаадыг бид хоёрын харшлын хэрэгт зарж үрэв. Бас эмийн төрхмийн хоёр гэрийн хүмүүст өшөө хонзонгоор түймэр тавиад тэнд байсан  хүн, далан таван бод сэлтийг шатааж алав. Түүний хойно эцэг эх маань надад бас нэгэн эхнэр авч өгсөнд ураг төрлүүд мал хөрөнгө нэмж урьдын адил баян болж жаргасан боловч хэрүүл шуугиан дэгдэж зарга заалхай хийж хэрцгийлсэн хийгээд урьд өмнө хүн мал түймэрлэж түлж хөнөөсөндөө хэд дахин тамд унах нүгэл хийлээ гэж үнэхээр гэмшин хэн тааралдсан лам мэргэдэд нүгэл хилэнцээ арилгахын аргыг айлдан соёрхохыг хүсэмжилвээс хэтэрхий их эвшиг хөтөлбөр хэрэгтэй. Утгыг сайтар бясалгаваас нүгэл хилэнц чинь арилна гэв. Бас зарим мэргэд хуврагууд бурхан, суврага, шүтээн бүтээгээд оройн дээдээр тахин шүтэж зул хүжийн хандивыг байнга өргөж нүгэл хилэнцээ сайтар наманчилваас нүгэл арилна гэв. Миний санаанд аль ч мэргэдийн сургаалийг ёсчлон дагаж шүтэж чадваас хийсэн олон нүгэл минь арилна хэмээн бодоод хэтэрхий сургаалын багшид мөргөж, хэмжээлшгүй их нүгэл хийснээ наманчлан залбирч адисдай орнуудыг явганаар хэсэж, олон бурхан шүтээнд мөргөл эргэл хийж энд тэнд нилээд жил илүү явлаа. Түүнээс нутагтаа харьж ирээд хутагт их бясалгагч ламаас эвшиг хөтөлбөрийг хүртээд аглаг газарт очиж бясалгаж сууваа. Бас арьяабалын нүгнийд суусан нэгэн ламтай хамт нэгэн дэвсгэр дээр нүгнийг зуун найм сахив. Бас маанийг найман сая уншив. Адисдтай Доржзодов хийгээд дүншиг хоёрыг алтаар бүтээлгэж олон эд идээг өргөв. Хадны агуйд суусан номын онол баясалгал төгссөн нэгэн ламд тостой гурил тэргүүтнийг хэдэн жил өргөж нүглээ наманчлан ерөөл авваа. Хангал ганшиг нэгэн зуу уншуулж харамжинд нь морь, хайнаг, оюу торго өргөж хамаг нүглээ арилгахыг хүсэж мөргөсөнд хилэнц нүгэл арилаа болов уу хэмээн санана. Үнэн учир иймийг товчлон их номун хаан танаа өргөн мэдүүлье. Өтөл надад жаргал зовлон алин болохыг үнэнээр нигүүлсэн өршөөж айлд! хэмээн мөргөсөнд Эрлэг номун хаан зарлиг болоруун: -Хүчир муу үйл их хийсэн боловч хүчин төгөлдөр бүрдсэн сүжгээр хэмжиж хүчтэй буяныг сайтар үйлдэж ирсэн чинь хүн чиний гайхамшиг мөн болой! Бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүглээ наманчлан чин зориг, үнэн сүжгээр эргэл мөргөл хийж басхүү ном бурхан бүтээх тэргүүтэн бие бодитой буян үйлдэж нүглийг арилгаж ирсэн нь сайн болжээ. Эндээс хүний сайн төрлийг олж эрхэм бодийн мөрийг хичээвээс хойд төрлийн эцэст эрхбиш бурхны мөрийг олно. Эдүгээ миний өмнөөс гарсан шар гэрлийн замыг алдалгүй даган явж эд мал, язгуур эрх ихтэй баялаг хүний төрлийг авагтун хэмээн зарлиг болсонд тэр хүн сүслэн мөргөөд ийн өгүүллээ.- Их хааны үнэхээр нийгүүлсэнгүй хийгээд миний үнэнхүү сүшиг буяны хүчээр үлэмж сайн хүний төрлийг олоод үзүүлэгч гурван эрднийг даган төрөх болтугай! Хэмээн ерөөл тавьж явахдаа – Цааш хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гэнэдэж нүгэл хилэнцийг үйлдэвч түүнээ гэмшин наманчилж буян сайн үйлдвээс өлзийтэй байна хэмээн захиарай гээд баясан баярласаар явж одлоо. УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ТАВАН ЗҮЙЛ

Бас нэгэн бүс хувцас өмссөн ихэмсэг егүүзэр дүртэй хүнийг авчирч  Эрлэг номун хааны өмнө сөгтгөн асуусанд тэрээр ихэмсэг зан гарган дуугарсангүйд олон эрлэгүүд мэдүүл! мэдүүл! хэмээн чанга дуугаар хашгичив. Тэрээр мэдүүлсэн нь:- Үйзэн газрын голын хаалганы дэргэд бүхнээ алдаршсан нэр минь Шаравдорж билээ. Би бүх чанарын номыг бүрэн мэдээд гурван санваарыг сахисан бөлгөө. Арван хар нүглийг үл үйлдэх хэмээн ам авсан тул ашиг олзонд шунах сэтгэл төрж явсангүй. Аливаа буяны өглөгийн эздийн өргөсөн алт, мөнгө, эд, агуурсыг авралт багшийг тахих ба зул хүжийг өргөх асар ядуу гуйлгачинд өглөг өгөх зэрэг буянд зориуллаа. Нэгэн насанд бурхан болгон хувиргаж чадагч нууц тарнийн шидийг бясалгаж олонд ач тусыг хүртээж байлаа хэмээн тоомжиргүй өчсөнд эрлэгийн элч түшмэдүүд толь данснаа үзээд: Ай яа яа хэмээн хүйтнээр өгүүлэлдэн тачигнатал инээлдээд – Аяа чи зургаан орны хамаг амьтан хаа ямар буян үйлдсэнийг илт айлтгах их хааны өмнө хуурмаг худал үгээр биеэ өмөөрөн хичнээн өгүүлэвч тус болох нь юун. Харин нэрмээс болох билээ. Чиний хийсэн их хар нүгэл эрлэгийн данснаа ил тод байхыг үзэгтүн! Тарнийн эвшиг ном хүртээсэн тангарагтай багшийнхаа гэргий охин хоёртой чи тачиядаж эд хөрөнгийг нь эзэрхийлсэн байна. Тэгээд багш чинь мэдэж гэргий хүүхэд хоёртоо хилэгнэхэд чи буруутан тэднийг өмөөрөн багшийгаа басамжлан доромжилж хэрэлдээд багш юугийнхаа гэгээн биеийг чулуугаар цохьсон барагдашгүй их нүгэл үйлдсэн байна. Арван хар, таван завсаргүй тэргүүтэн элдэв нүглийг чинь тоолж баршгүй ихийн дотроос ачит багшийнхаа сэтгэлийг өчүүхэн төдий гомтговол бүхнээс илүү нүгэл хэмээн бурхад номлосон билээ. Олз ашигт шунаж өөрийн биеийг омтгоогүй бурхан хэмээн олныг түйвүүлж эд идээг мөлжин аваад буяны үйлсэд зориулалгүй харамлаж хав даран онц их нүглийг бас чи үйлдсэн байна. Чамтай тачияалдсан эх охин хоёр хожим гэмшиж нүглээ наманчилж чухал үнэтэй эрдэнэ нэгийг алт нэг лантай өргөж чин сүжгээр Базарсадыг бүтээж тарни урьсан тул цөм нүгэл арилсан байна. Тангарагаа урвуулсан муу хар нүгэлт хүн чи морь, нохой, гөрөөс, шувуу нэг сая илүүг алж хядсан зэрэг арван хар нүглийг үйлдсэн учир тамаас ер гарах орон цаггүй байна. Ийм атал омгорхог зангаа орхилгүй эрлэг номун хааны өмнө хэл гуйвж өөрийн биеийг магтан мэдүүлсэн чинь огт тус болохгүй гэсэнд Эрлэг номун хаан: – Үүнийг их тамд оруултугай. Цаашид олон тамд дам дам илгээтүгэй. Тамаас гарахын цаггүй хэмээн зарлиг болсонд эрлэгийн зардсууд зэрэг зэргээр хашгиралдан мянган төмөр дэгээгээр зүг зүгээс нь нэвт дэгээдэн нэгэн их улайдсан төмөр байшин руу авч одохуйд тэрвээр чарлан бахирч хүний ертөнцөд одогсод бий бөгөөс багшаа доромжлон муу нүгэл бүү үйлд гэж захиарай! хэмээн орилон бархирсаар улаан гал оволзсон уйладмал төмөр байшинд ухарсаар ухарсаар оров. УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

 

Үргэлжлэл бий…

Тайлбар:

Хэн бээр дээрхи мэт тамд үл унахыг хүсэх аваас энэ цөвүүн цаг үе Кали эриний дхарма буюу төгс төгөлдөрт хүргэх арга зам болох Харе Кришна мантраг уншигтун. Энэ мантраг уншихад тодорхой тогтсон хатуу дэг жаяг байхгүй. Та түүнийг хаана ч, хэзээ ч  уншиж болно.

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Бэлтгэсэн: Балабхадра дас

Үргэлжлэл 2-р хэсэг Нэгэн зүйл. Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан: – Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа үргэлжид уншиж, ашдын сайн үйл бүтээхийг хичээж явсан уу?үгүй юу? Эдгээ би зургаан орны амьтад үхээд эрхээбиш зуурдын сансарыг үзэх энэ хоорондоос буянтай нүгэлтнийг ялтан байцааж аливаа сайн үйл буян үйлдэж ирэгсдийг эрхэм дээд бурхан тэнгэрийн орноо илгээнэ. Эхний дундуур буян үйлдэж ирэгсдийг эрхт хүний төрлийг олгон илгээнэ. Эргүү мунхаг хар нүглээр явж ирэгсдийг элдэв зовлонт гурван муу заяанаа илгээгч Эрлэг номуун хаан гэгч би байна. Аяа чи юу үйлдэж явснаа чин шударгаар мэдүүлэгтүн гэхэд олон эрлэгүүд мэдүүл мэдүүл хэмээн зэрэг зэрэг муухай хашгаралдав. Тэр хүн ийн мэдүүлэв: Аяа их номун хаан анхааран соёрхоо. Эдгээ би вээр ахуй зан заншлын ёсоор их буяныг үйлдсэн хүн билээ. Хар бага наснаасаа хамаг олон амьтны төлөө сайн санаа үүсгэж бүхий л буяны үйлсийг хичээгээд даган баясан хамаг амьтнаа харш хатуу муу нүгэлийг үйлдсэнгүй. Хэтэрхий их буянт маанийн зургаан үсгийг үргэлжил уншиж хэтийн сайн үйл заяа бүтээхийг бодож хувраг болъё гэтэл эцэг, эх, ах, дүү нар маань эс болговоо. Эцэг эхийн сэтгэлийг хиртүүлэхгүйг хичээж гэргий авч эрхбиш аж төрөхийн үйлийг хийсэн боловч эрхэм хуврагтангуудыг хүндлэж эрдэм төгссөн нэгэн ламыг багш болгон шүтэж, элдэв номын эвшиг хөтөлбөрийг авлаа. Ам авсан тангараг санваарыг алдахгүйг хичээж ашид цаг үргэлж эргэл мөргөл үйлдэв. Авралт зуугийн шүтээнд зул өргөн хатуу цай хоёрыг барьж харамгүй сэтгэлээр залбирч мөргөсөн билээ. Хадны агуйд ном бясалгасан даяанч ламд хамаг юмнаасаа шилж сонгон хорь гаруй жил харамгүй сэтгэлээр хүнс төхөөрч өргөлөө. Нярваан дүрийг үзүүлэхэд нь нимгэн зөөлөн хувцас нэгийг хийж өргөхөд хойтын амгаланг хүсч хутагыг гуйж ерөөл тавиваа. Галсангийн сударын дэвтрийг бүтээж гайхамшиг болгон мянга уншуулж түүний харамжинд сайн алт нэг лан, нэг цэн ба хатиртай тарган морь нэг, хатуу цай хэд хэдийг өргөж хамаг нүгэл хилэнц арилахыг залбирч агуу их ерөөлийг тавьсан. Мөн нэгэн ламыг залж номын эвшиг хүртээд баясан хүндэлж хайнагийн үхэр нэгийн үнэ бүхий оюу нэгийг өргөж балай нүгэл хилэнцээ наманчилж буян үйлдсэн бөлгөө. Миний буян, нүгэл аливаад холилдон бүхий учир алсан малын махнаас энд тэнд болон өөрийн гэр орноо асар ихийг идвээ. Номын их хаан та нүгэл буяныг минь айлдаж соёрхоно уу хэмээн мэдүүлсэнд Эрлэг номун хаан: Үүний хэлснийг толь, дансандаа үзэгтүн. Тун худал үг биш
Scroll to Top